Бурхантай уулзахаар бэлтгэ
Зөв шударга байдал, нэгдмэл байдал, эрх тэгш байхад суурилсан тэнгэрлэгээр оноогдсон үүргүүдээ биелүүлэх зэрэг нь биднийг Бурхантай уулзахад бэлтгэдэг.
Элиза Р.Снөү өөрийн очсон Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслолын талаар “Онцгойлон адислалын ёслолуудыг сургуулилсан байж болно. Гэвч тэрхүү дурсгалт өдрийн үйл явдлуудыг мөнх бус хүмүүний хэл дүрслэх чадваргүй юм. Тэнгэр элчүүд зарим хүнд харагдсан бол харин тэнд байсан бүх хүн бурханлаг оршихуйг мэдэрсэн бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл үгээр хэлэхийн аргагүй алдар суу, баяр хөөрөөр дүүрсэн байжээ” хэмээн ярьсан.
Көртландын ариун сүм дэх тэрхүү тэнгэрлэг тунхаглал Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдэд аврал, өргөмжлөл авчрах Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн зорилгын үндэс суурь болсон юм. Бид Бурхантай уулзахаар бэлтгэж байх үедээ Көртландын ариун сүмд сэргээгдсэн ариун нандин түлхүүрүүдийг эргэцүүлэн бодсоноор тэнгэрлэгээр оноогдсон үүрэг хариуцлагаа мэдэж авах боломжтой.
Бошиглогч Иосеф Смит онцгойлон адислах залбиралдаа “барихыг нь та бидэнд зарлигласан энэхүү өргөөг соёрхон хүлээж авахыг” Их Эзэнээс даруухнаар гуйсан байдаг.
Долоо хоногийн дараа буюу Христийн амилсан өдрөөр Их Эзэн гайхамшигт үзэгдэлдээ үзэгдсэн бөгөөд Өөрийн ариун сүмийг хүлээн авсан. Энэхүү үйл явдал 1836 оны 4-р сарын 3-нд Христийн амилсны баярын энэ ням гаргаас бараг яг 182 жилийн өмнө тохиожээ. Тэр ням гарагт бас Дээгүүр өнгөрөх баярын үе тохиосон нь Христийн амилсны баяр, Дээгүүр өнгөрөх баяр хоёр давхацсан ховор тохиолдлуудын нэг байсан. Үзэгдэл хаагдахад эртний гурван бошиглогч Мосе, Елиас, Елиа нар үзэгдэж, энэ эрин үед сэргээгдсэн Их Эзэний Сүмд зориулан Түүний зорилгыг гүйцэлдүүлэх чухал түлхүүрүүдийг гардуулсан юм. Тэрхүү зорилгыг энгийн атлаа ойлгомжтойгоор, Израилийг цуглуулах, тэднийг гэр бүлээр нь лацдан холбох, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх гэж тодорхойлдог.
Елиа, Мосе хоёр зэрэг үзэгдсэн нь “‘цаг хугацааны төгсгөлд’ хоёулаа хамтдаа ирнэ гэсэн иудейн шашны уламжлалтай … гайхмаар төстэй байв.” Манай сургаалаар бол энэхүү үзэгдэл “эцсийн өдрүүдийн төлөө мөн эцсийн удаад, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед … өгөгдсөн” тодорхой түлхүүрүүдийн сэргээлтийг гүйцэлдүүлсэн.
Көртландын ариун сүм байршлын хувьд ч, хэмжээний хувьд ч харьцангуй өөр байжээ. Гэхдээ хүн төрөлхтөнд үзүүлэх агуу ач холбогдлын хувьд мөнхийн нөлөө бүхий байсан. Эртний бошиглогчид Есүс Христийн сайн мэдээний мөнхийн авралын ёслолуудын төлөө санваарын түлхүүрүүдийг сэргээсэн. Энэ нь итгэлтэй гишүүдэд хэмжээлшгүй их баяр баяслыг мэдрүүлсэн юм.
Эдгээр түлхүүр Сүмийн үндсэн зорилгыг тогтоодог тэнгэрлэгээр оноогдсон үүргүүдийн төлөө “тэнгэрийн хүчийг” өгдөг. Тэрхүү гайхамшигтай Христийн амилсны баярын өдрөөр Көртландын ариун сүмд гурван түлхүүр сэргээгдсэн.
Нэгдүгээрт, Мосе үзэгдэж, дэлхийн дөрвөн зүгээс Израилийг цуглуулах номлолын ажлын түлхүүрүүдийг даатгасан.
Хоёрдугаарт, Елиас үзэгдээд, Абрахамын гэрээний сэргээлтийг агуулдаг Абрахамын сайн мэдээний эрин үеийн түлхүүрүүдийг даатгасан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэрээний түлхүүрүүдийн зорилго бол Бурханы хаант улсын гишүүдийг бэлтгэх явдал гэж заасан билээ. Тэр “Бид өөрсдийгөө хэн болохыг мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг олж мэддэг юм” хэмээн хэлжээ.
Гуравдугаарт, Елиа үзэгдээд, гэр бүлийн түүхийн ажил ба ариун сүмийн ёслолууд болох энэ эрин үеийн лацдан холбох хүчний түлхүүрүүдийг даатгасан. Эдгээр түлхүүр нь амьд ба нас барсан хүмүүсийн авралыг боломжтой болгожээ.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор Сүмийн удирдах газарт гурван гүйцэтгэх зөвлөл байдаг бөгөөд зөвлөлүүд Көртландын ариун сүмд сэргээгдсэн түлхүүрүүд дээр тулгуурлан эдгээр тэнгэрлэгээр оноогдсон үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр нь Номлолын гүйцэтгэх зөвлөл, Санваар ба гэр бүлийн гүйцэтгэх зөвлөл, Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын гүйцэтгэх зөвлөл гэсэн гурван зөвлөл юм.
Бид өнөөдөр эдгээр тэнгэрлэгээр оноогдсон үүргээ биелүүлэхийн тулд юу хийж байна вэ?
Нэгдүгээрт, Мосегийн сэргээсэн Израилийг цуглуулах түлхүүрүүдээр дамжуулан өнөөдөр бараг 70000 номлогч Түүний сонгосон хүмүүст Түүний сайн мэдээг номлохоор дэлхий даяар тархан ажиллаж байна. Энэ бол Нифайн угтан харсан, харийнхны болон Израилийн угсааныхны дунд явагдах агуу бөгөөд гайхамшигтай ажил гүйцэлдэж байгаагийн эхлэл юм. Ёс бус байдлын улмаас тоогоор цөөхөн ч Бурханы гэгээнтнүүд дэлхийн гадаргуу дээр байх цагийг Нифай харжээ. Гэхдээ тэрээр “тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байгааг” угтан харсан. Сэргээгдсэн Сүмийн товч түүхийг авч үзэхэд, номлолын ажлын хүчин чармайлт хамгийн гайхамшигтай нь байсан. Бид Нифайн үзэгдэл биелж буйг харж байна. Хэдийгээр бид харьцангуй цөөхүүлээ ч Аврагчийн захиасыг сонсох хүмүүст үргэлжлүүлэн хүчин чармайлт гарган тусалж дэмжих болно.
Хоёрдугаарт, Елиас үзэгдэж, бид болон бидний дараагийн бүх үр удам адислагдах болно гэдгийг тунхагласнаар Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгасан. Энэхүү Ерөнхий чуулганаар гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, тэднийг Бурханы хаант улсад ороход бэлтгэхэд туслах маш чухал ач холбогдолтой удирдамжийг танилцууллаа. Санваарын хуралдаанаар зарласан ахлагчид, дээд пристүүдийн чуулгатай холбоотой зарлал санваарын хүч, эрх мэдлийг уяанаас нь чөлөөллөө. Энэ хуралдаанаар тод томруун заасан одоо “тохинуулах” гэх нэртэй болсон гэрийн болон айлчлагч багшийн ажил нь хожмын үеийн гэгээнтнүүдийг Бурхантай уулзахад бэлтгэх болно.
Гуравдугаарт, Елиа энэ эрин үеийн ладцан холбох түлхүүрүүдийг даатгасан. Энэ цаг үед амьдарч байгаа бидний хувьд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил гайхамшигтайгаар өсөж байна. Энэ нь Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл улам бүр хурдацтай өсөх бөгөөд бүх дэлхий “түүний ирэлтээр … бүрмөсөн устгагдах болно”.
Тэнгэрлэгээр адислагдсан технологиор дамжуулан гэр бүлийн түүхийн ажил сүүлийн хэдэн жилд анхаарал татахуйц огцом өсөж байгаа. Бид энэхүү тэнгэрлэгээр оноогдсон үүрэг хариуцлагадаа хэнэггүй хандаж, авга эгч Жэйнийгээ юм уу өөр бусад үүрэг хүлээсэн хамаатнаа энэ тал дээр санаа тавина байх хэмээн хүлээвэл мулгуу хэрэг болно.Энэ тухайд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн чанд хэлсэн үгийг хуваалцахыг зөвшөөрнө үү. “Хэн ч энэхүү агуу үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийг төлөөлөгчөөс эхлээд эгэл даруухан ахлагчаас [эгчээс] хүртэл шаарддаг. … Үйлчилсэн газраас болон нэр алдартай байхаас эсвэл Сүмийн үйл хэрэгт удаан үйлчилсэн эсэхээс үл хамааран энэ нь нас барагсдынхаа авралыг үл ойшоох үндэслэл болж чадахгүй.”
Бидэнд одоо дэлхий даяар олон ариун сүм байна. Мөн ариун сүмээс хол амьдардаг хүмүүст aриун сүмд ороход нь тусламж үзүүлэх тусламжийн нэгдсэн сан байдаг.
Бид хувь хүмүүсийнхээ хувьд хийхийг зорьж буй номлолын болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын төлөө мөн Бурхантай уулзахад бэлтгэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлээ дүгнэж үзэх хэрэгтэй.
Зөв шударга байдал, нэгдмэл байдал, Их Эзэний өмнө бүгд эрх тэгш байх зэрэг нь эдгээр ариун нандин үүргийг биелүүлэхэд дэмжлэг болдог
Зөв шударга байдлын тухайд гэвэл, энэ амьдрал бол бид бүхний хувьд Бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм. Мормоны Номонд хувь хүн болоод бүлэг хүний Бурханы зарлиг тушаалуудад дуулгаваргүй байсны эмгэнэлт үр дагаврын талаарх олон арван жишээ бий.
Би амьдралынхаа туршид дэлхийн асуудал, санаа зовнил нэг туйлаас нөгөө рүү буюу үл анзаарагдам өчүүхэн жижиг сониуч байдлаас ноцтой ёс суртахуунгүй байдал руу шилжиж орсныг харж байна. Зарим зүй бус ёс суртахуунгүй байдал олны өмнө ил гарч, буруушаагдаж байгаа нь сайшаалтай. Ийм зүй бус ёс суртахуунгүй байдал Бурханы болон нийгмийн хуулиудын эсрэг байдаг. Бурханы төлөвлөгөөг ойлгодог хүмүүс гэм нүгэлд тооцогдох, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуунгүй байдлаас ч мөн татгалзах ёстой. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг “ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ [өөр бусад хэнтэй ч] зүй бусаар харьцсан … хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно” хэмээн сэрэмжлүүлдэг.
Бид улам бүр газар авч буй ёс бус байдал, донтолтын сүйрлийг эргэн тойрноосоо олж хардаг. Хэрэв бид хувь хүнийхээ хувьд Аврагчийнхаа эцсийн шүүлтийн тухайд үнэхээр санаа зовдог бол наманчлахыг эрэлхийлбэл зохино. Олон хүн Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мэдрэхээ больж, удирдамж авахын тулд судар эргүүлэхээ мөн бошиглогчдыг сонсохоо больжээ гэдгийг хэлэхдээ би санаа зовниж байна. Бид нийтээрээ гэм нүглийн үр дагаврын талаар тунгаан бодсон бол порнографыг болон эмэгтэйчүүдийг өмч мэт үздэг үзлийг нийгэм даяараа эсэргүүцэх эсэргүүцэл өрнөх байсан. Мормоны Номон дээр Алма хүү Кориантондоо хэлсэнчлэн “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”.
Нэгдмэл байдлын тухайд гэвэл, Аврагч “хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” хэмээн тунхагласан байдаг. Бид зөрчилдөөний сүнс нь чөтгөрөөс ирдэг гэдгийг мэднэ.
Өнөө үед нэгдмэл байхыг тушаасан судрын зарлигийг ихээхэн үл тоомсорлож байгаа бөгөөд олон хүний хувьд ихэнхдээ зиндаа, хүйс, арьс өнгө, хөрөнгө чинээн дээр үндэслэсэн жалга довны үзэлд онцгой анхаарал хандуулж байна. Ихэнхэд нь биш ч, олон улс оронд хүмүүс хэрхэн амьдрах тал дээр гүн гүнзгий хуваагдсан байдаг. Их Эзэний Сүмд бидний заах, баримтлах цор ганц соёл бол Есүс Христийн сайн мэдээний соёл юм. Бидний эрэлхийлж буй нэгдмэл байдал бол Аврагчтай болон Түүний сургаалуудтай нэгдэн нийлэх явдал мөн.
Сүмийн үндсэн зорилгуудыг харвал, эдгээр нь Их Эзэний өмнө бүгд эрх тэгш байх зарчимд тулгуурлан, Есүс Христийн сайн мэдээний соёлыг мөрддөг. Номлолын ажлын тухайд гэвэл, баптисмын үндсэн шаардлага бол Бурханы өмнө өөрийгөө даруусгах, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр урагш ирэх явдал билээ. Боловсрол, хөрөнгө чинээ, үндэс угсааг үл харгалзана.
Түүнээс гадна, номлогчид дуудагдсан газраа эгэл даруухан үйлчилдэг. Номлогчид дэлхийн жишгээр зэрэг зиндаа эсвэл ажил мэргэжлээрээ ирээдүйд өсөж хөгжихийн тулд бэлтгэгдэх гэж үйлчилдэггүй. Тэд томилогдсон газраа бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилдэг. Тэд номлолын хамтрагчаа өөрсдөө сонгодоггүй бөгөөд Есүс Христийн соёлын гол цөм болсон Христийн зан чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлэх гэж шаргуу хичээдэг.
Судрууд бидний хамгийн чухал харилцаанд удирдамж өгдөг. Хамгийн эхний тушаал бол “Бурхан Эзэнээ хайрла.” Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн тушаал юм хэмээн Аврагч заасан.
Аврагч хүн болгоныг бидний хөрш гэж тайлбарласан. Мормоны Ном ямар ч -чууд, чүүд, омог эсвэл анги давхарга гэж байхгүй хэмээн тодорхой заадаг. Бид бүгд нэгдмэл бас эрх тэгш байх ёстой.
Ариун нандин ёслол, тэнгэрлэг үүргүүд энэхүү угтвар нөхцөл дээр суурилсан юм. Миний ариун сүмд мэдэрсэн мэдрэмж та нарынхтай адил байх гэж би бодож байна. Би Сан Францискод, Өүкландын ариун сүм рүү явахаар өдөр тутам хийдэг ажлаасаа гаран явж байхдаа хэмжээлшгүй их хайр, амар амгаланг мэдэрдэг байсан. Хамгийн чухал зүйл нь би Бурханд, Түүний зорилгод илүү ойр байснаа мэдэрдэг явдал байсан юм. Авралын ёслолууд миний хувьд хамгийн чухал зүйл байсан хэдий ч ийм сайхан мэдрэмжийн нэг чухал тал нь ариун сүмд нэвт шингэсэн бүгд эрх тэгш бас нэгдмэл байх явдал билээ. Тэнд бүх хүн цагаан өмсгөлтэй байдаг. Хөрөнгө чинээ, зэрэг зиндаа, боловсролын түвшинг илтгэсэн ямар ч гэрч нотолгоо байдаггүй бөгөөд бид бүгд Бурханы өмнө өөрсдийгөө даруусгасан ах, эгч нар байдаг.
Лацдан холболтын ариун нандин өрөөнд хийгддэг мөнхийн гэрлэлтийн ёслол хүн болгоны хувьд адил юм. Хамгийн даруухан амьдралтайгаас эхлээд хамгийн баян чинээлэг гэр бүлийн хосууд яг ижил мэдрэмж мэдэрдэг нь надад маш их таалагддаг. Тэд ижил нөмрөг нөмөрч, тахилын ширээний дэргэд яг ижил гэрээг байгуулдаг. Мөн тэд яг ижил санваарын мөнхийн адислал хүлээн авдаг. Үүнийг гэгээнтнүүдийн аравны нэгийн өргөлөөр баригдсан Их Эзэний өргөө болох үзэсгэлэн төгөлдөр ариун сүмд гүйцэтгэдэг.
Зөв шударга байдал, нэгдмэл байдал, Их Эзэний өмнө бүгд эрх тэгш байх зэрэгт суурилсан тэнгэрлэгээр оноогдсон үүргүүдээ биелүүлэх нь энэ дэлхийд хувийн аз жаргал, амар амгаланг авчирч, биднийг ирэх дэлхий дэх мөнх амьдралд бэлтгэдэг. Энэ нь биднийг Бурхантай уулзахад бэлтгэдэг.
Та нарын хүн нэг бүрийг одоогийн нөхцөл байдлаасаа үл шалтгаалан бишоптойгоо зөвлөлдөж, ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой байгаасай хэмээн бид залбирч байна.
Илүү олон гишүүн ариун сүмд явах гэж бэлдэж байгаад бид талархаж байна. Ариун сүмийн эрхийн бичигтэй зохистой гишүүдийн тоо олон жилийн туршид эрс өссөөр байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ариун сүмийн хязгаартай ашиглах эрхийн бичигтэй зохистой өсвөр үеийнхний тоо эрс өссөн. Сүмийн баттай гол гишүүнчлэл хэзээ ч өнөөдрийнх шиг ийм хүчтэй байгаагүй гэдэг нь ойлгомжтой.
Эцэст нь хэлэхэд, Сүмийн тэнгэрлэгээр оноогдсон зорилгуудыг ерөнхийлөн тэргүүлдэг Сүмийн ахмад удирдагчид тэнгэрлэг туслалцаа хүлээн авдаг гэдэгт бат итгэлтэй байгаарай. Тэрхүү удирдамж Сүнснээс мөн заримдаа Аврагчаас шууд ирдэг. Сүнслэг удирдамжийн хоёр төрөл хоёулаа өгөгдсөн. Би ийм туслалцаа хүлээн авсандаа талархаж явдаг. Гэхдээ “бүхнийг чадагч Их Эзэн биднийг сургахаар зориуд сонгох” үед удирдамж нь Их Эзэний цаг хугацаанд шат шатаар, дүрэм дүрмээр өгөгддөг. Сүмийг бүхэлд нь удирдах удирдамж зөвхөн Түүний бошиглогчид ирдэг юм.
Бид бүхэн энэхүү Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, ерөнхийлөгчөөр дэмжин батлах онцгой боломжтой байлаа. Арван хоёрынхон бид ерөнхийлөгч Нэлсоний толгой дээр гараа тавиад, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс дуу хоолойгоо өргөн, түүнийг Сүмийн ерөнхийлөгчөөр томилон онцгойлон адисалж байх үед хамтдаа төдийгүй хувь хувьдаа маш чухал сүнслэг зүйлийг мэдэрсэн билээ. Би түүнийг өнөө үед Их Эзэний бошиглогч байхаар урьдчилан томилогдож, амьдралынхаа туршид бэлтгэгдсэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.