2010–2019
Авралын ёслолууд бидэнд гайхамшигт гэрлийг авчирна
2018 оны 4-р сар


2:3

Авралын ёслолууд бидэнд гайхамшигт гэрлийг авчирна

Ёслолуудад оролцож, холбогдох гэрээнүүдийг хүндлэн дээдлэх нь энэхүү улам бүр харанхуйд автаж буй дэлхийд гайхамшигт гэрлийг авчирна.

Ах, эгч нар аа, би та бүхэнтэй хамт сайн мэдээнд буюу Христийн сургаалд баярлаж байна.

Тухайн үед Далын ахлагч байсан Нийл Л.Андэрсэнээс Чуулганы төвд цугларсан 21000 хүний өмнө үг хэлэх ямар байдаг тухай найз нь асуужээ. “21000 хүн биш, харин ард суугаа 15 ах намайг сандаргах шалтгаан болдог юм” гэж ахлагч Андэрсэн хариулсан гэдэг. Тэр үед би инээгээд өнгөрсөн боловч одоо үүнийг мэдэрч байна. Би энэ 15 хүнийг бошиглогч, үзмэрч, илчлэгчийнх нь хувьд дэмжин, хайрладаг.

Их Эзэн Абрахамд түүний үр удам төдийгүй санваараар дамжуулан дэлхийн бүх гэр бүл “мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар адислагдах болно” гэж хэлжээ (Абрахам 2:11 мөн 2–10-р шүлгийг үзнэ үү).

Санваарын эдгээр амлагдсан адислал болон санваар дэлхийд сэргээгдсэн бөгөөд 1842 онд бошиглогч Иосеф Смит цөөн тооны эрэгтэй, эмэгтэй хүнд зориулан хишиг хүртээх ёслолыг хийж гүйцэтгэсэн. Тэдний нэг нь Мөрси Фийлдинг Томпсон байсан юм. Бошиглогч түүнд “Энэ [хишиг] нь та нарыг харанхуйгаас гаргаж, гайхамшигтай гэрэлд аваачих болно” хэмээн хэлжээ.

Өнөөдөр би та биднийг гайхамшигт гэрэлд аваачих авралын ёслолууд дээр анхаарлаа төвлөрүүлээсэй хэмээн хүсэж байна.

Ёслолууд ба гэрээнүүд

Итгэлдээ үнэнч байх нь номноос “Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг ариун нандин, албан ёсны зан үйл юм. Зарим ёслол бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр ёслолыг авралын ёслолууд хэмээн нэрлэдэг. Үүнд баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдэд хамаатай), ариун сүмийн хишиг хүртэх, гэрлэлтийн лацдан холболт багтдаг” талаар уншиж болно.

“Их Эзэний сэргээгдсэн Сүмд гүйцэтгэдэг аврал, өргөмжлөлийн ёслолууд нь … тэнгэрийн адислал, хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг” гэж ахлагч Дэвид А.Бэднар заасан.

Хоёр талтай зоос адил авралын бүх ёслолыг Бурхантай хийсэн гэрээ дагалддаг. Хэрэв бид эдгээр гэрээг итгэлтэйгээр хүндэтгэн сахих юм бол Бурхан биднийг адисална гэж амласан.

Бошиглогч Амюлек “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе” хэмээн тунхагласан (Aлмa 34:32). Бид хэрхэн бэлтгэх вэ? Ёслолуудыг зохистойгоор хүлээн авснаар. Бид мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “гэрээт замаа тууштай дагах” ёстой. Ерөнхийлөгч Нэлсон цааш нь “Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно” гэжээ.

Жон ба Бонни Ньюман хоёр та нартай л адил ерөнхийлөгч Нэлсоны амласан сүнслэг адислалуудыг хүлээн авсан хүмүүс юм. Нэгэн ням гарагт гурван балчир хүүхдийнхээ хамт сүмдээ очсоныхоо дараа Бонни Сүмийн гишүүн бус байсан Жонд “Би үүнийг ганцаараа хийж чадахгүй нь ээ. Чи бидэнтэй хамт манай сүмд явах талаар шийдвэр гарга эсвэл бидний хамтдаа явж болох сүмийг чи сонгож өгөх хэрэгтэй байна. Ямар ч байсан хүүхдүүд маань аав нь бас Бурханд хайртай гэдгийг мэдэх ёстой” гэж хэлжээ. Жон дараагийн болон түүнээс хойших бүх ням гарагт сүмд очоод зогсохгүй олон тойрог, салбар болон Хүүхдийн хэсэгт хэдэн жилийн туршид төгөлдөр хуур тоглож үйлчилжээ. 2015 оны 4-р сард надад Жонтой уулзах завшаан олдсон. Тэр уулзалтын үеэр бид Боннид хайртай гэдгээ илэрхийлэх хамгийн сайн арга зам бол түүнийг ариун сүм рүү авч явах явдал бөгөөд харин баптисм хүртээгүй тохиолдолд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй тухай ярилцаж билээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд 39 жил явсныхаа дараа Жон 2015 онд баптисм хүртсэн юм. Түүнээс хойш жилийн дараа Жон, Бонни хоёр Мэмфис Тэннэсси ариун сүмд, Боннийг хишиг хүртсэнээс 20 жилийн дараа лацдан холбогдсон байна. Тэдний 47 настай хүү Робэрт эцгийнхээ тухай “Аав маань санваар хүртсэн цагаасаа хойш жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлсэн” гэж хэлжээ. Бонни “Жон маань үргэлж аз жаргалтай, зоригтой нэгэн байсан, харин ёслолуудыг хүлээн авч, гэрээгээ хүндэтгэлтэйгээр дагасан нь түүнийг бүр номхон дөлгөөн, сайхан сэтгэлтэй нэгэн болгосон” гэж нэмж хэлсэн юм.

Христийн Цагаатгал ба Түүний үлгэр жишээ

Олон жилийн өмнө ерөнхийлөгч Боид К.Пакэр бидэнд хандан “Сайн мэдээний ёслолуудыг хийлгэлгүйгээр биеэ сайн авч явах нь хүн төрөлхтнийг гэтэлгэхгүй, өргөмжлөлд ч хүргэхгүй” хэмээн сэрэмжлүүлсэн. Үнэндээ Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очихын тулд бидэнд ёслол, гэрээнүүдээс гадна Түүний Хүү Есүс Христ болон Түүний Цагаатгал хэрэгтэй болно.

Хаан Бенжамин хүмүүний үрсэд аврал нь зөвхөн Христийн нэрээр мөн энэ нэр дээр ирнэ гэдгийг заасан (Мозая 3:17; мөн Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү).

Есүс Христ Цагаатгалаараа биднийг Адамын уналтын үр дагавраас гэтэлгэж, бидэнд наманчлах, улмаар өргөмжлөлийг хүртэх боломж олгосон. Тэр “бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” (С ба Г 84:20) авралын ёслолуудыг хүртэх үлгэр жишээг өөрийн амьдралаар бидэнд үзүүлсэн.

Аврагчийг “бүх зөв шударгыг гүйцэлдүүлэх”-ийн тулд баптисмын ёслолыг хүртсэний дараа (2 Нифай 31:5-6-ийг үзнэ үү) Сатан Түүнийг сорьсон. Үүний адил бидний сорилт баптисм хүртэх юм уу лацдан холбогдсоны дараа ч зогсдоггүй ба ариун ёслолуудыг хүртэж, холбогдох гэрээг хүндлэн дээдэлснээр бид гайхамшигт гэрлээр дүүрч, уруу таталтыг сөрж, ялан дийлэх хүчтэй болдог.

Анхааруулга

Хожмын өдрүүдийн талаар “Дэлхий … бузарлагдав. Учир нь тэд … тогтоолуудыг өөрчлөн … эвдэв” (Исаиа 24:5 мөн С ба Г 1:15-ыг үзнэ үү) гэж Исаиа бошиглосон билээ.

Үүнтэй холбоотой анхааруулгыг бошиглогч Иосеф Смит илчлэлтээр өгсөн ба “тэдгээр нь … уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг, тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” (Иосеф Смит—Түүх 1:19) гэжээ.

Мөн Паул олон хүн “бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь [үгүйсгэдэг[. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв” (2 Тимот 3:5) хэмээн анхааруулсан байдаг. Ийм хүмүүсээс зайлсхий гэдгийг би давтан хэлье.

Амьдралын хамаг анхаарлыг сарниулдаг зүйл, уруу таталт нь “хомхой чононууд”-тай адил юм (Матай 7:15). Эдгээр чоныг ирэх үед сайн хоньчин л хонь болон хонин сүргээ бэлтгэж, хамгаалж, анхааруулах болно (Иохан 10:11-ыг үзнэ үү). Туслах хоньчид нь Сайн Хоньчины төгс амьдралыг үлгэр дуурайллаа болгохыг хичээдгийн адил бид ч гэсэн өөрсдийн болон бусдын бодгалийн хоньчид биш гэж үү? Хэрэв бид сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байж, сая дэмжин баталсан бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн зөвлөгөөг дагавал ирж буй чононуудыг Ариун Сүнсний хүч, бэлгээр олж харах болно. Үүний эсрэгээр, хэрэв бид өөрсдийнхөө болон бусдын бодгальд хайнга ханддаг хоньчид байвал гарз хохирол учрах нь гарцаагүй. Хайнга хандлага гарз хохиролд хүргэдэг. Би хүн нэг бүрийг үнэнч хоньчид байхад урьж байна.

Туршлага ба гэрчлэл

Ариун ёслол нь зам дээрээ үлдэхэд бидэнд тусалдаг ёслол бөгөөд үүнээс зохистой хүртэх нь бидний бусад бүх ёслолтой холбоотой гэрээгээ дагаж байгаагийн нотолгоо юм. Хэдэн жилийн өмнө би өөрийн эхнэр Анитатай Арканзас Литл Рок номлолд үйлчилж байхдаа хоёр залуу номлогчтой хамт заахаар явсан юм. Хичээлийн үеэр, хичээл заалгаж байсан тэр сайн ах “Би танай сүмд очиж байсан. Яагаад та нар ням гараг бүр талх идэж, ус уудаг юм бэ? Манай сүмд бид үүнийг жилд хоёрхон удаа, Христийн амилсны болон мэндэлсний баяраар л хийдэг бөгөөд энэ нь маш их утга агуулгатай байдаг” гэв.

Бид түүнд “талх, дарснаас хүртэхийн тулд ойр ойрхон цуглах” (Моронай 6:6 мөн С ба Г 20:75-ыг үзнэ үү) ёстой гэсэн зарлиг хүлээн авсан тухайгаа хуваалцсан юм. Бид Матай 26 болон 3 Нифай 18-ыг чанга уншив. Тэр тэгсэн ч гэсэн ямар шаардлагатай гэдгийг нь ойлгохгүй байна гэхэд

бид “Та өөрийгөө ямар нэгэн ноцтой зам тээврийн осолд орсон байна гээд төсөөлөөд үз дээ. Та бэртэж гэмтээд, ухаан алдсан байна. Хэн нэгэн гүйж ирээд, таныг ухаан алдсан байгааг хараад, түргэн тусламжийн 103 дугаар руу залгасан. Та тусламж хүлээн аваад, сэхээ орсон байна” гэсэн зүйрлэлийг хуваалцав.

Бид тэр ахаас “Та ухаан орж, эргэн тойрноо хараад юу гэж асуух байсан бэ?” гэж асуулаа.

Тэр: “Би яаж яваад тэнд ирсэн мөн хэн намайг олсон тухай мэдэхийг хүснэ. Тэр хүн миний амийг аварсан тул би түүнд өдөр бүр талархаж явахыг хүснэ” гэв.

Тэгээд бид тэр сайн ахтай Аврагч бидний амийг хэрхэн аварсан тухай мөн Түүнд өдөр бүр, өдөр бүр, бүр өдөр бүр талархах ёстой гэдгийг хуваалцсан юм!

Дараа нь бид түүнээс “Түүнийг та бидний төлөө амиа өгсөн гэдгийг нь мэдсэн бол та Түүний бие болон цусны бэлгэдэл болсон талх, уснаас хэр ойрхон хүртэх хүсэлтэй байх бол?” гэж асуулаа.

Тэр “Би ойлголоо, ойлголоо, ойлголоо. Өөр нэг зүйл байна. Танай сүм манай сүмтэй адил хөгжилтэй биш” гэв.

Үүнд нь бид “Хэрэв Аврагч Есүс Христ энэ хаалгаар ороод ирвэл та яах вэ?” гэж хариулсан юм.

Тэр “Би шууд өвдөг сөхрөн сууна” гэж хариулав.

Бид түүнээс “Тэгвэл та хожмын үеийн гэгээнтнүүдийн ариун ёслолын танхимд орж ирэхдээ үүнийг буюу Аврагчийг хүндлэн биширч байгаагаа мэдэрсэн байх нь, тийм үү?” гэж асуухад

тэр “Би ойлголоо, ойлголоо, ойлголоо” гэж билээ.

Тэр Христийн амилсны баярын ням гарагт сүмд ирснээсээ хойш үргэлж ирдэг болсон юм.

Би та нарын хүн нэг бүрийг өөрсдөөсөө “Ариун ёслолыг оролцуулаад би өөр ямар ямар ёслолыг хүртэх ёстой вэ мөн ямар гэрээ байгуулж, хэрхэн сахиж, хүндлэн дээдлэх ёстой вэ?” гэж асуугаасай хэмээн урьж байна. Ёслолуудад оролцож, холбогдох гэрээнүүдийг хүндлэн дээдлэх нь энэхүү улам бүр харанхуйд автаж буй дэлхийд гайхамшигт гэрлийг авчирна гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.