Бурханы үнэ цэнтэй бэлгүүд
Бидний Христэд итгэх бодит итгэл өчүүхэн, бүр хамгийн жижиг гичийн үр төдий байхад л амьдрал итгэл, аз жаргал, найдвар, хайраар дүүрэн байх болно.
Ах, эгч нар минь ээ, бид саяхан онцгой ариун хуралдайнд, тухайлбал Библийн үеэс эхлэн эртний Израиль цуглараад, Их Эзэний оршихуйг мэдэрч, Түүний адислалуудыг баярлан тэмдэглэдэг байсан ёслолд оролцлоо. Энэхүү эртний зан үйл бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн энэ цаг үед амьдрах давуу эрх бидэнд олгогдсон билээ. Би та бүхнийг өөрсдийн оролцсон энэхүү хамгийн ариун нандин үйл явдлын талаар хувийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд урьж байна.
Бидний эрхэм анд, бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонтой саяхан бид салах ёс гүйцэтгэсэн. Хэдийгээр бид бүгдээрээ түүнийг санаж байгаа ч Их Эзэн шинэ бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг Өөрийн Сүмийг удирдуулахаар дуудсанд гүнээ талархаж байна. Бид одоо Сүмийнхээ түүхийн шинэ хуудсыг эмх журамтай эхлүүлж байна. Энэ бол Бурханы үнэ цэнтэй бэлэг юм.
Бидний хүн нэг бүр гараа өргөн, ерөнхийлөгч Нэлсонийг дэмжин баталснаар Бурханы өмнө түүнийг ерөнхийлөгч Монсоны хууль ёсны залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрсөн. Бид гараа өргөн, түүнийг Их Эзэнээс удирдамж хүлээн авахад дуу хоолойг нь сонсоно хэмээн амласан.
Их Эзэн бидэнд
“Та нарт Түүний өгөх Түүний [Сүмийн ерөнхийлөгчийн] бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун; …
Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой” хэмээн хэлсэн.
Би манай шинэ бошиглогч, ерөнхийлөгчийг 60 жилийн өмнөөс мэднэ. Би түүнтэй хамт Арван хоёрын Чуулгад 33 жилийн турш хамт үйлчилсэн бөгөөд Их Эзэний мутар түүнийг дэлхий дээрх ариун санваарын бүх түлхүүрийг ашиглан, биднийг тэргүүлэх төлөөлөгч, бошиглогчоор бэлдэж байсныг би гэрчилнэ. Бидний хүн нэг бүр түүнийг болон түүний зөвлөхүүдийг бүрэн дэмжиж, удирдамж зааврыг нь дагах болтугай. Бид мөн ахлагч Гонг, ахлагч Соарэс нарыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр халуун дулаанаар хүлээн авч байна.
Энэ амралтын өдрүүдэд бидний тэмдэглэдэг Христийн амилсны баярын үйл явдалд гардагчлан, Есүс амилсныхаа дараа төлөөлөгчид дээрээ ирээд, “Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ” хэмээн хэлсэн. Энд хоёр үйлдэл байгааг анзаараарай. Бурхан Өөрийн Хүүг илгээсэн. Хүү нь ажлаа гүйцэлдүүлэхээр Өөрийн үйлчлүүлэгч болох мөнх бус эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг илгээсэн.
Их Эзэний ажлыг хийхээр дуудагдсан тэд хүмүүний хувьд төгс биш гэдэгт бид гайхах хэрэггүй. Судрын түүхүүдэд агуу ажил хийхээр Бурханаар дуудагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс—Тэнгэрлэг Эцэгийн маань сайн охид, хөвгүүд Сүмийн үүрэгт ажилд үйлчлэхээр дуудагдаж, чадлынхаа хэрээр хичээдэг ч хэн нь ч хараахан төгс болоогүй байдаг. Бид ч гэсэн төгс төгөлдөр биш гэдэг нь өнөөдөр үнэн байна.
Хүмүүний сул дорой байдал, алдаа дутагдлыг харгалзан үзэх юм бол бид хэрхэн цаашид бие биенээ дэмжин тусалж, урагшилж болох вэ? Энэ нь итгэлээс буюу Их Эзэн Есүс Христэд үнэхээр, чин сэтгэлээсээ итгэснээр эхэлдэг. Аврагчид итгэх итгэл бол Христийн сургаал, сайн мэдээний анхны зарчим юм.
Хэдэн жилийн өмнө би Ариун нутагт айлчилсан. Биднийг гичийн талбайн хажуугаар машинаар өнгөрөхөд БЯИС-ийн Иерусалим дэх төвийн захирал надаас гичийн талбайг өмнө нь харж байсан уу хэмээн асууж билээ. Би харж байгаагүй болохоор бид талбайн хажууд зогссон. Тэр надад гичийн үрийг үзүүлэв. Тэдгээр нь гайхмаар өчүүхэн жижигхэн байлаа.
Тэр үед надад “Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд ‘Эндээс тийшээ нүү’ гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно” гэсэн Есүсийн сургаал санаанд орж ирж билээ.
Хэрэв бидэнд гичийн үр чинээ өчүүхэн итгэл байх юм бол биднийг Бурханы хүүхдүүдэд, тухайлбал гэр бүлийнхэндээ болон Сүмийн гишүүдэд мөн Сүмийн гишүүн хараахан болоогүй байгаа хүмүүст үйлчлэх үед Их Эзэн бидний үүрэгт ажилд тулгарах цөхрөл, эргэлзээний уулыг нүүлгэхэд тусална.
Ах, эгч нар аа, бидний Христэд итгэх бодит итгэл өчүүхэн, бүр хамгийн жижиг гичийн үр төдий байхад л амьдрал итгэл, аз жаргал, найдвар, хайраар дүүрэн байх болно.
Ахлагч Жорж А.Смит Иосеф Смитийн өөрт нь өгч байсан зөвлөгөөг ийнхүү эргэн дурссан юм. “Тэр намайг тойрон хүрээлэх ямар ч хүнд бэрхшээлээс болж зориг мохож болохгүйг хэлээд, хэрэв Нова Скотын хамгийн гүнзгий нүхэнд унаж мөн Роки Маунтенс тэр чигээрээ нуран, дээрээс минь овоолсон байлаа ч би зориг мохох ёсгүй, харин үргэлжлүүлэн тэвчиж, итгэлээ хөгжүүлэн, эр зоригоо чангалж, овооны дээр гарч зогсох ёстой шүү гэж билээ.”
Бид “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” хэмээх Паулын тунхаглалыг санах ёстой. Харин үүнийг мэддэг байх нь Бурханы өөр нэгэн үнэ цэнтэй бэлэг юм.
Миний дурдсанаас өөр олон олон бэлэг бий. Өнөөдөр би тэдгээрээс Хүндэтгэлийн өдөр, ариун ёслол, бусдын төлөөх үйлчлэл болон Бурханы юутай ч зүйрлэшгүй бэлэг болох бидний Аврагч зэрэг цөөн хэдийнх нь талаар яримаар байна.
Хүндэтгэлийн өдрийн хүч бол сүмд болон гэр орондоо Их Эзэний Сүнсний баяр хөөр, аз жаргал, халуун дулаан мэдрэмжийг анхаарал сарниулах аливаа зүйлгүйгээр мэдрэх явдал билээ.
Дэндүү олон хүн онлайнд бараг л амьдрах шахаж, ухаалаг төхөөрөмжөө өдөр шөнөгүй нүүрэндээ нааж мөн чихэндээ чихэвч зүүснээр Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг хааж байна. Хэрэв бид цаг зав гарган, чихэвчээ холдуулахгүй л бол “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” хэмээсэн Түүний дуу хоолойг сонсох боломжоо алдаж магадгүй. Бид Их Эзэний сүнсээр өдөөгдсөн шинэ үеийн техник технологийг ашиглах нь буруу биш ч тэдгээрийг ухаалаг ашиглах ёстой. Хүндэтгэлийн өдрийн бэлгийг бүү март.
Ариун ёслолын цуглаан дээр ариун ёслолоос хүртэх адислал нь хэзээ ч хэвшиж зуршсан эсвэл хийдэг төдий зүйл болох ёсгүй. Бид түр амсхийж, бүхэл бүтэн долоо хоногийн ердөө 70-хан минутыг амьдралдаа илүү амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олоход зарцуулж болно.
Ариун ёслолоос хүртэж, гэрээгээ шинэчлэх нь бидний Түүнийг үргэлж санана гэдгээ Их Эзэнд үзүүлж буй тэмдэг юм. Түүний Цагаатгал бол Бурханаас өгсөн нигүүлслийн бэлэг билээ.
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэх онцгой эрх нь нэг нэгэндээ үйлчилснээр Түүний Хайрт Хүүгийн үлгэр жишээг дагах өөр нэгэн боломжийг бидэнд олгодог.
Гэр бүлдээ болон Сүмийн дуудлагат ажилд оролцох, түүнчлэн олон нийтийн байгууллагад оролцох гэх мэт зарим үйлчлэх боломж албан ёсных байдаг.
Хэрэв хүсэх юм бол Сүмийн эрэгтэй, эмэгтэй гишүүдийн аль аль нь амьдарч буй газартаа засгийн газрын аль ч түвшний төрийн албанд эргэлзэхгүйгээр нэрээ дэвшүүлж болно. Бидний дуу хоолой амин чухал төдийгүй манай сургууль, хот, улс орнуудад нэн чухал хэрэгтэй. Ардчилсан тогтолцоотой газарт олон нийтийн хайр хүндлэлийг хүлээсэн, үйлчлэх хүсэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төлөө саналаа өгөх нь гишүүд бидний үүрэг юм.
Үйлчлэх олон боломж албан ёсны бус буюу ямар нэг томилгоогүй байдаг бөгөөд амьдралынхаа аяллын явцад уулзаж, тусламжийн гараа сунгахад гарч ирдэг. Есүс Бурханыг болон хөршөө хайрлах ёстой гэдгийг сайн самари хүний жишээг ашиглан хуульчдад заасан.
Үйлчлэл нь бидэнд Христийн амьдрал, тохинууллыг ойлгох цонхыг нээдэг. Тэрээр сударт заасанчлан үйлчлэхээр ирсэн бөгөөд “үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ.”
Петр “сайныг үйлдэж явсан” хэмээх гуравхан үгээр Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллыг хамгийн оновчтой тодорхойлсон байдаг.
Их Эзэн Есүс Христ бол Бурханаас ирсэн бэлгүүдийн хамгийн үнэ цэнтэй нь билээ. Есүс “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” хэмээн хэлсэн.
Нифай “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” гэж тунхагласнаар бидний Аврагч ямар чухал болохыг тусгасан. Бид бүхий л цаг үед, хаана ч байсан Христийг амьдралынхаа төвд байлгах ёстой.
Түүний нэр шүтэн биширдэг газруудад маань бичигдсэн байдаг. Бид Түүний нэрээр баптисм хүртэн, гишүүнээр батлуулж, томилогдож, хишиг хүртэж, гэрлэлтээ лацдан холбуулдаг. Бид ариун ёслолоос хүртэж, Түүний нэрийг өөрсөд дээрээ хүлээн авч, жинхэнэ Христэд итгэгчид болно хэмээн амладаг. Эцэст нь ариун ёслолын залбиралд биднээс “үргэлж түүнийг санаж” байхыг хүсдэг.
Маргаашийн ням гарагт бид Христийн амилсны баярыг тэмдэглэхэд бэлдэж байхдаа Христ бол эрхэм дээд гэдгийг санацгаая. Тэрээр бидний хувьд шударга Шүүгч, бидний итгэлтэй Өмгөөлөгч, адислагдсан Гэтэлгэгч, сайн Хоньчин, амлагдсан Мессиа, жинхэнэ Найз мөн өөр олон зүйл билээ. Тэрээр үнэхээр Эцэгийн маань бидэнд өгсөн маш үнэ цэнтэй бэлэг.
Шавь байхад биднээс олон зүйлийг шаардаж, бид олон зүйлд санаа тавих хэрэгтэй болж мөн олон үүрэг даалгавар хүлээдэг. Гэхдээ зарим үйл ажиллагаа үргэлж Сүмийн гишүүнчлэлийн төвд байх болно. “Иймийн тул, итгэлтэй байгтун; чамайг миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэгтүн; сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыгөргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” хэмээн Их Эзэн зарлигласан.
Энэ бол Сүм ажлаа хийж байгаа хэрэг! Энэ бол цэвэр ариун шашин! Бид сүнслэг болон материаллаг байдлын хувьд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж, тэднийг өргөн, хүчирхэгжүүлэх үед сайн мэдээ жинхэнэ утгаараа тэнд хэрэгжиж байна гэсэн үг! Энэ нь биднээс тэднийг эргэж тойрон, туслахыг шаарддаг. Ингэснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон Түүний Цагаатгалд итгэх тэдний итгэлийн гэрчлэл зүрх сэтгэлд нь буух болно.
Их Эзэн бидэнд Өөрийн сэргээгдсэн Сүмийн гишүүнчлэл зэрэг Бурханаас ирсэн олон арван үнэ цэнтэй бэлгээ эрхэмлэн нандигнахад туслан, адислах болтугай. Бид Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрлах хайраар дүүргэгдэж, тэдний хэрэгцээг харж, нэг нэгнийгээ ойлгон, талархах сэтгэлийг нь өсгөн нэмэгдүүлэх замаар сайн мэдээний талаарх асуудал, асуултад тодорхой бөгөөд эелдгээр хариулах хүсэлтэй байх болтугай.
Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг би гэрчилж байна. Энэ Ерөнхий чуулганаар заах зүйлс сүнсээр өдөөгдсөн төлөөлөгч, бошиглогч, ерөнхий эрх мэдэлтэн мөн Сүмийн ерөнхий албан тушаалтан болох удирдах албаны эгч нараас бидэнд ирэх болно. Их Эзэний баяр баясгалан, амар амгалан бидний хүн нэг бүрийн дээр байх болтугай хэмээн би Их Эзэн Есүс Христийн нэрээр даруухан залбирч байна, амен.