“11-р сарын 13. Би Их Эзэний Сүнсний цутгалтыг хэрхэн хүлээн авах вэ? Хосеа 1–6, 10–14; Иоел,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“11-р сарын 13. Би Их Эзэний Сүнсний цутгалтыг хэрхэн хүлээн авах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
11-р сарын 13
Би Их Эзэний Сүнсний цутгалтыг хэрхэн хүлээн авах вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замуудыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийхээр өдөөгдөж байна вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхнээ хэрхэн илүү их хайрлаж, дэмжиж, гэр орондоо эерэг өөрчлөлт хийх вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Бид тодорхой бус, айдас бүхий цаг үед амьдарч байгаа нь эргэлзээгүй юм. Хуучин Гэрээний бошиглогч Иоел бидний цаг үеийг “Эзэний өдөр” хэмээгээд, үүнийгээ “бүрхэг, харанхуй өдөр, манантай, түнэр харанхуй өдөр” мөн “агуу, маш аймшигтай” гэж дүрсэлжээ (Иоел 2:1–2, 11). Гэхдээ энэ нь бидний өдрүүд найдваргүй гэсэн үг биш юм. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Заримдаа бидэнд амьдралын сорилт бэрхшээлд нухлагдан, сэтгэл санаа харанхуйлагдах үе байдаг ч Бурханы хайр болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалууд төсөөлөхийн аргагүй ямар нэг зүйлийг дэлбээлүүлэх болно” гэж амласныг бодож үзээрэй (“Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59).
Бидний өдрүүд дэх түнэр харанхуй болон мананг харах үедээ та Их Эзэн бидэнд “Би Сүнсээ бүх махбод дээр цутгана; хөвгүүд, охид чинь эш үзүүлнэ” хэмээн агуу, бүр төсөөлөхийн аргагүй адислалуудыг амласныг сана (Иоел 2:28; Иосеф Смит—Түүх 1:41-ийг мөн үзнэ үү). Бурханы Сүнс залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн дээр цутгагдах болно гэсэн тодорхой амлалтад анхаарлаа хандуул. Үүнийг таны заадаг хүмүүс ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Заахад бэлтгэн, Иоел 2 болон ахлагч Угдорфын захиасыг уншихдаа энэ асуултыг эргэцүүлэн бод.
Хамтдаа суралц
Заадаг хүмүүстээ Иоел 2:28–29-ийг илүү сайн ойлгоход туслахын тулд саванд ямар нэгэн зүйл хийгээд, нэгнээр нь дээрээс нь ус асгуул. Энэ нь Их Эзэн “Сүнсээ бүх махбод дээр цутгана” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ? Иоел 2:28–29 дээрх бошиглолууд хэрхэн гүйцэлдэж байна вэ? Өнөө үед Их Эзэн Сүнсээ хэрхэн цутгаж байгааг илүү сайн ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах хэд хэдэн санааг энд оруулав.
-
Их Эзэн Өөрийн ард түмний дээр Сүнсээ цутгасан олон жишээ судруудад тэмдэглэгдсэн байдаг. Эдгээрийн заримыг судлах нь өсвөр үеийнхэнд амьдралдаа Бурханы Сүнсний цутгалтыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлголттой болоход тусална. Та ус гоожиж буй том савыг самбар дээр зураад, тэднээс “Нэмэлт эх сурвалж” дахь нэг юм уу хэд хэдэн судрыг ганцаарчлан эсвэл хэсэг бүлгээрээ уншихыг хүсэх талаар бодож үз. Самбар дээр зурсан савны эргэн тойронд тэдний уншсан судрын хэсэг дээрх хүмүүс юу хийснийг, ингэснээр Их Эзэн Өөрийн Сүнсийг цутгаж, дараа нь ямар адислалууд дагалдан ирснийг тэд бичиж болно. Сүнс биднийг тайвшруулж, удирдан чиглүүлж эсвэл цэвэршүүлж байгааг бид хэзээ мэдэрсэн бэ?
-
Та ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг самбар дээр бичиж болно. “Бурханд та нарын хувь хүн бүрд болон Сүмд бүхэлд нь зориулсан төсөөлөхийн аргагүй ямар нэгэн гайхамшигтай ажил, гайхалтай зүйл байгаа” (“Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно,” 55). Ахлагч Угдорфын захиасаас хүнд хэцүү үеийнх нь дараа хүмүүст Бурханы өгсөн, төсөөлөхийн аргагүй адислалуудыг хайхыг өсвөр үеийнхнээс хүсэх талаар бодож үз. Ахлагч Угдорф хүнд хэцүү зүйл тохиолдоход зөв шийдвэр гаргахын тулд юу хийхийг бидэнд заасан бэ? Бурханы бидэнд бэлдсэн “төсөөлөхийн аргагүй” зүйлсийн жагсаалтыг гаргахад өсвөр үеийнхнийг урь. Адислалууд хүлээн авахын тулд юу хийх хүсэлтэй байгаагаа тунгаан бодоход зааж байгаа хүмүүсээ урь.
-
Мөн “Ерөнхийлөгч Нэлсон: Түүнийг Сонс—Хувийн илчлэлт” видео бичлэгийг үзүүлэхийг бодож үз (ChurchofJesusChrist.org). Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг, бидний амьдралыг хэрхэн адисалдаг тухай ойлголтыг олж сонсохыг өсвөр үеийнхнээс хүс. Мөн тэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” захиасыг уншиж болно (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120). Дараахтай адил асуултуудын хариултыг хайхыг хүс. Үүнд: Ерөнхийлөгч Нэлсон хэрхэн Сүнсний цутгалтыг эрэлхийлж мөн хүлээн авсан бэ? Иосеф Смитийн жишээнээс Бурханы хүүхдүүдтэйгээ ярих хүслийн талаар бид юу сурдаг вэ? Ерөнхийлөгч Нэлсон юу хийхийг бидэнд уриалсан бэ? Их Эзэний таны дээр Сүнсээ цутгахыг мэдэрсэн үеийнхээ талаар өсвөр үеийнхэнд ярьж өг. Өөрсдөд нь тохиолдсон туршлагуудаа тунгаан бодоход мөн хүсвэл тэдгээрийг хуваалцахад тэднийг урь.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.