Ирээд, Намайг дага
Дөрөв дэх ням гаргийн цуглаанууд


Дөрөв дэх ням гаргийн цуглаанууд

Сар бүрийн дөрөв дэх ням гарагт ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэг нь Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас сонгосон сэдвийг авч хэлэлцэнэ. Дөрөв дэх ням гаргийн сэдэв нь Ерөнхий чуулган болгоноор шинэчлэгдэнэ. Одооноос эхлэн дараагийн Ерөнхий чуулган хүртэл ярилцах сэдэв нь “Бусдад тохинуулах нь” байх болно. Сар бүр удирдагчид эсвэл багш нар тохинуулалтай холбоотой дараах зарчмуудын аль нэгийн талаарх ярилцлагуудыг удирдан явуулахаар сонгох юм.

Тохинуулал гэж юу гэсэн үг вэ?

Тохинуулал гэдэг нь танай тойрог эсвэл салбарын гишүүдийн хувьд ямар утгатай вэ? Үүнийг олж мэдэхийн тулд та самбарт Тохинуулал гэж бичээд, гишүүдийг тохинуулалтай холбоотой гэж бодож байгаа үгсийг уг үгийг тойруулан бичихэд урь. Гишүүд уг жагсаалтад нэмэх үг хэллэгүүдийг дараах судруудаас олж болно. Үүнд: Матай 25:34–40; Лук 10:25–37; 2 Нифай 25:26; Мозая 18:8–9; 3 Нифай 18:25; мөн Сургаал ба Гэрээ 81:5. Бид эдгээр шүлгээс тохинууллын талаар юу мэдэж авч болох вэ? Та гишүүдийг гэрчилсэн тохинууллын жишээнээс хуваалцахад урьж болно. Бидний тохинуулал хүмүүсийн сүнслэг болон материаллаг хэрэгцээг хэрхэн хангаж чадах вэ? Энэ нь хүмүүст Христэд ойртоход хэрхэн тусалж чадах вэ?

Аврагч бол тохинууллын төгс үлгэр жишээ.

Хэрхэн илүү үр дүнтэй тохинуулах талаар сурч мэдэхийн тулд гишүүд Аврагчийн бусдад тохинуулсан тухай түүхүүдийг судраас хуваалцаж болно. Иохан 4–6 болон Марк 2:1–12-т хэд хэдэн жишээ бий. Гишүүд эдгээр түүхээс юу нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг болон тохинууллын талаар ямар ямар зарчим мэдэж авдгаа хуваалцаж болох юм. Жишээлбэл, Аврагч бусдад үйлчлэхдээ хэрхэн хүн бүрд тохинуулдаг байсан бэ? Тэрээр хүмүүсийн сүнслэг мөн материаллаг хэрэгцээг хэрхэн хангадаг байсан бэ? Ангийн гишүүд хүмүүс эдгээр зарчмыг тохинуулалдаа ашиглаж байгааг гэрчилсэн тохиолдлуудаасаа хуваалцаж болно.

Тохинуулал нь Христийнхтэй адил хайраар урамшуулагддаг.

Та Христийнхтэй адил хайраар урамшуулагдсан тохинууллын хүчийг судлахын тулд самбарт дараах өгүүлбэрүүдийг бичиж, гишүүдийг өгүүлбэрүүдийг гүйцээн бичих хувилбаруудыг санал болгоход урь. Үүнд: Би үйлчилж буй хүмүүсээ хайрласан үедээ . Би өөр бусад учир шалтгааны улмаас үйлчлэхдээ . Бид бусдад үзүүлж байгаа тохинууллаа Христийнхтэй адил хайраар урамшуулагдсан байхад анхаарахын тулд юу хийж чадах вэ? Бид тохинуулахаар томилогдсон хүмүүсээ хайрлах Христийнхтэй адил хайрыг хэрхэн хөгжүүлдэг вэ? (Моронай 7:45–48-ыг үзнэ үү). Гишүүд Христийнхтэй адил хайраар өдөөгдсөн тохинууллын жишээг хуваалцаж болно.

Бурхан бүх хүүхдээ асран хамгаалуулаасай хэмээн хүсдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлэхдээ “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно” гэсэн (“Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Сүм бидэнд хувь хүн бүрийг илүү сайн халамжлахад тусалдаг “зохион байгуулалттай, чиглүүлсэн” ямар арга замуудын заримыг ерөнхийлөгч Нэлсон заасан бэ? Яагаад эдгээр хүчин чармайлт “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг” байдаг вэ? (Мозая 18:21–22 болон Моронай 6:4–6-аас зарим санааг авна уу). Хүмүүс Сүмийн дуудлага эсвэл үүрэг даалгавраа гүйцэтгэхдээ тохинуулж байсан учраас бидний болон бусдын амьдралд ямар адислал ирсэн бэ?

Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу юм.

Мозаягийн хөвгүүдийн туршлага бидний хүмүүст хандах арга барил тэдэнд хэрхэн тохинуулахад нөлөөлдөг болохыг харуулдаг. Та самбарт Нифайчууд леменчүүдэд хэрхэн ханддаг байсан болон Мозаягийн хөвгүүд леменчүүдэд хэрхэн ханддаг байсан гэж бичиж болно. Тэгээд ангийн гишүүдийг Мозая 28:1–3 болон Алма 26:23–26-аас эдгээр өгүүлбэр тус бүрийн доор бичих үг хэллэгүүдийг хайж олоход урь. Энэ харьцуулалт бидний хүмүүст хандах арга барил тэдэнд тохинуулах арга замуудад маань хэрхэн нөлөөлдөг талаар юу зааж байна вэ? Бид хүмүүсийг ихэнхдээ Бурханы мэлмийгээр хардаг байхад хэрхэн суралцах вэ? (C ба Г 18:10–16-г үзнэ үү.)

Жинхэнэ тохинуулагчид бусдын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлдэг.

Бид тохинуулахдаа бусдын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэхийн үнэ цэнийг илүү сайн ойлгоход нь гишүүдэд туслахын тулд тохинууллыг бэлэг өгөх болон хүлээн авахтай харьцуулж болох юм. Бидэнд юу хэрэгтэйг эсвэл юу хүссэнийг маань мэддэг хэн нэгнээс бид утга учиртай бэлэг хүлээн авч байсан уу? Тохинуулах нь утга учиртай бэлэг өгөхтэй хэрхэн адил төстэй вэ? Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаас хүмүүс бусдын хэрэгцээний дагуу хэрхэн тохинуулсан тухай түүхүүдийг ярилцахыг бод (жишээ болгон 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы материалаас Жийн Б.Бингамын “Аврагчийн адил тохинуулах нь” үгийг үзнэ үү). Гишүүд мөн энэ зарчмыг харуулсан бусад түүхийг хуваалцаж болно.

Бид бусдын хэрэгцээ юу болохыг хэрхэн мэдэх вэ? Гишүүдийг тохинуулдаг зарим хүмүүсээ жагсаан бичихэд урь. Тэд нэр бүрийн хажууд “Энэ хүнд Христэд илүү ойртоход нь юу хэрэгтэй вэ?” гэсэн асуултад хариулан бичиж болно. Боломжтой бол гишүүдийг хүн бүрийн хүлээн авах хэрэгтэй байгаа ёслолуудыг бичихэд урамшуул. Гишүүдийг энэ асуултын талаар үргэлжлүүлэн бодож, бусдын хэрэгцээг хангахад нь туслах сүнслэг удирдамжийг илэрхийлэхэд урь.

Их Эзэн биднийг бусдын тохинууллыг хүлээн авахыг зөвшөөрөхийг хүсдэг.

Ахлагч Робэрт Д.Хэйлс “Сайн мэдээний төлөвлөгөө нь өгөх болон хүлээн авахыг шаарддаг. … Хүнд хэцүү байдалд байгаа хувь хүмүүс ‘Би энэ бэрхшээлийг ганцаараа туулж чадна,’ … ‘Би өөрийгөө халамжилж чадна’ гэж ихэнхдээ хэлдэг. Хэн ч өөр нэгний тусламж хэрэггүй байхаар тийм баян биш, хэн ч бусдадаа зарим байдлаар тус болохооргүй туйлын ядуу байдаггүй гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Бусдаас итгэлтэйгээр тусламж гуйх болон нинжин сэтгэлээр туслах зан чанар нь бидний төрөлх мөн чанарын нэг хэсэг байх ёстой” (“We Can’t Do It Alone,” Ensign, Nov. 1975, 91, 93). Бид яагаад заримдаа бусдаас тусламж авахдаа тээнэгэлздэг вэ? Бидний тусламж авах хүсэл бидэнд үйлчилдэг хүмүүсийг хэрхэн адисалдаг вэ? Гишүүдэд бусдын тохинууллыг хүлээн авахдаа илүү нээлттэй байж чадах арга замуудыг тунгаан бодох хэдэн хором өг. Бид яагаад бие биендээ хэрэгтэй байдаг талаар 1 Коринт 12:13–21-д юу гэж хэлсэн бэ?

Бид олон арга замаар бусдад тохинуулж чадна.

Бидний нэг нэгэндээ тохинуулж болох олон арга замыг бодож үзэхэд нь гишүүдэд туслахын тулд та тэднийг ахлагч Жэффри Р.Холландын “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл” захиасыг уншихад урьж болно (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы материал мөн Лиахона сэтгүүлийн дараагийн дугааруудад гарах “Тохинууллын зарчмууд”-ыг үзнэ үү). Гишүүд цөөн хүнтэй бүлгүүдэд хуваарилагдан, бүлэг бүр хэн нэгэнд тусламж хэрэгтэй байж болох хэд хэдэн тохиолдлыг бодож олж болох юм. Тэгээд тэд тухайн тохиолдолд хувь хүмүүсийн сүнслэг болон материаллаг хэрэгцээнд нийцүүлэн тохинуулах арга замуудын талаар хамтаараа хэлэлцэж болно. Бүлгүүдийг өөрсдийн санааг хуваалцаж, тэдний тохинуулдаг хүмүүсийг дээрх санааны аль нэг нь адисалж болох эсэхийг тунгаахыг хүс.