Ирээд, Намайг дага
2-р сарын 19–25: “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!” 2 Нифай 6–10


“2-р сарын 19–25: ‘Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!’ 2 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“2-р сарын 19–25. 2 Нифай 6–10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Есүс Гетсеманид залбирч байгаа нь

Миний хүсэл биш харин Таны хүсэл биелэх болтугай, Харри Андэрсон

2-р сарын 19–25: “Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!”

2 Нифай 6–10

Лихайн гэр бүл Иерусалимаас гараад, хамгийн багадаа 40 жил болсон байв. Тэд Иерусалимаас хол, дэлхийн нөгөө талд байх танил бус шинэ газарт байлаа. Лихай нас барж, үр удам нь “Бурханы илчлэлт хийгээд сануулгад итгэсэн” нифайчууд, итгээгүй леменчүүдийн дунд хэдэн зуун жилийн турш үргэлжлэх сөргөлдөөнд аль хэдийн орж эхэлсэн байв (2 Нифай 5:6). Нифайчуудын багшаар томилогдсон Нифайн дүү Иаков Бурхан хэзээ ч тэднийг мартахгүй тул тэд ч гэсэн Түүнийг мартах ёсгүй гэдгийг гэрээт хүмүүст мэдүүлэхийг хүсжээ. Энэ бол өнөө үед бидэнд зайлшгүй хэрэгтэй захиас юм (Сургаал ба Гэрээ 1:15–16-г үзнэ үү). “Түүнийг санацгаая, … учир нь бид зайлуулагдаагүй. … Их Эзэний амлалтууд … агуу их билээ” (2 Нифай 10:20–21) хэмээн Иаков тунхаглажээ. Тэдгээр амлалтын дундаас хамгийн агуу нь үхэл, тамыг ялан дийлэх “хязгааргүй цагаатгал”-ын амлалт юм (2 Нифай 9:7). Иаков эцэст нь “Тиймийн тул, зүрх сэтгэлээ урамтай болгоцгоо” (2 Нифай 10:23) хэмээн хэлсэн.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

2 Нифай 6–8

Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй хандаж, гэрээгээ биелүүлэх болно.

Израилын угсааны нэгэн хэсэг гэдгээ мөн Бурхан болон Түүний амлалтад итгэж болно гэдгийг ойлгоход нь хүмүүстээ туслахын тулд Иаков 2 Нифай 6–8-д цэдэглэгдсэн Исаиагийн бошиглолыг эш татжээ. Хожмын үеийн гэгээнтнүүд Бурханы гэрээт хүмүүсийн нэг хэсэг тул энэ захиасыг танд ч бас зориулсан. Та эдгээр бүлгийг уншихдаа, дараахтай адил асуултуудын талаар бод.

  • Би Аврагчийн намайг гэсэн гэтэлгэгч хайрын талаар юу сурч байгаа вэ? Энэ хайрыг ямар үг, хэллэг илүү сайн илэрхийлдэг вэ?

  • Өөрийг нь эрэлхийлдэг хүмүүст Аврагч юуг санал болгодог вэ?

  • Аврагчийг болон Түүний амласан адислалуудыг илүү итгэлтэй “хүлээхийн” тулд би юу хийж болох вэ?

Семинарын дүрс

2 Нифай 9:1–26

Есүс Христ намайг нүгэл болон үхлээс авардаг.

Есүс Христэд талархах талархлаа гүнзгийрүүлэх нэг арга зам бол Түүнгүйгээр бидэнд юу тохиох байсан талаар бодох явдал юм. 2 Нифай 9:1–26-г уншихдаа та Есүс Христийн Цагаатгалгүйгээр бидэнд юу тохиох байсныг жагсаах буюу нэг өнгөөр тэмдэглэхийг бод. Дараа нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээн авч болох зүйлсийг өөр газар жагсааж эсвэл өөр өнгөөр тодорхойлж болно. Уншсан зүйл дээрээ тулгуурлан, Есүс Христийн Цагаатгал бидэнд хэрэгтэй шалтгааныг бид хэрхэн тайлбарлаж болох вэ? “Бурханы мэргэн ухаан, түүний нигүүлсэл, ач ивээлийг” магтахад урамшуулах юуг та олж мэдсэн бэ? (2 Нифай 9:8).

Иаков Есүс Христ биднийг юунаас аварсныг заахаас гадна үүнийг хэрхэн хийсэн талаарх ойлголтыг мөн адил өгсөн. 2 Нифай 9:11–15, 20–24-өөс олж мэдсэн зүйлсээ бичиж тэмдэглэхийг бод.

Иаков Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөг биширсэн тул “Ай Бурханы маань төлөвлөгөө хичнээн агуу билээ!” хэмээн уулга алджээ. Түүнийг уулга алдахад хүргэсэн зүйлсийг 2 Нифай 9-өөс (эдгээрийн ихэнх нь 8–20-р шүлгүүд дээр байгаа) олж мэд. Та Бурханы төлөвлөгөөний талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Ямар ямар туршлага Иаковын мэдэрсэн зүйлсийг мэдрэхэд танд тусалсан бэ? Шүтэн биширч мөн судлах явцдаа Түүний талаарх бодол санааг тань илтгэж болох дууллыг хайж олохыг бод.

2 Нифай 9:7

Аврагчийн Цагаатгал хязгааргүй.

Та Есүс Христийн “хязгааргүй цагаатгалыг” илүү сайн ойлгохын тулд юу хийж болох вэ? (2 Нифай 9:7). Та талбай дахь өвсний шилбэ, далайн эрэг дээрх элсний ширхэг, тэнгэр дэх од гэх мэт тоолох боломжгүй зүйлсийг харж болох юм. Аврагчийн Цагаатгал хэрхэн эцэс төгсгөлгүй байдаг вэ? Яагаад энэ нь мөн хувийн шинж чанартай вэ? 2 Нифай 9 дэх ямар үг хэллэг Аврагчийн таны төлөө хийсэн бүхэнд талархахад тусалдаг вэ?

2 Нифай 9:27–54

Би Христэд ирж, Бурханы төлөвлөгөөг дагаж чадна.

Иаков 2 Нифай 9-д “Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө” ба “Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө” (2 Нифай 9:6,28) хэмээх хоёр хүчирхэг хийгээд эрс тэс ялгаатай үг хэллэгийг ашигласан байдаг. Та зам зураад, дээр нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө гэж бичиж болно. Дараа нь 2 Нифай 9:27–52-ыг судал. Энэ замаар явахад бидэнд туслахын тулд Иаковын өгсөн сэрэмжлүүлэг, урилгуудыг хайж ол. Олсон зүйлсээ замын хажууд бич. Сатан биднийг Бурханы төлөвлөгөөнөөс холдуулахыг хэрхэн хичээдэг вэ? Та Иаковын эдгээр сэрэмжлүүлэг, урилгын хариуд юу хийхээр сүнсээр өдөөгдөж байна вэ?

2 Нифай 10:20, 23–25

Есүс Христийн золиослол надад баяр баясгаланг авчирч чадна.

Иаковын захиас баяр баясгалангийн захиас байсан. Тэр “тэргүүнээ ямагт дээр өргөж, мөн та нар баясаж болно хэмээн би та нарт эдгээр зүйлсийг ярьж байна” (2 Нифай 9:3) гэж хэлсэн. 2 Нифай 10:20, 23–25-ыг уншихад таны зүрх сэтгэлийг урамтай болгосон юуг та олсон бэ? Та сэтгэлээр унасан үедээ эдгээр зүйлийг санахын тулд юу хийх вэ?

Иохан 16:33-ыг мөн Д.Тодд Кристоффэрсоны “Гэгээнтнүүдийн баяр баясгалан” үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 9:6–10, 19–24

Есүс Христ бол миний Аврагч.

  • Та хүүхдүүддээ Аврагч Есүс Христ тэдэнд хэрэгтэй гэдгийг ойлгож, мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Тэдэнд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас тусалж болно. Энд нүх, шат гэсэн энгийн зүйрлэл ашигласан байгаа. Та 2 Нифай 9:21–22-ыг ашиглан, яагаад Есүс Христэд талархалтай байдаг талаар хүүхдүүдтэйгээ ярилцахыг бод.

  • Хүүхдүүдэд Аврагч яагаад бидэнд хэрэгтэйг ойлгоход нь туслах нэг арга зам бол тэдэнд Уналтын талаар заах явдал юм. Та Адам, Ева хоёрын болон загалмай дээрх Есүс Христийн зургийг үзүүлж болно. Зураг болгон дээр юу болж байгааг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Бид Адам, Ева хоёртой юугаараа адил байна вэ? 2 Нифай 9:6–10 нь тэдэнд Есүс Христ бидний төлөө юу хийснийг ойлгоход тусалж болно. Хүүхдүүдийг Есүс Христийн талаар бодол санаагаа хуваалцахад урихыг бод. “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг дуу тусалж болно.

Үнэнийг түүх болон жишээгээр заа. Таны ашиглах түүх болон жишээнүүд үнэнийг зааж байгаад анхаар. Жишээлбэл: Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахдаа, Есүс Христ нүхнээс мацаж гарах оролдлого бүрд маань туслахын тулд “нүхэнд” орж ирсэн гэдгийг заа.

2 Нифай 9:20, 28–29, 42–43, 49

“Зүрх сэтгэл минь зөв шударгад баясдаг.”

  • Хүүхдүүдээ “зөв шударгад [баясаж]” эсвэл Их Эзэнийг баяр хөөртэйгөөр дуулгавартай дагахад (2 Нифай 9:49) урамшуулахын тулд та хүүхдийн сайн эсвэл муу сонголт хийж байгаа жишээнүүдийг хуваалцаж болно. Хүүхдүүдийг сонголт нь аз жаргал авчирдаг бол босож, уйтгар гуниг авчирдаг бол суухад урь. Бид Есүс Христийг дагахыг сонгосноор хэзээ аз жаргалыг мэдэрч байсан бэ?

  • Танай хүүхдүүд Их Эзэний зарлигуудыг мунхаг эсвэл хуучирсан гэж үздэг хүмүүстэй таарч болох юм (хэрэв тааралдаж байгаагүй бол). Магадгүй та болон танай хүүхдүүд бид яагаад зарлигуудыг баяртай дагадгаа хэрхэн тайлбарлах талаар ярилцаж болно. Бүрэн дүүрэн ойлгоогүй ч яагаад Бурханы зөвлөгөөнд найдах нь чухал вэ? Та эдгээр асуултын талаар тунгаан бодож, ярилцахад тус болох 2 Нифай 9:20, 28–29, 42–43-ыг харахад хүүхдүүдийг урамшуулж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс хүмүүсийг эдгээж байгаа нь

Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Көрк Ричардс