“6-р сарын 3–9: ‘Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв.’ Мозая 29–Алма 4,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)
“6-р сарын 3–9. Мозая 29–Алма 4,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)
6-р сарын 3–9: “Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”
Мозая 29 –Алма 4
Зарим нь хаадыг сонгогдсон шүүгчдээр солих хаан Мозаягийн саналыг улс төрийн ухаалаг шинэчлэлт хэмээн үзэж магадгүй. Харин нифайчуудын хувьд, ялангуяа ёс бус хаан Ноагийн доор амьдарч байсан хүмүүсийн хувьд энэ өөрчлөлт сүнслэг байдлын хувьд чухал ач холбогдолтой байсан юм. Шударга бус хаан хүмүүстээ хэрхэн нөлөөлснийг тэд харсан ба ийм нөлөөнөөс чөлөөлөгдөнө гэхээс “үлэмж догдолж байв.” Энэ өөрчлөлт тэдэнд өөрсдийн зөв шударга байдлыг болон “нүглүүдээ хариуцах” (Мозая 29:38) боломжийг олгох байлаа.
Мэдээж, хаанчлал үгүй болсноор нифайчуудын асуудал шийдэгдсэн гэсэн үгс биш байв. Нихор, Амлисай гэх мэт зальт хүмүүс худал хуурмаг үзэл санааг ухуулан, итгэлгүй хүмүүс гэгээнтнүүдийг хавчин гадуурхаж, Сүмийн олон гишүүн бардамнаж, Сүмээ орхин оджээ. Гэсэн ч “Бурханы даруухан дагалдагчид” эргэн тойронд өрнөж байгаа зүйлсээс үл хамааран “хөдөлшгүй мөн гуйвшгүй байв” (Алма 4:15; 1:25).
Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа
Би өөрийнхөө нийгэмд эергээр нөлөөлж чадна.
Шүүгчдийн засаглал тогтсоноос тавхан жилийн дараа хүнд асуудал үүсэж, хүмүүсийн дуу хоолой ихэнхдээ зөвийг сонгоно хэмээсэн Мозаягийн тунхаглалыг сорив (Мозая 29:26-г үзнэ үү). Алма 2:1–7-г судлаад, асуудлыг олж мөн нифайчууд үүний талаар юу хийснийг олж мэд. “Сүмийн хүмүүс” өөрсдийн дуу хоолойг өргөөгүй байсан бол тэдэнд юу тохиолдох байсан бэ? Та энэ түүхээс Их Эзэн таныг орон нутагтаа оролцоотой байхыг яагаад хүсдэг талаар өөр юу сурсан бэ? (Мозая 29:26–27-г үзнэ үү).
Танай орон нутагт тулгамдаж буй ямар чухал асуудлууд байна вэ? Та нифайчуудын адил өөрийн дуу хоолойг “хүмүүсийн санал[д]” хэрхэн оруулж болохоо бодож үз. Та Есүс Христийн дагалдагчийн хувьд өөр ямар арга замаар орон нутагтаа сайнаар нөлөөлж чадах вэ?
Мөн Даллин Х.Өүксийн “Дайснуудаа хайрла” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 26–30-аас үзнэ үү.
Бурханы үг надад худал хуурмаг сургаалыг ялган танихад тусалж чадна.
Нихор заасан зүйлсээ худал байсныг хүлээсэн ч түүний сургаалууд нифайчуудад олон жил нөлөөлсөн юм. Хүмүүст яагаад Нихорын заасан зүйлс таалагдсан гэж та бодож байна вэ? Алма 1:2–6-аас Нихорын сургаалаас худал хуурмагуудыг болон эдгээр худал хуурмагаа далдлахын тулд түүний ашигласан үнэнүүдийг хайж ол.
Гидеон Нихорыг “Бурханы үгсээр” (Алма 1:7, 9) эсэргүүцсэн юм. Нихорын худал хуурмагийг няцаах зарим судрыг өгье. Үүнд: Матай 7:21–23; 2 Нифай 26:29–31; Мозая 18:24–26; Хиламан 12:25–26. Судрын хэсэг болгоныг дүгнэхийг хичээгээрэй. Өнөө үед худал сургаалыг үгүйсгэдэг амьд бошиглогчдоос та юу сурдаг вэ?
Есүс Христийн жинхэнэ шавь нар бол “Бурханы даруухан дагалдагчид” юм.
Сүм өсөж хөгжиж байсан ч уг өсөлт хөгжилд Сүмийн гишүүд өөр өөрөөр хандсан үеийг Алма 1; 4-р бүлэгт үзүүлдэг. Жишээлбэл: Алма 1:19–30-ийг Алма 4:6–15-тай харьцуулснаар Сүмийн гишүүд хэдхэн жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай. Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, Есүс Христийн жинхэнэ дагалдагчид өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ? Христийн жинхэнэ дагалдагчид баялаг болон өсөлт хөгжлийн талаар ямар хандлагатай байдаг вэ? Та өөрийн хандлагын хувьд юуг өөрчлөхөөр өдөөгдсөн бэ?
Миний үлгэр жишээ болон гэрчлэл зүрх сэтгэлийг өөрчилж чадна.
Та Алмагийн өөрийн хүмүүсийн дунд болж буй зүйлсийг хараад мэдэрсэн уйтгар гунигийг дурдаж магадгүй. Түүний харсан асуудлуудыг Алма 4:6–15-аас хайж ол. Та ямар нэг төстэй асуудлуудыг олж харсан уу? Та эдгээр асуудлаас болоод, зовж шаналж буй хайртай хүндээ санаа зовж байж болох юм. Та туслахын тулд юу хийж болох талаар бодож байсан уу?
Ахлах шүүгчийн хувьд Алма эдгээр асуудлыг шийдэх хамгийн шилдэг хүн байсан гэж зарим хүн хэлэх байх. Гэсэн ч Алма үүнээс илүү сайн арга зам байгаа гэж бодсон. 16–20-р шүлгийг уншихад, түүний хүмүүстээ туслах хандлага танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Алма Бурханы үгэнд агуу итгэлтэй, “шударга гэрчлэлтэй” (19-р шүлэг) байсан. Бид “шударга гэрчлэлийн” хүчний талаар ямар ямар жишээг харж байсан бэ? Та Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцаж болох олон арга замын талаар тунгаан бодохдоо Алма 4:6–14-ийг дахин уншиж болно. Эдгээр шүлэг дээрх Сүмийн гишүүдийн үйлдэл тэдний Есүс Христийн болон Түүний сургаалын талаарх гэрчлэлийн талаар юуг илтгэж байна вэ? Тэдний үйлдэл бусдад болон өөрсдөд нь ямар нөлөө үзүүлж байгаа талаар та юу олж анзаарсан бэ? Та бусдын үг эсвэл үйлдлээр хуваалцсан шударга гэрчлэлээр дамжуулан адислагдаж байсан арга замуудын талаар бодож болно.
Есүс Христийн талаарх гэрчлэлээ үгээр эсвэл үйлдлээр хуваалцаж болох арга замуудын талаар бод. Таны гэрчлэл хэнд хэрэгтэй вэ?
Мөн Гари Э.Стивэнсоны “Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагаас мөн “Гэрчлэл” дууллыг Дуулал номын д. 71-ээс үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Их Эзэн надад худал хуурмаг сургаалыг ялган танихад тусалж чадна.
-
Хүүхдүүдтэй Алма 1:2–4-ийг судлах нэг арга бол хуурамч багш Нихорын заасан мэдэгдлүүдээр үнэн эсвэл худал асуултууд зохиоход нь туслах явдал юм. Дараа нь та тэдэнтэй Сатан яагаад үргэлж үнэнийг худал хуурмагтай хольдог тухай ярилцаж болно. Хэд хэдэн жишээ бодож олоход нь хүүхдүүдэд тусал. 7–9-р шүлэгт Гидеон Нихорын худал хуурмагийг хэрхэн эсэргүүцсэн бэ? (Мөн “20-р бүлэг: Алма, Нихор хоёр”-ыг Мормоны Номын түүхүүдийн х. 54–55-аас үзнэ үү.)
Есүс Христийн Сүмийн гишүүний хувьд би бусдыг хайрлаж, бусдад үйлчилдэг.
-
Алмагийн өдрүүдэд Их Эзэний Сүмийн зарим гишүүн өгөөмөр байж, бусдад өгч байсан бол зарим гишүүн найрсаг биш, бардам байсан. Хүүхдүүдэд эдгээр туршлагаас суралцахад нь туслахын тулд та нар Алма 1:27, 30-ийг хамтдаа уншаад, Их Эзэний Сүмийн гишүүд ямар хүмүүст тусалдаг байсан жагсаалтыг гаргаж болно. Бидний хайр, тусламж “хэрэгтэй [байж]” (Алма 1:30) болох хэнийг бид мэддэг вэ? Та “Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг хайр, үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуулж, уг дуунд тохирох хөдөлгөөн бодож олоход хүүхдүүдэд тусалж болно.
-
Хүмүүс бидэнд найрсаг бус хандсан үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүүхдүүдтэйгээ Алма 1:19–20-оос Христийн дагалдагчдад хэрхэн хандаж байсныг уншихыг бод. 22, 25-р шүлгээс тэдний хэрхэн хандаж байгааг ярилцаарай. Хүмүүсийг бидэнд найрсаг бус хандах үед хариултыг нь хэрхэн өгөх тал дээр та нар дадлага хийж болно.
Миний гэрчлэл бусдыг хүчирхэгжүүлж чадна.
-
Хүүхдийн “шударга гэрчлэл” (Алма 4:19) бусдад хүчтэй нөлөө үзүүлэх нь олонтоо. Хүүхдүүдэд үүнийг олж мэдэхэд нь туслахын тулд та тэдэнтэй 4:8–12, 15-ыг уншаад, Сүмд тулгарч буй асуудлуудыг олж тогтооход тусалж болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Алма юу хийж болох байсан бэ? Алмагийн юу хийхээр шийдсэнийг Алма 4:16–20 дээрээс олж мэдэхэд нь тэдэнд тусал. Христийн талаарх хэн нэгний гэрчлэл та нарыг хэрхэн хүчирхэгжүүлсэн тухай бие биетэйгээ хуваалцаж болох юм.
-
Хэрэв хүүхдүүдэд гэрчлэлийн талаарх жишээнүүд хэрэгтэй бол Ерөнхий чуулган дээр гэрчлэл хуваалцаж байгаа үг хэлэгчийн видеог үзүүлэхийг бод. Та бас энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглах юм уу “Гэрчлэл” (Дуулал, д. 71) зэрэг дууг хамтдаа дуулж болно. Бид эдгээр эх сурвалжаас гэрчлэлийн талаар юу мэдэж авсан бэ? Хүүхдүүдээр гэрчлэлийг нь хуваалцуул.