Ирээд, Намайг дага
10-р сарын 14–20: “Та нар гэрээний хүүхдүүд.” 3 Нифай 20–26


“10-р сарын 14–20: ‘Та нар гэрээний хүүхдүүд.’ 3 Нифай 20–26,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“10-р сарын 14–20. 3 Нифай 20–26,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Христ нифайчуудад үзэгдсэн нь

Христ нифайчуудад үзэгдсэн тухай зураг, Эндриү Босли

10-р сарын 14–20: “Та нар гэрээний хүүхдүүд”

3 Нифай 20–26

Хүмүүсийг Израилын угсаа зэрэг нэр томьёо хэрэглэхийг сонсоод, танд өөрийн тань тухай ярьж байгаа мэт санагддаг уу? Нифайчууд болон леменчүүд Израилын шууд угсаа “Израилын модны мөчир” боловч “биеэсээ гээгдсэн” (Алма 26:36; 1 Нифай 15:12-ыг үзнэ үү) байсан юм. Гэхдээ Аврагч Өөрийнх нь хувьд гээгдээгүй гэдгийг тэднийг мэдээсэй хэмээн хүсжээ. “Та нар бол Израилын угсааных” мөн “гэрээнийх болой та нар” (3 Нифай 20:25) гэж Тэрээр айлдсан. Өнөөдөр Тэрээр баптисм хүртэж, Өөртэй нь гэрээ байгуулсан хүн бүрд Израилын угсааных, “гэрээний” хүмүүс хэмээн мөн адил хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Есүс Израилын угсааны талаар ярьж байгаа нь таны тухай ярьж байна гэсэн үг. “Дэлхийн бүх үндэстэнг” адисал гэсэн зааварчилгааг танд зориулсан (3 Нифай 20:27). “Дахин сэрэгтүн, мөн хүч чадлаа авагтун” гэсэн урилгыг танд өгсөн (3 Нифай 20:36). Мөн Түүний “миний сайхан сэтгэл чамаас одох нь үгүй, бас миний энх амгалангийн гэрээ хөндөгдөхгүй” гэсэн эрхэм нандин амлалтыг танд зориулсан билээ (3 Нифай 22:10).

Гэр орон болон сүмд суралцах санаа

3 Нифай 20–22

Хожмын өдрүүдэд Бурхан гайхамшигт ажлыг үйлдэх болно.

3 Нифай 20–22 дээр Аврагч Өөрийн гэрээт хүмүүсийн ирээдүйн талаар бошиглосон (ялангуяа 3 Нифай 20:30–32, 39–41; 21:9–11, 22–29-ийг үзнэ үү). Та тэдгээр шүлгийг уншихдаа, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид Их Эзэний гэрээт хүмүүсийн дунд байх болно. Эдгээр амлалт биелэгдэхэд биечлэн оролцох онцгой боломж бидэнд байна. Ямар сайхан цаг үед бид амьдарч байна вэ!” хэмээн хэлснийг сана. (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 79.) Аль бошиглол таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байна вэ? Та эдгээрийг гүйцэлдэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ?

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг ол. Зөвхөн танд онцгойлон зориулан бичсэн мэт сэтгэгдэл төрүүлэх тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болох юм. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судлах тэмдэглэлдээ бичиж болно.

3 Нифай 2224

Бурхан Өөрт нь эргэж ирдэг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг.

3 Нифай 22 болон 24 дээр Аврагч нүүрсний гал, цэвэршүүлсэн мөнгө, гэрлэлт, тэнгэрийн цонхнууд (ялангуяа 3 Нифай 22:7–8, 10–17; 24:10–12, 17–18-ыг үзнэ үү) гэх мэт тодорхой дүрслэл, харьцуулалтаар дүүрэн Исаиа, Малахи хоёрын үгсээс эш татдаг. Эдгээр харьцуулалт нь Бурханы Өөрийн хүмүүстэй болон тантай харилцах харилцааны талаар юу зааж байна вэ? Эдгээр бүлэгт гарч буй амлалтууд таны эсвэл танай гэр бүлийн амьдралд хэрхэн биеллээ олсон бэ?

3 Нифай 23:6–13

Сүнслэг туршлагуудаа бичиж тэмдэглэх нь гэр бүлийг маань адисалж чадна.

3 Нифай 23:6–13 дээрх Аврагч, Нифай хоёрын харилцааны юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? Хэрвээ Аврагч таны бичсэн цэдгүүдийг шалгавал танд ямар асуулт тавьж магадгүй вэ? Та ямар чухал үйл явдал эсвэл сүнслэг туршлагуудаа бичих хэрэгтэй вэ? Ингэх нь яагаад чухал вэ? (3 Нифай 26:2-ыг үзнэ үү).

3 Нифай 23; 26:1–12

Аврагч намайг судруудыг судлаасай хэмээн хүсдэг.

Та 3 Нифай 20:10–12; 23; 26:1–12-ыг уншихдаа Аврагч судруудын тухай юу гэж боддогийг тунгаан бод. Судруудыг судлах, зөвхөн унших хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? (3 Нифай 23:1-ийг үзнэ үү).

3 Нифай 24:7–12

семинар шигтгээ зураг
Аравны нэг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг.

Бурханы хүмүүс аравны нэгээ төл хэмээх зарлигийг үргэлж хүлээн авдаг (Эхлэл 14:17–20; Малахи 3:8–11-ийг үзнэ үү). Та 3 Нифай 24:7–12-ыг судлахдаа, Бурхан яагаад Өөрийн хүмүүсийг аравны нэг төлөх ёстой гэж зарлигладаг тухай бодож үз. Дараах асуултууд таны судлах үйл явцыг чиглүүлж чадна.

  • Аравны нэгийн хууль гэж юу вэ? (Сургаал ба Гэрээ 119-ийг үзнэ үү. Энэ илчлэлт дээр гарч буй “ашиг” нь орлого гэсэн утгатай. Орлого олдог Сүмийн бүх гишүүн аравны нэгийг төлөх ёстой.) Аравны нэг нь бусад хандиваас юугаараа өөр байдаг вэ?

  • Аравны нэгийг юунд зориулан ашигладаг вэ?   Сүмийн гишүүд аравны нэгээ төлснөөр ямар арга замаар адислагдаж байсан бэ?

  • Аравны нэгийн хуулиар амьдардаг хүмүүст ямар адислалууд ирдэг вэ? (3 Нифай 24:7–12-ыг үзнэ үү). Та ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19) хэмээх захиасанд тайлбарласан зарим зүйлийг олж болно. Ялангуяа мөнгөн бус адислалуудыг хайж ол. Та эдгээр адислалыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ?

Та бас Марк 12:41–44-ийг уншихыг хүсэж болно. Энэ түүх танд юу зааж байна вэ?

3 Нифай 25:5–6

Их Эзэн миний зүрх сэтгэлийг өвөг дээдэс рүү минь эргүүлэхийн тулд Елиаг илгээсэн.

Өнөө үед бидний зүрх сэтгэлийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан эцгүүд рүү маань эргүүлсэн. Танд ийм явдал хэрхэн тохиолдсон бэ? Та нар 3 Нифай 25:5–6, Сургаал ба Гэрээ 110:13–16-г уншихдаа, энэ нь яагаад Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг болохыг тунгаан бод.

Мөн “Гэр бүл үүрд хамт байх болно” дууг Хүүхдийн дууны номын д. 156-аас үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

3 Нифай 23:1, 5

Би судруудыг хичээнгүйлэн судалж чадна.

  • 3 Нифай 23 дахь Аврагчийн зааврууд нь судрууд Түүний хувьд хэр чухал болохыг харуулдаг. Хүүхдүүдэд үүнийг олж мэдэхэд нь туслахын тулд та 3 Нифай 23:1, 5-ыг чангаар уншаад, тэднийг гурван удаа давтагдаж буй үгийг олж сонсоход урь. Эрэлхийлэх нь уншихаас юугаараа өөр байх вэ?

  • Магадгүй та болон танай хүүхдүүд дуртай судрын шүлгээ бичээд, нууж болох юм. Дараа нь нэг нэгнийхээ нуусан судруудыг ээлжлэн хайж олоод, тэдгээрийг хамтдаа уншиж мөн эдгээр шүлэг яагаад чухал байгааг ярилцаж болно.

3 Нифай 24:8–12

Аравны нэг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг.

  • Хэрэв би аравны нэгээ төлбөл Их Эзэн … гэсэн өгүүлбэрийг гүйцээх арга зам олохын тулд хүүхдүүдэд 3 Нифай 24:8–12-ыг судлахад нь тусал. Та бас аравны нэг төлснийхөө төлөө адислагдсан туршлагаасаа хуваалцаж болно. Хэрэв энэ нь тус болохоор байвал хэдэн мөнгөн дүн бичээд, хүүхдүүдэд мөнгөн дүн бүрд хэр их аравны нэг төлж болохыг тооцоолоход нь туслахыг бод.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас нь Их Эзэний хувьд Өөрийн Сүмийн гишүүдийг адислахын тулд аравны нэгийг ашигладаг зарим арга замын талаар ярилцахад тусалж болно. Хүүхдүүд аравны нэг тэднийг хэрхэн адисалдаг арга замуудыг зурж (эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс зургууд олж) болно.

3 Нифай 25:5–6

Тэнгэрлэг Эцэг намайг өвөг дээдсийнхээ тухай мэдэж аваасай хэмээн хүсдэг.

  • Та хүүхдүүдээ өвөг дээдсийнхээ тухай судалж, олж мэдэхэд нь хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох вэ? Та хүүхдүүдээ том болоод өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхэд нь хэрхэн урамшуулж чадах вэ? 3 Нифай 25:5–6-г уншаад, хожмын өдрүүдэд тохиолдох ямар нэгэн зүйлийг олж мэдэхэд нь тэдэнд туслахыг бод. Таныг эдгээр шүлгийг унших үед бага насны хүүхдүүд “зүрх сэтгэл” гэдэг үгийг сонсох болгондоо зүрхэн дээрээ гараа тавьж болно. Мөн та нар энэ бошиглол Сургаал ба Гэрээ 110:13–16 (мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 95-ыг үзнэ үү) дээр хэрхэн гүйцэлдсэн тухай уншиж болно. Таны зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ хэрхэн эргэсэн талаар хүүхдүүддээ ярьж өг. Жишээ нь: Та өвөг дээдсийнхээ талаар мэдэж авсан мөн тэдний төлөө ариун сүмийн ёслол гүйцэтгэсэн ямар ч туршлагаа хуваалцаж болно.

  • Гэр бүлийн модыг эцэг эх, өвөө эмээгийнхээ нэрээр бөглөхөд хүүхдүүдэд тусал. Та аль нэг өвөг дээдсийнхээ тухай ямар түүх хуваалцаж болох вэ? Боломжтой бол зургийг нь үзүүл. Та нар “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, д. 156) дууг хамтдаа дуулж, гэр бүлүүд яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал байдаг тухай хүүхдүүдтэй ярилцаж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс Нифайтай хамт нифайчуудын цэдгийг уншиж байгаа нь

Тэр цэдгийг нааш авчрагтун, Гари Л.Капп