“9-р сарын 30–аас 10-р сарын 6: ‘Би бол Хууль, мөн Гэрэл.’ 3 Нифай 12–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“9-р сарын 30–аас 10-р сарын 6. 3 Нифай 12–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)
9-р сарын 30-аас 10-р сарын 6: “Би бол Хууль, мөн Гэрэл”
3 Нифай 12–16
Уулан дээрх номлолыг сонсохоор Галилд ирсэн Есүсийн шавь нарын адил, Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугласан хүмүүс Мосегийн хуулийн дагуу амьдардаг байв. Уг хууль зүрх сэтгэлийг нь Христ рүү хандуулдаг (Иаков 4:5-ыг үзнэ үү) байсан учраас тэд дагасан бөгөөд одоо Христ тэдний өмнө зогсоод, дээд хуулийг айлдаж байв. Гэхдээ Мосегийн хуулийн дагуу хэзээ ч амьдарч байгаагүй хүмүүс ч гэсэн Есүсийн шавь нартаа тогтоосон жишиг хавьгүй дээгүүр хууль гэдгийг олж харах боломжтой. “Та нарыг төгс байгаасай хэмээнэ би” (3 Нифай 12:48) гэж Тэрээр тунхагласан. Хэрэв энэ нь таныг хангалттай сайн биш гэж бодоход хүргэвэл Есүс мөн “надад ирэх сүнсэндээ ядуу нь адислагдах болно, учир нь тэнгэрийн хаант улс бол тэднийх юм” (3 Нифай 12:3) гэж хэлснийг санаарай. Энэ дээд хууль нь урилга буюу “Надад ирж мөн та нар аврагд” (3 Нифай 12:20) гэж хэлж байгаа өөр нэгэн арга зам юм. Мосегийн хуулийн адил энэ хууль биднийг аварч, төгөлдөржүүлж чадах цорын Ганц хүн бол Христ гэдэгт бидний анхаарлыг хандуулдаг. Тэрээр “Болгоогтун, би бол хууль, мөн гэрэл. Надад хандагтун, мөн эцсээ хүртэл тэвчигтүн, мөн та нар амьдрах болно” (3 Нифай 15:9) гэж хэлсэн.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Би Есүс Христийн үнэнч шавь байж чадна.
3 Нифай 12–14-т Аврагчийн заасныг судалж, хэрэгжүүлэх нэг арга зам бол хэдэн шүлэг сонгоод, тэдгээрийг “Есүс Христийн жинхэнэ шавь …” гэж эхэлсэн нэг өгүүлбэрт багтаан хураангуйлж болох эсэхийг үзэх юм. Жишээ нь: 3 Нифай 13:1–8-ыг “Есүс Христийн жинхэнэ шавь сайныг үйлдсэнийхээ төлөө олонд магтуулах гэж хичээдэггүй” хэмээн хураангуйлж болно. Дараах хэсгүүдийг авч үз. Үүнд:
Та эдгээр шүлгийг уншсаныхаа дараа Есүс Христийг дагахын тулд юу хийх сүнсний өдөөлтийг хүлээн авсан бэ?
3 Нифай 12:48 дээрх зарлиг биелэгдэшгүй, бүр боломжгүй мэт санагдаж болох юм. Ахлагч Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–30) гэх захиаснаас та энэ шүлэг дэх Аврагчийн үгсийг ойлгоход туслах юуг сурсан бэ? Моронай 10:32–33-ын дагуу, юу биднийг Аврагчтай адил төгс болох боломжтой болгодог вэ?
Дуулал номын “Эзэн, Таныг дагая” (д. 121) дууллыг үзнэ үү.
3 Нифай 12:1–2; 15:23–24; 16:1–6
Харалгүйгээр итгэдэг тэд адислагдсан болой.
Бурханы хүүхдүүдээс маш цөөхөн нь Өгөөмөр нутаг дахь хүмүүсийн адил Аврагчийг харж, Түүний дуу хоолойг сонссон. Бидний ихэнх нь 3 Нифай 12:2; 15:23; 16:4–6-д дүрсэлсэн хүмүүстэй адил. Ийм хүмүүст ямар амлалтыг энэ шүлгүүдэд өгсөн байна вэ? Эдгээр амлалт таны амьдралд хэрхэн биелсэн бэ?
Мөн Иохан 20:26–29; 2 Нифай 26:12–13; Алма 32:16–18-ыг үзнэ үү.
3 Нифай 12:21–30; 13:1–8, 16–18; 14:21–23
Би зүрх сэтгэлийнхээ хүслийг ариусгахын төлөө хичээж чадна.
Эдгээр бүлгээс олж харж болох нэг сэдэв бол гаднах үйлдэлдээ төдийгүй зүрх сэтгэлдээ зөв шударга байх дээд хуулийн дагуу амьдрахад урьсан Аврагчийн урилга юм. Аврагчийг зөрчилдөөн (3 Нифай 12:21–26), ёс суртахуунгүй байдал (3 Нифай 12:27–30), залбирал (3 Нифай 13:5–8), мацаг барилт (3 Нифай 13:16–18) зэргийн талаар ярьж байхад нь энэ урилгыг хайж ол. Та өөр ямар ямар жишээг олж болох вэ? Та зүрх сэтгэлийн хүслээ илүү цэвэр болгохын тулд юу хийж болох вэ?
Тэнгэрлэг Эцэг намайг асууж, эрэлхийлж, тогшиход сайн сайхан зүйлийг өгөх болно.
Та 3 Нифай 14:7–11 дэх гуй, эрэлхийл, тогш гэсэн Их Эзэний урилгыг уншихдаа, Тэрээр таныг ямар “сайн зүйлийг” гуйгаасай гэж хүсдэг талаар тунгаан бод. Хэрхэн гуйх, эрэлхийлэх, тогших талаар ойлгоход тань дараах нэмэлт судрууд тусалж болно. Мөн тэдгээр нь яагаад зарим залбиралд таны хүссэнээр хариулдаггүй болохыг тайлбарладаг. Тухайлбал: Исаиа 55:8–9; Хиламан 10:4–5; Моронай 7:26–27, 33, 37; Сургаал ба Гэрээ 9:7–9; 88:64. Эдгээр хэсэг таны гуйж, эрэлхийлж, тогшдог арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?
Мөн Милтон Камаргогийн “Гуй, эрэлхийл, тогш” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 118–120-оос үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Би Есүсийг дагаснаар сайн үлгэр жишээ үзүүлж чадна.
-
Тэдний үлгэр жишээ бусдыг хэчнээн их адисалж болдгийг заримдаа хүүхдүүд ухааран ойлгодоггүй. Та 3 Нифай 12:14–16-г ашиглан, тэднийг гэрлээ гэрэлтүүлэхэд урамшуул. Жишээ нь: Таныг эдгээр шүлэг дээрээс “та нарын” эсвэл “тань” гэх үгсийг унших үед хүүхдүүдийг өөрсөд рүүгээ заахад урь. Хүүхдүүдийг Есүс Христийг дагах үед тэднээс олж хардаг гэрлийн талаар мөн энэ нь Түүнийг дагахад танд хэрхэн сүнсээр нөлөөлдөг талаар тэдэнд хэл. “Үргэлж од шиг гялалзаж явна” (Хүүхдийн дууны ном, 84) гэх мэт гэрэл адил гэрэлтэхэд хүүхдүүдийг урамшуулан дэмждэг дууг та нар хамтдаа дуулж болно.
-
Хүүхдүүдээ гэрлээ нуухгүй байхад урамшуулахын тулд (3 Нифай 12:15-ыг үзнэ үү) тэднээр ээлж ээлжээр дэнлүү юм уу өөр ямар нэгэн гэрлийг нуулгах юм уу бүтээлгэ. Тэд бусдад сайн үлгэр жишээ үзүүлдэг байхын тулд хийж чадах зүйлээ нэрлэх болгондоо гэрлийн бүтээлгийг авч болно.
“Өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа.”
-
Эдгээр шүлгийг унших нь биднийг юуг нандигнан хайрладаг талаар ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно. Магадгүй та хүүхдүүдэд мөнхийн үнэ цэнтэй эрдэнэсийг нь сануулах зүйлсийг хайж олохын тулд тэднийг эрдэнэсийн эрэлд дагуулж болно.
Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулдаг.
-
Таныг 3 Нифай 14:7-г уншиж байхад танай хүүхдүүд энэ шүлэгт орсон Аврагчийн урилга бүрийг төлөөлсөн үйлдлийг хийж болно. Жишээлбэл: Тэд гараа өргөх (асуух), гараараа дурандах (эрэлхийлэх) эсвэл хаалга тогшиж байгаа мэт (тогших) үйл хөдлөл хийж болно. Залбирахдаа хэлж, асууж болох зүйлсийг бодоход хүүхдүүддээ тусал.
-
Хүүхдүүдэд ямар нэг зүйл гуйж, оронд нь огт өөр зүйл авах тоглоом таалагдаж магадгүй. 3 Нифай 14:7–11 дээр Аврагч биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар юуг мэдэж аваасай гэж хүссэн бэ?
Аврагч надаас Өөрийнх нь заадаг зүйлийг сонсож, хийхийг хүсдэг.
-
Та хүүхдүүддээ эдгээр шүлэгт байх сургаалт зүйрлэлийг төсөөлөн бодоход нь туслах арга замыг бодож ол. Тэд зураг зурах, үйлдэл хийх эсвэл хатуу болон элсэн суурин дээр ямар нэг зүйл барьж болох юм. Тэд 3 Нифай 14:24–27-г унших юм уу “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном, 132) дууг дуулахдаа “мэргэн хүн” гэх үед өөрийнхөө нэрийг орлуулж болно. Эсвэл тэд 3 Нифай 14:21–27 болон 15:1 дээрээс “биелүүлэх” гэсэн үгсийг сонсох болгондоо босож зогсож болно.
-
Та хүүхдүүдээ нэг хөл нь Аврагчийн үгсийг сонсож байгааг, нөгөө хөл нь Аврагчийн заасныг хийж байгааг төлөөлж байна гэж төсөөлөхийг хүссэнээр үзүүлэнт хичээл болгож болно. Хүүхдүүдээ зөвхөн “сонсож” буй хөл дээрээ тэнцвэрээ олохоор хичээхэд урь. Хүчтэй салхи өрөөгөөр үлээвэл юу болох вэ? Дараа нь та болон танай хүүхдүүд Аврагчийн биднийг хий гэсэн тодорхой зүйлсийг хайж олж болно. Үүнд: 3 Нифай 12:3–12, 21–26; 13:5–8-ыг үзнэ үү.