“11-р сарын 4–10: ‘Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна.’ Мормон 7–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“11-р сарын 4–10. Moрмон 7–9,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)
11-р сарын 4–10: “Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна”
Moрмон 7–9
Моронай ялангуяа аав нь дайнд үрэгдэж, нифайчууд устгагдсаны дараа ёс бус дэлхийд ганцаараа үлдэх нь ямархуу байхыг мэдэж байв. Тэрээр “Би бүр ганцаар амьд үлдсэн. Би найз нөхөдгүй мөн явах газаргүй боллоо” (Мормон 8:3, 5) гэж бичжээ. Найдах зүйл байхгүй мэт санагдаж байсан ч Моронай Есүс Христэд мөн “Их Эзэний мөнхийн зорилгууд үргэлжилсээр байх болно” (Мормон 8:22) гэдэгт найдаж байв. Түүнчлэн Моронай өөрийнх нь хичээнгүйлэн бичиж дуусгаж буй, нэгэн өдөр олон хүнийг “Христийн мэдлэгт” (Мормон 8:16; 9:36) авчрах цэдэг болох Мормоны Ном нь тэдгээр мөнхийн зорилгод чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэж байсан. Эдгээр амлалтад итгэх Моронайн итгэл уг номын ирээдүйн уншигчдад “та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна” мөн “та нар миний үгсийг авна гэдгийг би мэднэ” (Мормон 8:35; 9:30) хэмээн тунхаглах боломжийг түүнд өгчээ. Мормон, Моронай хоёр аль хэдийн ганцаар үлдсэн ч зорилгодоо үнэнч хэвээр үлдсэн тул одоо бидэнд түүний үгс байгаа бөгөөд Их Эзэний ажил үргэлжилсээр байна.
Гэр орон болон сүмд суралцах санаа
“Есүс Христэд итгэж,” “[Түүний] сайн мэдээнээс баригтун.”
Мормон өөрийн хүмүүсийн цэдгийг хураангуйлсны дараа Мормон 7 дээр сүүлийн захиасаа өгсөн юм. Тэр яагаад энэ захиасыг өгөхөөр болсон гэж та бодож байна? “Христийн сайн мэдээнээс баригтун” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Мормон 7:8).
Мөн “Христэд итгэнэ, би,” дууллыг Дуулал номын д. 68-аас үзнэ үү.
Мормон 7:8–10; 8:12–16; 9:31–37
Мормоны Ном агуу үнэ цэнтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алийг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ?” гэж асуусан. (Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56).
Та Мормон 7:8–10; 8:12–22; 9:31–37-оос Мормоны Ном өнөө үед яагаад үнэ цэнтэй байгааг ойлгоход туслах юуг сурсан бэ? Яагаад энэ нь танд чухал вэ? Та 1 Нифай 13:38–41; 2 Нифай 3:11–12; Сургаал ба Гэрээ 33:16; 42:12–13-аас нэмэлт ойлголт авч болно.
Бусад хүн зарлигуудыг дагахгүй байсан ч би дагаж чадна.
Заримдаа танд зарлигуудыг дагахаар хичээж зүтгэх үед ганцаардаж байгаа мэт санагдаж болох юм. Та Моронайн жишээнээс тус болох юуг сурч болох вэ? (Мормон 8:1–11-ийг үзнэ үү). Моронайг хэрхэн итгэлтэй хэвээр үлдсэнийг асуувал тэр юу гэх байсан гэж та бодож байна вэ?
Мормоны Номыг бидний өдрүүдэд зориулан бичсэн.
Есүс Христ Моронайд Мормоны Ном гарч ирэх үед юу болохыг харуулсан (Мормон 8:34–35-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь түүнийг бидний цаг үед зориулан хатуу анхааруулга өгөхөд хүргэсэн юм. Мормон 8:26–41, 9:1–30-ийг уншихдаа, түүний үг танд ямар хамаатай болохыг тунгаан бод. Жишээ нь: Энэ хэдэн шүлэгт Моронай 24 асуулт тавьсан байдаг. Эдгээр асуултаас Моронайн бидний үед харсан гэх ямар нотолгоог та харж байна вэ? Мормоны Ном Моронайн урьдчилж харсан эдгээр сорилт бэрхшээлд хэрхэн тус болж чадах вэ?
Есүс Христ бол гайхамшгийн Бурхан.
Моронай эцгийнхээ бичээснүүдийг манай үеийн гайхамшгуудад итгэдэггүй хүмүүст зориулан хүчирхэг захиасаар өндөрлөсөн (Мормон 8:26; 9:1, 10–11-ийг үзнэ үү). Өнөө үед яагаад гайхамшигт итгэх хэрэгтэй гэж та бодож байна вэ? Мормон 9:9–11, 15–27, Моронай 7:27–29-ийг судлаад, дараах асуултуудыг тунгаан бод.
-
Би эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу сурч мэдсэн бэ?
-
Би гайхамшгуудын талаар болон өнгөрсөн, өнөө үеийн талаар юу мэдэж авсан бэ?
-
Есүс Христ бол гайхамшгийн Бурхан гэдэгт итгэх нь ямар ач тустай вэ? Үүнд итгэхгүй байх нь ямар ямар үр дагавартай вэ?
-
Жижиг, том гэлтгүй ямар гайхамшгууд Аврагчийг амьдралд минь нөлөөлүүлсэн бэ? Эдгээр гайхамшиг Түүний талаар надад юу зааж байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр энэ Сүмийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна” хэмээн заасан (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115). Эдгээрт ямар ямар гайхамшиг орж болно гэж та бодож байна вэ? Аврагчид эдгээрийг гүйцэлдүүлэхэд туслахын тулд та юу хийж чадах вэ?
Та ерөнхийлөгч Нэлсон, Нэлсон эгч хоёрын Самоа, Тонга, Фижи болон Тахити дахь гэгээнтнүүд дээр айлчилсан туршлагаас итгэл болон гайхамшгийн талаар юу сурсан бэ? (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Лиахона, 2021 оны 5-р сар, 104).
Мөн Роналд А.Расбандын “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан” захиасыг 2021 оны 5-р сарын Лиахонагийн х. 112-оос үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Мормоны Ном, Библи хоёр Есүс Христийг гэрчилдэг.
-
Та Моронайтай адил Мормоны Ном, Библи хоёрын харилцан уялдааг онцлон харуулахын тулд хүүхдүүдтэйгээ дараахтай төстэй тоглоом тоглож болно. Таныг Библийг барихад “Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ” гэж, харин Мормоны Номыг барихад “Өөр нэгэн гэрээ” гэж хэлэхийг тэднээс хүс. Та бас Есүсийн төрөлт, үхэл, амилуулалт гэх мэт Мормоны Ном, Библийн аль аль нь гэрчилдэг хэдэн үйл явдлыг сонгоод, хүүхдүүдийг эдгээр үйл явдлын зургуудыг олоход урь (жишээ нь, Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрээс).
-
Хүүхдүүдэд итгэлийн наймдугаар тунхгаас суралцахад туслахын тулд та үг бүрийг нь тусдаа цаасан дээр бичиж болно. Хүүхдүүдийг үгсийг зөв дараалалд байрлуулахын тулд хамтран ажиллахад мөн хэд хэдэн удаа давтан хэлэхэд урь.
Би ганцаараа байсан ч зарлигуудыг сахиж чадна.
-
Моронайн жишээ танай хүүхдүүдэд ганцаардсан мэт санагдаж байгаа үедээ ч Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад сүнсээр нөлөөлж болох юм. Мормон 8:1–7-г хүүхдүүдтэй хамт уншсаны дараа та тэднийг Моронайн оронд байсан бол ямархуу байх байснаа хуваалцахад урьж болно. 1, 3, 4-р шүлгүүд дээр Моронайг юу хийхийг зарлигласан бэ? Тэр хэрхэн дуулгавартай дагасан бэ? Бид Моронайтай хэр адилхан байж чадах вэ?
-
Та болон танай хүүхдүүд хэн ч хараагүй байхад зөв, буруугийн аль нэгийг сонгох ёстой болсон нөхцөл байдлынхаа талаар ярилцаж болох юм. Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь иймэрхүү нөхцөлд бидэнд хэрхэн тусалдаг вэ? “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81) гэх мэт дуу нь энэ ярилцлагыг баяжуулж болно.
Есүс Христ бол гайхамшгийн Бурхан.
-
Та хүүхдүүдэд гайхамшиг гэдэг нь Бурхан Өөрийн хүчийг харуулж мөн бидний амьдралыг адислахын тулд хийдэг зүйл юм гэдгийг тайлбарлаж болох юм. Та дараа нь Мормон 9:11–13, 17-оос Бурханы зарим гайхамшгийг дүрслэн харуулах үг хэллэгийг уншиж болох ба танай хүүхдүүд өөр гайхамшгуудын талаар бодож үзэж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга дахь 26, 40, 41, 83-р зургууд тустай байж болно). Бурханы таны амьдралд үйлдсэн гайхамшгуудын талаар ярилц.
-
Хүүхдүүддээ жор үзүүлээд, хэрэв чухал орцыг орхигдуулбал юу болох талаар ярилцаарай. Мормон 8:24, 9:20–21-ийг хамтдаа уншаад, Бурханы гайхамшгууд руу хөтлөх “орцуудыг” ол.