Ирээд, Намайг дага
11-р сарын 18–24: “Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд.” Ифер 6–11


“11-р сарын 18–24: Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд.’ Ифер 6–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“11-р сарын 18–24. Ифер 6–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Жаредчуудын усан онгоц тэнгист

Би та нарыг далайн гүнээс дахин гаргаж ирэх болно, Жонатан Артур Кларк

11-р сарын 18–24: “Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”

Ифер 6–11

Жаредчуудыг устаж үгүй болсноос хойш олон зуун жилийн дараа тэдний эртний соёл иргэншлийн балгасыг нифайчууд олж илрүүлжээ. Эдгээр балгас дунд “сийлбэрээр дүүрэн” “цэвэр алтан” ялтас бүхий нууц цэдэг байсан ба нифайчууд тэдгээрийг унших хэмжээлшгүй хүсэлтэй байв (Мозая 8:9; 28:12). Өнөө үед уг цэдгийн хураангуйг танай хэлнээ орчуулсан байгаа бөгөөд үүнийг Иферийн ном гэдэг. Нифайчууд үүнийг уншаад “Жаредчуудын аймшигт уналтын талаар мэдэж аваад гашуудахад хүрэв.” “Гэсэн хэдий ч, тэр их мэдлэгийг тэдэнд өгсөн нь тэднийг баясгах бөлгөө” (Мозая 28:12, 18). Та бас энэ номоос гашуун мөчүүдийг мэдэж авч болох ч энэ мэдлэгийн бэлэгт баясаж чадна. Моронайн цэдэглэснээр, “Хилэнцэт үйл зогсоогдож болох, мөн хүмүүний үрсийн зүрх сэтгэлд Сатан ямар ч хүчийг агуулж үл чадах … тэр цаг ирж болохын тулд … эдгээр зүйлийг та нарт үзүүлэх нь Бурханы мэргэн ухаан билээ” (Ифер 8:26).

Гэр орон болон сүмд суралцах санаа

Ифер 6:1–12

Их Эзэн мөнх бус амьдралын аян замд минь намайг хөтлөн удирдана.

Хэрэв та далайг гаталсан жаредчуудын аяллыг амьдралынхаа аялалтай харьцуулах юм бол сүнслэг ойлголтыг олж авч болно. Жишээлбэл: Жаредчуудын хөлгийг гэрэлтүүлж байсан чулуунуудын адил таны замыг гэрэлтүүлэх ямар зүйлийг Их Эзэн өгсөн бэ? Хөлгүүд эсвэл “амлагдсан нутаг тийш үлээх” салхи юуг төлөөлж байж болох вэ? (Ифер 6:8). Аяллын өмнөх болон дундуурх мөн дараах жаредчуудын үйлдлээс та юу мэдэж авч болох вэ? Их Эзэн таныг амлагдсан нутаг руу тань хэрхэн удирдаж байгаа вэ?

“Эзэнийг магтан дуул.” Жаредчууд Бурханд хандсан талархал, хайраа магтан дуулал болон дууллаар илэрхийлдэг (Ифер 6:9-ийг үзнэ үү). Та Бурханыг дуу хөгжим, чин сэтгэлийн гэрчлэлээр гэртээ болон сүм дээр магтан дуулах боломжуудыг эрэлхийл эсвэл бий болго.  

Өөрсдийн усан онгоц дотор байгаа Жаредын гэр бүл

Хөлгөн дээрх нялх хүүхэд, Кэндал Рэй Жонсон

Ифер 6:5–18, 30; 9:28–35; 10:1–2

“Их Эзэний өмнө даруухнаар алх”

Жаредчуудын түүхэнд бардамнал, ёс бус байдал зонхилж байгаа мэт боловч тэдгээр бүлэгт, ялангуяа Ифер 6:5–18, 30; 9:28–35; 10:1–2-т даруу байдлын жишээнүүдийг бас өгүүлдэг. Дараах асуултуудыг тунгаан бодох нь танд дээрх жишээнээс суралцахад тусална. Эдгээр нөхцөл байдалд жаредчууд яагаад өөрсдийгөө даруусгасан бэ? Тэд даруу байдлаа хэрхэн харуулсан бэ? Үүний үр дүнд Бурхан тэднийг хэрхэн адисалсан бэ? Та даруу байхаар албадуулагдахын оронд (Мозая 4:11–12; Алма 32:14–18-ыг үзнэ үү) сайн дураараа “Их Эзэний өмнө даруухнаар алхахын” (Ифер 6:17) тулд юу хийхээ бод.

Мөн Дэйл Г.Рэнландын “Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Өөрийн Бурхантай даруухнаар алх” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 121–124-өөс үзнэ үү.

Ифер 7–11

семинар шигтгээ зураг
Би Христтэй адил удирдагч болж чадна.

Иферийн 7–11-р бүлэгт дор хаяж 28 үе удам гардаг. Ийм бага зайд маш товч зүйл үлдээж болох ч энэ загвар нь зөв шударга болон ёс бус удирдагчдын үр дагаврыг товчхон харуулдаг. Та доор жагсаасан эерэг, сөрөг хаадын жишээнээс удирдагч байх талаар юу сурсан бэ?

Ахлагч Дийтр Ф.Угдорф “Та нарын дундах хамгийн агуу нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64) хэмээх захиасандаа удирдагчдын талаар чухал зөвлөгөө өгсөн юм. Энэ захиасыг, ялангуяа түүний ярьсан түүхийг судлахдаа Христийнхтэй адил удирдагч байх зарчим, загваруудыг хайж олохыг бод. Эдгээр зарчим болон загварууд удирдаж буй хүмүүс дээр илэрч байгааг та хэзээ харж байсан бэ?

Та сурсан зүйлсээ тунгаан бодохдоо гэр орон, орон нутаг, Сүмийн дуудлагадаа бусдыг удирдах эсвэл тэдэнд нөлөөлөх боломж бололцооныхоо талаар бодоорой. Та ямар нэг удирдагчаар томилогдоогүй ч гэсэн хэрхэн Христийнхтэй адил удирдагчийн зан чанаруудыг хөгжүүлж чадах вэ?

Сүмийн удирдлагын зарчмууд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 4.2 (ChurchofJesusChrist.org) -ыг үзнэ үү.

Ифер 8:7–26

Их Эзэн харанхуйд ажиллах нь үгүй.

Хүмүүс өөрсдийн ёс бус үйлдлийг нууцлан үгссэнээр нууц хуйвалдаанд ордог. Ифер 8:7–18-аас гадна Хиламан 1:9–12; 2:2–11; 6:16–30 болон Мосе 5:29–33-аас нууц хуйвалдааны бусад жишээг олж харах боломжтой. Нифай Их Эзэний Өөрийн ажлыг хэрхэн хийдгийг дүрсэлсэн 2 Нифай 26:22–24-тэй эдгээр шүлгийг харьцуулж үз. Моронай яагаад нууц хуйвалдааны талаар хийсэн зүйлсээ бичихээр зарлигдуулсан гэж та бодож байна вэ?

Та Ифер 8:26-д дүрсэлсэн адислалуудыг олж авахад туслах юуг Иферийн номоос ойлгож авч болох вэ?

Хүүхдүүдэд заах санаа

Ифер 6:1–12

Намайг айх үед Тэнгэрлэг Эцэг тайтгаруулна гэдэгт би итгэлтэй байж чадна.

  • Хүн бүрд, бяцхан хүүхдүүдэд хүртэл хүнд өдрүүд тохиолдоно. Та хүүхдүүдэд Ифер 6:1–12-оос жаредчууд үнэхээр хүнд, аймшигтай өдрүүддээ Бурханд хэрхэн итгэлтэй хэвээр байсныг харуулах үг хэллэгийг хайж олоход нь тусалж болох юм. Бурхан амьдралын тань хүнд үед та нарт тусалж байсан зарим туршлагаас бие биетэйгээ хуваалцахыг бод.

Ифер 6:9, 12, 30; 7:27; 10:2

Их Эзэний хийсэн зүйлийг санах нь талархал, амар амгаланг авчирдаг.

  • Амлагдсан нутагт аюулгүй ирснийхээ дараа жаредчууд баярласандаа “баяр хөөрийн нулимс дуслуулсан” (Ифер 6:12). Та Ифер 6:9, 12-оос жаредчууд Бурханд хэрхэн талархлаа илэрхийлснийг харуулах үг хэллэгийг хайж олоход нь хүүхдүүддээ туслах замаар тэдэнд Бурханы адислалуудад талархдаг байхад сүнслэгээр нөлөөлж болох юм. Тэд жаредчуудтай адилаар, талархлын илэрхийлэл болсон “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 228) гэх мэт дууг дуулахдаа баяртай байж болох юм. Талархаж буй зарим зүйлээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс.

  • Магадгүй хүүхдүүд Ифер 6:30; 7:27; 10:2-ыг уншаад, эдгээр зөв шударга хаан юу санадаг байсныг олж мэдэж болно. Энэ нь тэдний хүмүүсээ удирддаг байсан арга замд хэрхэн нөлөөлдөг байсан бэ? Та Бурханы өөрсдийнх нь төлөө юу хийснийг сануулах арга замуудыг хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. Жишээ нь: Тэд үүний тухай бичиж эсвэл зураг зурж болох юм. Та тэдэнд Бурханаас анзаарсан адислалуудаа тогтмол бичих дадал хэвшилтэй болохыг санал болгож болно.

Ифер 7:24–27

Би Бурханы бошиглогчийг дагаснаар адислагддаг.

  • Та болон танай хүүхдүүд бошиглогчийн бидэнд хийхийг заасан зарим зүйлийг жүжигчлэн үзүүлэхдээ баяртай байж болно. Та үүнийг үйлдлүүд нь юу илэрхийлж байгааг таах тоглоом болгон хувиргасан ч болно. Энэ нь хүүхдүүдийг Бурханы бошиглогчийг дагах нь яагаад чухал болохыг ярилцахад бэлтгэж болох юм. Дараа нь та нар Ифер 7:24–27-г уншаад, хүмүүс Бурханы бошиглогчийг дагахад юу болдог тухай олж мэдэж болно. Өнөөдөр бошиглогчийг дагаснаар бид хэрхэн адислагдсан бэ?

Ифер 9:28–35; 11:5–8

Намайг наманчлах үед Их Эзэн нигүүлсэнгүй ханддаг.

  • Загваруудыг хайх нь судруудыг судлахад хэрэгтэй чадвар юм. Иферийн номд Их Эзэний нигүүлслийг онцлон харуулдаг, дахин давтагдсан загварууд багтсан байдаг. Хүүхдүүддээ энэ загварыг олоход нь туслахын тулд тэднийг Ифер 9:28–35, Ифер 11:5–8-ыг уншаад, энэ хоёр түүхээс адил төстэй зүйлсийг хайж олоход урь. Бид эдгээр түүхээс юу сурдаг вэ? Магадгүй тэд Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас судар дээрх наманчилж мөн өршөөгдсөн бусад хүний зургийг хайж олж болох юм.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Жаредчуудын усан онгоц тэнгист

Жаредчуудын хөлгүүд, Гари Өрнэст Смит