Ирээд, Намайг дага
11-р сарын 11–17: “Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат.” Ифер 1–5


“11-р сарын 11–17: ‘Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат.’ Ифер 1–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Ифер 2024 (2023)

“11-р сарын 11–17. Ифер 1–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Жаредчууд цөлд аялж байгаа нь

Жаредчууд Бабелыг орхин явж байгаа нь, Албин Вэсэлка

11-р сарын 11–17: “Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”

Ифер 1–5

Бурханы зам биднийхээс өндөрт байдаг бөгөөд бид Түүний таалалд өөрсдийн хүслийг үргэлж нийцүүлэх ёстой нь үнэн ч Тэр биднийг өөрсдөө бодож, үйлдэхэд урамшуулан дэмждэг. Жаред болон түүний ах яг энэ сургамжаас суралцсан. Тухайлбал: Жаредэд “бүх дэлхийд бүгдээс дээгүүр” болох шинэ нутаг руу аялах санаа төрсөн бөгөөд Их Эзэн Жаредын ахад “чи надад хандан ийм удаан хугацаагаар залбиран гуйсны учир би чамд тийн үйлдэх буюу” (Ифер 1:38–43-ыг үзнэ үү) хэмээн хүсэлтийг нь зөвшөөрөв. Мөн тэднийг амлагдсан нутаг руу аваачих хөлгүүд дотор Жаредын ахад гэрэл хэрэгтэй болох үед Их Эзэн ихэвчлэн бидний Түүнээс асуудагчлан “Намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” (Ифер 2:23) гэж асуув. Тэр бидний бодол санааг сонсохыг хүсдэг бас сонсож, зөвшөөрч байгаагаа мэдэгддэг эсвэл зөвшөөрөхгүй бол бидэнд зөвлөдөг. Заримдаа эрэлхийлж буй адислалаас маань тусгаарладаг цорын ганц зүйл бол бидний өөрсдийн “үл итгэх байдлын гивлүүр” байдаг бөгөөд хэрэв бид “тэрхүү гивлүүрийг тас тата[ж]” (Ифер 4:15) хаявал Их Эзэний бидний төлөө хийхэд бэлэн байдаг зүйлд гайхширч магадгүй.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Ифер 1:33–43

Намайг Их Эзэнд хандан чин сэтгэлээсээ залбирвал Тэр намайг өрөвдөн хайрлана.

Ифер 1:33–43-т Жаредын ахын гурван залбирлын талаар өгүүлдэг. Та залбирал тус бүрд өгсөн Их Эзэний хариултаас юу мэдэж авсан бэ? Их Эзэнд сэтгэлээ уудлан залбирч, Түүний өрөвч сэтгэлийг мэдэрч байсан тохиолдлоо бод. Та уг туршлагаа бичиж тэмдэглээд, гэрчлэлийг тань сонсох хэрэгтэй байж болох хэн нэгэнтэй хуваалцаж болно.

Мөн “Залбирахыг би хүсэх юм” дууллыг Дуулал номын д. 76-аас үзнэ үү.

Ифер 2; 3:1–6; 4:7–15

семинар шигтгээ зураг
Би амьдралдаа илчлэлт хүлээн авч чадна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би та бүхнийг илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго” гэж хэлсэн (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

Ифер 2; 3:1–6; 4:7–15-ыг судлахдаа та ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “сүнслэг ажлын” талаар юу мэдсэн бэ? Та Жаредын ахын асуулт эсвэл асуудлыг мөн тэр тэдгээрийн талаар юу хийснийг нэг өнгөөр тэмдэглэж, харин Их Эзэн түүнд хэрхэн тусалсныг болон Өөрийн тааллыг хэрхэн мэдүүлснийг өөр өнгөөр тэмдэглэж болно.

Судлахдаа тунгаан бодох хэдэн асуулт:

  • Ифер 2:18–25 дээр Жаредын ахын асуултад Их Эзэний хариулж байгаа байдлаас юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?

  • Та Ифер 3:1–5-ыг ашиглан, залбирч сурч байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Юу Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад саад болж болох вэ? (Ифер 4:8–10-ыг үзнэ үү). Та Түүнээс хэрхэн илүү ойр ойрхон илчлэлт авч чадах вэ? (Ифер 4:7, 11–15-ыг үзнэ үү).

  • Амьдралдаа “итгэлгүй байдлын гивлүүрийг тасдах” (Ифер 4:15) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Та хувийн илчлэлтийн талаар Жаредын ахаас өөр юу сурсан бэ?

Ахлагч Дэйл Г.Рэнланд “Хувийн илчлэлт авах цогц дүрэм”-ийн тухай заасан (Лиахона, 2022 оны 11-р сар). Зургийн жааз зураад, дөрвөн талд нь дөрвөн дүрмээ бичихийг бод. Танд “хувийн илчлэлт хүлээн авах чадавхаа өсгөн нэмэгдүүлэхэд” энэ цогц дүрэм хэрхэн тусалж болох вэ?

Ифер 2:14–15; 3:1–20

Их Эзэн зэмлэлээрээ дамжуулан намайг наманчилж, Өөр дээр нь ирэхэд урьдаг.

Агуу бошиглогч Жаредын ах хүртэл Их Эзэнд зэмлүүлэх хэрэгтэй байв. Та Ифер 2:14–15-аас Их Эзэний зэмлэлийн талаар юу сурч мэдсэн бэ? Их Эзэний зэмлэл болон Жаредын ахын хариу хандлага нь Ифер 3:1–20 дээр түүнд тохиолдсон зүйлд түүнийг хэрхэн бэлтгэсэн байж болохыг бодож үз.

Ифер 2:16–25

Их Эзэн намайг өөрийн “агуу гүнийг” гатлахад бэлтгэнэ.

Заримдаа “агуу гүнийг” гатлах нь Бурханы бидэнд зориулсан хүслийг биелүүлэх цорын ганц арга зам байж болох юм. Та Ифер 2:16–25-аас өөрийнхөө амьдралтай төстэй юуг олж харсан бэ? Их Эзэн таныг сорилт бэрхшээлд тань хэрхэн бэлтгэсэн бэ? Тэр ирээдүйд танаар хийлгүүлэх хэрэгтэй зүйлдээ бэлтгэхийн тулд яг одоо танаас юуг хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Мөн Л.Тодд Бажийн “Хувиршгүй бөгөөд бат бөх итгэл найдвар” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 51–54-өөс үзнэ үү.

Сурсан зүйлээ хэрэгжүүл. Сайн мэдээг судлах нь амьдралаа өөрчлөхөд бидэнд сүнслэгээр нөлөөлөх ёстой. Ифер 4:11–12-ыг уншсаны дараа та амьдралдаа буй зарим нөлөөнүүдийг жагсаан бичээд, эдгээр нь сайныг үйлдэхэд таныг ятгадаг эсэхийг бодож үз. Танд юугаа өөрчилмөөр санагдаж байна вэ?

Ифер 5

Гэрч Мормоны Ном үнэн гэдгийг гэрчилдэг.

Та Ифер 5 дээрх Моронайн бошиглолыг уншихдаа, Их Эзэн Мормоны Номын олон гэрчийг бэлтгэж байгаа зорилгыг тунгаан бод. Мормоны Ном бол Бурханы үг гэдэгт итгэхэд ямар гэрч танд сүнслэгээр нөлөөлсөн бэ? Мормоны Ном “Бурханы болон түүний үгийн хүчийг” танд хэрхэн харуулж байсан бэ? (Ифер 5:4).

Хүүхдүүдэд заах санаа

Ифер 1:33–37; 2:16–25; 3:1–6

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

  • Хэрэв та хүүхдийнхээ мэддэггүй хэлийг мэддэг бол тэдэнд тэр хэлээрээ энгийн хэдэн заавар өг (эсвэл өөр хэл дээрх бичлэг тавь). Та Жаредын ах Ифер 1:33–37 дээр яагаад тусламж хүсэж залбирсныг тайлбарлахдаа үүнийг ашиглаж болно. Их Эзэн энэ залбирлын талаар ямар бодолтой байсныг мөн Түүний хэрхэн хариулсныг онцлон хэл (мөн “50-р бүлэг: Жаредчууд Бабелыг орхин явсан нь”-ыг Мормоны Номын түүхүүдийн х. 143–144-өөс үзнэ үү).

  • Танай хүүхдүүд таныг Ифер 2:16–17-г уншиж байхад усан онгоц барьж байгаа дүр үзүүлж болно. Дараа нь та болон танай хүүхдүүд жаредчуудын усан онгоцонд гарсан асуудлуудын тухай (Ифер 2:19) болон Их Эзэн Жаредын ахын залбиралд хэрхэн өөр өөрөөр хариулсныг уншиж болно (Ифер 2:19–25; 3:1–6-г үзнэ үү). Энэ тоймын төгсгөлд байгаа зураг ба үйл ажиллагааны хуудас танд болон танай хүүхдүүдэд энэ түүхийг ярихад тус болж болох юм. Бид Жаредын ахаас залбирлын тухай юу сурдаг вэ? Та тусламж хүсэн залбирсан, Тэнгэрлэг Эцэг танд тусалсан туршлагаасаа хуваалцахыг бод.

Ифер 3:6–16

Намайг Бурханы дүр төрхөөр бүтээсэн.

  • Танай хүүхдүүд том болохдоо Бурханы талаар, өөрсдийн болон тэдний бие махбодын талаар олон худал хуурмаг захиастай тулгарах болно. Та тэднээс Ифер 3:6–16-аас эдгээр сэдэвтэй холбоотой үнэнүүдийг олоход туслахыг хүсэж болно. Ифер 3:13, 15 дээр заасан үнэнийг онцлохын тулд та нар Аврагчийн зураг руу хамтдаа хараад, хүүхдүүдээ Түүний биеийн өөр өөр хэсгүүд рүү заахад урьж болно. Дараа нь тэд өөрсдийн биеийн адил хэсгүүд рүү зааж болно. Та нар “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт бидний бие махбодтой холбоотой дууг хамтдаа дуулж болно. Та нар яагаад бие махбоддоо талархдаг талаар ярилцаж болно.

Талбайд гүйж буй хүүхэд

Биднийг Бурханы дүр төрхөөр бүтээсэн

Ифер 5

Гурван гэрч Мормоны Номын тухай гэрчилсэн.

  • Гурван гэрч Мормоны Номын үнэнийг тогтооход тусална гэдгийг Моронай бошиглосон. Гэрч гэж юу болохыг заахын тулд та хүүхдүүдээс бусад хүн хараагүй эсвэл үзээгүй боловч өөрсдөө харсан, үзсэн ямар нэг зүйлээ дүрслэн хэлэхийг хүсэж болно. Дараа нь та нар Ифер 5-ыг уншихдаа, Бурхан яагаад Өөрийн ажилд гэрчүүдийг ашигладаг тухай ярилцаж болно. Та нар бас Мормоны Ном хэрхэн үнэн болох мөн гэрчлэлээ бусадтай хэрхэн хуваалцаж болох талаар бие биетэйгээ хуваалцаж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс Жаредын ахын өмнө 16 чулуунд хүрсэн нь

Чи үүнээс өөрийг харав уу?, Маркус Алан Винсэнт