“11-р сарын 25-аас 12-р сарын 1: ‘Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг.’ Ифер 12–15,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“11-р сарын 25-аас 12-р сарын 1. Ифер 12–15,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)
11-р сарын 25-аас 12-р сарын 1: “Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг”
Ифер 12–15
Жаредчуудад өгсөн Иферийн бошиглолууд “агуу хийгээд гайхамшигт” (Ифер 12:5) байсан. Тэр “хүмүүний эхлэлээс эхлэн бүх зүйлийн тухай” (Ифер 13:2) хэлсэн. Тэр мөн “Христийн өдрүүдийг” (Ифер 13:4) болон хожмын өдрүүд дэх Шинэ Иерусалимыг харж , “илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө найдах” (Ифер 12:4) талаар ярьсан. Гэвч жаредчууд өнөө үед хүмүүс Бурханы үйлчлэгчдийн бошиглолыг үл тоомсорлодог яг тэр шалтгаанаар буюу “тэд тэдгээрийг эс [үзэхийн] учир” (Ифер 12:5) үл хайхарч байсан юм. Иферт үл итгэгч хүмүүст “агуу хийгээд гайхамшигт зүйлийн” талаар бошиглоход итгэл хэрэгтэй байсны адил харж чадахгүй зүйлсийн талаарх амлалтад эсвэл сэрэмжлүүлэгт итгэхэд бидэнд итгэл хэрэгтэй. Их Эзэн түүний “бичгийн сул дорой байдлыг” (Ифер 12:23–27-г үзнэ үү) хүчирхэг болгож чадна гэдэгт найдахад Моронайд итгэл л хэрэгтэй байсан. Ийм л итгэл биднийг “тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн бас Бурханыг алдаршуулахад удирддаг” (Ифер 12:4) бөгөөд ийм л итгэлээр “бүх зүйлс гүйцэлддэг” (Ифер 12:3).
Гэр орон болон сүмд суралцах санаа
Есүс Христэд итгэх итгэл гайхамшиг руу хөтөлдөг.
Иферийн өдрүүдтэй адил өнөө үед ч гэсэн хүмүүс Бурханд болон Түүний хүчинд итгэхээсээ өмнө нотолгоо харахыг хүсэх нь нийтлэг тохиолддог. Та Ифер 12:5–6-аас энэ талаар юу сурч мэдсэн бэ?
Та Ифер 12-ыг уншихдаа “итгэл” гэдэг үгийг олох тоолондоо зурж тэмдэглэж болно. Жишээ болгон дээр итгэлийн талаар юу зааж байгааг бодож үз. Дараахтай төстэй асуултууд тустай байж болох юм. Итгэл гэж юу вэ? Итгэлээ хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс Христэд итгэх итгэлийн үр шим юу вэ? Мөн та “итгэлийн тань сорилтын дараа” (Ифер 12:6) хүлээн авсан гэрчлэлийнхээ талаарх санаа бодлоо бичиж тэмдэглэ.
Мөн Рассэлл М.Нэлсоны “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” захиасыг 2021 оны 4-р сарын Лиахонагийн х. 104-өөс үзнэ үү.
Есүс Христ бидэнд “илүү онцгой найдварыг” өгдөг.
Ифер 12 нь итгэлийн тухай гүн гүнзгий ойлголт өгөхөөс гадна найдварын талаар олон зүйл өгүүлдэг. Эдгээр асуултыг тавьж, судлах явцыг удирд.
-
Иферийн “илүү сайн дэлхийд найдах” (Ифер 12:2–5-ыг үзнэ үү) болсон шалтгаан юу байсан бэ?
-
Зангууны зорилго юу вэ? Зангууны завинд гүйцэтгэдэг үүрэгтэй адил найдвар бидний бодгальд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Ифер 12:4-ийг үзнэ үү).
-
Бид юуны төлөө найдах ёстой вэ? (Ифер 12:4; Моронай 7:41-ийг үзнэ үү).
-
Есүс Христийн сайн мэдээ хэрхэн танд “илүү онцгой найдварыг” төрүүлсэн бэ? (Ифер 12:32).
Түүнчлэн Моронай 7:40–41-ийг үз мөн Жэффри Р.Холландын “Найдварын төгс гэрэл” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 99–102-оос үзнэ үү.
Есүс Христ миний сул дорой байдлыг хүч болгон хувиргаж чадна.
Бид Моронайн бичсэн хүчирхэг бичээсийг унших үедээ, тэр “бичгийн сул дорой байдлынхаа” (Ифер 12:23–25-ыг үзнэ үү) улмаас санаа зовж байсныг мөн хүмүүс хэлсэн үгийг нь шоолох байх гэж айж байсныг амархан мартдаг. Хэрэв та өөрийнхөө сул талд санаа зовж байсан бол Моронайн тэмцлийн тухай болон Ифер 12:23–29 дээрх Аврагчийн хариултыг уншаарай. Мөн та Есүс Христ сул дорой байдлаа олж харахад тань туслан, сул дорой байдлыг тань бүрэн засаагүй ч таныг хүчирхэг болгож байсан тохиолдлуудыг тунгаан бодож болно. Одоо байгаа сул талуудаа мөн бод. Та Аврагчийн “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” гэсэн амлалтыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Ифер 12:27).
Судар дээрх хүмүүс Есүс Христийн ач ивээлээр хүч чадал хэрхэн олж авсан талаар ойлгохын тулд дараах хэсгүүдийг судлахыг бод. Үүнд:
-
Инох (Мосе 6:31–34; 7:13)
-
Moсе (Гэтлэл 4:10–12; 14:31)
-
Гидеон (Шүүгчид 6:12–16; 8:22–23)
-
Петр (Лук 5:8–10; 22:55–62; Үйлс 4:13–21)
-
Моронай (Ифер 12:23–29)
-
Иосеф Смит (Иосеф Смит—Түүх 1:28; Сургаал ба Гэрээ 35:17; 135:3)
“Эзэн бол Гэрэл” дууллыг Дуулал номын д. 42-оос үзнэ үү.
Их Эзэнийг эсэргүүцэх нь намайг сүнслэг аюулд оруулдаг.
Түүхээс харахад, жаредчуудын хаан байх нь аюултай албан тушаал байв. Ялангуяа Кориантумрын хувьд энэ явдал үнэн байсан бөгөөд түүнийг олон “хүчит эрчүүд … устгахаар эрэлхийлж байсан” (Ифер 13:15–16). Ифер 13:15–22 дээр Кориантумр өөрийгөө хамгаалахын тулд юу хийсэнд мөн Ифер түүнд хийж байсан зүйлийнхээ оронд юу хийхийг зөвлөсөнд анхаар. Та Иферийн номын үлдсэн хэсгийг уншихдаа, бошиглогчдыг эсэргүүцэхийн үр дагаврын талаар тунгаан бод. “Их Эзэний Сүнс тэдний төлөө зүтгэхээ [болих]” үед хүмүүст юу тохиолддог вэ? (Ифер 15:19). Их Эзэн энэ түүхээс таныг юу сураасай гэж хүссэн байж болох вэ? Түүний бошиглогчдыг дагахын тулд юу хийж болохоо бодож үз.
Хүүхдүүдэд заах санаа
Итгэл бол өөрийн харж чадахгүй зүйлсэд итгэх явдал юм.
-
Хүүхдүүддээ Ифер 12:6-аас “Итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд” гэдгийг хамтдаа давтан хэлэхэд нь туслахыг бод. Ифер 12:13–15, 19–21 (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 78, 85 болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас) дэх итгэлийн жишээг харуулсан зургуудыг харах нь зугаатай байж болох юм. Хүүхдүүдэд түүх болгоны талаар мэддэг зүйлээ хуваалцах боломж олго. Энд байгаа зарим асуулт итгэлийн эдгээр жишээг авч хэлэлцэхэд тань тусална.
-
Энэ хүмүүс юунд найдаж байсан бэ?
-
Итгэл нь хэрхэн соригдсон бэ?
-
Итгэлийнх нь ачаар юу болсон бэ?
Та мөн итгэлээ хөгжүүлсэн өөрийн туршлагаас хуваалцаж болно.
-
Найдвар бол миний бодгалийн зангуу адил юм.
-
Найдварын талаар Ифер 12:4 дээр юу заадгийг ойлгохын тулд та болон танай хүүхдүүд завь болон зангууны зураг руу харж болно. Яагаад завинд зангуу хэрэгтэй вэ? Зангуу байхгүй бол завь яах вэ? Та нар Ифер 12:4-ийг хамтдаа уншихдаа зангуу завинд тусалдаг шиг найдвар хэрхэн бидэнд тусалдаг тухай ярилцаарай. Хүүхдүүдийг бусдад найдварын талаар заахын тулд тэднийг завины болон зангууны зураг зурахад урь.
-
Хэрэв хүүхдүүдэд найдварын талаарх тодорхойлолт хэрэгтэй бол Судруудын удирдамжийн “Найдвар”-аас нэгийг олоход тусал. Энэ болон Ифер 12:4, 32 дахь тодорхойлолтод үндэслэхэд, бид юунд найдах ёстой вэ? (мөн Моронай 7:40–42-ыг үзнэ үү). Найдвартай холбоотой бусад үгээс гадна найдвар гэх үгийн эсрэг утгатай өөр үгсийг бодоход хүүхдүүдэд тусал. Та нар бас найдвар төрүүлэх сайн мэдээний зарим үнэнийг бие биетэйгээ хуваалцаж болно.
Есүс Христ надад сүнслэг байдлын хувьд хүчтэй байхад тусалж чадна.
-
Хүүхдүүдэд заримдаа Моронай шиг сул дорой мэт санагдах үе тохиолддог. Ифер 12:23–25 дээр Моронайд яагаад ийм мэдрэмж төрснийг ойлгоход нь хүүхдүүдэд туслаад, тэднээс адил зүйл мэдэрч байсан эсэхийг асуу. Дараа нь тэднийг 26–27-р шүлгийг уншаад, Их Эзэн Моронайд хэрхэн тусалсныг олж мэдэхэд урь.
-
Магадгүй танай хүүхдүүд ямар нэгэн сул дорой болон хүчтэй зүйлийн зургийг зурж болно. Дараа нь тэд Аврагч хэрхэн сул дорой байдлыг хүчтэй болгодог талаар тэдэнд зааж байгаа Ифер 12:23–29 дэх зарим үг, хэллэгийг зурган дээрээ нэмж болно. Хүүхдүүдэд өөрсдөд нь байж болох сул талынхаа талаар бодож, хүчтэй болохын тулд Аврагчийн тусламжийг эрэлхийлэхэд урамшуул. Та бас Аврагч танд ямар нэгэн хэцүү зүйлийг хийх хүч чадалтай болоход тусалж байсан туршлагаасаа хуваалцаж болно.