Бүлэг 14
Хүмүүсийн алдас газар нутагт зүхэл авчирдаг—Кориантумр Гилиад, дараа нь Либ, тэгээд Шизийн эсрэг дайнд оров—Цус мөн хядаан уг нутгийг бүрхэв.
1 Мөн эдүгээ бүх нутагт хүмүүсийн алдсын улмаас агуу зүхэл байж эхлэв, иймээс, хэрэв хүмүүн өөрийн багаж эсвээс илдээ тавиур дээрээ, эсвээс тэрбээр үүнийг хаа хадгалах тэр газраа тавих аваас, болгоогтун, маргааш нь тэрбээр үүнийг олж чаддаггүй байв, уг нутгийн дээрх зүхэл тийм агуу байв.
2 Иймийн тул хүмүүн бүр өөрийнх болох түүнийг гартаа чанга атгаж, мөн зээлэхгүй бас зээлүүлэхгүй байв; мөн хүмүүн бүр, өөрийн өмч болон өөрийн амь, эхнэрүүд мөн хүүхдүүдийнхээ амийг хамгаалахын тулд, илднийхээ бариулыг баруун гартаа атгаж байв.
3 Мөн эдүгээ, хоёр жилийн дараа, мөн Шаредын үхлийн дараа, болгоогтун, Шаредын дүү босож мөн тэрбээр Кориантумртай тулалдаанд оров, үүнд Кориантумр түүнийг дийлж мөн Акишийн аглаг буйд хүртэл түүнийг мөрдөн хөөв.
4 Мөнхүү улиран тохиох дор Акишийн аглаг буйдад Шаредын дүү түүнтэй тулалдаанд орсон аж; мөн тулалдаан үлэмж ширүүн болж, мөн олон мянга нь илдээр унагаагдав.
5 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр аглаг буйдыг бүслэв; мөн Шаредын дүү аглаг буйдаас шөнөөр давшин гарч, мөн Кориантумрын их цэргийн нэг хэсгийг, тэднийг согтуу байхад нь хөнөөв.
6 Мөн тэрбээр Мороны нутагт ирж, мөн Кориантумрын хаан сэнтийд өөрийгөө залав.
7 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр өөрийн их цэрэгтэй аглаг буйдад хоёр жилийн турш оршин суув, ингэснээр тэрбээр өөрийн их цэрэгт агуу нэмэлт хүч хүлээн авчээ.
8 Эдүгээ, нэр нь Гилиад болох Шаредын дүү, нууц хуйвалдааны улмаас их цэрэгтээ агуу нэмэлт хүчийг бас хүлээн авсан ажгуу.
9 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хаан сэнтийдээ заларч байхад нь дээд прист нь түүнийг хөнөөв.
10 Мөнхүү улиран тохиох дор нууц хуйвалдагчдын нэг нь уг дээд пристийг нууц гарцанд хөнөөв, мөн өөртөө хаант улсыг олж авав; мөн түүний нэр Либ байлаа; мөн Либ, бүх хүний дундах аливаа эрээс илүү агуу том биетэй хүн байв.
11 Мөнхүү улиран тохиох дор Либийн эхний жилд, Кориантумр Мороны нутагт өгсөн ирж, мөн Либтэй тулалдаанд оров.
12 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Либтэй тулалдаж, үүнд Либ түүний гарыг цохисноос тэрбээр шархдав; гэсэн хэдий ч, Кориантумрын их цэрэг Либ рүү довтлон дайрснаас, тэрбээр тэнгисийн эргийн хил тийш зугтсан ажээ.
13 Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг мөрдөн хөөв; мөн Либ тэнгисийн эрэг дээр түүнтэй тулалдаанд оров.
14 Мөнхүү улиран тохиох дор Либ Кориантумрын их цэргийг дийлснээс, тэд дахин Акишийн аглаг буйд хүртэл зугтсан болой.
15 Мөнхүү улиран тохиох дор Либ түүнийг Агошийн тал газар хүртэл мөрдөн хөөв. Мөн Кориантумр Либийн өмнө зугтаж явахдаа зугтан очсон уг нутгийн тэр хэсгийн бүх хүнийг өөртэйгөө авч явав.
16 Мөн тэрбээр Агошийн тал газарт ирээд Либтэй тулалдаанд орж, мөн тэрбээр түүнийг илдээр үхтэл нь цохисон ажгуу; гэсэн хэдий ч, Либийн дүү түүний оронд Кориантумрын эсрэг ирж, мөн уг тулалдаан үлэмж ширүүн болов, үүнд Кориантумр дахин Либийн дүүгийн их цэргийн өмнө зугтав.
17 Эдүгээ Либийн дүүгийн нэр нь Шиз хэмээгддэг байв. Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрын араас мөрдөн хөөж, мөн тэрбээр олон хотыг эзлэн авч, мөн тэрбээр эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг түүнчлэн хөнөөж, мөн тэрбээр хотуудыг шатаасан ажээ.
18 Мөн бүх нутгаар Шизээс эмээх айдас тархав; тийм ээ, нутаг даяар—Хэн Шизийн их цэргийн өмнө зогсож чадах билээ? Болгоогтун, тэрбээр өмнөө буй газар дэлхийг хүйс тэмтэрч байна! хэмээх шуугиан тархав.
19 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс, нутгийн бүх гадаргуу даяар, их цэрэгт нэгдэн цугларч эхлэв.
20 Мөн тэд хуваагдсан байлаа; мөн тэдний нэг хэсэг нь Шизийн их цэрэгт зугтан очиж, мөн тэдний нэг хэсэг нь Кориантумрын их цэрэгт зугтан очив.
21 Мөн уг нутгийн бүх гадаргуу үхэгсдийн цогцсоор бүрхэгдэхээр, дайн тийм агуу бас удаан болж, мөн цус урсгалт болоод хядааны дүр зураг маш удаан хугацааны турш байв.
22 Мөн дайн тийм яаруу мөн хурдтай байснаас нас барагсдаа оршуулах хэн ч үлдсэнгүй, харин тэд цус урсгалтаас цус урсгалтад жагсан явж, эрчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдийн цогцсыг мах иддэг өт хорхойнуудын идэш болгохоор уг нутгийн гадаргуу дээр энд тэндгүй орхиж байлаа.
23 Мөн үүний үнэр нутгийн бүх гадаргуу дээр, бүр бүх нутгийн гадаргуу дээр тархав; иймийн тул үүний үнэрийн улмаас, хүмүүс өдрөөр мөн шөнөөр зовж байв.
24 Гэсэн хэдий ч, Шиз Кориантумрыг мөрдөн хөөхөө зогссонгүй; учир нь, тэрээр өөрөө хөнөөгдсөн ахынхаа цусны өшөөг Кориантумраас авахаар мөн Кориантумр илдээр унагаагдахгүй хэмээн Иферт ирсэн Их Эзэний үгээс өшөөг авахаар тангарагласан байв.
25 Мөн Их Эзэн тэдэнд уур хилэнгийнхээ бүрэн дүүрнээр зочилж, мөн тэдний ёс бус үйл мөн жигшүүрт хэргүүд нь тэдний үүрдийн устгалд хүрэх замыг бэлтгэснийг бид тийн харав.
26 Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрыг дорно зүг тийш, бүр тэнгисийн эргийн дэргэдэх хилийг хүртэл хөөж, мөн тэнд тэрээр гурван өдрийн турш Шизтэй тулалдав.
27 Мөн Шизийн их цэргийн дундах устгал маш аймшигтай байснаас түүний хүмүүс айж эхлэн, мөн Кориантумрын их цэргийн өмнө зугтаж эхлэв; мөн тэд Корихор нутаг тийш зугтан, мөн өөрсдийн өмнөх оршин суугчдыг, өөрсөдтэй нь нэгдэхээс татгалзсан бүгдийг хүйс тэмтрэв.
28 Мөн тэд Корихорын хөндийд майхнуудаа босгов; мөн Кориантумр майхнуудаа Шуррын хөндийд босгов. Эдүгээ Шуррын хөндий нь Комнор гүвээний ойр байв; иймийн тул, Кориантумр их цэргээ Комнор гүвээн дээр цуглуулж, мөн Шизийн их цэрэгт, тэднийг тулалдаанд дуудахаар бүрээ үлээв.
29 Мөнхүү улиран тохиох дор тэд давшин ирж, гэвч ахин гэдрэг ухраагдав; мөн тэд хоёр дахь удаагаа ирж, мөн тэд буцаан хоёр дахь удаагаа гэдрэг ухраагдсан бөлгөө. Мөнхүү улиран тохиох дор тэд дахин гурав дахь удаагаа ирж, мөн тулалдаан үлэмж ширүүн болов.
30 Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрыг цохисноос түүнийг олон гүн шархтай болгосон аж; мөн Кориантумр, цус алдсанаас ухаан алдан, мөн тэрээр үхсэн мэт өргүүлэн холдуулагдав.
31 Эдүгээ аль аль талд нь эрчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн алдагдал маш агуу байснаас Кориантумрын их цэргийг мөрдөн хөөхгүй байхыг Шиз өөрийн хүмүүст зарлиглав; иймийн тул, тэд буудалдаа буцав.