Судрууд
Ифер 9


Бүлэг 9

Хаант улс удмаа дагаж нэгээс нөгөөд, хуйвалдаанаар, мөн аллагаар дамжив—Имер Зөв Шударгын Хүүг харав—Олон бошиглогч наманчлалыг номлов—Хүмүүс өлсгөлөн мөн хорт могойд нэрвэгдэв.

1 Мөн эдүгээ, Моронай би цэдгээ үргэлжлүүлье. Тиймийн тул, болгоогтун, мөнхүү улиран тохиох дор Акиш мөн түүний найзуудын нууц хуйвалдаануудын улмаас, болгоогтун, тэд Омерын хаант улсыг булаан авав.

2 Гэсэн хэдий ч, Их Эзэн Омерт, мөн түүнчлэн түүний устгалыг эрэлхийлээгүй түүний хөвгүүд болон охидод нь нигүүлсэнгүй байв.

3 Мөн Их Эзэн Омерын зүүдэнд нь, тэр уг нутгаас гарч одох ёстой хэмээн сэрэмжлүүлэв; иймийн тул Омер гэр бүлийнхээ хамт нутгаас гарч одон, мөн олон өдөр аялж, мөн Шимийн гүвээнд ирэн мөн хажуугаар нь өнгөрч, мөн нифайчуудын устгагдсан тэр газрын ойролцоо ирэв, мөн тэндээс зүүн тийш явж, мөн тэнгисийн эргийн ойролцоох Аблом гэж нэрлэгдэх газар ирэв, мөн тэрээр тэнд майхнаа босгов, мөн түүнчлэн Жаред болон түүний гэр бүлээс бусад, түүний хөвгүүд мөн охид нь, мөн түүний бүх гэрийнхэн нь буюу.

4 Мөнхүү улиран тохиох дор ёс бусын гараар Жаред хүмүүсийн дээр хаан байхаар тослогдон томилогдов; мөн тэр Акишт охиноо эхнэр болгон өгөв.

5 Мөнхүү улиран тохиох дор Акиш хадам эцгийнхээ амийг эрэлхийлж байв; мөн тэрээр эртнийхний тангаргаар андгайлсан тэднээс тусламж хүсэв; мөн тэд хадам эцгийнх нь толгойг, тэрээр хаан сэнтийдээ залран, өөрийн хүмүүсийг хүлээн авч байхад нь авав.

6 Учир нь, энэхүү ёс бус мөн нууц нийгэмлэгийн тархалт маш агуу байснаас бүх хүний зүрх сэтгэлийг гажуудуулсан байв; тиймийн тул Жаред хаан сэнтийдээ алагдан, мөн Акиш түүний оронд засаглав.

7 Мөнхүү улиран тохиох дор Акиш хүүдээ атаархаж эхлэн, тиймийн тул тэрээр түүнийг шоронд хорин, мөн үхэх хүртэл нь түүнийг өчүүхэн хоолтойгоор эсвэл огт хоолгүйгээр амь зогоолгосон ажгуу.

8 Мөн эдүгээ үхэлтэй учирсан түүний дүү нь (түүний нэр Нимра байв) эцгийнхээ ахад нь хийсэн тэр зүйлийн улмаас эцэгтээ хилэгнэж байв.

9 Мөнхүү улиран тохиох дор Нимра цөөн тооны эрчүүдийг цуглуулан, мөн уг нутгаас дайжив, мөн ирж мөн Омертой хамт суурьшив.

10 Мөнхүү улиран тохиох дор Акиш өөр бусад хөвгүүдийг төрүүлэв, мөн хүмүүс нь түүний хүссэний дагуу бүх төрлийн алдсыг хийхээр түүнд андгайлсан байсан хэдий ч, тэд уг хүмүүсийн зүрх сэтгэлийг татжээ.

11 Эдүгээ Акиш хүч чадлыг олохыг хүсдэг байсан адил, Акишийн хүмүүс баялаг олохыг хүсдэг байв; иймийн тул, Акишийн хөвгүүд тэдэнд мөнгө өгсөн болой, үүгээрээ тэд хүмүүсийн ихэнх хэсгийг өөрсдөдөө татав.

12 Мөн Акиш болон Акишийн хөвгүүдийн хооронд дайн эхлэв, олон жилийн туршид үргэлжилсэн тийм ээ, хаант улсын бараг бүх хүнийг, тийм ээ, гучин бодгалиас, мөн Омерын угсаатай хамт дүрвэсэн тэднээс бусад бүгдийг устгалд хүргэсэн тэрхүү дайн болой.

13 Иймийн тул, Омер өвийн нутагтаа дахин сэргээгдэв.

14 Мөнхүү улиран тохиох дор Омер нас өндөр болж эхлэв; гэсэн хэдий ч, өндөр насандаа тэрээр Имерийг төрүүлэв; мөн тэрээр Имерийг өөрийн оронд засаглах хаан байхаар тослон томилов.

15 Мөн тэрээр Имерийг хаан болгохоор тослон томилсныхоо дараа, тэрээр хоёр жилийн туршид уг нутагт амар амгаланг үзээд, мөн тэрээр нас нөгчив, мөн гашуудлаар дүүрэн үлэмж олон өдрийг үзсэн байсан ажээ. Мөнхүү улиран тохиох дор Имер түүний оронд засаглаж, мөн эцгийнхээ мөрөөр замнасан буюу.

16 Мөн Их Эзэн уг нутгаас зүхлийг дахин холдуулж эхлэв, мөн Имерийн угсаа Имерийн засаглалын дор үлэмж дэгжив; мөн жаран хоёр жилийн дотор тэд үлэмж хүчирхэг болж, үүний хэрээр тэд үлэмж баян болцгоов—

17 Бүх л төрлийн жимс, үр тариа, мөн торго, нарийн нэхээст эд, бас алт, мөнгө мөн үнэт зүйлстэй байв;

18 Мөн түүнчлэн бүх төрлийн мал, шар, мөн үнээ, хонь, гахай, ямаа, мөн түүнчлэн хүмүүний хоол хүнсэнд тустай бусад олон төрлийн амьтадтай байв.

19 Мөн тэд түүнчлэн морь, мөн илжигтэй байв, мөн заан, кюруломууд мөн күмомуудтай байв; энэ бүгд нь, мөн ялангуяа заан, кюрулом мөн күмомууд нь хүмүүнд тустай байсан бөлгөө.

20 Мөн Их Эзэн бусад бүх нутгаас дээгүүр сонгомол асан энэ нутагт адислалуудаа тийн цутгав; мөн уг нутгийг эзэмших хэн боловч үүнийг Их Эзэний төлөө эзэмших, эс бөгөөс алдастаа бүрэн боловсорсон үедээ тэд устгагдах болно хэмээн тэрээр зарлиг болсон болой; учир нь ингэх тэдний дээр: Би уур хилэнгээ бүрэн дүүрнээр нь цутгах болно хэмээн Их Эзэн хэлсэн ажээ.

21 Мөн Имер өөрийн бүх өдөрт зөв шударгаар хууль шүүлтийг хэрэгжүүлж, мөн тэрээр олон хөвгүүд мөн охидыг төрүүлэв; мөн тэрээр Кориантумыг төрүүлж, мөн Кориантумыг өөрийн оронд засаглуулахаар тослон томилов.

22 Мөн тэрээр өөрийн оронд засаглуулахаар Кориантумыг тослон томилсны дараа тэрээр дөрвөн жил амьдарсан ажгуу, мөн тэрээр уг нутагт амар амгаланг үзэв; тийм ээ, мөн тэрээр бүр Зөв Шударгын Хүүг харав, мөн түүний ирэх өдөрт баясаж мөн бахархав; мөн тэрээр амар амгаланд нас нөгчив.

23 Мөнхүү улиран тохиох дор Кориантум эцгийнхээ мөрөөр замнаж, мөн олон хүчирхэг хот барьж, мөн бүх өдрүүддээ өөрийн хүмүүст сайн болох түүнийг өгсөн бөлгөө. Мөнхүү улиран тохиох дор тэрээр бүр нас үлэмж өндөр болох хүртлээ үр хүүхэдгүй байжээ.

24 Мөнхүү улиран тохиох дор түүний эхнэр зуун хоёр насыг зооглон, өөд болов. Мөнхүү улиран тохиох дор Кориантум өндөр насандаа, залуу бүсгүйг эхнэр болгон авч, мөн хөвгүүд болоод охидыг төрүүлэв; иймийн тул тэрээр зуун дөчин хоёр нас хүртлээ амьдарсан бөлгөө.

25 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Комыг төрүүлж, мөн Ком түүний оронд засаглав; мөн тэрээр дөчин есөн жил засаглаж, мөн тэр Хетийг төрүүлэв; мөн тэр түүнчлэн өөр хөвгүүд болон охидыг төрүүлэв.

26 Мөн хүмүүс дахин нутгийн бүх гадаргуу дээр тархсан байв, мөн уг нутгийн гадаргуу дээр дахин үлэмж агуу ёс бус байдал бий болж эхлэв, мөн Хет өөрийн эцгийг устгахаар эртний нууц төлөвлөгөөнүүдийг дахин өөгшүүлэн дэмжиж эхлэв.

27 Мөнхүү улиран тохиох дор тэрээр эцгээ хаан сэнтийнээс нь буулгав, учир нь тэрбээр түүнийг өөрийнх нь илдээр хөнөөсөн ажгуу; мөн тэрээр түүний оронд засаглав.

28 Мөн бошиглогчид, тэдэнд наманчлалыг тунхагласаар уг нутагт дахин ирэв—тэд Их Эзэний замыг бэлтгэх ёстой эсвээс уг нутгийн гадаргуу дээр зүхэл ирэх болно; тийм ээ, хэрэв тэд эс наманчлах аваас бүр агуу өлсгөлөн болж, тэд түүгээр устгагдах болно гэв.

29 Гэвч хүмүүс бошиглогчдын үгсэд итгэсэнгүй, харин тэд тэднийг хөөн зайлуулав; мөн тэдний заримыг нь нүхэнд хаян мөн тэднийг үхүүлэхээр орхив. Мөнхүү улиран тохиох дор тэд эдгээр бүх зүйлийг Хет хааны зарлигийн дагуу үйлдсэн бөлгөө.

30 Мөнхүү улиран тохиох дор уг нутагт тарчиг хомс байдал агуу болж эхлэв, мөн нутгийн гадаргуу дээр хур бороо эс орсны учир, оршин суугчид нь тарчиг хомс байдлаас болон үтэр түргэнээр устгагдаж эхлэв.

31 Мөн нутгийн гадаргуу дээр түүнчлэн хорт могойнууд гарч ирж, мөн олон хүнийг хордуулсан аж. Мөнхүү улиран тохиох дор тэдний мал хорт могойнуудын өмнө, нифайчуудаар Зарахемла хэмээн нэрлэгддэг байсан тэрхүү өмнөд нутаг тийш дайжиж эхлэв.

32 Мөнхүү улиран тохиох дор тэдний олон нь замдаа эрсэдсэн ажээ; гэсэн хэдий ч, өмнө зүгийн нутагт дайжиж хүрсэн зарим нь байв.

33 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн могойнууд тэднийг цааш хөөхгүй болгон, харин өнгөрч гарах гэсэн хэн боловч хорт могойнуудад хөнөөгдөн унаж болохын тулд хүмүүс өнгөрөн гарч чадахааргүй болгон, могойнуудаар замыг нь хаах болгосон ажээ.

34 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс амьтдын жимийг даган, мөн замаар унасан тэдний сэгийг, тэд бүгдийг нь идэж дуусгах хүртэл ховдоглон идэв. Эдүгээ хүмүүс эрсдэх учиртайгаа үзээд тэд алдсаа наманчилж мөн Их Эзэнд залбиран гуйж эхлэв.

35 Мөнхүү улиран тохиох дор тэд Их Эзэний өмнө өөрсдийгөө хангалттайгаар даруусгасных нь дараа, нутгийн гадаргуу дээр тэр хур бороо илгээв; мөн хүмүүс дахин тэнхэрч эхлэн, мөн умард нутгуудад, мөн бүх эргэн тойрны нутгуудад жимс гарч эхлэв. Мөн Их Эзэн тэднийг өлсгөлөнгөөс хамгаалснаар тэдэнд хүчээ үзүүлсэн буюу.

Хэвлэх