Бүлэг 4
Жаредын ахын бичиглэлүүдийг лацдахыг Моронайд зарлиг болгов—Хүмүүс бүр Жаредын ах шиг итгэлтэй болох хүртэл тэдгээр нь илчлэгдэхгүй—Христ Өөрийнх нь үгсэд мөн Өөрийнх нь шавь нарын үгсэд итгэхийг хүмүүст зарлиглав—Хүмүүст наманчилж, сайн мэдээнд итгэж, мөн аврагдахыг зарлиг болгов.
1 Мөн Их Эзэний оршихуйгаас холдон, уулаас доошлон бууж, мөн үзсэн зүйлсээ бичихийг Их Эзэн Жаредын ахад зарлиглав; мөн өөрийг нь загалмай дээр өргөгдсөний дарааг хүртэл хүмүүсийн үрсэд тэдгээрийн ирэх нь хориглогдов; мөн Мозая хаан энэ шалтгааны улмаас, Христ өөрийн хүмүүст өөрийгөө үзүүлэх хүртэл тэдгээр нь дэлхийд ирэхгүйн төлөө тэдгээрийг хадгалжээ.
2 Мөн Христ өөрийгөө үнэхээр өөрийн хүмүүст үзүүлсний дараа тэрээр тэдгээр нь илэрхийлэгдэх ёстой хэмээн зарлиг болгов.
3 Мөн эдүгээ, үүний дараа, тэд бүгд итгэлээ алдан доройтсон ажээ; мөн леменчүүдээс өөр хэн ч алга, мөн тэд Есүс Христийн сайн мэдээг эсэргүүцэв; тиймийн тул тэдгээрийг дахин газарт нуухыг надад зарлиг болгов.
4 Болгоогтун, эдгээр ялтас дээр би Жаредын ахын үзсэн чухамхүү тэдгээр зүйлийг бичсэн болой; мөн Жаредын ахад илчлэгдсэн тэдгээрээс илүү агуу зүйлс хэзээ ч илчлэгдэж байсангүй.
5 Иймийн тул тэдгээрийг бичихийг Их Эзэн надад зарлигласан; мөн би тэдгээрийг бичив. Мөн намайг тэдгээрийг лацдахыг тэрээр надад зарлиг болгосон буюу; мөн тэрбээр тэдгээрийн хөрвүүлгийг түүнчлэн лацдахыг зарлиг болгосон; иймийн тул Их Эзэний зарлигийн дагуу, би хөрвүүлэгчдийг лацадсан билээ.
6 Учир нь Их Эзэн надад хандаж хэлэв: Тэд алдсаа наманчилж, мөн Их Эзэний өмнө цэвэр болох тэр өдрийг хүртэл эдгээр нь харийнханд очихгүй.
7 Мөнхүү Их Эзэн өгүүлэн, Жаредын ахын үйлдсэний адил надад итгэх итгэлээ хэрэгжүүлэх, тэгснээр тэд надаар ариусгагдаж болох тэр өдөр, тэгэхэд би тэдэнд Жаредын ахын харсан зүйлсийг, бүр бүх илчлэлээ тэдэнд мэдүүлэх хүртлээ үзүүлэх болно хэмээн Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба дэлхийн мөн тэдгээрт буй бүх зүйлийн Эцэг хэлдэг бөлгөө.
8 Мөн Их Эзэний үгийн эсрэг сөрөх тэр нь, тэрээр зүхэгдэг; мөн эдгээр зүйлийг үгүйсгэх тэр нь, тэрээр зүхэгдэг; учир нь би тэдэнд илүү агуу зүйлийг үзүүлэх нь үгүй хэмээн Есүс Христ хэлдэг; учир нь ярьдаг тэр нь би болой.
9 Мөн миний зарлигаар тэнгэр нээгдэж, мөн хаагддаг; мөн миний үгээр дэлхий чичрэх болно; мөн миний зарлигаар дээрх оршин суугчид нь галаар устгагдах болно.
10 Мөн миний үгсэд итгэдэггүй тэр нь миний шавь нарт итгэдэггүй; мөн ярьдаг нь би мөн эсэхийг, та нар шүүн тунгаагтун; учир нь эцсийн өдөр, ярьдаг нь би болохыг та нар мэдэх болно.
11 Гэвч миний ярьсан эдгээр зүйлд итгэдэг түүнд би Сүнснийхээ үзүүлэлтээр айлчлах болно, мөн тэрээр мэдэж мөн гэрчлэх болно. Учир нь миний Сүнсний улмаас тэрээр эдгээр зүйл үнэнийг мэднэ; учир нь энэ нь хүмүүсийг сайныг үйлдэхэд ятгадаг болой.
12 Мөн хүмүүсийг сайныг үйлдэхэд ятгадаг аливаа зүйл нь надаас юм; учир нь, сайн нь надаас бус бол өөр хэнээс ч эс ирдэг буюу. Хүмүүсийг сайн бүхний зүг хөтөлдөг чухамхүү тэр нь би юм; миний үгэнд эс итгэх тэр нь намайг байдаг гэдэгт—надад итгэхгүй байх болно; мөн надад итгэхгүй тэр нь намайг илгээсэн Эцэгт итгэхгүй байх болно. Учир нь болгоогтун, би бол Эцэг, би бол дэлхийн гэрэл ба амь, мөн үнэн болой.
13 Надад ирэгтүн, ай харийнхан та нар, мөн би та нарт илүү агуу зүйлсийг, итгэлгүй байдлын улмаас далдлагдсан мэдлэгийг үзүүлэх болно.
14 Надад ирэгтүн, ай Израилын угсаа та нар, мөн дэлхийн үүслээс, Эцэг та нарын төлөө ямар агуу зүйлсийг бэлтгэсэн нь та нарт үзүүлэгдэх болно; мөн итгэлгүй байдлын улмаас энэ нь та нарт мэдэгдээгүй байгаа буюу.
15 Болгоогтун, та нарыг ёс бусын аймшигт байдалд, мөн сэтгэлийн хатуу, оюуны харалганд үлдээж буй тэрхүү үл итгэх байдлын гивлүүрийг та нар тас татахад, тэгэхэд дэлхийн үүслээс эхлэн та нараас нууцлагдаж байсан тэр агуу мөн гайхамшигт зүйлс—тийм ээ, та нар харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр, миний нэрээр Эцэгт хандан залбирахад, тэгэхэд ай Израилын угсаа, та нарын эцэг өвгөдтэй хийсэн гэрээгээ Эцэг санасныг та нар мэдэх болно.
16 Мөн тэгэхэд миний өөрийн үйлчлэгч Иоханаар бичүүлсэн илчлэлүүд минь бүх хүний нүдний өмнө дэлгэгдэх болно. Санагтун, та нар эдгээр зүйлийг харахдаа, тэдгээр нь чухамхүү бодит байдлаар үзүүлэгдэх цаг ойрхон ирээд буйг мэдэх болно.
17 Тиймийн тул, та нар энэ цэдгийг хүлээн авах үедээ Эцэгийн ажил уг нутгийн бүх гадаргуу дээр эхэлсэн болохыг та нар мэдэж болно.
18 Тиймийн тул, дэлхийн хязгаарууд та нар бүгд наманчлагтун, мөн надад ирэгтүн, мөн сайн мэдээнд минь итгэгтүн, мөн миний нэрээр баптисм хүртэгтүн; учир нь итгэдэг мөн баптисм хүртсэн тэр нь аврагдах болно; гэвч үл итгэх тэр нь яллагдах болно; мөн миний нэрэнд итгэх тэднийг тэмдгүүд дагалдах болно.
19 Мөн эцсийн өдөр миний нэрэнд үнэнч хэвээр байх тэр нь адислагдсан болой, учир нь тэр нь дэлхийн үүслээс түүнд зориулагдан бэлтгэгдсэн хаант улсад оршихоор өргөгдөх болно. Мөн болгоогтун үүнийг ярьсан нь би болой. Амен.