Ирээд, Намайг дага
1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: “Би явж бас биелүүлэх болно”


“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7: ‘Би явж бас биелүүлэх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 6–12. 1 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Лихайн гэр бүл цөлд аялж байгаа нь

Улаан тэнгисийн ойролцоо аялж буй Лихай, Гари Смит

1-р сарын 6–12

1 Нифай 1–7

“Би явж бас биелүүлэх болно”

Нифай “Бурханы зүйлүүдийг” (1 Нифай 6:3) цэдэглэсэн. Та Нифайн цэдгүүдийг судлахдаа, олж мэдсэн Бурханы зүйлсэд, ялангуяа Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мормоны Ном нь бодит асуудалтай тулгарсан бодит гэр бүлийн түүхээр эхэлдэг. Энэ түүх МЭӨ 600 онд тохиолдсон ч зарим нэг зүйл нь өнөөдрийн гэр бүлүүдэд танил сонсогдож болох юм. Энэ гэр бүл хилэнцэт байдал өсөн нэмэгдэж буй дэлхийд амьдарч байсан ч, хэрэв тэднийг Өөрийг нь дагах юм бол аюул осолгүй байдал руу удирдах болно хэмээн Их Эзэн амлажээ. Аяллынх нь замд сайн сайхан бас хэцүү цаг мөч байв. Тэд агуу их адислал, гайхамшгуудыг үзэж туулсан ч тэдний дунд маргах, зөрчилдөх үе ч бас байсан. Эцэг нь гэр бүлийнхнийхээ итгэлийг өдөөх гэж хичээж, хөвгүүд нь түүнд итгэх эсэхээ шийдэж, ээж нь хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовж мөн ах дүүс атаархал, зөрчилдөөнтэй тулгаран, заримдаа бие биеэ уучлан өршөөж байгаа зэрэг сайн мэдээний дагуу амьдрах гэж хичээж буй нэг гэр бүлийн ийм урт түүх сударт ховор байдаг. Ерөнхийдөө, төгс биш ч гэлээ энэ гэр бүлийн харуулсан итгэлийн үлгэр жишээг дагаснаар бодит хүчийг мэдэрч болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Нифай 1–6

Судрууд агуу үнэ цэнтэй.

Мормоны Номын эхний 6 бүлэгт ариун ном, ариун цэдгүүд зэргээс болон Их Эзэний үгээс олон удаа эш татсан байдаг. Та 1 Нифай 1–6-г уншихдаа, яагаад Бурханы үг “агуу үнэ цэнтэй” болох талаар юу олж мэдсэн бэ? (1 Нифай 5:21). Эдгээр хэсэг нь судруудын талаар танд юу зааж байна вэ? Судруудыг илүү их хичээнгүйлэн эрэлхийлэхэд өдөөх юуг та эндээс олсон бэ?

Мөн “Scriptures Legacy”-г үзнэ үү (видео бичлэг, ChurchofJesusChrist.org).

1 Нифай 1:7–15

Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.

Мормоны Ном нь бүгдийг Есүс бол Христ гэдэгт итгүүлэх хэмээн эхний хуудсан дээр бичигдсэн зорилгынхоо дагуу, Лихай Аврагчийн талаар гайхамшигт үзэгдлийг үзсэнээр эхэлдэг. Та Лихайн үзсэн зүйлээс Есүс Христийн тухай юу мэдэж авсан бэ? Таны амьдралд тохиосон Аврагчийн “агуу хийгээд гайхамшигт” ажлуудын зарим нь юу вэ? (1 Нифай 1:14).

1 Нифай 2

Намайг Их Эзэнийг эрэлхийлэн, Түүнд найдах үед Тэрээр зүрх сэтгэлийг маань зөөлрүүлдэг.

Хэдийгээр Лемен, Лемүел, Нифай нар бүгд нэг гэр бүлд өсөн торниж, тэдэнд адилхан үйл явдлууд тохиолдож байсан ч энэ бүлэгт эцгийнхээ хүлээн авсан бурханлаг удирдамжид тэдний хандах хандлага тэс өөр байдаг. 1 Нифай 2-ыг уншихдаа, ах нарынх нь зүрх сэтгэл зөөлрөөгүй байхад Нифайн зүрх сэтгэл зөөлөрсөн шалтгааныг тодорхойлохыг хичээ. Та бас Ариун Сүнсээр эсвэл Их Эзэний бошиглогчоор дамжуулан хүлээн авсан Түүний удирдамжид хандах өөрийн хандлагын талаар бодож болно. Их Эзэн удирдамж, зөвлөгөөг нь хүлээн авах илүү их хүсэлтэй болгохын тулд зүрх сэтгэлийг тань зөөлрүүлэхийг та хэзээ мэдэрч байсан бэ?

1 Нифай 3–4

Бурхан надад зориулан Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэх арга замыг бэлдэнэ.

Их Эзэн Лихайд болон түүний гэр бүлд Лебенээс гуулин ялтаснуудыг авахыг зарлиглахдаа уг зарлигийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой удирдамж өгөөгүй. Бурханаас хүлээн авдаг бусад зарлиг, хувийн илчлэлт ихэнхдээ мөн ийм байдаг ба энэ нь Түүний биднээс шаардсан зүйлс “хүнд бэрх” байна гэсэн сэтгэгдлийг бидэнд төрүүлж болно (1 Нифай 3:5). 1 Нифай 3:7, 15–16-д өгүүлсэн Их Эзэний зарлигт хандсан Нифайн хандлага хэрхэн таныг сүнслэгээр өдөөдөг вэ? Танд “явж бас биелүүлье” гэж бодогдож байгаа зүйл байна уу?

1 Нифай 1–7-р бүлгийг судлахдаа Лихай болон түүний гэр бүлийнхэнд зориулан бэлдсэн Бурханы замуудыг олж мэд. Тэрээр үүнийг таны төлөө хэрхэн хийж байсан бэ?

Мөн Сургаалт үгс 3:5–6; 1 Нифай 17:3; “Obedience,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео цуглуулгыг үзнэ үү.

1 Нифай 4:1–3; 5:1–8; 7:6–21

Бурханы ажлуудыг санах нь надад Түүний зарлигуудыг дагах итгэлийг өгнө.

Лемен, Лемүел хоёрыг бувтналдаж эхлэхэд ихэвчлэн Нифай, Лихай хоёр дэргэд нь байж, урам зориг өгч, зэмлэдэг байсан. Та бувтнамаар санагдах үедээ Нифай, Лихай хоёрын үгсийг унших нь үнэ цэнтэй зөвлөгөө, шинэ үзэл бодлоор харах боломжийг олгоно. Нифай, Лихай хоёр гэр бүлийн гишүүдийхээ Бурханд итгэх итгэлийг хөгжүүлэхийн тулд хэрхэн хичээсэн бэ? (1 Нифай 4:1–3; 5:1–8; 7:6–21-ийг үзнэ үү). Дараагийн удаа бувтнаж, эсэргүүцэхээр уруу татагдах үед тань туслах ямар зүйлийг та тэдний жишээнээс олж мэдсэн бэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

1 Нифай 1–7

1 Нифай 1–7-г унших явцдаа Лихай болон Сариагийн гэр бүлийнхний хоорондын харилцааг ажиглахад та гэр бүлийн гишүүдээ урамшуулан дэмжиж болно. Тэдгээр харилцаа холбооноос гэр бүлд маань тус болох ямар зүйлийг бид сурч болох вэ?

Нифай болон түүний гэр бүлийнхэн ялтаснуудыг судалж байгаа нь

Нифай болон түүний гэр бүлийнхэн бошиглогчдын үгсийг эрхэмлэн дээдэлдэг байсан.

1 Нифай 2:20

1 Нифай 2:20 дээрх зарчим Мормоны Номд олон удаа давтагдсан байдаг. Гэр бүлийн гишүүд тань энэ жил Мормоны Номоос хамтдаа суралцахдаа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Энэ шүлэг дэх Их Эзэний өгсөн амлалтыг харуулсан зурагт хуудсыг та нар хамтдаа хийж, гэртээ тавьж болно. Энэ нь Их Эзэний зарлигуудыг дагах үед Тэрээр хэрхэн гэр бүлийг тань ивээн тэтгэж байсныг үе үе ярилцаж байх, сануулах хэрэгсэл болж болох юм. Тэдгээр туршлагаа зурагт хуудсан дээрээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

1 Нифай 2:11–13; 3:5–7

Их Эзэний зарлигуудын хариуд өгсөн Нифайн хариулт болон Лемен, Лемүелийн хариултын ялгааг олж харах нь гэр бүлийнхэнд тань тустай байж болно. Бид 1 Нифай 2:11–13; 3:5–7-оос бувтналдах талаар юу сурч болох вэ? Итгэлээ хэрэгжүүлэх үед бидэнд ямар адислалууд ирдэг вэ?

1 Нифай 3:19–20; 5:10–226

Эдгээр шүлэг нь танай гэр бүлийнхнийг амьдралынхаа чухал үйл явдал, туршлагаа бичиж тэмдэглэхэд сүнслэгээр өдөөж болно. Нифай, Лихай хоёр өөрсдийн гэр бүлд тохиолдсон үйл явдлыг цэдэгт бичиж байсны адил та ч гэсэн гэр бүлийн тэмдэглэл хөтөлж эхэлж болох юм. Та гэр бүлийнхээ цэдэгт юуг оруулж болох вэ?

1 Нифай 7:19–21

Энэ шүлгүүдэд өгүүлсэн Нифайн үлгэр жишээний юу нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Биднийг бусад хүн бүрийг “даруй уучлахад” гэр бүлийнхэн маань хэрхэн адислагддаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Судруудаас тогтмол судал. Гэр орондоо үр дүнтэй заахын нэг түлхүүр бол гэр бүлдээ тогтмол суралцах боломжийг олгох явдал юм. Ерөнхийлөгч Томас С. Монсон “Түргэвчилсэн сургалт нь судруудыг өдөр бүр уншин, амьдралдаа хэрэгжүүлэх шиг сайн үр дүнг өгдөггүй” хэмээн заасан (“Чадахынхаа хэрээр сайн бай,” Ensign, May 2009, 68 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79).

Нифай согтуу Лебений дэргэд зогсож байгаа нь

Би Сүнсний дуу хоолойг дагасан, Волтэр Рэйн