Ирээд, Намайг дага
1-р сарын 20–26. 1 Нифай 11–15: “Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”


“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15: ‘Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 20–26. 1 Нифай 11–15,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Хүмүүс амьдралын модны жимснээс хүртэж байгаа нь

Бүх амттанаас илүү амттай, Мигэль Ангэл Гонзалэс Ромэро

1-р сарын 20–26

1 Нифай 11–15

“Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”

Та 1 Нифай 11–15-аас өөрийгөө харж чадаж байна уу? Ямар захиас танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өөрийн бошиглогчоор хийлгэх үй олон ажил байвал Бурхан тухайн бошиглогчид Өөрийн хүүхдүүдэд зориулсан агуу зорилгуудаа ойлгоход нь туслах түүхэн чухал үзэгдлийг ихэвчлэн өгдөг. Мосе “энэ дэлхий мөн үүний оршин суугчид мөн тэрчлэн тэнгэрийн талаар[х]” үзэгдлийг харсан (Мосе 1:36). Төлөөлөгч Иохан дэлхийн түүхийг мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтийг харсан (Илчлэлт номыг үзнэ үү). Иосеф Смит Эцэг, Хүү хоёрыг харсан (Иосеф Смит—Түүх 1:17–18-ыг үзнэ үү). Аврагч руу очиж, хайраас нь хүртэхийн тулд бидний хийх ёстой аяллыг харуулсан үзэгдлийг Лихай харсан.

1 Нифай 11–14-т цэдэглэснээр Нифай Аврагчийн тохинуулал, амлагдсан нутаг дахь Лихайн үр удмын ирээдүйг болон Бурханы ажлын хожмын үеийн хувь заяаг мөн харсан. Энэ үзэгдэл Нифайг өөрийг нь тохоох ажилд бэлдсэн ба таныг ч мөн адил бэлдэх болно. Учир нь Бурханд Өөрийн хаант улсад танаар хийлгэх ажил бий. Та бол Нифайн харсан “газрын гадаргуугаар нэг тархсан … ; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн,” “Хурганы сүмийн гэгээнтнүүд[ийн]” нэг билээ (1 Нифай 14:14).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Нифай 11

Бурхан Өөрийн хайрын илрэл болгон Есүс Христийг илгээсэн.

Эцгийнх нь харсан модны утгыг ойлгоход Нифайд туслахын тулд тэнгэр элч “Мөнхийн Эцэгийн Хүүг” түүнд харуулав (1 Нифай 11:21). Энэ нь уг мод Бурханы хайрыг төлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд Нифайг хүргэжээ. Гэвч үзэгдэл дуусаагүй л байв. 1 Нифай 11-ийг уншин, тунгаан бодох үед, Есүс Христ яагаад Бурханы туйлын их хайрын илрэл вэ гэдгийг ойлгоход танд юу тусалдаг вэ?

Лихайн зүүдний өөр бэлгэдлүүдийн талаар суралцахын тулд 1 Нифай 11:35–36; 12:16–18; 15:21–30-ийг үзнэ үү.

Мөн Иохан 3:16-г үзнэ үү.

1 Нифай 12–13

Их Эзэн Сэргээлт болох замыг бэлтгэсэн.

Нифай үзэгдлээр харсан ихэнх зүйлээ амьдрал дээр биелэхийг хэзээ ч харахгүй байв. Яагаад эдгээр зүйлийг мэдэх нь Нифайд чухал байсан гэж та нар бодож байна вэ? Яагаад эдгээр зүйлийг мэдэх нь та нарт чухал вэ? Та энэ асуултыг Нифайн үзэгдлээрээ харсан зүйлсийг унших болгондоо тавьж болно.

Нифай дараах үйл явдлуудыг харсан. Үүнд: өөрийн хүмүүсийн ирээдүй (12 -р бүлгийг үзнэ үү), Америк тив дэх суурьшилт ба Америкийн хувьсгал (13:12–19-ийг үзнэ үү), Их урвалт (13:20–29-ийг үзнэ үү), сайн мэдээний сэргээлт (13:32–42-ыг үзнэ үү) багтана.

1 Нифай 13:1–9; 14:9–11

Нифайн харсан “агуу хийгээд жигшүүрт сүм” нь юу вэ?

Ахлагч Даллин Х.Өүкс Нифайн дүрсэлсэн “агуу хийгээд жигшүүрт сүм” нь “Бурханд итгэх итгэлийн эсрэг аливаа гүн ухаан эсвэл байгууллагыг төлөөлдөг. Мөн энэхүү ‘сүмийн’ ‘боолчлол’ нь гэгээнтнүүдийг бие махбодын хувьд барьж хорих бус, харин худал хуурмаг үзэл санаагаар боолчлохыг эрэлхийлдэг” болохыг тайлбарласан (“Stand as Witnesses of God,” Ensign, Mar. 2015, 32).

1 Нифай 13:12

Сүнс “урагшлан их усанд одоход” “нөлөөлөхийг” нь Нифайн харсан тэр хүн хэн байсан бэ?

Ариун Сүнс Кристофер Колумбуст Америк руу явах алдарт аяллаа хийхэд нь сүнслэгээр нөлөөлөхийг Нифай харсан. 1493 оны 3 -р сарын 14-нд Колумбус энэхүү аяллын тухай ийнхүү бичжээ. “Эдгээр агуу хийгээд гайхамшигт үр дүнд би өөрийн хүч чадлаар хүрээгүй … ; учир нь үүнд дан ганц хүний оюун ухааны цар хүрээ хүрэхгүй бөгөөд Бурханы Сүнс хүмүүний хүчин чармайлтад тусалсан билээ. Учир нь Бурхан заавруудад нь хайртай, бүр боломжгүй зүйлийг хийхийг хүсдэг үйлчлэгчийнхээ залбирлыг сонсдог билээ” (The Annals of America [Encyclopedia Britannica, Inc., 1976], 1:5).

1 Нифай 13:20–42

Хожмын үеийн цэдгүүд “тодорхой болоод хамгийн эрхэм үнэт хэсгүүдийг” сэргээсэн.

Нифай үзэгдлээрээ “иудейчүүдийн цэдэг” болох Библиэс “тодорхой болоод хамгийн эрхэм үнэт хэсгүү[д]” авагдах болно гэдгийг харсан (1 Нифай 13:23, 28). Гэхдээ Бурхан “бусад номуудаар” буюу Мормоны Ном болон хожмын үеийн өөр судруудаар дамжуулан эдгээр зүйлийг сэргээх болно гэдгийг Нифай түүнчлэн харсан (1 Нифай 13:39–40-ийг үзнэ үү). Мормоны Ном ямар ямар эрхэм нандин үнэнийг илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг вэ? Эдгээр тодорхой болон үнэт зүйлс сэргээгдсэн нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

Зураг
Өөр өөр хэл дээр хэвлэгдсэн Мормоны Номын хувиуд

Мормоны Ном Урвалтын үеэр алдагдсан сайн мэдээний үнэнүүдийг сэргээдэг.

Мөн “Plain and Precious Truths,” Ensign, Mar. 2008, 68–73; Рассэлл M.Нэлсоны “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”-ийг үзнэ үү. Ensign, Nov. 2017, 60–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59.

1 Нифай 15:1–11

Би зүрх сэтгэлээ зөөлрүүлэн, итгэлээр асуух юм бол Бурхан надад хариулна.

Хувийн илчлэлт авахгүй байна, Бурхан надтай ярихгүй байна гэсэн мэдрэмж танд төрж байсан уу? Ах нарт нь ийм мэдрэмж төрөхөд Нифай тэдэнд ямар зөвлөгөө өгсөн бэ? Та Нифайн зөвлөгөөг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж, мөн түүний зөвлөгөөг бусдад туслахад хэрхэн ашиглаж болох вэ?

Мөн Иаков 4:8; Алма 5:46; 26:21–22-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

1 Нифай 11–14

Эдгээр бүлгийг гэр бүлийнхэнтэйгээ уншиж байхдаа үе үе зогсож, дараахын адил асуултуудыг тавь. Нифайн үзэгдэлд харсан ямар зүйл түүнийг баяр хөөртэй болгосон байж болох вэ? Юу нь түүнийг сэтгэлээр унагахад хүргэсэн байж болох вэ? Яагаад?

1 Нифай 13:20–42

Мормоны Ном дахь “тодорхой бөгөөд эрхэм үнэт” үнэнүүдийн үнэ цэнийг ойлгоход гэр бүлийнхэндээ туслахын тулд тодорхой ойлгомжтой бичсэн захиасыг замбараагүй бичсэн захиастай харьцуул. Яагаад Тэнгэрлэг Эцэг үнэнүүдээ тодорхой заахыг хүсдэг вэ? Гэр бүлийн гишүүд Мормоны Номоос сурсан “тодорхой болоод эрхэм үнэт” үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.

1 Нифай 14:12–15

Бид яагаад Бурхантай хийсэн гэрээндээ үнэнч амьдарснаар “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэ[дэг]” вэ?

1 Нифай 15:8–11

“Их Эзэнээс лавласан” ямар туршлагаа гэр бүлийнхэн тань хуваалцаж чадах вэ? Бид Нифайн жишээнээс юу суралцаж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судлахад туслах материалуудыг ашигла. Зүүлт тайлбар, судруудын удирдамж зэрэг судлахад туслах материалууд судруудын талаарх ойлголтыг олж авахад тусалдаг. Жишээлбэл, зүүлт тайлбарууд нь 1 Нифай 14:20–21-ийн тухай юуг ойлгоход танд тусалдаг вэ?

Зураг
Мариа, нялх Есүс хоёрын талаарх Нифайн үзэгдэл

Мариагийн талаарх Нифайн үзэгдэл, Жэймс Жонсон

Хэвлэх