Ирээд, Намайг дага
1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22: “Би та нарын өмнө замыг бэлтгэнэ”


“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22: ‘Би та нарын өмнө замыг бэлтгэнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“1-р сарын 27-оос 2-р сарын 2. 1 Нифай 16–22,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Лихай Лиахона руу харж байгаа нь

Лихай ба Лиахона, Жозэф Брики

1-р сарын 27-оос 2-р сарын 2

1 Нифай 16–22

“Би та нарын өмнө замыг бэлтгэнэ”

1 Нифай 16–22-ыг судлахдаа танд гүн сэтгэгдэл төрүүлэх хэсгүүдийг хайж ол. Зарим хүн ийм шүлгүүдийг судар дээрээ тодруулдаг, харин зарим нь хажууд нь тэмдэглэл бичдэг. Та өөрт төрсөн сэтгэгдлийг хэрхэн бичиж тэмдэглэхээ тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг руу аялах үед Их Эзэн тэдэнд “Би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал” (1 Нифай 17:13) гэж амласан. Энэ амлалт аяллыг амар хялбар байлгана гэсэн үг биш байв. Гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдаж, нум нь хугарч, хүмүүс зовж зүдрэн, нас барсан төдийгүй тэд түүхий эдээр усан онгоц барих хэрэгтэй болсон. Гэхдээ энэ гэр бүл гай зовлон, боломжгүй мэт даалгавартай тулгарахад, Их Эзэн хэзээ ч тэднээс холдоогүй болохыг Нифай ухаарч байв. Бурхан “[итгэгчдийг] асран мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө” (1 Нифай 17:3) гэдгийг тэр мэдсэн юм. Яагаад муу зүйлс Нифай, түүний гэр бүлийнхэнтэй адил сайн хүмүүст тохиолддог юм бол гэсэн бодол танд төрж байсан бол та эдгээр бүлгээс ойлголт авч болох юм. Юу юунаас чухал нь, та сайн хүмүүст муу зүйлс тохиолдоход тэд юу хийдгийг олж харах болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Нифай 16–18

Зарлигуудыг сахих үед маань Бурхан надад зовлон бэрхшээлтэй нүүр тулахад тусална.

1 Нифай 16–18-р бүлэгт нум нь хугарсан (1 Нифай 16:17–32-ыг үзнэ үү), Ишмэил нас барсан (1 Нифай 16:34–39-ийг үзнэ үү), усан онгоц барьсан (1 Нифай 17:7–16; 18:1–4) мөн гэр бүлийн маргаан (1 Нифай 18:9–22-ыг үзнэ үү) зэрэг Нифайн гэр бүлд тулгарсан хэд хэдэн зовлон бэрхшээлийг дүрсэлсэн байдаг. Эдгээр бэрхшээлд хандсан Нифайн хандлага гэр бүлийнх нь зарим гишүүний хандлагаас юугаараа өөр байсан бэ? Тэдгээр хандлагын үр дагавар юу байсан бэ?

Олж мэдсэн зүйлээ “Зовлон бэрхшээл,” “Нифайн хандлага” “Бусдын хандлага,” “Үр дүн” гэсэн гарчигтай хүснэгтэд бичих нь тусалж магад. Яагаад бусад нь чадаагүй байхад Нифай итгэлтэй хэвээр үлдэж чадсан гэж та бодож байна вэ? Нифайн болон түүний гэр бүлийн үлгэр жишээ зовлон бэрхшээлтэй үед тань хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бод.

Мөн ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео цуглуулга дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү.

1 Нифай 16:10–16, 23–31; 18:11–22

Их Эзэн намайг өчүүхэн хийгээд энгийн зүйлээр хөтөлдөг.

Бурхан Лихайн гэр бүлийг аглаг буйдад удирдан залахдаа амлагдсан газарт очих аяллын нарийвчилсан төлөвлөгөөг тэдэнд өгөөгүй. Гэхдээ Тэрээр очих газартаа хүрэх замыг нь өдөр бүр заах Лиахонаг Лихайд өгсөн. Тэнгэрлэг Эцэг удирдамж, чиглэл өгөх ямар зүйлийг танд өгсөн бэ? “Өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чад[на]” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (1 Нифай 16:29).

Та 1 Нифай 16:10–16, 23–31 болон 18:11–22-ыг уншиж байхдаа, Бурхан хүүхдүүдээ хэрхэн удирдан залдгийг харуулсан зарчмуудын жагсаалт гаргах талаар бодож үзнэ үү (Жишээлбэл, 1 Нифай 16:10-т Бурхан биднийг заримдаа төсөөлж ч байгаагүй арга замаар удирдан залдаг гэдгийг заадаг). Танд эдгээр зарчмын талаар ямар туршлага байдаг вэ?

Мөн Aлма 37:7, 38–47; Сургаал ба Гэрээ 64:33–34-ийг үзнэ үү.

Лихай Лиахонаг ашиглаж байгаа нь

Хэрэв та нар бэлтгэгдсэн аваас, та нар эмээх нь үгүй, Кларк Кэлли Прайс

1 Нифай 19:23–24; 20–22

Би “бүх судрыг өөртэйгөө адилтгаж” чадна.

Исаиа Израилийн бүх хүүхдэд хандан бичсэн, мөн үүнд өөрийнх нь гэр бүлийг онцгойлон оруулсан байхыг Нифай харсан. Үүнд та ч мөн адил орно (1 Нифай 19:23–24-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Би дүр зурагт анхаарал хандуулалгүй, … Их Эзэн надтай шууд ярьж байгаа мэт зүрх сэтгэлдээ хүлээж авна хэмээн Нифай Исаиагийн хэсгүүдийг сонгосон гэж бодон би Исаиагийн үгийг уншдаг” гэж Нифай Исаиаг эш татсан талаар хэлсэн байдаг (“The Book of Mormon Will Change Your Life,” Ensign, Feb. 2004, 10).

20–22-р бүлгийг уншиж байхдаа ерөнхийлөгч Айрингийн үгийг дотроо санаж, дараахын адил асуултууд тавих талаар бодож үз.

1 Нифай 20:1–9.Эдгээр шүлгийн аль хэллэг Израилийн хүүхдүүдийг дүрсэлсэн байна вэ? Тэд Лемен, Лемүелийг хэрхэн дүрсэлсэн байна вэ? Та эндээс ямар сэрэмжлүүлэг, амьдралд хэрэгжүүлж болох зүйлсийг өөрөө олсон бэ?

1 Нифай 20:17–22.Их Эзэн Израилийн хүүхдүүдийг хэрхэн удирдан залдаг байсан бэ? Тэрээр Лихайн гэр бүлийг хэрхэн удирдан залсан бэ? Тэр мөн таныг хэрхэн удирдан залдаг вэ?

1 Нифай 20–22 дээрх өөр ямар зүйл Их Эзэнийг өөртэй тань ярьж байгаа мэт мэдрэмж төрүүлсэн бэ? 22 -р бүлэг дэх Нифайн үгс хэрхэн танд Исаиагийн бошиглолыг ойлгоход тусалсан бэ?

1 Нифай 21

Израилийн угсааныхан болон харийнхан гэж хэн бэ?

Израилийн угсааныхан гэдэг нь Их Эзэний Израиль гэж нэрлэсэн Хуучин Гэрээний үеийн бошиглогч Иаковын үр удмынхан юм (Эхлэл 32:28; 35:10 мөн Bible Dictionary, “Israel”-ийг үзнэ үү). Их Эзэн Израильтай тодорхой гэрээнүүдийг хийсэн ба түүний үр удмыг Бурханы гэрээт хүмүүс гэж үздэг байв. Гэхдээ хэдэн үе өнгөрсний дараагаар тэднээс олон хүн Их Эзэнээс нүүр буруулж, яваандаа дэлхийгээр тараагдсан байна.

Эдгээр хэсэгт орсон харийнхан гэсэн үг нь сайн мэдээг хараахан хүлээж аваагүй хүмүүсийг хэлж байгаа юм (Bible Dictionary, “Gentile”-ийг үзнэ үү). Хожмын өдрүүдэд харийнханд сайн мэдээ өгөгдөх ба тэд Израилийн угсааныханд зааж, тэднийг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн Исаиа заасан (1 Нифай 21:22; 22:8–12 мөн Исаиа 60; 66:18–20-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

1 Нифай 17:1–6, 17–22

Та аглаг буйд руу аялсан Нифайн түүхийг (1 Нифай 17:1–6) ах нарынх нь түүхтэй (1 Нифай 17:17–22-ыг үзнэ үү) харьцуулж болох юм. Яагаад тэд нэг үйл явдлыг өөр өөрөөр харсан гэж та бодож байна вэ? Итгэлээр харах талаар бид Нифайгаас юу сурч болох вэ?

1 Нифай 17:17–22; 18:9–16

Атаархал, хэрүүл маргаан, гомдол зэрэг нь гэр бүлд ямар үр дагавар авчирдаг вэ? Бид эдгээр асуудлыг хэрхэн даван гарах вэ?

1 Нифай 19:22–24

Нифай “энэ нь [тэдэнд] эрдэм болон тус байж болохын тулд” (1 Нифай 19:23) судруудыг гэр бүлийнхэнтэйгээ адилтгасан. Гэр бүлийнхний тань өөрсөдтэйгөө адилтгаж болох хэд хэдэн түүх 1 Нифай 16–18-д байдаг. Та нар эдгээрээс аль нэг түүхийг жүжигчлэн үзүүлээд, гэр бүлд тань ямар хамаатай болохыг ярилцаж болно.

1 Нифай 21:14–16

Эдгээр шүлгийн захиас өөрийг нь мартсан мэт санагдаж байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Их Эзэнээс тусламж хүс. Судруудыг илчлэлтээр өгсөн ба бид тэдгээрийг үнэхээр ойлгохын тулд илчлэлт авах хэрэгтэй. Их Эзэн “Хэрэв та нар … надаас итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйлүүд та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно” (1 Нифай 15:11) хэмээн амласан.

Нифай гэр бүлийнхэнтэйгээ усан онгоцонд байгаа нь

Тэд надад ихэд хэрцгий хандав, Волтэр Рэйн