Ирээд, Намайг дага
2-р сарын 3–9. 2 Нифай 1–5: “Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”


“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5: ‘Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 3–9. 2 Нифай 1–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгийг орхисон нь

Адам, Ева хоёр, Даглас Фрайэр

2-р сарын 3–9

2 Нифай 1–5

“Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”

Судрууд хувийн илчлэлт хүлээн авах үүд хаалгыг нээж өгдөг. 2 Нифай 1–5-ыг уншиж байхдаа, Их Эзэнд танд зааж сургах тодорхой зүйл байгааг та олж мэдэж болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэрэв амьдрах өдрүүд тань дуусаж байгааг мэдсэн бол та хамгийн хайртай хүмүүстээ сүүлчийн удаа ямар захиас үлдээх байсан бэ? Бошиглогч Лихай амьдрах өдрүүд нь дуусаж байгааг мэдрээд, хамгийн хайртай хүмүүстээ өөрийн хайртай сайн мэдээний үнэнийг бошиглож, хуваалцахаар сүүлчийн удаа хүүхдүүдээ цуглуулсан. Тэр эрх чөлөө, дуулгавартай байдал, Адам, Ева хоёрын уналт, Есүс Христээр ирэх гэтэлгэл, баяр баясгалангийн талаар заасан. Түүний хүүхдүүд бүгдээрээ эцсийн гэрчлэлийг нь хүлээн аваагүй ч хүлээн авсан хүмүүсээс гадна өнөө үед үүнийг уншиж байгаа олон сая хүн түүний гэрчлэлээс “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдрах зарчмыг олж мэдсэн (2 Нифай 5:27).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

2 Нифай 2

Би мөнх амьдралыг сонгох эрхтэй.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бурхан … өөрсдөд нь өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу үйлдэхийг Өөрийн хүүхдүүдээс хүсдэг. Бид амьдралынхаа жүжигт шийдвэрлэгч гол дүрд тоглох нь Түүний төлөвлөгөө хийгээд хүсэл юм” хэмээн хэлсэн (“Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” Ensign, Nov. 2014, 16 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17). Лихай сонгох эрхийн тухай заахдаа, уг эрхийг боломжтой болгодог мөн бидэнд бурханлаг чадавхдаа хүрэх боломжийг олгодог нэн чухал дараах нөхцөлүүдийг тодорхойлсон. Үүнд:

  1. Сайн, муугийн талаарх мэдлэг (2 Нифай 2:5)

  2. Хүн төрөлхтөнд өгсөн хууль (2 Нифай 2:5)

  3. Сөрөг бөгөөд сэтгэл татам сонголтууд (2 Нифай 2:11)

  4. Үйлдэх хүч (2 Нифай 2:16-г үзнэ үү.)

Та 2 Нифай 2-ыг уншиж байхдаа сонгох эрхийн эдгээр нөхцөл бүрийн талаар мөн тэдгээрийн хоорондын холбооны тухай юу ойлгож мэдсэн бэ? Хэрэв эдгээр нөхцөлийн зарим нь байхгүй бол бидний сонгох эрхэд юу тохиолдох вэ? Та Лихайн үгээс сонгох эрхийн талаар өөр юу ойлгож мэдсэн бэ?

2 Нифай 2:22–29

Уналт, Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний амин чухал хэсгүүд юм.

Олон хүн Адам, Ева хоёрын уналтыг эмгэнэлт үйл явдал гэж үздэг. Гэхдээ Уналтын тухай Лихайн заасан зүйлс яагаад энэ нь бидний мөнхийн өсөлт хөгжилд зориулсан Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг болохыг илчилдэг. Та эдгээр шүлгийг уншиж байхдаа яагаад уналт бидний буюу Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн өсөлт хөгжилд хэрэгтэй болохыг олж мэд. Аврагчийн цагаатгагч золиослол биднийг Уналтаас хэрхэн гэтэлгэдэг вэ?

Мөн Мосе 5:9–12; 6:51–62-ыг үзнэ үү.

2 Нифай 3:6–24

Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр урьдчилан томилогдсон байсан.

2 Нифай 3-ын сүүлчийн хэсэгт Иосеф Смит хэмээх өөртэй нь адилхан нэртэй ирээдүйн үзмэрчийн талаар Египетийн Иосефт өгсөн бошиглол байдаг (14–15-р шүлгийг үзнэ үү). Энд мөн Иосеф Смитийн хийх ажлын талаар олон зүйлийг өгүүлсэн байдаг. 6–24-р шүлэгт “сонгогдсон үзмэрч” болох Иосеф Смит Бурханы хүмүүсийг адислах юуг хийнэ хэмээн өгүүлсэн байна вэ? Иосеф Смитийн хийсэн ажил таны хувьд хэр “агуу үнэтэй” вэ?

Иосеф Смитийн зорилгын нэг чухал хэсэг нь Мормоны Номд агуулагдсан Иосефын үр удмын цэдгийг авчрах явдал байсан. Та энэ бүлгээс Мормоны Номын ач холбогдлын талаар юу ойлгож мэдсэн бэ?

Мөн Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 50:24–38-ыг үзнэ үү (Судруудын удирдамж дээрх).

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Их Эзэний бошиглогч, Дэвид Линдслий

2 Нифай 4:15–35

Би сул дорой байх үедээ Бурханд хандаж чадна.

Нифай аавыгаа алдаад удаагүй байлаа. Гэр бүлээ удирдах үүрэг хариуцлага одоо түүн дээр ирэв. Уруу таталтаар хүрээлэгдсэн мэт санагдаж, нүглээсээ болж тэр сэтгэлээр унасан байлаа. Хэдийгээр таны нөхцөл байдал Нифайнхаас өөр ч гэлээ, 2 Нифай 4:15–35-д цэдэглэсэн зарим бодол санаа, мэдрэмж танд танил санагдаж болох юм. Хүнд хэцүү үед нь Нифайд юу тусалсан бэ? Тулгарсан асуудалдаа хандсан Нифайн хандлага танд асуудлаа шийдвэрлэхэд хэрхэн тусалж чадах вэ?

2 Нифай 5

Сайн мэдээний дагуу амьдарснаар аз жаргалыг олдог.

Та аз жаргалыг хэрхэн тодорхойлох вэ? Хүмүүс “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байв” хэмээн Нифай бичсэн (2 Нифай 5:27). Та Нифайг болон түүний хүмүүсийг аз жаргалд хүргэсэн сонголтуудыг, тухайлбал нэг нэгнээ мөн гэр бүлүүдээ дэмждэг байсан арга зам болон тэд юуг нийтээрээ чухалчилдаг байсан зэргийг олж харж болно. Нифайн хүмүүстэй адил аз жаргалаар дүүрэн амьдралыг бүтээхэд туслах ямар зүйлийг та олж мэдсэн бэ?

2 Нифай 5:20–21

Леменчүүд дээр ямар зүхэл ирсэн бэ?

Нифайн өдрүүдэд леменчүүд дээр ирсэн зүхэл нь “тэд Их Эзэний дэргэдээс тусгаарлагдах болно … тэдний алдсын улмаас бөлгөө” (2 Нифай 5:20-21-ийг үзнэ үү). Энэ нь Их Эзэний Сүнс тэдний амьдралаас авагдсан гэсэн утгатай. Леменчүүдийг наманчилж, сайн мэдээгээр амьдарсан үед “Бурханы зүхэл тэднийг цаашид дагасангүй” (Aлма 23:18).

Мормоны Номд мөн нифайчуудыг тусгаарлагдсаны дараа арьс нь харлах тэмдгийг леменчүүд дээр буулгасан тухай өгүүлсэн байдаг. Уг тэмдгийн мөн чанар, харагдах байдал бүрэн ойлгогдоогүй байгаа. Энэ тэмдэг эхэндээ леменчүүдийг нифайчуудаас ялгадаг байсан. Хожим нь нифайчууд, леменчүүд бүгд ёс бус явдал, зөв шударга байдал бүхий үеийг дамжин өнгөрүүлсэн учраас энэ тэмдэг нь леменчүүдийн Бурханы өмнө хэрхэн зогсож байгааг илэрхийлэх ач холбогдол бүхий шалгуур байхаа больсон байв.

Бидний өдрүүдэд бошиглогчид хар арьс нь тэнгэрлэг буруушаалтын эсхүл зүхлийн тэмдэг биш гэдгийг баталсан. Сүм Нифайн сургаал болох Их Эзэн “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” гэснийг баримталдаг (2 Нифай 26:33). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн ижил тэгш боломжийн талаарх нэн чухал сургаалаа Өөрийн бүх хүүхдүүдэд … онцлон хэлсэн. Итгэлтэй хүмүүс гэрээт зам дээр гарч, хайрт Гэтэлгэгчдээ ирэхэд соёл, хэл яриа, хүйс, яс үндэс зэргийн ялгаа чухал байхаа больдог” хэмээн тунхагласан (“President Nelson Remarks at Worldwide Priesthood Celebration” [2018 оны 6-р сарын 1], newsroom.ChurchofJesusChrist.org).

Мөн “Till We All Come in the Unity of the Faith” (video, ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

2 Нифай 1:13–25

Эдгээр шүлэг зөв шударга эцэг эхийн үр хүүхдүүдийнхээ төлөө хүсдэг хамгийн агуу хүслийн талаар бидэнд юу зааж байна вэ?

2 Нифай 3:6

Судруудын удирдамжаас “Үзмэрч”-ийг хамтдаа унш. Иосеф Смит хэрхэн үзмэрч байсан бэ? Яагаад бид Иосеф Смитийн хийсэн ажилд талархдаг вэ? ( 2 Нифай 3:6–24-ийг үзнэ үү).

2 Нифай 4:20–25

2 Нифай 4:20–25-ыг хамт уншиж байхдаа шүлэг бүрийн дараа түр зогсоод, Нифайн дүрсэлсэнтэй адил зүйл тохиолдож эсвэл мэдэрч байсан тухай хуваалцахад гэр бүлийнхээ гишүүдийг урь. Бурхан бидний гэр бүлд зориулан юу хийсэн бэ?

2 Нифай 5

Таны гэр бүл ямар ямар арга замаар “аз жаргалтай хүмүүсийн ёсоор” амьдарч байна вэ? Гэр бүлээрээ 2 Нифай 5-ыг уншиж байхдаа, нифайчуудын анхаарлаа төвлөрүүлдэг байсан зүйлсийн талаар ярилцаж болно. Үүнд: гэр бүл (6-р шүлэг), зарлигууд (10-р шүлэг), судрууд (12-р шүлэг), боловсрол (15-р шүлэг), ариун сүм (16-р шүлэг), ажил (17-р шүлэг) болон Сүмийн дуудлага (26-р шүлэг) багтана. Үүнийг хийж болох арга замуудын нэг бол эдгээр зүйлийг төлөөлөх эд зүйлийг олоод, бид нифайчуудын эрхэмлэдэг байсантай адил зүйлсийг эрхэмлэн дээдэлдгээ хэрхэн харуулах талаар ярилцах явдал юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Ажигч гярхай бай. Хэрэв та хүүхдүүдийнхээ амьдралд юу болж байгаад анхаарал хандуулах юм бол зааж сургах сайхан боломжуудыг олж авах болно. Хүүхдүүдийн хэлсэн үг эсвэл тавьсан асуулт заах боломжийг мөн гаргаж өгч болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү.)

Зураг
Лихайн гэр бүл далайн эрэгт өвдөг сөгдөн сууж байгаа нь

Лихай болон түүний хүмүүс Шинэ Дэлхийд ирсэн нь, Кларк Кэлли Прайс

Хэвлэх