“8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16: ‘Агуу их баяслын баярт мэдээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“8-р сарын 31-ээс 9-р сарын 6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
8-р сарын 31-ээс 9-р сарын 6
Хиламан 13–16
“Агуу их баяслын баярт мэдээ”
Та энэ долоо хоногт төрсөн сэтгэгдлээ бичихдээ, таны судраас сурч мэдсэн бусад зүйл хэрхэн Хиламан 13–16 дээрх зарчмууд дээр үндэслэгдэж бас бататгагдаж байгааг бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Лемен үндэстэн Самуел Зарахемлад “баярт мэдээг” эхний удаа хуваалцах гэж оролдоход (Хиламан 13:7) хатуу зүрх сэтгэлтэй нифайчууд түүнийг эсэргүүцэн, хөөн зайлуулсан. Тэд зүрх сэтгэлээ тойруулан нэвтэлж болшгүй хана барьсан байсан нь Самуелын захиасыг хүлээн авахад нь саад болсон гэж хэлж болно. Самуел өөрийн гэрчилсэн захиасын ач холбогдлыг ойлгосон ба “Түүнийг дахин эргэн очиж, бошигло” (Хиламан 13:3) гэсэн Бурханы зарлигийг даган, итгэлээ харуулсан. Самуелын нэгэн адил бид ч гэсэн “Их Эзэний замыг бэлтгэ[ж]” (Хиламан 14:9), Түүний бошиглогчийг дагахыг хичээхдээ ханатай тулгардаг. Бид бас Самуелын адил “гарцаагүй ирэх” Есүс Христийг гэрчилж, бүх хүнийг “түүний нэрэнд итгэхэд” урьдаг (Хиламан 13:6; 14:13). Хүн бүр сонсохгүй төдийгүй зарим хүн биднийг илт эсэргүүцэх болно. Гэвч энэхүү захиаст Христэд итгэсэн хүмүүс энэ нь үнэхээр “агуу их баяслын баярт мэдээ” болохыг мэдэж авдаг (Хиламан 16:14).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан сэрэмжлүүлдэг.
Судруудад заримдаа бошиглогчдыг хэрэм эсвэл цамхаг дээрх аюулаас сэрэмжлүүлдэг харуултай зүйрлэдэг (Исаиа 62:6; Езекиел 33:1–7-г үзнэ үү).
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Зуун зууны туршид бошиглогчид хүмүүсийн өмнө байгаа аюул заналын талаар сэрэмжлүүлэх үүргээ биелүүлсээр ирсэн. Их Эзэний төлөөлөгчид амьдралын асуудлын хариултыг эрэлхийлж байгаа хүмүүст туслахын тулд тэднийг харж хамгаалах, сэрэмжлүүлэх, хүрч ажиллах үүрэг хүлээсэн байдаг” хэмээн заасан (“Бурхан залуур дээр байна,” Ensign, Nov. 2015, 25 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9).
Та Хиламан 13-ыг судалж, тунгаан бодохдоо Самуелын өгсөн олон сэрэмжлүүлгийг тэмдэглэ. Жишээ нь, тэр наманчлал, даруу байдал, эд баялгийн талаар юу гэж заасан бэ? Эдгээр сэрэмжлүүлэг танд ямар хамаатай вэ? Өнөө үеийн бошиглогчид саяхан ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Та эдгээр сэрэмжлүүлгийн дагуу юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
Их Эзэн наманчилдаг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг.
Анх Самуелыг Аврагчийн ирэх тухай баярт мэдээг хуваалцахаар нифайчууд руу илгээсэн (Хиламан 13:7-г үзнэ үү). Тэд түүнийг хүлээж аваагүй тул тэрээр Бурханы шүүлтийн тухай хатуу сэрэмжлүүлэхээр эргэн ирдэг. Гэхдээ тэдгээр сэрэмжлүүлэгт наманчлахыг урьсан нигүүлсэнгүй урилга үргэлж байдаг байсан. Тэдгээр урилгыг Хиламан 13–15-аас олж мэд (ялангуяа Хиламан 13:6, 11; 14:15–19; 15:7–8-ыг үзнэ үү). Эдгээр урилга танд ямар хамаатай вэ? Та эдгээр шүлгээс наманчлалын талаар юу мэдэж авч болох вэ? Наманчлалаас ирдэг Бурханы нигүүлслийг та хэзээ мэдэрсэн бэ?
Тэмдэг болон гайхамшгууд зүрх сэтгэлээ үл хатууруулагч хүмүүсийн итгэлийг хүчирхэгжүүлдэг.
Хиламан 14 дээр Аврагчийн төрсөн болон нас барсны тэмдгийг Их Эзэн өгсний учир шалтгааныг Самуел “та нар түүний нэрэнд итгэж болох тэрхүү зорилгын тулд” (Хиламан 14:12) хэмээн тайлбарласан. Та Хиламан 14-ийг судалж байхдаа, 1–8-р шүлэгт байх Аврагчийн төрөлтийн тэмдэг, 20–28-р шүлэгт байх Түүний нас баралтын тэмдгүүдэд анхаарлаа хандуул. Есүс Христийн төрснийг болон нас барсныг мэдэгдэхэд яагаад эдгээр тэмдгийг ашиглах нь үр дүнтэй арга байсан гэж та бодож байна вэ?
Их Эзэн Өөрт нь итгэхэд тань туслахын тулд өгсөн ямар нэгэн тэмдгийг та санаж байна уу? Жишээлбэл, бошиглогчид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө үзэгдэх тэмдгүүдийг зөгнөн хэлсэн (“Цаг хугацааны тэмдгүүд,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Тэдгээр тэмдгийн аль нэг нь өнөө үед биелсэн үү? Хүмүүсийг Есүс Христэд итгэлтэй болоход хөтөлдөг бусад тэмдэг илүү хувийн шинж чанартай, тийм ч сүр дуулиантай бус байж болно. Амьдралдаа Түүний нөлөөг харж байсан арга замаа цаг гарган тунгаан бод.
Хиламан 16:13–23 дээр тэмдгүүдийн талаар ямар анхааруулга өгсөн бэ? Та эдгээр шүлэгт өгүүлсэн хүмүүсийн хандлагаас хэрхэн зайлсхийж болох вэ?
Мөн Алма 30:43–52-ыг болон Роналд А.Расбандын хэлсэн “Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу” үгийг Ensign, Nov. 2017, 55–57 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 48–51-ээс үзнэ үү.
Бошиглогчийн зөвлөгөөг дагах нь намайг Их Эзэнд илүү их ойртуулдаг.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Бурханы бошиглогчийн үгийг залбирч судлан, түүний сүнслэг өдөөлтөөр ирсэн сургаалтай өөрийн хүслийг анхааралтай, тэвчээртэй, сүнслэгээр нийцүүлэх юм бол Их Эзэн Есүс Христэд итгэх бидний итгэл үргэлж өсдөг гэдгийг би амьдралаасаа олж мэдсэн билээ. Хэрэв бид түүний зөвлөгөөг үл тоомсорлож, өөрсдийгөө илүү дээр мэдлэгтэй гэж бодвол итгэл маань шаналж, мөнхийн хэтийн төлөв маань тодорхой бус болно” хэмээн заасан (“Бурханы бошиглогч,” Ensign, May 2018, 26–27 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31). Хиламан 16 дахь нифайчуудын үг, үйлдэл ахлагч Андэрсэны заасан зүйлийг хэрхэн бататгаж байна вэ? Та Их Эзэний бошиглогчдын болон тэдний захиасын талаар хувийн ямар амлалт авах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Хиламан 13:3–4
Хиламан 13:3–4 дэх Их Эзэний зарлигт үзүүлсэн Самуелын хандлага танай гэр бүлд хэрхэн сүнслэгээр нөлөөлдөг вэ? Энэ долоо хоногт та гэр бүлээрээ суралцахдаа, гэр бүлийн гишүүдээ “[тэдний] зүрх сэтгэлд өгсөн” сэтгэгдлүүдээсээ хуваалцахад урамшуулан дэмж.
Хиламан 13:38
Өнөө үед “алдсыг үйлдэж” аз жаргалыг олж болно гэсэн санаа түгээмэл тархсан байдаг. Сайн мэдээний дагуу амьдрах нь жинхэнэ аз жаргалыг ямар ямар арга замаар бидэнд авчирсан бэ?
Хиламан 15:3
Бурханы залруулга Түүний биднийг гэх хайрыг хэрхэн харуулдаг вэ? Сайжрахын тулд юу хийж болохоо Их Эзэнээс даруухнаар асуухад гэр бүлийнхнээ урь.
Хиламан 15:5–8
Бид эдгээр шүлэгт дүрсэлсэн леменчүүдийн хөрвөлтийн талаар юу мэдэж авч болох вэ? Бид хэрхэн тэдний жишээг дагаж болох вэ?
Хиламан 16:1–3
Лемен үндэстэн Самуелын түүхийг гэр бүлийнхэн тань жүжигчлэн үзүүлбэл тэдэнд таалагдах уу? Уг түүхийг уншаад, гэр бүлийн гишүүд ээлжлэн сандал гарч зогсон, Самуелын зарим бошиглолыг унших үед бусад нь нум сум харвах эсвэл чулуу шидэж байгаа дүр үзүүлж болно. Энэ нь гэр бүлийнхэнд тань Самуел болон нифайчуудад ямар санагдаж байсныг мэдрэхэд тусална. Бага насны хүүхдүүдэд уг түүхийг дүрслэн зурах таалагдаж магадгүй. Бид айж байсан ч хэрхэн Самуелын адил байж, бусадтай сайн мэдээг хуваалцаж болох вэ?
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.