“8-р сарын 24–30. Хиламан 7–12, ‘Их Эзэнийг сана,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“8-р сарын 24–30. Хиламан 7–12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
8-р сарын 24–30
Хиламан 7–12
“Их Эзэнийг сана”
Нифай, Лихай болон бусад хүн “өдөр бүр олон илчлэлт” авдаг байсан (Хиламан 11:23). Зөвхөн бошиглогчид биш, та ч гэсэн ойр ойрхон илчлэлт хүлээн авч болно. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь тогтмол илчлэлт хүлээн авахад танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Нифайн эцэг Хиламан “санагтун, санагтун” хэмээн хөвгүүддээ уриалсан. Тэр тэднийг эцэг өвгөдөө болон бошиглогчдын үгсийг, хамгийн чухал нь бүгд “Христ болох, бидний Гэтэлгэгчийг” санаасай гэж хүссэн (Хиламан 5:5–14-ийг үзнэ үү). Олон жилийн дараа Нифай яг энэ захиасыг хүмүүст “ядрахаа мэдэхгүй” тунхагласан учир үүнийг санаж байсан нь илт (Хиламан 10:4). “Та нар Бурханаа хэрхэн мартаж чадсан бэ?”(Хиламан 7:20) хэмээн тэрээр асуусан. Номлох, залбирах, гайхамшгуудыг үйлдэх, өлсгөлөнгийн үед Бурханаас гуйх гэх мэт Нифайн гаргасан бүх хичээл зүтгэл хүмүүсийг Бурханд хандаж, Түүнийг санахад туслах оролдлого байсан. Бурханыг мартах нь Түүнийг мэдэхгүй байхаас хамаагүй том асуудал бөгөөд “дэлхийн хоосон зүйлүүд” бидний оюун санааг төөрөгдүүлж, нүгэлд харанхуйлах үед Түүнийг мартах амархан байдаг (Хиламан 7:21 мөн Хиламан 12:2-ыг үзнэ үү). Гэхдээ Нифайн тохинуулалд харуулснаар, Түүнийг санаж мөн “Их Эзэн Бурханыхаа зүг эргэх”-д (Хиламан 7:17) хэзээ ч оройтдоггүй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бошиглогчид Бурханы тааллыг илчилдэг.
Мормоны Номд олон бошиглогч гардаг ч Хиламан 7–11 нь бошиглогч гэж хэн болох, юу хийдэг мөн бид түүний үгийг хэрхэн хүлээж авах ёстой болохыг сурч мэдэх хамгийн зохимжтой бүлгүүд юм. Та эдгээр бүлгийг уншиж байхдаа, Нифайн үйлдэл, бодол санаа мөн Их Эзэнтэй харилцах харилцаанд анхаарлаа хандуулаарай. Нифайн тохинуулал өнөө үеийн бошиглогчдын үүргийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ? Энд хэдэн жишээ авч үзье. Та өөр юу олж мэдсэн бэ?
-
Хиламан 7:17–22:Бошиглогчид наманчлалыг номлож, нүглийн үр дагаврын талаар сэрэмжлүүлдэг.
-
Хиламан 7:29; 9:21–36:Бошиглогчид хүмүүс юу сонсох хэрэгтэй байгааг Бурханаас ирэх илчлэлтээр мэддэг.
-
Хиламан 10:7:Бошиглогчдод газарт болон тэнгэрт лацдах хүч өгөгдсөн (мөн Матай 16:19; С ба Г 132:46-г үзнэ үү).
Эдгээр шүлэг амьд бошиглогчийн тухай таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэр бидэнд хамгийн сүүлд юу заасан бэ? Та түүний зөвлөгөөг сонсож, дагахын тулд юу хийж байна вэ?
Тэмдэг болон гайхамшгууд тус болдог ч бат бөх итгэлийг хөгжүүлэхэд хангалтгүй.
Хэрвээ тэмдгүүд эсвэл гайхамшгууд нь хүний зүрх сэтгэлийг өөрчлөхөд хангалттай байсан бол Хиламан 9 дээрх Нифайн өгүүлсэн гайхалтай тэмдгүүдийн ачаар бүх нифай үндэстэн хөрвөгдөх байсан. Гэтэл тэдний олон нь “зүрх сэтгэлээ хатууруулсан хэвээр байсан” (Хиламан 10:15) тул “хүмүүсийн дунд хагарал үүссэн” (Хиламан 10:1). Ёс бус хүмүүс тэмдэг, гайхамшгуудад ихэнхдээ ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? (Хиламан 10:12–15-ыг үзнэ үү; мөн 3 Нифай 2:1–2-ыг үзнэ үү). Яагаад тэмдгүүдийг гэрчлэлийнхээ суурь болгох нь аюултай вэ? (“Signs,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
Тунгаан бодох нь илчлэлтийг урьдаг.
Хэрэв та сэтгэлээр унаж, санаа зовж эсвэл төөрч будилах юм бол Хиламан 10:2–4 дээрх Нифайн жишээнээс чухал сургамж авч болно. Тэр “гутарсан” үедээ юу хийсэн бэ? (3-р шүлэг).
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Бид тунгаан бодсоноор Сүнсээр илчлэлт авдаг. Тунгаан бодох нь миний хувьд судрыг анхааралтай уншиж, судалсны дараа эргэцүүлэн бодож, залбирах явдал мөн” гэж заасан (“Сүнсээр үйлчлэх нь,” Ensign, Nov. 2010, 60 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64). Та тунгаан бодох дадал хэвшлийг өөртөө хэрхэн суулгаж болох вэ? Бурханы үгийг тогтмол тунгаан бодох нэг арга замын талаар Дэвин Ж.Дуррант ахын “Зүрх сэтгэл минь тэдгээрийг үргэлж тунгаадаг” захиасаас уншина уу (Ensign, Nov. 2015, 112–15 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106–109).
Мөн Сургаалт үгс 4:26; Лук 2:19; 1 Нифай 11:1; 2 Нифай 4:15–16; 3 Нифай 17:3; Моронай 10:3; С ба Г 88:62-ыг үзнэ үү.
Их Эзэн надаас Өөрийг нь санаасай гэж хүсдэг.
Цэдгийг хураангуйлж байсан Мормон өмнөх бүлгүүд дээрх Нифайн түүхээс бидний ойлгож авч болох зарим сургамжийг Хиламан 12-т нэгтгэн дүгнэсэн. Түүний дүгнэлтийг ашиглан, зүрх сэтгэлээ шинж. Мөн та Их Эзэнийг мартахад хүмүүсийг хүргэдэг Мормоны хэлсэн зүйлсийг жагсаан бичиж болно. Түүнийг санахад танд юу тусалдаг вэ? Та мэдэж авсан зүйл дээрээ үндэслэн ямар ямар өөрчлөлт хийх өдөөлтийг хүлээн авсан бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Хиламан 7–9
Нифайн хийж байсан болон бошиглогчдын өнөө үед хийдэг зүйлсийн хооронд ямар адил төстэй зүйл байгааг бид харж болох вэ? Өнөөдөр бидний бошиглогч юу зааж байгаа вэ? Бошиглогчийн саяхан өгсөн зөвлөгөөг сонгоод, үүнийг илүү сайн дагах арга замыг гэр бүлээрээ ярилцаж болно.
Хиламан 10:4–5, 11–12
Нифай өөрийн хүслээс илүү Их Эзэний хүслийг эрэлхийлсэн гэдгээ хэрхэн харуулсан бэ? Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ? Манай гэр бүл Их Эзэний хүслийг ямар ямар арга замаар илүү сайн эрэлхийлж болох вэ?
Хиламан 11:1–16
Нифай юу хүссэн бэ? Тэр хүссэн зүйлийнхээ төлөө юу хийсэн бэ? Бид Нифайн жишээнээс залбирлын талаар юу мэдэж авч болох вэ?
Хиламан 11:17–23
Хиламан 11:17–23-ээс бид Нифайн дүү Лихайн талаар юу мэдэж авдаг вэ? Нэр алдар, сайшаал магтаал хүлээн авалгүйгээр зөв шударга амьдардаг хэнийг бид мэддэг вэ?
Хиламан 12:1–6
Та гэр бүлийнхэндээ “тогтворгүй” гэсэн үгийн утгыг ойлгуулахад туслахын тулд ашиглаж болох үзүүлэнт хичээлийг бодож олж чадах уу? Жишээлбэл, та гэр бүлийн нэг гишүүнийг толгой дээрээ ямар нэг зүйлийг тэнцвэртэй тогтоож үзэхэд урьж болно. Дараа нь гэрийнхнийгээ Их Эзэнийг дагахдаа яагаад тогтворгүй байдаг учир шалтгааныг Хиламан 12:1–6-аас олж мэдэхэд урь. Бид сүнслэг байдлын хувьд хэрхэн тогтвортой хэвээр байж болох вэ?
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.