Би зүрх сэтгэлдээ тэдгээрийг үргэлж тунгаадаг
Би та нарыг Бурханы үгийг урт хугацааны турш, гүн гүнзгий тунгаан бодох сонголтыг хийгээсэй гэж чин сэтгэлээсээ залбирч байна.
Ажил мэргэжлийн хувьд би хөрөнгө оруулагч. Харин шүтлэг бишрэлийн хувьд би Бурханы Хүү, Есүс Христийн шавь юм.1 Би бизнесийнхээ үйл ажиллагаанд санхүүгийн үр дүнтэй зарчмуудыг баримталдаг. Би шүтлэг бишрэлийнхээ дагуу амьдрахдаа, намайг Аврагчтай илүү адилхан болоход тусалдаг сүнслэг зарчмуудыг дагахыг хичээдэг.
Урилга адислал авчирдаг
Би амьдралдаа хүртсэн хувийн олон шагналаа хэн нэгэн хүн намайг хэцүү үүрэг даалгавар биелүүлэхэд урьсны үр дүнд хүлээн авсан билээ. Үүнтэй уялдуулан би та нарын хүн нэг бүрийг хоёр зүйл хийхэд урих гэсэн юм. Эхнийх нь санхүүтэй холбоотой. Хоёр дахь нь сүнслэг байдалтай холбоотой юм. Хоёр урилгын алиныг нь ч хүлээн авсан үр ашгаас нь хүртэхийн тулд урт хугацааны турш хичээж зүтгэх шаардлагатай.
Эхний урилга
Эхний урилга нь маш энгийн. Би та нарыг долоо хоног бүр хадгаламжиндаа мөнгө хийхэд урьж байна. Хэр хэмжээний мөнгө хийх нь тийм ч чухал зүйл биш. Үүнийг та өөрөө шийд. Хадгаламжинд мөнгө хийх дадал хэвшилтэй болох нь хувь хүний тань хувьд ихээхэн ашиг тустай. Түүнээс гадна та хичээл зүтгэл гаргасныхаа үр дүнд бусдад санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжтой болох юм. Урт хугацааны турш багахан хэмжээний хүчин чармайлт гаргах нь асар их үр дүнд хүргэнэ.2 Зургаан сар, бүтэн жил, арван жил эсвэл түүнээс дээш хугацаанд долоо хоног бүр хадгаламжиндаа мөнгө хийх юм бол ямар эерэг үр дүнд хүрэхийг төсөөлөөд үз дээ.
Хоёр дахь урилга
Хоёр дахь нь эхнийхээсээ тэс өөр, илүү чухал урилга юм. Энэ нь долоо хоног бүр судрын нэг шүлгийн талаар “тунгаажлах”3 урилга юм. Тунгаажлах гэдэг үг толь бичигт байхгүй ч миний сэтгэл зүрхэнд чухал байр суурь эзэлдэг. Тэгэхлээр тунгаажлах гэдэг нь яг ямар утгатай вэ? Би энэ үгийн 80 хувь нь удаан тунгаан бодох, 20 хувь нь чээжлэх гэсэн утгатай гэж хэлэх дуртай.
Энэ үг нь хоёр хялбар алхмаас бүрдэнэ:
Нэгд, долоо хоног бүр судрын нэг шүлгийг сонгоод, өдөр бүр ил харагдах газар байрлуулна.
Хоёрт, өдрийн турш шүлгээ хэд хэдэн удаа уншин, үгийн ба чухал хэллэгийнх нь утга агуулгын талаар долоо хоногийн турш тунгаан бодно.
Үүнийг зургаан сар, бүтэн жил, 10 жил эсвэл түүнээс дээш хугацаанд хийвэл сүнслэг үр дүн нь ямар байхыг төсөөлөөд үз дээ.
Ийнхүү хичээл зүтгэл гаргаж байхдаа та оюун санаа тань илүү амар амгалан болж, сүнслэг байдал тань өсөн нэмэгдэж байгааг мэдэрнэ. Түүнээс гадна та хайрладаг хүмүүстээ утга учир бүхий арга замаар заан, дэмжин туслах боломжтой болох юм.
Та долоо хоног бүр тунгаажилж эхэлснээр, урьд нь усан дээгүүр амьсгалын гуурстай сэлэх дуртай байснаа, усан доогуур амьсгалах аппараттай шумбадаг болсон мэт санагдах болов уу. Энэ сонголтыг хийвэл сайн мэдээний талаар илүү гүнзгий ойлголттой болж, таны амьдрал сүнслэгээр харах шинэ өнцгөөр адислагдах болно.
Долоо хоног бүр сонгосон шүлгийнхээ талаар эргэцүүлэн бодох үед шүлгийн үг, хэллэгүүд таны зүрхэнд бичигдэнэ.4 Түүнчлэн үгс, үг хэллэгүүд нь оюун ухаанд тань мөн адил бичигдэх болно. Өөрөөр хэлбэл, чээжлэх явц амар, хялбар явагдаж байна гэсэн үг. Гэхдээ тунгаажлахын хамгийн гол зорилго бол таны бодолд урам зориг өгч, Их Эзэний Сүнстэй ойр байлгах тийм орон зайг үүсгэхэд оршиж байгаа юм.
Аврагч “Амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл”5 хэмээн хэлсэн байдаг. Тунгаажлах нь үүнийг хийх энгийн бөгөөд ойлгон сэнхрүүлэх арга юм.
Би Нифайг тунгаажлагч байсан гэж боддог. Тэрээр “Учир нь дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг [үргэлж] тунгаан, мөн хүүхдүүдийнхээ эрдэм хийгээд тусын тулд тэдгээрийг бичиглэх бөлгөө”6 хэмээн хэлсэн байдаг. Тэр судруудын талаар тунгаан бодож, бичиж байхдаа үр хүүхдүүдээ бодож байв. Оюун ухаанаа Бурханы үгсээр ямагт дүүргэхийг хичээх нь таны гэр бүлд ямар ач тустай вэ?
Миний судрын шүлэг
Саяхан би Алма 5:16 -гийн талаар тунгаажилсан юм. Уг шүлэгт “Би та нарт хэлнэ, та нар тэр өдөр: Адислагдсан та нар надад ирэгтүн, учир нь болгоогтун, газар дэлхийн гадаргуу дээрх та нарын үйлүүд зөв шударгын үйлс байлаа хэмээн та нарт хэлэх Их Эзэний дуу хоолойг сонсоно хэмээн өөрсдөдөө төсөөлж чадах уу?” гэсэн байлаа.
Долоо хоногийн эцэст миний ой тойнд Их Эзэний дуу хоолой “Адислагдсан та нар надад ирэгтүн, учир нь болгоогтун, та нарын үйлүүд зөв шударгын үйлс байлаа” (Алма 5:16) хэмээн хэлэхийг сонсож байна гэж төсөөлөөд үз дээ гэсэн үгс бичигдсэн байв.
Та нарын анзаарч байгаачлан, би уг шүлгийн үг бүрийг чээжлээгүй. Гэхдээ би уг шүлгийн гол чухал хэсгүүдийг, мөн тэдгээр хэсгийг хаанаас олж болох тухай дахин дахин тунгаан бодсон юм. Гэхдээ энэ үйл явцын хамгийн сайхан нь юу вэ гэвэл, бодолд маань илүү сайхан газар очих боломжтой байсан явдал юм. Долоо хоногийн турш Аврагч надад урмын үгс хэлж байгаагаар би төсөөлөн бодсон. Энэ дүр зураг миний зүрх сэтгэлийг хөндөн, “зөв шударгын үйлс” хийх хүсэл эрмэлзлийг надад төрүүлсэн юм. “Санаа бодол болгондоо [Христ] рүү хар[вал]”7 ийм зүйл болдог билээ.
Бид хариу тэмцэх ёстой
Та “Би яах гэж үүнийг хийх ёстой гэж?” хэмээн асууж магадгүй. Бид хилэнцэт үйлс хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед амьдарч байна гэж би хариулмаар байна. Бид одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, муу үгсийг сонсож, хаа сайгүй байх болсон нүгэлт дүр зургуудыг хараад, зүгээр сууж болохгүй. Бид энэ бүхний эсрэг тэмцэх ёстой. Тунгаажлах нь хилэнцэт нөлөөллийн эсрэг тэмцэх нэг арга юм. Бидний оюун ухаан өөдрөг бодол санаа, дүр зургаар дүүрэн байж, “үргэлж түүнийг санаж”8 байх юм бол энд бохир зүйлс, хог шороо орох зай үлдэхгүй.
Мормоны Номонд Есүс Христ бүх хүнийг “миний хэлсэн зүйлсийг эргэцүүл”9 хэмээн урьсан байдаг. Тунгаажлахыг хувийн болон гэр бүлийн судраас суралцах үйл ажиллагааг орлуулах биш, харин нэмэлт үйл ажиллагаа болгож хар. Тунгаажлах нь одоогийн сүнслэг хоол хүнсэн дээрээ бага багаар шингэх шинэ амин дэм нэмж байгаатай адил юм.
Үүнийг хийхэд маш хэцүү
“Тунгаажлах нь хийхэд маш хэцүү зүйл шиг надад сонсогдож байна” гэж та хэлж магадгүй. Бүү эмээ. Хэцүү зүйл нь сайн зүйл болж болно. Христ хичээл зүтгэлийнхээ үр дүнд адислагдана гэдгийг мэддэг байсан учраас биднийг олон хэцүү зүйл хийхэд урьдаг.10
Манай хөрш залуу тунгаажлах нэгэн энгийн арга олсон юм. Тэр долоо хоног бүрийнхээ судрыг утасныхаа дэлгэцэн дээр тавьдаг. Өөр нэгэн арга бол шүлгээ ах дүү, үр хүүхэд, эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцах явдал юм. Миний эхнэр Жулиа бид хоёр бие биендээ тусалдаг. Бид шүлгээ ням гараг бүр сонгодог. Эхнэр минь өөрийнхийгөө хөргөгчин дээрээ наадаг, харин би өөрийнхийгөө машин дотроо тавьдаг. Дараа нь бид шүлгүүдийнхээ талаарх бодол санаагаа долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хуваалцдаг. Үүнээс гадна бид шүлгүүдээ хүүхдүүдтэйгээ мөн хуваалцдаг. Ингэх нь тэдэнд Бурханы үгийн тухай бодол санаагаа бидэнтэй хуваалцахад илүү хялбар болгож байгаа юм шиг надад санагддаг.
Жулиа бид хоёр нэг онлайн бүлэгт буюу гэр бүлийн гишүүд, найз нөхөд, номлогчид судраа долоо хоног бүр хуваалцдаг, зарим үед үүнтэй холбоотой гэрчлэл, санал бодлоо хуваалцдаг тийм бүлэгт хамрагддаг. Бүлгийн нэг хэсэг байх нь бидэнд тууштай байхад тусалдаг. Дунд сургуульд явдаг охин маань хэсэг найзтайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба мессежийг ашиглан, судраа нэг нэгэнтэйгээ хуваалцдаг.
Өөр шашин шүтлэгтэй хүмүүсийг бүлэгтээ оруулахаас бүү татгалз. Тэд ч мөн адил сэтгэл санаагаа сэргээн, Бурхантай илүү ойртохыг хүсэж байгаа.
Энэ нь ямар ашиг тустай вэ?
Тэгэхлээр энэ нь ямар ашиг тустай вэ? Жулиа бид хоёр долоо хоног бүр нэг шүлгийг тунгаажилдаг болоод гурван жил гаруй болж байна. Эхлээд бид хоёр 20 жил ингэж хийе гэж төлөвлөсөн. Саяхан эхнэр маань “Чамайг судрыг долоо хоног бүр 20 жилийн турш тунгаажилья гэж анх урихад, би үүнийг сар хийж чадах болов уу даа гэж эргэлзэж байсан. Одоо харин надад ийм эргэлзээ байхгүй болсон. Долоо хоног бүр хөргөгчин дээрээ судрынхаа шүлгийг тавин, харах болгондоо тунгаажлах нь ийм зугаатай байна гэж би огт бодоогүй бөгөөд энэ нь миний сүнсийг сэргээдэг” гэж надад хэлсэн юм.
Зургаан долоо хоног тунгаажилсны дараа Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн нэг эгч, “Миний гэрчлэл хүчирхэгжсэн, … мөн би Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр дотно болсноо мэдэрсэн. … Бурханы үг хэрхэн намайг илүү сайн хүн болгон өөрчилж байгааг харахад надад сайхан байна” гэж хэлсэн билээ.
Өсвөр насны нэг найз маань: “Үнэхээр чухал зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд маань тусалдаг учраас би [тунгаажлах] боломжтой байгаадаа баяртай байдаг” гэж бичсэн юм.
Манай нэгэн номлогч: “Би 2014 оны 7-р сараас эхлэн долоо хоног бүр нэг шүлгийг тунгаажилж ирсэн бөгөөд ингэх нь надад маш их таалагддаг. … Эдгээр судар миний хувьд хэрэгтэй үед тусалдаг найз нөхдийн маань адил болсон” гэж хуваалцсан.
Миний хувьд долоо хоног бүр тунгаажилснаар Сүнсийг илүү бүрэн дүүрэн мэдэрдэг болсон. “Бодол санааг [минь] ариун журам зогсолтгүй чимэн гоё[сны]”11 үр дүнд судруудыг хайрлах хайр маань өсөн нэмэгдсэн билээ.
Нифайн хуваалцсан дараах урилга болоод агуу адислалын талаар бодоод үз: “Хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.”12 “Христийн үгнээс зоогло[хтой]” уялдуулан холбоход, тунгаажлах нь амттай хоолноос нэг халбагадаад, амтыг нь бүрэн мэдрэхийн тулд удаан, маш удаан зажлахтай адил юм.
Таны шүлэг юу вэ?
Та энэ сарын турш, долоо хоног бүр судрын нэг шүлгийг тунгаажлах уу? Энэ оныг дуустал үргэлжлүүлэх үү? Магадгүй олон жилээр үргэлжлүүлэн хийх үү? Жулиа бид хоёр Техасын Далласын аймшиггүй чин зоригт номлогчдыг бидэнтэй хамт 20 жилийн турш тунгаажлахад урьсан. Бид 17-хон жилийн дараа хамтдаа барианд хүрнэ. Дараа нь бид бодол санааг сэргээн, биднийг Христэд илүү ойртуулах шинэ зорилго тавина.
Та нар биднийг шалгахын тулд“Таны шүлэг юу вэ?” гэж асууж болно. Гэхдээ ийнхүү асуухдаа өөрийн судрыг бидэнтэй хуваалцахад бэлэн байгаарай гэдгийг хэлэх гэсэн юм. Хуваалцсанаараа бидний хүн нэг бүрд урам зориг өгөх билээ.
Ирэх хэдэн сар эсвэл хэдэн жилийн турш эсвэл бүр удаан хугацаанд долоо хоног бүр судрын нэг шүлгийг зүрх сэтгэл, оюун ухаандаа бичих нь таны болон таны гэр бүлийн амьдралыг хэрхэн өөрчлөхийг та төсөөлж чадах уу?
Есүс Христ бол бидний үлгэр жишээ
Есүс Христ багаасаа судрыг хайрлаж сурсан байж таараа. 12-хон насандаа ариун сүмд ухаант багш нартай чухал яриа өрнүүлэхийн тулд бага балчраасаа л судар уншин, тунгаан боддог байсан байх.13 Тэрээр номлолоо 30 насандаа14 эхлүүлсэн бөгөөд тохинууллынхаа эхэн үеэс эхлэн судраас үргэлж эш татдаг байсан.15 Тэгэхлээр Есүс номлолдоо бэлтгэхийн тулд судраас судалж, тунгаан бодоход наад зах нь 20 жилийг зарцуулсан гэвэл нэг их буруудахгүй байх гэж бодогдохгүй байна уу? Ирээдүйд гэр бүлдээ, мөн бусдад зааж адислах боломж гарахад сүнслэг байдлаараа бэлэн байхын тулд өнөөдрөөс эхлэн хийх ёстой зүйл танд байгаа юу?
Итгэлээ хөгжүүл, мөн хэрэгжүүл
Товчхон дүгнэхэд, та нар долоо хоног бүр хадгаламжиндаа мөнгө хийх шийдвэр гаргаасай хэмээн би хүсэж байна. Итгэлээ хөгжүүлэн, өөрөө өөрийгөө дэг журамтай байлгаж, дараа нь хэрэгжүүл. Түүнчлэн би та нарыг Бурханы үгийг долоо хоног бүр, урт хугацааны турш, гүн гүнзгий тунгаан бодох сонголтыг хийгээсэй гэж залбирч байна. Итгэлээ хөгжүүлэн, өөрөө өөрийгөө дэг журамтай байлгаж, дараа нь хэрэгжүүлцгээ.
Миний хоёр дахь, “бодгалийг аврах” урилгын ач тус нь “хадгаламжинд мөнгө хий” гэсэн эхний урилгын ач тусыг бодвол, дэлхийн хив хорхой болоод зэв идэж чадахааргүй,16 мөнхөд таных байх болно.
Ахлагч Д. Тодд Кристоффэрсон “Судрыг нягт нямбай, мөн төлөвлөн судал. Түүний талаар тунгаан бодож, залбир. Судрууд бол илчлэлт бөгөөд энэ нь бас нэмэлт илчлэлтийг авчрах болно”17 гэсэн тодорхой зөвлөгөө ба амлалтыг өгсөн.
Дүгнэлт
Та нар оюун ухаан, сэтгэл зүрхэндээ долоо хоног бүр судрын шүлгийг бичсэндээ хэзээ ч харамсахгүй гэдгийг би амлаж байна. Та нар сүнслэг зорилго, хамгаалалт, хүч чадлаа үргэлжлэн өсөн нэмэгдэхийг мэдрэх болно.
Есүс Христийн “Миний хийхийг харсан тэр зүйлүүдээ хий”18 гэсэн үгийг сана. Бид Түүний үгсийг амьдралдаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.