2010–2019
Таны хийх дараагийн алхам
Аравдугаар сар 2015


9:51

Таны хийх дараагийн алхам

Та нарыг хайрладаг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ та нарыг Өөрсдөд рүү нь дараагийн алхмаа хийхэд санаа тавин урьдаг. Бүү хүлээ. Одоо алхам хий.

Саяхан гайхалтай хожмын үеийн гэгээнтнүүдтэй уулзах үед миний сэтгэл гунигт автсан юм. “Хэн Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахыг хүсч байна?” гэж асуухад хүн бүр гараа өргөв. Дараа нь, “Энэ зорилгодоо хүрнэ гэсэн итгэлтэй хүн байна уу?” гэж асуухад харамсалтай нь мөн гайхмаар нь ихэнх нь гараа буулгав.

Бид одоо хэн байгаа болон хэн болохыг хүсч байгаа хоёрын хооронд зөрөө гарах үед бидний олон нь итгэл, найдвараа алдах уруу таталтад ордог.1

Учир нь “цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс [чадах]”2 болохоор Түүнтэй дахин хамт амьдрахын тулд бид нүглээсээ цэвэршигдэж,3 мөн ариусгагдсан байх хэрэгтэй.4 Хэрэв бид үүнийг ганцаараа хийх хэрэгтэй байсан бол хэн ч амжилтад хүрч чадахгүй байх байсан. Гэвч бид ганцаараа биш. Үнэндээ, бид хэзээ ч ганцаараа биш.

Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар бид тэнгэрлэг тусламжийг авч чадна.5 Аврагч “Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно.”6 хэмээн хэлсэн. Итгэлийг ашиглах үед итгэл өсдөг.

Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очих аялалд маань туслах гурван зарчмыг хамтдаа эргэцүүлэн бодож үзье.

Хүүхэд шиг бол

Манай отгон ач хүү эхний зарчмыг тод харуулдаг. Тэр мөлхөж, зогсож сурсныхаа дараа алхаж үзэхэд бэлэн болсон байв. Эхний хэдэн оролдлогоороо тэр унаж, уйлж, мөн “би дахиад хэзээ ч оролдохгүй! Би зүгээр л мөлхөх болно” гэсэн царай гаргасан юм.

Түүнийг бүдэрч, унах үед түүнийг хайрладаг аав, ээж хоёр нь түүнд найдвар байхгүй эсвэл тэр хэзээ ч алхахгүй гэж бодоогүй. Харин тэд түүнийг дуудан, гараа түүн рүү сунгаж байсан бөгөөд түүний хараа тэдэн дээр төвлөрч, тэдэнд тэврүүлэхийн тулд дахин оролдлого хийсэн юм.

Биднийг өчүүхэн ч гэсэн зөв шийдвэр гаргах үед эцэг, эхчүүд маань гараа сунгаж байдаг. Бидний олон удаагийн оролдлого өсөлт хөгжилт, амжилт руу хөтөлнө гэдгийг тэд мэддэг.

Бурханы хаант улсыг өвлөхийн тулд бид бяцхан хүүхэд адил болох ёстой хэмээн Аврагч заасан.7 Сүнслэг талаас авч үзвэл, нэг дэх зарчим бол бид хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлээ хийх явдал юм.8

Хүүхэдтэй адил даруу байдал, хүсэлтэйгээр Тэнгэр дэх Эцэгийг болон Аврагчийг чиглэн алхах юм бол унасан ч гэсэн найдвараа алдахгүй алхдаг. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг маань бидний итгэлийн алхам бүрд баясдаг ба хэрэв биднийг унавал дахиж босоод, дахин гаргаж буй хичээл зүтгэлд маань баясдаг.

Итгэлтэй үйлд

Хоёр дахь зарчмыг мөнхийн ханиа олох маш их хүсэлтэй хоёр итгэлтэй гэгээнтэн харуулдаг. Тэд хоёулаа залбиран, итгэл дүүрэн алхам хийсэн юм.

Оросын хожмын үеийн гэгээнтэн Юри ариун сүмд очихын тулд хол зам туулах золиослол хийн, мөнгө хадгалжээ. Галт тэргэнд байхдаа тэр гэрэлтсэн төрхтэй нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг анзаарсан бөгөөд сайн мэдээг түүнтэй хуваалцах ёстой гэсэн мэдрэмж түүнд төржээ. Юу хийхээ мэдэхгүй суухдаа тэр өөрийг нь анзаарах байх гэж найдан, Мормоны Номыг уншиж эхэлжээ.

Мариа хэмээх тэр эмэгтэй хожмын үеийн гэгээнтэн гэдгийг Юри мэдээгүй байв. Мариа ч бас Юриг Сүмийн гишүүн гэдгийг мэдээгүй ба түүнтэй сайн мэдээг хуваалц гэсэн өдөөлт мэдэрснийхээ дараа Мариа өөрийг нь анзаарна гэж найдан, Мормоны Ном уншиж эхлэв.

Юри, Мариа хоёр өөд өөдөөсөө харах үедээ нэг нэгнийхээ гарт байгаа Мормоны Номыг хараад гайхжээ. Мэдээж, бие биедээ дурласныхаа дараа тэд ариун сүмд лацдан холбогдсон. Өнөөдөр Оросын Воронежид амьдрадаг Юри, Мариа Кутепов хоёр мөнхийн гэр бүл болсон бөгөөд Орос дахь Сүмд томоохон хувь нэмэр оруулж байна.

Энд онцлох зүйл нь зөвхөн энэ хосын итгэлээр үйлдэх хүсэл биш юм. Энэ нь хоёр дахь зарчим буюу Их Эзэн итгэлээр үйлдэх хүслээс маань илүү их адислал өгдөгт оршино. Бид алхам хийх хүсэлтэйгээ тэнцэхүйц бус, харин үүнийг давахуйц адислалыг Их Эзэнээс авдаг.

Тэнгэрлэг Эцэг болон бидний Аврагч биднийг адислахыг хүсэн хүлээж байдаг. Тэд бидэнд өгөх адислалынхаа аравны нэгийг эргүүлэн өгөөсэй хэмээн хүсдэг ба тэнгэрийн цонхнууд нээгдэнэ хэмээн амладаг!9

Бид Есүс Христэд итгэлтэй мөн хүсэлтэйгээр үйлдэж, нэг алхам хийх, ялангуяа өөрчлөлт эсвэл наманчлалыг шаардсан амар биш алхмыг хийх бүрдээ хүч чадлаар адислагддаг.10

Аврагч биднийг дараагийн алхмууд руу болон алхах үйл явцад биднийг удирдан чиглүүлнэ гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид үргэлжлүүлэн хичээж, наманчилж, Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэж урагш тэмүүлэх хүсэлтэй байх аваас өөрсдийн маань хүчин чармайлтаас давсан Түүний хүчийг авах болно.

Сүнслэг бэлгүүд нь Бурханыг хайрлаж, Түүний бүх зарлигийг сахидаг хүмүүст төдийгүй “түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг”11 бидний хүн нэг бүрд бас амлагдсан байдаг. Эрэлхийлж, хичээсээр байгаа хүмүүст хүч чадал өгөгддөг.

Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очих замыг тэмдэглэх долоо хоног тутмын хоёр чухал тэмдэглэгээ нь ариун ёслолын болон Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих гэсэн тасралтгүй үргэлжлэх гэрээний ёслолууд юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн ерөнхий чуулган дээр Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэнээс бидэнд өгч байгаа бэлэг гэж заасан. Бидний Хүндэтгэлийн өдрийг долоо хоног бүр ариунаар сахиж байгаа байдал нь Их Эзэнд хайртайгаа харуулж байгаа тэмдэг юм.12

Хүндэтгэлийн өдөр бүр бид өөрсөд дээрээ Түүний нэрийг авч, Түүнийг үргэлж дурсан санан, Түүний зарлигуудыг сахих хүсэлтэй байгаагаа гэрчилдэг.13 Бидний наманчлагч зүрхний болон амлалтын хариуд Их Эзэн амлагдсан нүглийн ангижралыг шинэчилж мөн “Түүний Сүнсийг үргэлж хамт байлгах” боломжийг бидэнд олгодог.14 Ариун Сүнсний нөлөө нь биднийг сайжруулж, хүчирхэгжүүлж, зааж, удирддаг.

Хүндэтгэлийн өдөр бүр Түүнийг санан дурсахдаа бид энэ хоёр чухал тэмдэглэгээгээр дамжуулан зүрх сэтгэлээ Аврагчид хандуулбал бид хүчин чармайлтаасаа давсан Түүний амлагдсан адислалуудыг авах болно. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар дэлхийн бүрэн байдал биднийх болно гэсэн амлалт бидэнд өгөгдсөн.15

Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих зам нь Их Эзэний өргөө рүү хөтөлдөг бөгөөд тэнд бид өөрсдийнхөө болон нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө авралын ёслолуудыг хүлээн авдаг. Ерөнхийлөгч Боид К.Пакэр ёслол, гэрээнүүд нь Бурханы оршихуйд орох бидний зөвшөөрөл болдог хэмээн заасан.16 Бидний хүн нэг бүр үйлчлэхийн тулд үргэлж ариун сүмийн эрхийн бичиг атгахуйц зохистой байж мөн үүнийгээ тогтмол ашиглах болтугай хэмээн би залбирч байна.

Эгэл хүмүүнээ орхи

Гурав дахь зарчим нь бид хойшлуулах, орхих эсвэл бууж өгөх хандлагатай эгэл хүний хүний шинж чанарын эсрэг зогсох хэрэгтэй17 гэсэн зарчим юм.

Бид гэрээний зам дээр өсөж хөгжихдөө алдаа гаргах бөгөөд зарим алдааг олон удаа гаргах болно. Бидний зарим нь даван туулж чадахгүй мэт зан авир, донтолттой тэмцдэг. Гэхдээ Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь үйлдэл болоод хүч чадлын зарчим юм.18 Хэрэв бид үйлдэх хүсэлтэй байвал наманчилж, өөрчлөгдөх хүч чадлаар адислагдах болно.

Бид урагшаа итгэлийн алхам хийхээ больсон үед л бүтэлгүйтэх болно. Бид дэлхийн Аврагчийн буулгыг итгэлтэй авах юм бол хэзээ ч бүтэлгүйтэхгүй мөн бүтэлгүйтэж болохгүй. Тэрээр хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй!

Амлагдсан адислалууд

Итгэл дүүрэн алхам бүрийнхээ төлөө бид тэнгэрээс тусламж авна гэдгийг би амлаж байна. Биднийг Тэнгэрлэг Эцэгтээ залбирч, Аврагчид найдан, Түүнийг дагаж, Ариун Сүнсийг сонсох үед удирдамж ирэх болно. Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар хүч чадал ирэх болно.19 Бурханы ач ивээлийн ачаар эдгээлт, өршөөл ирэх болно.20 Их Эзэний бидэнд зориулсан цаг хугацаанд найдсанаар мэргэн ухаан, тэвчээр ирэх болно. Бурханы амьд бошиглогч ерөнхийлөгч Томас С. Монсоныг дагаснаар хамгаалалт ирэх болно.

Та нар “баясгалантай байж болохын тулд”21 бүтээгдсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа зохистой буцаж очин мөн Тэдний сунгасан мутар руу алхах үед баяр баясал мэдрэх болно.

Би эдгээр туйлын үнэнийг гэрчилж байна. Та нарыг хайрладаг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ амьд. Тэд та нарыг мэддэг. Тэд та нарт хайртай. Тэд та нарыг Өөрсдөд рүү нь дараагийн алхмаа хийхэд санаа тавин урьдаг. Бүү хүлээ. Одоо алхам хий. Есүс Христийн ариун нэрээр, амен.