2010–2019
Бид энд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр ирсэн
Аравдугаар сар 2015


11:26

Бид энд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр ирсэн

Бид Их Эзэн, Есүс Христийн зүрх зоригтой элчийн хувьд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхийг сонгох боломжтой.

Бид видео бичлэг дээр гарсан Лизатай адил өөрөө зовж зүдэрч байгаа ч гэсэн сэтгэл зүрх нь цэвэр ариун, Их Эзэнээ хайрладаг, итгэлтэй эмэгтэйчүүдтэй энд хамт байгаадаа маш их баяртай байна. Лизагийн түүх нь бид бие биенээ хайрлан, нэг нэгнийхээ дотоод гоо сайхныг олж харж байх ёстой гэдгийг надад сануулдаг. Аврагч “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун”1 хэмээн заадаг. Бид 8 эсвэл 108 настай байна уу ялгаагүй, бидний хүн нэг бүр “[Түүний] нүдэнд үнэтэй.”2 Тэр бидэнд хайртай. Бид Бурханы охид мөн Сионы эгч нар билээ. Бидэнд бурханлаг зан чанар байдаг бөгөөд бидний хүн нэг бүрд хийвэл зохих эрхэм ажил байгаа.

Энэ зун би хэдэн охинтой нэгэн сайхан залуу ээж дээр зочилсон юм. Тэр эмэгтэй манай залуу эмэгтэйчүүдэд өөрсдийн үнэ цэнийг мэдрэхэд нь туслах ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодож явдгаа надтай хуваалцсан юм. Тэрээр бид мөнх бус амьдралд ирсэн бурханлаг зорилгынхоо дагуу үйлдэх юм бол хувь хүнийхээ төдийгүй мөнхийн үнэ цэнээ олох боломжтой гэдгийг мэддэг байв. Өнөө орой энэхүү үзэсгэлтэй, гайхалтай найрал дуучид дөнгөж сая бидэнд зорилгыг маань заасан үгс бүхий дууг дуулж өглөө. Бид сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулахдаа ч, бүр айж, цөхөрсөн үедээ ч гэсэн зүрх зоригтой байдаг. Бид энд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр ирсэн.3 Эгч нар аа, энэ үйл хэрэг дэх бидний үнэ цэнэ агуу бөгөөд бидний оролцоо тун шаардлагатай байна.

Бидний үйлчилдэг зөв шударга үйл хэрэг нь Христийнх бөгөөд энэ нь авралын ажил юм.4 Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө”5 хэмээн заасан. Есүс Христийн сүв бүрээсээ цус шүүрүүлэн, зовж шаналсан, мөн төгс хайраар амиа өгсөн шалтгаан нь бид билээ. Түүний үйл хэрэг бол сайн мэдээ, “баярт мэдээнүүд бөлгөө … Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө; бүгд түүгээр дамжин бүгдээрээ аврагдах”6 болно. Бидний Аврагч “замыг тэмдэглэн, заасан”7. Бид Түүний үлгэр жишээг даган, Бурханыг хайрлаж, нэг нэгэндээ эелдэг, сайхан сэтгэлээр үйлчлэх юм бол бид “эцсийн өдөр Бурханы өмнө буруугүй,”8 цэвэр ариун зогсох болно гэдгийг би гэрчилж байна. Бид Эцэг, Хүү хоёртой нэг болохын тулд Их Эзэний зөв шударга үйл хэрэгт үйлчлэхээр сонголтоо хийдэг.9

Бошиглогч Мормон “бид буруушаалтын дор аваачигдах болно; учир нь бид бүх зөв шударгын дайсныг ялж, мөн өөрсдийн бодгалийг Бурханы хаант улсад амрааж болохын тулд энэ махбодийн асарт байхдаа гүйцэтгэх хөдөлмөр бидэнд байна”10 хэмээн зоригтой тунхагласан байдаг. Сүмийн анхны удирдагчид болон анхдагчид баатарлаг зоригтой, итгэл төгс байж, сэргээгдсэн сайн мэдээг тохинуулан, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх ариун сүмүүдийг барихаар урагш тэмүүлсэн юм. Өнөөдрийн анхдагчид болох бид “хүмүүний бодгалиудын авралын төлөө [Их Эзэний] талбайд хөдөлмөрлөхийн тулд”11 хичээнгүйлэн зүтгэж байна. Үүнээс гадна ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Бүхнийг Чадагчийн хувьд Өөрийн эрхэм сайхан ажлыг … зүрх сэтгэл нь ертөнцийн Гэтэлгэгчийг хайрлах хайраар дүүрэн хүмүүсийн амь биеэ үл хайрлан хийх [үйлчлэлээр] дамжуулан хийх аваас бидний ирээдүй ямар гайхалтай байхсан билээ”12 хэмээн заасан байдаг. Бид авралын ажилд нэгдсэнээр өнгөрсөн үеийн болон одоогийн, мөн өсөж буй залуу үеийн итгэлтэй эгч нартайгаа нэгддэг билээ!

Бид төрөхөөсөө өмнө “мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж энэ дэлхийд амьдрах”13 Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэхүү мөнх бус байдлын өмнөх гэрээний талаар ахлагч Жон А.Видцөү: “Бид яг тэр үед зөвхөн өөрийн бус харин … бүх хүмүүний гэр бүлийн аврагчид болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Бид Их Эзэний хамтрагчид болсон. Тэр үед төлөвлөгөөг биелүүлэх ажил нь зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Аврагчийнх бус, харин бидний ч ажил бас болсон юм. Бидний цөөн хэд нь, хамгийн даруухан тэдгээр нь, авралын төлөвлөгөөний мөнхийн зорилгыг биелүүлэхийн тулд Бүхнийг Чадагчтай хамтран ажилладаг”14 хэмээн тайлбарлажээ.

Бид энэхүү мөнх бус амьдралдаа Аврагчид үйлчлэн, авралын ажил хийх гэрээнд дахин орсон билээ. Бид ариун санваарын ёслолуудад оролцсоноороо зүрх сэтгэл, боломж бололцоо, оюун санаа хийгээд хүч чадлаараа Бурханд үйлчлэх амлалт өгдөг.15 Бидний хичээл зүтгэлийг удирдан чиглүүлэх Ариун Сүнсийг хүлээн авч, Түүний сүнслэг өдөөлтийг эрэлхийлдэг билээ. Бурхан биднээс юу хүсэж байгааг ойлгон үүний дагуу биднийг үйлдэх үед зөв шударга байдал дэлхийд түгдэг.

Автобусны зогсоол дээр зогсож байхдаа найздаа чи надтай хамт сүмд очиж, Есүсийн тухай мэдэх хэрэгтэй гэж хэлсэн Хүүхдийн хэсгийн хүүхдийг би танина.

Би Залуу эмэгтэйчүүдийн ангийн охид гар гараасаа барилцан, нэг нэгэндээ үйлчлэхээр амлахыг, дараа нь донтолтын асуудалтай нэг охиндоо туслах тохиромжтой арга замыг төлөвлөж байхыг харж байсан.

Би үр хүүхдүүдээ Хиламаны хөвгүүд шиг сорилт, уруу таталт, саад бэрхшээлийг итгэл дүүрэн, зоригтой давж гардаг болгохын тулд сайн мэдээний зарчмуудыг заахад бүх цаг зав, авьяас чадвар, эрч хүчээ зориулж байгаа залуу ээжүүдийг харж байсан.

Гэхдээ ганц бие эгч цэвэр ариун гэрчлэлийнхээ гал цогоор, бид бүхний хийж чадах хамгийн чухал ажил бол гэрлэлт, гэр бүл болоход бэлтгэх явдал гэж тунхаглахыг сонссон маань миний сонсож байсан хамгийн даруухан үгс байж магадгүй. Хэдийгээр тэр гэрлэж, гэр бүлтэй болж чадаагүй ч, гэр бүл бол авралын ажлын зүрх нь гэдгийг мэдэж байсан. “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг.”16 Бид эдгээр харилцаагаа гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр хүчирхэгжүүлснээр Бурханаа алдаршуулж, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөнд үнэнч үлдэх болно. Цаг нь болоход бид Их Эзэний өргөөнд ариун нандин гэрээ хийн, үүнийгээ үүрд мөнхөд сахихад бэлэн болж, цэвэр нандин, ариун журамтай амьдрахыг сонгодог.

Бидний амьдралд сайн, муу янз бүрийн л юм тохиолдоно. Гэхдээ сургууль, ажил дээр, хамт олон дунд, ялангуяа гэр орондоо бид Их Эзэний төлөөлөгчид мөн Түүний даалгаврыг биелүүлэгчид байдаг билээ.

Авралын ажлыг хийж байхад бусдыг харьцуулж, шүүмжлэх эсвэл буруушаах ёсгүй. Энэ ажил нь нас, туршлага заах эсвэл олон нийтийн сайшаал магтаалыг хүртэхийн тулд хийдэг ажил биш юм. Энэ ариун ажил нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр өөрсдийн бурханлаг бэлэг, онцгой авьяасыг ашиглан Их Эзэний арга замаар Түүний ажлыг хийх явдал мөн. Мөн энэ нь өвдөг сөгдөн, “Эцэг минь, … Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”17 гэж хэлэх даруусал юм.

Бид Их Эзэний хүч чадлаар “бүх зүйлийг хийж чадна.”18 Бид залбирлаараа болон судруудаас мөн Ариун Сүнсний шивнээнээс Түүний удирдамжийг байнга эрэлхийлдэг. Барагдашгүй их даалгавар хүлээн авсан нэгэн эгч “Заримдаа би Сүмийн түүхийн эхэн үеийн эгч нар бидэн шиг орой дэрэн дээрээ толгойгоо тавихдаа, ‘Маргааш юу ч болсон бай, Та надад үүнийг даван гарахад туслаач?’ гэж залбирдаг байсан болов уу гэж гайхан боддог” гээд, “Бидэнд өгөгдсөн адислалуудын нэг бол бид бие биендээ тусалж, энэ үйл хэрэгт хамтдаа зүтгэж байгаа маань юм!”19 гэж бичжээ. Бидний нөхцөл байдал ямар байгаа, мөн бид авралын замын чухам хаана явж байгаа гэдгээс үл хамааран Аврагчид өгсөн амлалтаараа нэгдмэл юм. Бид Түүнд үйлчлэхэд нэг нэгнээ урамшуулан дэмждэг.

Элла Хоскинс Хувийн хөгжил дэвшил хөтөлбөр дээрээ ажиллаж дуусгав

Саяхан та нар 100 настай Элла Хоскинс эгч тойргийнхоо залуу эмэгтэйчүүдэд Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрт нь туслахаар дуудагдсан тухай уншсан байх.20 Бараг 2 жилийн дараа, 102-той байхдаа Хоскинс эгч Залуу эмэгтэйчүүдийн батламжийн шагналаа хүлээн авсан юм. Залуу эмэгтэйчүүд, тойрог, гадасны Залуу эмэгтэйчүүдийн болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн, мөн гэр бүлийн гишүүд нь хамтдаа цугларч, түүний энэ амжилтыг тэмдэглэжээ. Итгэлтэй үйлчлэл хүний нас, ажил алба, гэрлэлтийн байдлаар хязгаарлагдахаа больсон билээ. Залуу эмэгтэйчүүд Хоскинс эгчийн заасан хичээл, зөв шударга үлгэр жишээнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэд түүнтэй адил болохыг хүсэж байв. Үүний дараа би Хоскинс эгчээс “Та яаж үүнийг хийсэн бэ?” гэж асуухад,

тэр даруй “Би өдөр бүр наманчилдаг” гэж хариулж билээ.

Их Эзэний Сүнсээр дүүрч, ариухнаар гэрэлтсэн, номхон дөлгөөн тэр эмэгтэйгээс би ариун журмын гэрлийг цацруулан, Аврагчтай хамт байж, бусдыг адислахын тулд бид цэвэр ариун байх ёстой гэдгийг дахин ухаарсан юм. Бид бурханлаг бус зүйлээс татгалзан, Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, чадлаар хайрлах аваас цэвэр ариун болох боломжтой.21 Төлөөлөгч Паул: “Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн”22 хэмээн заасан. Бидний хэн нь ч төгс төгөлдөр биш. Гэхдээ бид “[Христийн] нэрийг зүрх сэтгэлдээ үргэлж бичээстэй нь хадгалахын”23 тулд наманчилдаг. Бид Их Эзэний нэрээр, зүрх сэтгэлийн цэвэр ариун байдлаар үйлчлэх аваас Аврагчийн хайрыг ойлгон цацруулж, тэнгэрийн гялбааг бусдад түгээх болно.

Бид Их Эзэн, Есүс Христийн зүрх зоригтой элчийн хувьд зөв шударга үйл хэрэгт үйлчлэхийг сонгох боломжтой. Бүгдээрээ хамтдаа нэгдэн зогсож, “зүрх сэтгэлдээ дуу хууртай урагш алхлан, сайн мэдээний дагуу амьдарч, Их Эзэнийг хайрлаж, [Түүний] хаант улсыг байгуулцгаая.”24 Бид энэ гайхамшигт ажлыг хийснээр, Бурханы цэвэр хайр гэж юу болохыг мэдэж авна гэдгийг би гэрчилж байна. Бид жинхэнэ баяр баяслыг хүлээн авч, мөнхийн бүх алдар сууг олж чадна. Есүс Христийн ариун нэрээр, амен.