2010–2019
“Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон”
Аравдугаар сар 2015


16:54

“Миний нэрийг гэрчлэхээр сонгогдсон”

Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн удирдах албан тушаалд үйлчилж байгаа ахмад эрэгтэйчүүд сүнслэг байдал болоод шүүн тунгаах байдлаараа төлөвшсөн хүмүүс байгаа нь яагаад гайхамшигтай хэрэг вэ.

1996 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үндэсний телевизийн 60 минут нэртэй мэдээний хөтөлбөрт оролцсон юм. Майк Уоллэс гэдэг нэгэн туршлагатай, мятаршгүй сэтгүүлч ерөнхийлөгч Хинклигээс хэд хэдэн чухал сэдвээр асуулт тавьж, ярилцлага авчээ.

Ярилцлагынхаа төгсгөлд ноён Уоллэс “‘Энэ Сүмийг өндөр настай хүмүүс удирддаг. Энд геронтокраси ноёрхдог’ гэж хэлэх хүмүүс байдаг” хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Хинкли ямар ч эргэлзээгүйгээр, хөгжилтэй гэгч нь “Цаг хугацаа, туршлагын хувьд төлөвшсөн, аливаа номлолын салхинд туугддаггүй хүн байгаа нь гайхалтай биш гэж үү?” хэмээн хариулжээ. (1996 оны 4-р сарын 7-нд болсон нэвтрүүлэг).

Миний хэлэх үгийн зорилго бол Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн удирдах албан тушаалд үйлчилж байгаа ахмад эрэгтэйчүүд сүнслэг байдал болоод шүүн тунгаах байдлаараа төлөвшсөн хүнээр удирдуулах нь яагаад гайхамшигтай хэрэг болохыг мөн яагаад бид Их Эзэний “[Түүний] нэрийг гэрчилж … бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст … сонгосон” (С ба Г 112:1) эдгээр хүний заасан зүйлсийг “анхааран сонсох” (Moзая 2:9) ёстойг тайлбарлах явдал юм.

Бид энэхүү чухал ач холбогдолтой сэдвийг эргэцүүлэн бодож байхдаа Ариун Сүнсээр зааварлагдах болтугай хэмээн залбирч байна.

Амьдралын туршид сурсан нэгэн сургамж

Би энэ сэдвийг маргашгүй өвөрмөц талаас нь ярина. Би сүүлийн арваннэгэн жилийн хугацаанд он дарааллын хувьд Арванхоёрын чуулгад хамгийн залуу нь байлаа. Намайг үйлчилж байх хугацаанд Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулгад үйлчилж буй хүмүүсийн дундаж нас далан долоо байсан бөгөөд энэ эрин үе дэх энэхүү арваннэгэн жил нь төлөөлөгчдийн дундаж насны хамгийн ахмад үе байлаа.

Надтай хамт үйлчилсэн чуулгын гишүүдийнхээ бошиглолын, хувийн, мэргэжлийн туршлага болоод саруул ухаанаар би адислагдсан. Ахлагч Робэрт Д.Хэйлстэй хамтран ажилласан минь эдгээр удирдагчаас суралцан, хамт үйлчилсэн гайхамшигтай боломжуудын нэг жишээг онцлон харуулдаг.

Хэдэн жилийн өмнө би ахлагч Хэйлсийг хүнд өвчнөөсөө эдгэрээд гэртээ байхад нь нэгэн ням гаргийн өдрийг түүнтэй хамт өнгөрүүлсэн билээ. Бид гэр бүл, чуулгынхаа гишүүдийн үүрэг хариуцлагын талаар болон чухал туршлагуудын талаар ярилцсан.

Би ахлагч Хэйлсээс “Та маш сайн нөхөр, эцэг, тамирчин, онгоцны нисгэгч, бизнес эрхлэгч бас Сүмийн удирдагч хүн. Та нас ахиж, бие махбодын чадвар буурсаар байгаа үедээ ямар сургамж авч байсан бэ?” гэж асуусан юм.

Ахлагч Хэйлс хэсэг хугацаанд бодолхийлснээ,“Та үргэлж хийдэг байсан зүйлсээ хийж чадахгүй болохоороо зөвхөн хамгийн чухал зүйлийг л хийдэг юм байна” гэж хариулсан.

Түүний энгийн бөгөөд тун ойлгомжтой хариулт надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Миний хайртай төлөөлөгч хамтрагч маань амьдралынхаа туршид сурсан, бие махбодын шаналал болоод сүнслэг байдлын эрэл хайгуулын хүнд хэцүү сорилтын дундуур олж авсан сургамжаа хуваалцсан.

Хүмүүний хязгаарлагдмал ба сул дорой байдал

Хүний нас ахихын хэрээр ирдэг төрөлхийн үр дагавар болох хязгаарлагдмал байдал нь сүнслэг байдлын хувьд суралцах, гүн ойлголт авах гайхамшигтай эх сурвалж болдог. Олон хүний хувьд эдгээр үйлчлэгчийн үр бүтээмжийг хязгаарладаг хэмээн итгэдэг чухамхүү тэдгээр хүчин зүйл харин тэдний агуу хүч чадал нь болж байдаг. Бие махбодын хязгаарлагдмал байдал алсын харааг тэлж чадна. Олон зүйлийг хийх чадваргүй байх нь хамгийн их ач холбогдол бүхий цөөн хэдэн зүйлд бидний анхаарлыг чиглүүлдэг.

Зарим хүн манай өнөөгийн дэлхийн ноцтой бэрхшээл асуудлыг илүү үр дүнтэй авч хэлэлцэх илүү залуу, эрчтэй удирдагчид Сүмд хэрэгтэй гэсэн санааг хэлдэг. Гэхдээ Их Эзэн Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд эдүгээ цагийн философийг болон удирдлагын туршлагыг ашигладаггүй юм (Исаиа 55:8–9 -ийг үзнэ үү). Бид Сүмийн ерөнхийлөгч, бусад ахмад удирдагчийг илүү ахмад, сүнслэг байдлын хувьд хашир хүмүүс байх болно хэмээн үзэж болно.

Их Эзэний илчилсэн Өөрийн Сүмийг зөвлөлөөр удирдах загвар нь хүмүүний сул дорой байдлын төлөө өгөгдсөн бөгөөд тэрхүү сул дорой байдлын үр нөлөөг сарниулдаг. Эдгээр хүний мөнх бус хязгаарлагдмал байдал үнэндээ тэдэнд ирдэг мөн тэднээр дамжин ирдэг илчлэлтүүдийн тэнгэрлэг эх сурвалжийг баталж өгдөг. Үнэхээр энэ хүмүүс бошиглолоор Бурханаас дуудагддаг (Итгэлийн тунхаг 1:5 -ыг үзнэ үү).

Бэлтгэлийн нэгэн загвар

Сүмийн удирдах албанд төлөвшсөн бөгөөд шүүн тунгаах илүү настай эрэгтэйчүүдийг байлгах Их Эзэний зорилгын нэгээхэн хэсэг ах нарт маань байгааг би ажиглаж мэдсэн юм. Эдгээр хүн өөрсдийн төлөөлдөг, үйлчилдэг, хайрладаг Их Эзэнээр удаан хугацаанд заалгуулсан байдаг. Тэд Ариун Сүнсний тэнгэрлэг хэлийг болон илчлэлт хүлээн авах Их Эзэний загварыг ойлгоход суралцсан байдаг. Эдгээр жирийн эрэгтэй алсыг харах хараагаа хурцлах, үзэл ойлголтод нь нөлөөлөх, бүх үндэстэнд болон бүхий л нөхцөлд байдалд байгаа хүмүүсийг хайрлах хайраа хүргэх, Сэргээлтийн бодит байдлыг нотлон батлах өсөлт хөгжлийн хамгийн ер бусын онцгой үйл явцыг туулсан юм.

Ах нар маань өөрсдийн бие махбодын ноцтой асуудалтай тэмцэхийн зэрэгцээ үүргээ гүйцэтгэж, эрхэмлэн биелүүлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэж байдгийг би ахин дахин гэрчилсэн билээ. Энэ хүмүүс зовлонгоос чөлөөлөгдөөгүй. Харин зовж, шаналж байхдаа зоригтой урагшлахын тулд адислагдан, хүчирхэгжиж байсан.

Би Их Эзэний эдгээр төлөөлөгчтэй хамтдаа үйлчилж байхдаа тэдний хамгийн агуу хүсэл бол бидний Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний Хайрт Хүүгийн хүслийг ялган таних, үүний дагуу үйлдэх явдал байсан гэдгийг мэдэж авсан юм. Ах нартайгаа зөвлөлдөж байхад хүмүүний оюун, тайлбар, туршлагаас хавьгүй хол давж харсан, гэрэл, үнэнийг тусгасан сүнслэг өдөөлтийг хүлээн авч, шийдвэр гаргаж байсан. Будилаантай асуудал дээр нэгдмэл байдлаар ажиллах, асуудалд хамтын ойлголтоор хандах зэрэг нь Ариун Сүнсний хүчээр гайхамшигтай арга замаар тод томруун болж байсан.

Би удирдагчдын хувь хүний мөн чанар, чадавх чадамж, даруу зан төлөвийг өдөр болгон харж ажиглах боломжоор адислагдсан. Зарим хүн ах нарын маань хүмүүний сул талыг түвэгтэй, итгэл сулруулах зүйл гэж үздэг. Миний хувьд ийм төгс биш байдал нь урам дэм өгч, итгэлийг хүчирхэгжүүлдэг.

Өөр нэгэн сургамж

Би одоогоор ерөнхийлөгч Жэймс И.Фауст, ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, ахлагч Жозеф Б.Вөртлин, ахлагч Л.Том Пэрри, ерөнхийлөгч Боид К.Пакэр, ахлагч Ричард Г.Скотт нарын зургаан ахыг сүнсний дэлхийд хүлээн авах шинэ үүрэг рүүгээ бие махбодын үхлээр дамжуулан шилжихийг харлаа.

Эдгээр зоригтой ах Есүс Христийн нэрийг дэлхий дахинаа гэрчлэхийн тулд “бүхэл бодгалиа” (Омнаи 1:26) зориулсан билээ. Тэдний заасан зүйл бүхэлдээ үнэлж баршгүй юм.

Эдгээр үйлчлэгч өөрсдийгөө зориулсан хэдэн арван удаагийн мөнх бус үйлчлэлээрээ дамжуулан мэдэж авсан сургамжийнхаа тохинууллын хүчирхэг бөгөөд сүнслэг хураангуйллын төгсгөлийн он жилүүдэд бидэнтэй хамт байсан. Эдгээр удирдагч зарим хүний өгөх зүйл бага үлдэж дээ гэж бодох тэр цаг үед ч агуу үнэ цэнэ бүхий үнэнүүдийг хэлж ирсэн.

Судар дээрх агуу бошиглогчдын сүүлийн заасан зүйлийг эргэцүүлэн бод. Жишээлбэл: Нифай цэдэгтээ: “Учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой” (2 Нифай 33:15) хэмээн хэлж, цэдгээ төгсгөсөн байдаг.

Амьдралынхаа эцсийн мөчид Иаков

“Наманчлагтун та нар, мөн давчуу хаалгаар орогтун, мөн нарийн замаар, мөнх амьдралыг олох хүртлээ үргэлжлүүлэн явагтун.

“Ай мэргэн байгтун; би өөр юу хэлж чадахсан билээ?” (Иаков 6:11–12) хэмээн сэрэмжлүүлжээ.

Моронай Амилалтад найдан, үүнийг зөгнөхдөө ялтсуудыг бэлтгэх ажлаа дуусган, “Миний сүнс болон махбодь дахин нэгдэж, мөн амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт тавцангийн өмнө та нартай уулзахаар би агаараар ялгуусан байдалтайгаар хүргэгдэх хүртэл, Бурханы диваажинд амрахаар удахгүй явах болно би” (Моронай 10:34) хэмээн хэлжээ.

Та бид хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сүүлчийн заасан зүйл, гэрчлэлээс суралцах боломжоор адислагдсан билээ. Өнөөдөр тэдний нэр Нифай, Иаков, Моронай биш, харин ерөнхийлөгч Фауст, ерөнхийлөгч Хинкли, ахлагч Вөртлин, ахлагч Пэрри, ахлагч Скотт нар юм.

Би эдгээр хайрт ахын сүүлийн захиасуудыг тэдний тохинууллын хамгийн анхаарууштай эсвэл чухал нь гэсэн санааг хэлээгүй. Гэхдээ тэдний сүнслэг байдлаар суралцсан зүйлс болоод амьдралын туршлага хамтдаа туйлын үнэн зөв байдлаар мөн агуу, нэвтрэх хүчээр мөнхийн үнэнийг онцлон мэдэгдэх боломжтой болгосон юм.

Ерөнхийлөгч Жэймс И.Фауст

2007 оны 4-р сард өөрийнхөө хамгийн сүүлд оролцсон Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Фауст

“Аврагч Өөрийн Цагаатгалаар дамжуулан бид бүхэнд асар үнэтэй амар амгаланг санал болгосон хэдий ч энэ нь уур уцаар, хорон муу санаа, өшөө хорсол зэрэг сөрөг мэдрэмжээ таягдан хаях хүсэл эрмэлзэл байгаа үед л ирэх боломжтой. …

“Бид өршөөгдөхийн тулд уучлах хэрэгтэй гэдгээ санацгаая. … Бид ’бүх хүмүүнийг уучлах’ Аврагчийн зөвлөгөөг дагаснаар бидэнд ирэх боломжтой эдгээгч хүч чадалд би бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг. [ С ба Г 64:10 ]” (“The Healing Power of Forgiveness,” Лиахона, 2007 оны 4-р сар, 69).

Ерөнхийлөгч Фаустын өгсөн захиас миний мэдэх хамгийн өршөөнгүй хүмүүсийн нэг болох хүний амьдралынхаа туршид олж авсан нэгэн хүчирхэг сургамж юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Ерөнхийлөгч Хинкли 2007 оны 10-р сард хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээрээ гэрчилсэн юм: “Би бошиглогч Иосефын дуудлагыг, түүний ажлыг, түүний гэрчлэл мөнхийн үнэний төлөө алагдсан түүний цусаар лацдагдсан гэдэг гэрчлэлийг батлан хэлж байна. Та бид Анхны үзэгдлийн болоод түүний дараа тохиолдсон үйл явдлын үнэнийг хүлээн авах тухай энгийн мөн шулуухан асуулттай нүүр тулж байна. Үүний бодит байдал дээр энэ Сүмийн хүчин төгөлдөр байдал оршино. Хэрэв энэ үнэн юм бол мөн би үүнийг үнэн гэдгийг, тэгвэл бидний хийж байгаа ажил газар дэлхийн хамгийн чухал нь гэдгийг гэрчилж байна” (“The Stone Cut Out of the Mountain,” Лиахона, 2007 оны 11-р сар, 86).

Ерөнхийлөгч Хинклигийн өгсөн гэрчлэл миний хайртай бөгөөд Бурханы бошиглогч хэмээн миний мэдэх хүний амьдралынхаа туршид олж авсан хүчирхэг сургамжийг нотолж байдаг.

Ахлагч Жосеф Б.Вөртлин

Ахлагч Вөртлин 2008 оны 10-р сард Ерөнхий чуулганд оролцохдоо хамгийн сүүлийн захиасаа өгчээ.

“Олон жилийн тэртээ манай хөлбөмбөгийн баг хожигдсон тэр өдөр: ‘Юу ч тохиолдсон талархалтай бай’ хэмээн ээжийнхээ өгсөн зөвлөгөөг би одоо хүртэл санасаар явдаг билээ.

… Хэрэв зөв шийдвэрлэвэл бэрхшээл нь бидний амьдралд адислал болно.

Бид шог наргианыг эрж хайхдаа мөнхийн боломжуудыг эрэлхийлж, нөхөн сэргээх зарчмыг ойлгон, Тэнгэрлэг Эцэгтээ ойртсоноор зовлон бэрхшээл, хүнд сорилтуудыг тэвчиж даван туулдаг. Бид ээжийн минь хэлсэн шиг ‘Юу ч тохиолдсон талархалтай бай’ хэмээн хэлж чадна” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 31).

Ахлагч Вөртлиний захиас Аврагчид итгэх итгэлээрээ дамжуулан хүнд хэцүүг даван туулсан бөгөөд заасан зүйлээрээ амьдардаг мөн миний хайрладаг нэгэн хүний амьдралынхаа туршид олж авсан хүчирхэг нэгэн сургамж нь юм.

Ахлагч Л.Том Пэрри

Ахлагч Пэрри зургаан сарын өмнө энэ индэр дээр зогсож байсан. Тэр үед бид түүний гэрчлэл Ерөнхий чуулган дээр хэлэх сүүлийнх нь үг болно гэдгийг төсөөлөө ч үгүй юм.

“Би (ерэн насыг зооглосны хувьд үүнийг сайн мэдэж байна) өтлөх тусмаа гэр бүл бол амьдралын төв бөгөөд аз жаргалд хүрэх түлхүүр гэдгийг илүү сайн ойлгодог хэмээн гэрчилж, үгээ төгсгөе.

“Би эхнэр, хүүхэд, ач, зээ, жич нартаа мөн бүх төрөл төрөгсдөдөө талархаж байна. Тэд миний амьдралыг баялаг бөгөөд мөнхийн болгодог. Би энэ мөнхийн үнэний талаар хамгийн хүчтэй, ариун нандин гэрчлэлээ үлдээж байна” (“Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс,, 23).

Ахлагч Пэрригийн захиас гэр бүл, мөнхийн аз жаргал хоёрын хоорондын чухал харилцааг асар их туршлагаараа дамжуулан амьдралынхаа туршид ойлгож мэдсэн мөн миний хайрладаг нэгэн хүний хүчирхэг сургамж байлаа.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Ахлагч Пакэр зургаан сарын өмнө Ерөнхий чуулган дээр Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Аврагчийн Цагаатгал, мөнхийн гэр бүлийн тухай онцлон хэлсэн юм. Тэрээр өөрийнхөө хайрт эхнэр Доннагаа хувиршгүй сэтгэлээр хайрлаж байдгаа илэрхийлсэн.

“Би Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы Хүү гэдгийг гэрчилж байна. Тэрээр энэ Сүмийг тэргүүлж байдаг билээ. Түүний Цагаатгалаар мөн санваараар мөнх бус оршихуйд эхлүүлсэн гэр бүлүүд үүрд мөнхөд хамт байх болно гэдгийг гэрчилж байна.

“Цагаатгалд би маш их талархалтай байна … хэчнээн хэцүү, хэчнээн удаан, хэчнээн олон удаа ахин дахин бохирлогдсон байсан ч, толбо бүрийг угааж чадна. Цагаатгал таныг урагшлан, цэвэр ариун, зохистой байхаар сонгосон замаараа зориход тань дахин чөлөөлж чадна” (“Аз жаргалын төлөвлөгөө” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 8).

Ерөнхийлөгч Пакэрын хэлсэн сүүлийн захиас бол “Сүмд зохион байгуулагдаж буй бүхий л ажил эцсийн дүндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүүхдүүдтэйгээ гэр орондоо аз жаргалтай байж, мөнхөд холбогдохыг харах явдал юм” ( 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс,) хэмээн Сүмийн үйл ажиллагааны зорилгыг онцлон дахин дахин мэдэгдсэн мөн миний хайрладаг нэгэн хүний амьдралынхаа туршид олж авсан сургамж нь юм .

Ахлагч Ричард Г.Скотт

Ахлагч Скотт 2015 оны 10-р сард хамгийн сүүлийн ерөнхий чуулганаар ийн тунхагласан юм: “Бид мөнх бус амьдралд чухамдаа бэрхшээл, сорилтуудаас өсөж хөгжихөөр ирсэн. Бэрхшээл сорилтууд нь биднийг Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болоход тусалдаг бол Есүс Христийн Цагаатгал нь эдгээр сорилтуудыг даван туулахыг боломжтой болгодог. Бид идэвхийлэн Түүнд ирснээр уруу таталт, зовлон шаналал хийгээд өөрсдөдөө тулгарч байгаа сорилт бүрийг хүлцэн тэвчиж чаддаг” (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 105).

Ахлагч Скоттын захиас нь миний хайрладаг мөн бүх дэлхийд Христийн нэрний онцгой гэрч болдог нэгэн хүний амьдралын туршид сурсан хүчирхэг сургамж юм (С ба Г 107:23 -ыг үзнэ үү).

Амлалт ба гэрчлэл

“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” (С ба Г 1:38). Бид бүхэн Их Эзэний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн заасан мөнхийн үнэнийг анхааран сонсох болтугай. Бид ийн хийвэл Тэнгэрлэг Эцэгт болоод Түүний Хүүд итгэх итгэл маань хүчирхэгжих бөгөөд сүнслэг удирдамж мөн онцгой хэрэгцээ, нөхцөл байдалдаа хамгаалалт хүлээн авах болно.

Амьд Христ Түүний нэрийг гэрчлэхээр сонгогдсон Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан сэргээгдсэн, амьд Сүмийн ажил хэргийг удирдан чиглүүлдэг гэдгийг гэрчилж байна. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.