“Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь”
Бурханы хуулиуд нь биднийг хайрлах Түүний хайрын илрэл бөгөөд Түүний хуулийг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрын илэрхийлэл билээ.
Манай том охин Жэн гурав дахь охиноо төрүүлээд эмнэлгээс гэртээ ирэхэд нь би түүнд туслахаар тэднийд очсон юм. Том охиныг нь сургуульд нь явуулсныхаа дараа Жэнд юу юунаас илүү амралт хэрэгтэй гэж бид шийдэв. Тиймээс миний хувьд эх, хүүхэд хоёрыг нам гүм орчинд байлгахад нь хамгийн их тус болж чадах зүйл бол түүний охин Клоуиг гэр рүүгээ авч явах байв.
Би Клоуигийн машины суудлын бүсийг бэхэлж, өөрийнхөө бүсийг зүүгээд тэднийхээс хөдөлсөн юм. Гэвч биднийг гудамжны төгсгөлд хүрч ч амжаагүй байтал, Клоуи суудлынхаа бүсийг аль хэдийн тайлчихсан, миний мөрөн дээгүүр ширтэн, надтай юм яриад зогсож байв! Би машинаа замаас гарган зогсоогоод, бууж, түүнийг суудалд нь дахин суулган, бүсийг нь бэхэлсэн юм.
Бид дахин хөдлөөд тийм ч удаагүй байтал, тэр дахиад л суудлаасаа боссон байв. Би өмнөхөө давтан хийсэн ч энэ удаад тэр намайг машиндаа буцаж суугаад, суудлын бүсээ зүүж ч амжаагүй байтал аль хэдийн босоод зогсчихсон байлаа!
Нэг л мэдэхэд, би замын хажууд зогссон машин дотроо 3 настай хүүхэдтэй тэмцэлдэж буйгаа олж анзаарав. Тэгээд ч тэр намайг дийлж байлаа!
Суудлын бүсээ зүүсэн байх нь сайн зүйл гэдгийг би түүнд ойлгуулахын тулд толгойд орж ирсэн бүх л санаагаа ашиглав. Гэвч тэр миний үгийг хүлээж авсангүй! Эцэст нь би тэгвэл/тэгнэ гэдэг арга барилыг ашиглахаар шийдэв.
“Клоуи, хэрэв чи суудлынхаа бүсийг тайлахгүй бол хоёулаа эмээгийндээ очоод зуурсан гурилаар тоглоно шүү” гэж би хэлэв.
Тэр хариу хэлсэнгүй.
“Клоуи, хэрэв чи суудлынхаа бүсийг тайлахгүй бол эмээгийндээ очоод хоёулаа талх барина шүү.”
Тэр бас л хариу хэлсэнгүй.
Би дахин нэг оролдлого хийв. “Клоуи, хэрэв чи суудлынхаа бүсийг тайлахгүй суувал, дэлгүүрээс амттан авч өгнө шүү.”
Би гурван ч удаа оролдоод, ийм арга хэрэглээд нэмэргүй гэдгийг ойлгосон юм. Тэр нэгэнт шийдсэн байсан учраас түүнийг суудал дээрээ бүсээ тайлалгүй үлдээхэд ямар ч тэгвэл/тэгнэ гэсэн арга барилыг хэрэглэх нь хангалтгүй байлаа.
Бид замын хажууд өдөржин суух боломжгүй байсан ба тэгээд ч би хуулиа дагахыг хүсэж байлаа. Бас Клоуиг машин дотор зогсоогоороо байхад жолоо барих нь аюултай байв. Би дотроо залбирсны дараа, “Түүнд заа” гэх Сүнсний шивнээг сонссон юм.
Би түүн рүү эргэж хараад, суудлын бүсээ түүнд харуулахын тулд бүсээ биенээсээ холдуулан барив. Би “Клоуи, суудлын бүс намайг хамгаалах учраас би энэ бүсийг зүүдэг. Харин чи суудлын бүсээ зүүгээгүй байгаа болохоор аюултай нөхцөлд орно. Хэрэв чи гэмтэж бэртвэл би уйлна шүү дээ” гэж түүнд хэлсэн юм.
Тэр над руу харлаа. Би түүний хариултыг сэтгэл түгшин хүлээнгээ, түүний бяцхан оюун ухаанд янз бүрийн бодол эргэлдэж байгааг харах шиг болов. Эцэст нь түүний том цэнхэр нүд гэрэлтэн, “Эмээ, та надад хайртай учраас намайг суудлын бүсээ зүүгээсэй гэж хүсэж байгаа юм байна!” гэж хэллээ.
Намайг энэ бяцхан охинд хайраа илэрхийлэх үед Сүнс машиныг дүүргэв. Би тэр мэдрэмжийг үргээхийг хүсээгүй ч, боломжоо алдахгүйн тулд машинаасаа бууж, түүний бүсийг бэхэлж өглөө. Тэгээд би түүнээс, “Клоуи, чи суудлаасаа босохгүй биз?” гэж асуув. Тэр амттан авахаар дэлгүүр руу явахдаа ч, бас дэлгүүрээс гэр хүртэл явахдаа ч бүсээ тайлалгүй суусан юм. Гэрт очсоны дараа Клоуи миний өгсөн амлалтыг мартаагүй байсан тул бид бас талх барьж, зуурсан гурилаар тоглож билээ!
Тэр өдөр нөгөө замаараа буцаад явж байхад, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”1 хэмээх нэгэн судар санаанд минь орж ирсэн юм. Бид хүүхдүүдэд зааж, удирдан чиглүүлж, хамгаалах үүрэгтэй. Яагаад? Яагаад гэвэл, бид тэдэнд маш их хайртай учраас юм. Гэхдээ би түүнийг хайрладагтаа машиных нь суудалд бүстэй нь суулгахыг хүссэнийг тэр хязгаарлалт гэж үзэн, захирагдахыг хүсэхгүй байсан юм. Суудлын бүс нь эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж тэр боджээ.
Бид Клоуитай адил зарлигуудыг хориг, хязгаарлалт гэж харж болно. Заримдаа Бурханы хуулиуд бидний хувийн эрх чөлөөг боогдуулан, сонгох эрхийг маань авч, өсөлт хөгжилтийг хязгаарлаж байгаа мэт бидэнд санагдаж болно. Гэхдээ бид илүү сайн ойлголт авахаар эрэлхийлэн, Эцэгтээ заах боломж олгосноор Түүний хуулиуд нь биднийг хайрлах Түүний хайрын илрэл бөгөөд Түүний хуулийг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрын илэрхийлэл гэдгийг харж эхэлдэг.
Хэрэв та нар замын хажууд машин тань зогссон байна гэж үзвэл, хэрэв дагах юм бол буцаад ”итгэл болон дуулгавартай байдлын зам” дээрээ аюулгүй гарахад тань туслах хэдэн зарчмыг санал болгохыг надад зөвшөөрнө үү”?2
Нэгдүгээрт, Бурханд итгэ. Түүний танд зориулсан мөнхийн төлөвлөгөөнд найд. Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг охин, хүү юм.” Тэдний биднийг хайрлах хайрыг зарлигуудаас нь харж болно. Зарлигууд нь биднийг “энэ дэлхийд амьдрах”3 хугацаанд бидэнд зааж, удирдан чиглүүлж, хамгаалах чухал зааврууд байдаг.
Бид “мөнх бус байдлын өмнөх оршихуйд” сонгох эрхээ ашиглан Бурханы төлөвлөгөөг хүлээн авч,4 Бурханы мөнхийн хуульд дуулгавартай байх нь Түүний төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд маань нэн чухал гэдгийг бид олж мэдсэн. Судрууд, “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой”5 хэмээн заадаг. Хэрэв бид хуулийг дуулгавартай дагавал, адислалуудыг хүлээн авна.
Мөнх бус амьдралыг дагалдан ирэх алдаа дутагдал, тулгарах эсэргүүцэл, сурч мэдэх зүйл их байсан ч, Бурхан бидний мөнхийн чадавхыг хэзээ ч мартдаггүй. “Бурхан Өөрийн хүүхдүүдийг буцаж ирээсэй гэж хүсдэг учраас”6 бид Түүнд найдаж болно. Мөн Тэрээр Өөрийн Хүү, Есүс Христээр дамжуулан замыг бэлдэж өгсөн. Цагаатгал “бол авралын төлөвлөгөөний гол цөм юм.”7
Хоёрдугаарт, Христэд итгэ. Дуулгавартай байдал ба цэвэр хайрын төгс илэрхийлэл бол Есүс Христийн цагаатгал юм. Тэрээр бидний төлөө амиа золиосолсон. Тэрээр, “Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно”8 гэж хэлсэн.
Есүс:
“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.
“Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.
“Удаах нь ’Чи хөршөө өөрийн адил хайрла’ гэсэнтэй адил юм”9
Ням гараг бүр бид Аврагчийн хязгааргүй цагаатгалын бэлгэдлүүдээс хүртэн, Түүний цэвэр хайрын талаар тунгаан бодож, дурсан санах боломжтой. Ариун ёслолын үеэр би талх, ус түгээж буйг хардаг. Би гараа сунган, ариун ёслолоос хүртэхдээ Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь дагахын тулд Түүний нэрийг өөр дээрээ авахад бэлэн байх гэрээ хийдэг. Тэрээр Өөрийн Сүнсийг үргэлж [бидэнтэй] хамт байлгана хэмээн амладаг.10
Гуравдугаарт, Сүнсний шивнээнд итгэ. Клоуи бид хоёрт тохиолдсон үйл явдлын үеэр Сүнс надад нэг судрын шүлэг шивнэснийг санаж байна уу? Уг шүлэг нь Иоханы 14:15-р шүлэг юм : “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, миний тушаалуудыг сахь.” Цааш нь дараах чухал шүлгүүд бичигджээ:
“Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт Өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
“Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.”11
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдсан зохистой гишүүн бүр Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах эрхтэй. Мацаг барих, залбирах, судраас судлах, мөн дуулгавартай байх нь Сүнсний өдөөлтийг сонсож, мэдрэх бидний чадварыг өсгөн нэмэгдүүлдэг.
Та нарын оюун ухаан эргэлзээ, төөрөгдлөөр дүүрэх үед Эцэг, Хүү хоёр та нарт Ариун Сүнсийг илгээн, сэрэмжлүүлж, энэ мөнх бус амьдралын аялалд тохиолдох аюул дундуур эсэн мэнд удирдан залах болно. Тэр танд эргэн санахад тань туслан, тайвшруулж, “найдвар хийгээд төгс хайраар”12 дүүргэнэ.
Дөрөвдүгээрт, амьд бошиглогчдын зөвлөгөөнд итгэ. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн бошиглогчдоор дамжуулан Түүний үгийг сонсож, мэдэх арга замыг бидэнд өгсөн. Их Эзэн “… миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно”13 хэмээн тунхагласан байдаг .
Сайхан бошиглогчид бидэнд “Хүндэтгэлийн өдрийг санаж, үүнийг ариунаар нь сахих,”14 мацгийн хуулийг дагахыг зөвлөсөн. Бошиглолын энэхүү зөвлөгөөнд дуулгавартай байх нь бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, бусдыг хайрлан, халамжлахад гар биеэ оролцохын сацуу, Бурханыг болон хөршөө хайрла гэсэн Түүний зарлигд дуулгавартай байх арга замыг олгодог.15
Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгийг дагах нь биднийг аюулаас хамгаалдаг. Бурхан ерөнхийлөгч Томас С.Монсоныг Өөрийн бошиглогчоор, Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчээр дуудсан юм. Айдас, анхаарал сарниулах зүйлс, саад тотгор, уур хилэн өсөн нэмэгдэж буй энэ дэлхийд бид энэрэл хайраар дүүргэгдсэн Есүс Христийн шавь нар, зөрчилдөөн үүсгэх асуудлуудыг шийдвэрлэхдээ хэрхэн биеэ авч явж, ярьж, ханддагийг харах боломжтой. Тэд Есүс Христийн тухай гэрчилдэг бөгөөд Есүс Христийн гэрчүүдийн хувьд аливаа зүйлд цэвэр хайр, энэрлээр ханддаг.
Клоуитай тохиолдсон явдлаас хойш би зарлигууд, хайрын талаар дурдсан судрын шүлгүүдийг судалсан бөгөөд олон шүлгүүд байгааг олж мэдсэн. Эдгээр бүх шүлэг нь Түүний хуулиуд нь биднийг хайрлах Түүний хайрын илрэл бөгөөд Түүний хуулийг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрын илэрхийлэл юм.
Бид Бурхан, Мөнхийн Эцэг ба Түүний Хүү, Есүс Христэд, мөн Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлж, Сүнсний шивнээнд, түүнчлэн амьд бошиглогчдын зөвлөгөөнд итгэснээр, замын хажуугаас буцаад зам руугаа эргэн орж, гэртээ хүрэх замдаа эцсээ хүртэл тэвчих төдийгүй, баяр баясал олж чадна гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.