2010–2019
Хэнд итгэснээ санагтун
Аравдугаар сар 2015


10:25

Хэнд итгэснээ санагтун

Бидний Эцэгтэйгээ дахин хамт амьдрах найдвар нь Есүс Христийн Цагаатгал дээр тулгуурлагддаг.

Намайг есөн настай байхад, буурал үстэй, 150 см өндөртэй ээжийн талын эмээ маань бидэнтэй хамт хэдэн долоо хоног байхаар манайд ирсэн юм. Түүнийг байх үеэр нэгэн өдөр би хоёр ахтайгаа хамт гэрийнхээ эсрэг гудамжны талбай дээр нүх ухахаар шийдэв. Бид яагаад үүнийг хийх болсноо ойлгодоггүй. Хөвгүүд зүгээр л нүх ухах дуртай байдаг шүү дээ. Бид бага зэрэг халтартсан болохоос биднийг асуудалд оруулах зүйл болоогүй байлаа. Хөрш айлын хөвгүүд нүх ухах нь сонирхолтой байгааг хараад, бидэнд тусалж эхлэв. Дараа нь бид бүгдээрээ халтар болсон байлаа. Газар хатуу байсан учраас бид зөөллөхийн тулд цэцгийн талбайн хуванцар хоолойг чирж авчран, нүхний ёроолыг бага зэрэг услав. Хэдийгээр бид халтартсан ч нүх улам гүнзгий болсон байв.

Хүүхдүүдийн нэг нь нүхээ усан сан болгох санал гаргаснаар бид нүхээ усаар дүүргэв. Би хамгийн бага нь байсан бөгөөд бусдадаа таалагдахын тулд, тийшээ үсэрч, туршиж үзэхээр болов. Үүний дараа би улам халтар болсон. Би шавартай холилдох бодолгүй байсан ч, эцэст нь ийм үр дүнд хүрсэн билээ.

Сэрүүн болж эхлэхэд би гэртээ очих санаатай гудамж хөндлөн гарав. Эмээ надтай урд хаалган дээр тааралдаж, намайг гэрт орохыг зөвшөөрсөнгүй. Хэрэв намайг оруулах юм бол би түүний дөнгөж сая цэвэрлэсэн байшин дотор мөр гаргана гэж тэр хэлэв. Тиймээс би ямар ч есөн настнуудын адилаар арын хаалга руу гүйж очсон ч эмээ маань миний төсөөлснөөс илүү хурдан байлаа. Би галзууртлаа уурлаж, хөлөө дэвсэлж байшиндаа орохыг хүссэн ч хаалга нээгдсэнгүй.

Би нойтон, шавартай бас даарч байсан болохоор хүүхэд насныхаа төсөөллөөр арын хашаандаа ингээд үхдэг байжээ гэж бодож билээ. Эцэст нь, би гэртээ орохын тулд юу хийх ёстойгоо эмээгээсээ асуусан юм. Юу болохыг бүрэн ойлгож амжихаас өмнө эмээ намайг арын хашаанд усаар шүршиж байлаа. Мөнх мэт санагдсан энэ үйл явдлын дараа эмээ намайг цэвэр болсон гэж хэлээд, гэрт оруулсан. Гэрт дулаахан байсан бөгөөд би хуурай, цэвэрхэн хувцас өмсөх боломжтой болсон юм.

Энэхүү бодит амьдралын сургаалт зүйрлэлээс Есүс Христийн дараах үгсийг бодож үзээрэй: “Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чадахгүй; тиймийн тул өөрсдийн итгэл, мөн өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнх нь үнэнч шударга байдлын учир миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч түүний амралтад орохгүй.”1

Эмээгээрээ ус шүршүүлэн байшингийнхаа гадаа зогсох нь тааламжгүй, эвгүй байв. Бид нүглийн шавартай нүхэнд үлдэхийг эсвэл шавартайгаа байхыг сонгосноор Тэнгэр дэх Эцэгтээ эргэн ирж, Түүнтэй хамт байх боломжгүй болох нь мөнхөд эмгэнэлтэй байх юм. Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд эргэн ирж, Түүний дэргэд үлдэхэд шаардлагатай зүйлсийн хувьд бид өөрсдийгөө хуурах ёсгүй. Бид цэвэр ариун байх ёстой.

Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө, сүнсэн биетэй байхдаа их зөвлөгөөнд оролцсон.2 Бид анхаарлаа хандуулж, бидний хэн нь ч нойрмоглоогүй юм. Тэнгэр дэх Эцэг маань энэ зөвлөгөөн дээр нэгэн төлөвлөгөөг танилцуулсан. Уг төлөвлөгөө бидний сонгох эрхийг хадгалан үлдээж, зөвхөн Түүнийхээс бус харин өөрсдийнхөө туршлагаас суралцахыг шаардаж байсан учраас Тэр биднийг нүгэл үйлдэнэ гэдгийг мэдэж байв. Тэр бас гэм нүгэл биднийг бохирдуулж мөн Түүний оршихуйд эргэн очих боломжгүй болгоно гэдгийг мэдэж байсан. Учир нь түүний амьдардаг газар бол эмээгийн цэвэрлэсэн байшингаас хавьгүй илүү цэвэрхэн билээ.

Тэнгэр дэх Эцэг бидэнд хайртай бөгөөд “[бидний] үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах” нь Түүний зорилго юм.”3 Түүний төлөвлөгөөнд бид хэчнээн бохирдсон ч биднийг цэвэр болоход тусалж чадах Аврагчийн үүрэг оролцоо хэрэгтэй байв. Тэнгэр дэх Эцэг маань Аврагч хэрэгтэй байгааг зарлах үед Эцэгийн адил өсөж хөгжсөн Сүнсний дэлхий дээрх Ууган Хүү болох Есүс Христ рүү бид эргэн харсан гэдэгт би итгэдэг.4 Түүнийг Аврагч болох ёстойг мөн бидний хэн нь ч үүнийг хийж чадахгүйг, харин Тэр л чадах байсныг бид мэдэж байсан гэдэгт би итгэдэг.

Есүс Христ Гетсемани цэцэрлэг болон Голгатын загалмай дээр бие болон сүнсээрээ зовж шаналан, өвдөлтөөсөө болж чичирч, сүв бүрээс нь цус шүүрч, энэ гашуун аягыг Өөрөөсөө зайлуулахыг Эцэгээсээ гуйсан ч5 Тэрээр хүртсэн юм.6 Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Тэрээр Эцэгээ алдаршуулж, “хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгахыг”7 хүссэн хэмээн Өөрөө хэлсэн. Тэрээр гэрээгээ сахиж, биднийг гэртээ эргэн ирэх боломжоор хангахыг хүссэн. Хариуд нь Тэр биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ? Бид Түүний адилаар зовохгүй байхын тулд нүглүүдээ хүлээж, наманчлахыг л Тэр биднээс хүсдэг.8 Бид Тэнгэр дэх Эцэгийнхээ байшингийн гадна үлдэхгүй байхын тулд Тэр биднийг цэвэр ариун болохыг урьдаг.

Ах, эгч нар аа, нүглээс зайлсхийх нь амьдралын илүү зөв хэв маяг хэдий ч Есүс Христийн Цагаатгалын үр нөлөөгөөр бидний ямар гэм нүгэл үйлдсэн нь эсвэл энэхүү сургаалт зүйрлэлийн нүхэнд хэр гүн живсэн эсэх нь хамаагүй юм. Бошиглогч Нифайн хэлснээр та нарыг ”туйлын амархнаар хавчих”9 нүглүүдийн улмаас та нар ичиж, ичингүйрэх нь ч бас хамаагүй. Нэгэн цагт та ууган хүү байх эрхээ шөлөөр худалдсан нь ч хамаагүй юм.10

Харин Бурханы Хүү, Есүс Христ “өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” “тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг”11 тэвчсэн нь хамаатай. Тэрээр энэ дэлхийд ирж, “бүх зүйлийн доор”13 бууж мөн ямар ч хүний тэвчиж чадахаас “илүү хүчтэй эсэргүүцлүүдийг”14 хүлцэн12 тэвчих хүсэлтэй байсан нь хамаатай юм. Христ бидний өмнөөс Эцэгт хандан “Эцэг минь, нүгэл үйлдээгүй, таны таалалд нийцсэн түүний зовлон хийгээд үхлийг болгоогтун. … Иймийн тул, Эцэг минь, тэд надад ирж бас мөнх амьдралыг авч болохын тулд миний нэрэнд итгэх эдгээр ах дүүсийг минь өршөөгөөч”15 хэмээн гуйж байгаа нь хамаатай. Энэ нь үнэхээр хамаатай тэрхүү зүйл бөгөөд бидэнд өгөгдөх хэрэгтэй тэрхүү зүйл нь шинэчлэгдсэн найдвар хийгээд дахин нэг удаа хичээгээд үзэх шийдвэр төгс байдал юм. Учир нь Тэрээр биднийг өршөөсөн билээ.16

Биднийг наманчлахаар Аврагчийг даруухнаар эрэлхийлэх үед Тэр биднээс хэзээ ч урвахгүй; биднийг өнгөрсөн хүмүүс гэж бодохгүй; “үгүй ээ, дахиад л та нар уу” гэж хэлэхгүй; мөн нүглээс зугтах нь хэчнээн хэцүү гэдгийг ойлгохгүй байгаа учраас биднийг үгүйсгэхгүйг би гэрчилж байна. Тэрээр харамсах мэдрэмжийг, ичгүүртэй байдал хийгээд нүглийн зайлшгүй үр дагавар болох уур бухимдал гэх мэт бүх зүйлийг бүрэн төгс ойлгодог.

Наманчлал нь бодит бөгөөд үр дүнтэй. Энэ бол зохиомол туршлага эсвэл “галзуурсан оюун ухааны”17 бүтээл биш юм. Үүнд ачаа дарамтыг арилгаж, итгэл найдвараар орлуулах хүч байдаг. Наманчлал “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийлгэдэг”18 зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлт рүү удирддаг. Наманчлал амар хялбар байдаггүй. Мөнхийн ач холбогдолтой зүйлс амар хялбар байх нь ховор байдаг. Гэвч үр дүн нь үнэ цэнэтэй юм. Сүмийн Далын гишүүдэд хандаж хэлсэн сүүлийн үгэндээ ерөнхийлөгч Боид К.Пакэр “Бодол нь энэ юм: Цагаатгал ямар ч ул мөр үлдээдэггүй. Үүний зассан зүйлс нь өөрчлөгдөлгүй үлддэг. ... Цагаатгал ямар ч ул мөр орхидоггүй. Энэ нь зөвхөн эдгээдэг бөгөөд үүний эдгээсэн зүйлс эдгэрсэн хэвээрээ үлддэг”19 хэмээн гэрчилсэн.

Үүнтэй адил бидний Эцэгтэйгээ дахин хамт амьдрах найдвар нь Есүс Христийн Цагаатгал дээр, Өөр дээрээ авах гэмгүй нэгний хүсэл дээр, Түүний дээр шударга ёс байх эрхгүй ч, Бурханы зарим охид, хөвгүүдийн шаардлагагүй ч өөрсдөө үүрэхээр сонгох тэдгээр нүгэл гэх мэт бүх хүн төрөлхтний алдсуудын нийтлэг нөлөөн дээр тулгуурладаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд хэрэв бид гэрээнүүд байгуулж, байнга наманчилж, мөн эцсээ хүртэл тэвчих юм бол Тэр биднийг Өөртэйгөө хамт өв залгамжлагчид болгож20, Түүнтэй адил Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах21 болно гэдгийг бид мэддэг учраас ихэнх хүмүүсээс илүүтэй агуу хүч чадлыг Аврагчийн Цагаатгалтай холбон авч үздэг. Энэ бол дэлхийг цочирдуулам сургаал хэдий ч үнэн юм. Есүс Христийн Цагаатгал нь “тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай”22 хэмээх Аврагчийн урилгыг төгс боломжтой болгож өгдөг.

“Бурханы ариун шүүлтийн дагуу [хүн бүр] шүүгдэх ёстой”23 хэмээн судрууд заадаг. Тэр өдөр хүмүүсийн дунд нуугдах эсвэл цэвэр биш байгаа шалтгаанаа бусдад тохох боломжгүй байх болно. Аз болоход бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан, Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болон зогсдог, биднийг Өөрийнхөө найзууд хэмээн дууддаг, эцсээ хүртэл биднийг хайрладаг Есүс Христ эцэст нь бидний шүүгч байх болно хэмээн судрууд заадаг. Есүс Христийн Цагаатгалын ихэнхдээ үл анзаарагдан үлддэг адислалуудын нэг нь “Эцэг … бүх шүүлтийг Хүүдээ даатгасан”24 явдал юм.

Ах, эгч нар аа, та нар өөрсдийн ухсан сүнслэг нүхнээс гарч чадах эсэхтээ урам хугарч эсвэл эргэлзэж байгаа бол “бидний мөн шударга ёсны хооронд зогсдог”, “хүмүүний үрсэд хандсан нинжин сэтгэлээр дүүргэгдсэн”, “өөр дээрээ тэдний алдас мөн тэдний зөрчлүүдийг авч” мөн “шударга ёсны шаардлагыг хангасан” Түүнийг санагтун.25 Өөрөөр хэлбэл Нифайн өөртөө эргэлзсэн үеийнхтэй адил зүгээр л “хэнд итгэснээ”26 бүр Есүс Христэд итгэснээ санагтун. Тэгээд наманчилж, “найдварын төгс гэрэлтэйгээр”27 дахин үргэлжлүүл. Есүс Христийн нэрээр, амен.