Би гайхширна
Есүс Христийн тухай миний гэрчлэл бидний хүн нэг бүрийг хайрлах Түүний агуу хайрын талаар олж мэдэх боломжийг олгосон олон тооны онцгой туршлагууд дээр үндэслэгдсэн юм.
Дэлхий даяарх хайрт ах, эгч нар аа, энэ хүндэтгэлийн өдөр надад өөрийн даруухан гэрчлэлийг хуваалцах боломж олгосон Тэргүүн Зөвлөлд би талархаж байна. Яг одоо төрж байгаа мэдрэмжээ дуртай хожмын үеийн гэгээнтнүүдийн нэгэн дууллын дараах үгсээр дүрсэлж хэлье:
Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна.
Бэлэглэсэн авралд нь тээнэгэлзэн гайхширна.
Тэр тэнгэрлэг гэрээсээ ирсэнд би гайхширна.
Гэм нүгэлт даруу бус нэг намайг аврахаар
Гэм нүгэлт намайг тэр хайрлан ивээж энэрсэн.
Тийн намайг цагаатган, аварсанд гайхширна, би.
Өө, энэ их гайхалтай, үнэхээр гайхалтай!1
Хэдэн өдрийн өмнө надад Тэргүүн Зөвлөлтэй уулзан, хайрт ерөнхийлөгч Томас С.Монсоноос энэ дуудлагыг хүлээн авах агуу боломж тохиосон юм. Ерөнхийлөгч Монсонг “Энэ дуудлага Их Эзэнээс ирдэг” хэмээн надад хэлэх үед түүнээс мэдрэгдсэн хүч чадал, хайрыг би та бүхэнд гэрчилмээр байна.
Бидний хайрт бошиглогчийн зөөлхөн хэлсэн энэ үгсийн талаар бодоход, үүний утга агуулга, ач холбогдол сэтгэлд минь ихэд нөлөөлөн, гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Ерөнхийлөгч Монсон, ерөнхийлөгч Айринг, ерөнхийлөгч Угдорф, би та бүхэнд хайртай. Би Их Эзэнд болон та нарт өөрийн бүхий л зүрх сэтгэл, хүч, оюун, чадлаараа үйлчлэх болно.
Би ерөнхийлөгч Боид К.Пакэр, ахлагч Л. Том Пэрри, Ричард Г.Скотт нарт хайртай бөгөөд тэднийг маш их үгүйлж байна. Би энэ ах нараар заалгуулан, тэднээс суралцах боломжоор адислагдсандаа баярлаж явдаг. Би тэдний орон зайг өчүүхэн төдий ч орлож чадахгүй ч, тэдний мөрөн дээр өндөрт зогсон, Их Эзэний үйл хэргийг үргэлжлүүлэх хүндтэй үүрэг хүлээн авсандаа баяртай байна.
Намайг өдий зэрэгтэй явахад тусалсан хүмүүсийн тухай бодох үед, хамгийн түрүүнд миний хайртай хань, амь биеэ үл хайрлан үйлчилдэг мөнхийн хань Мэлани маань бодогддог. Олон жилийн турш тэр намайг ваарчин хэрхэн шаврыг хэлбэр дүрсэнд оруулдгийн адил, Есүс Христийн илүү сайн шавь болоход тусалсан. Түүний болон бидний 5 хүүхдийн, тэдний эхнэр нөхрүүдийн мөн 24 ач зээгийн маань хайр, тусламж надад дэмжлэг болж байдаг юм. Хайрт гэр бүлийнхэндээ хандан хэлэхэд, би та нартаа хайртай.
Эртний Нифайтай адил, би зургаан үе дамжин сайн мэдээнд төрж өссөн буянт сайн эцэг эхээс мэндэлсэн билээ. Сүмд хамгийн түрүүнд нэгдэн орсон өвөг дээдэс маань Англиас, бас Даниас ирсэн. Эхэн үеийн анхдагчид болох тэд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд бүхнээ зориулан, хойч үедээ дагаж амьдрах өвийг үлдээсэн билээ. Би олон үе удмаараа сайн мэдээг хүлээн авсан хожмын үеийн гэгээнтэн гэр бүлтэйдээ талархаж явдаг бөгөөд ийм гэр бүлтэй болохыг эрэлхийлэх нь бидний хувьд хүсүүштэй зорилго гэдгийг мэднэ.
Өөр олон хүн намайг энэ дуудлагыг хүлээн авахад бэлдсэн бөгөөд үүнд багын найз нөхөд, гэр бүлийн гишүүд, олон жилийн өмнө миний удирдагч байсан хүмүүс, багш нар, миний амьдралын турш надад зөвлөж байсан зөвлөхүүд өөр өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан. Тэдний дунд би бас Зүүн зүгийн мужуудад хийсэн анхны номлолын болон Нью-Йоркийн, мөн Нью-Йоркийн Хойд номлолын хайрт номлогчдоо багтаах ёстой. Миний амьдралд нөлөөлж, амьдралыг маань төлөвшүүлж өгсөн олон хүнд би гүнээ талархаж байна.
Би Далын ах нартайгаа хамт хийсэн үйлчлэлээ нандигнан хайрлаж явдаг. Миний хувьд 15 жилийн турш хамгийн агуу чуулгуудын нэгэнд хүчин зүтгэн, Сүмийн ах нартайгаа хамт байсан нь нэн таатай байсан билээ. Хамт үйлчилж байсан та нартаа талархаж байгаагаа илэрхийлье. Би шинэ чуулгадаа үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүрд маш их хайртай.
Расбанд эгч бид хоёр дэлхийн олон улс орны цуглаан, номлолд ажлаар томилогдон очиж байхдаа, гишүүдтэй уулзах боломжоор адислагдаж байсан. Бид дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа хожмын үеийн гэгээнтнүүддээ хайртай! Та бүхний итгэл бидний итгэлийг хөгжүүлж, гэрчлэл тань бидний гэрчлэлийг нэмэгдүүлсэн.
Өнөөдөр би Их Эзэний “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун”2 хэмээн хэлсэн үгийг та нарт захиас болгон үлдээе. Таны болон хэн нэгний хийсэн ямар ч сонголт, нүгэл, эсвэл гаргасан алдаа зөрчил нь Түүний та бүхнийг хайрлах хайрыг өөрчлөхгүй гэдэгт би итгэдэг. Энэ нь нүгэлт үйлдлийг зөвтгөнө, эсвэл буруутгахгүй гэсэн үг биш. Харин биднийг бусдад гараа сунгаж, хайраар урин, итгүүлж, үйлчилж, аврахыг хэлж байгаа юм. Есүс Христ энэ гүн гүнзгий үнэнийг заахдаа хүмүүсийг яс үндэс, зэрэг зиндаа, нөхцөл байдлаар нь ялгаварладаггүй байсан.
Та хэзээ гэрчлэлтэй болсон бэ гэж надаас олон удаа асууж байсан.
Би Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэдэггүй байсан цаг үеэ огт санадаггүй. Би судраас болон сайн мэдээний түүхүүдээс уншиж өгдөг байсан, миний тэнгэр элч болох ээжийнхээ өвөр дээр сууж байхаасаа л Тэднийг хайрлан, Тэдний талаар суралцсан билээ. Бага насны минь тэрхүү итгэл одоо бидний залбирлыг сонсон хариулдаг хайрт Тэнгэрлэг Эцэгийн талаарх мэдлэг, гэрчлэл болон хувирсан. Есүс Христийн тухай миний гэрчлэл бидний хүн нэг бүрийг хайрлах Түүний агуу хайрын талаар олж мэдэх боломжийг олгосон олон тооны онцгой туршлагууд дээр үндэслэгдсэн юм.
Би Аврагчийн цагаатгалд талархан, энэ тухай Алмагийн адил Бурханы бүрээн дуугаар3 зарлахыг хүсэж байна. Би Иосеф Смит Сэргээлтийн бошиглогч, мөн Мормоны Ном Бурханы үг гэдгийг мэднэ. Түүнчлэн би ерөнхийлөгч Томас С.Монсон нь дэлхий дээрх Бурханы жинхэнэ үйлчлэгч, бошиглогч гэдгийг мэднэ.
Бид бошиглогчийг дагалдан явахдаа, бусдыг энэрэх зүрх сэтгэлтэй байж, амьд гэрч болон, үнэхээр “[бид] Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширах” болтугай хэмээн би залбирч байна. Үүнээс гадна, би энэ нь “[та нарт болон] надад гайхалтай, үнэхээр гайхалтай!” байгаасай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.