2010–2019
Өндөр авга эгч Рөүзтэй хамт өнгөрүүлсэн зун
Аравдугаар сар 2015


21:4

Өндөр авга эгч Рөүзтэй хамт өнгөрүүлсэн зун

Та нарыг жинхэнэ шавь байхаар хичээх үед итгэл алхам бүрийг чинь хамгаалах болтугай хэмээн би залбирч байна.

Хайрт эгч нар аа, найзууд минь, би та нартай хамт байгаадаа баяртай байна. Би бидний хайрт бошиглогч, ернхийлөгч Томас С.Монсоныг бидэнтэй хамт байгаад маш их баяртай байна. Ерөнхийлөгч өө, бид танд хайртай. Бид гурван эрхэм найз, Их Эзэний жинхэнэ төлөөлөгчөө алдан гашуудаж байгаа билээ. Бид ерөнхийлөгч Пакэр, ахлагч Пэрри болон ахлагч Скотт нарыг үгүйлэх болно. Бид тэдэнд хайртай бөгөөд тэдний гэр бүл, найз нөхдийн төлөө залбирдаг шүү.

Би сайхан дуу хөгжим, сүнслэгээр өдөөгдсөн эгч нарын зөвлөгөө нь асар их сүнслэг хүчийг авчирдаг чуулганы энэ хуралдааныг тэсэн ядан хүлээдэг. Би та бүхэнтэй хамт байснаараа илүү сайн хүн болдог.

Би өнөөдөр та нарт хандаж хэлэх зүйлээ тунгаан бодох үедээ Аврагчийн заадаг байсан арга барилын талаар бодлоо. Тэрээр энгийн түүхүүд ашиглан хамгийн гайхалтай үнэнүүдийг заах чадвартай байсан нь сонирхолтой байдаг. Түүний сургаалт зүйрлэлүүд дагалдагчдыг үнэнүүдийг зөвхөн оюундаа бус зүрх сэтгэлдээ хүлээн авч, мөнхийн зарчмуудыг өдөр тутмын амьдралтайгаа холбоход урьдаг байсан.1 Мөн бидний хайрт ерөнхийлөгч Монсон хувийн туршлагаа ашиглан заах тал дээр гарамгай багш билээ.2

Өнөөдөр би ч гэсэн нэг түүх хуваалцмаар байна. Би та бүхнийг Сүнсний тусламжтай сонсоосой хэмээн урьж байна. Ариун Сүнс та нарыг энэ сургаалт зүйрлэлээс өөрсдөдөө зориулсан захиасыг олж авахад тусална.

Өндөр авга эгч Рөүз

Энэ түүх Ева хэмээх охины тухай юм. Евагийн талаар та нарын мэдэх ёстой хоёр чухал зүйл бий. Эхнийх нь, энэ түүхэнд тэр 11 настай байсан. Нөгөөх нь, тэр гэрээ орхин явж, авга эгч Рөүзтэйгээ хамт амьдрахыг үнэхээр хүсээгүй. Огтхон ч хүсээгүй. Огт үгүй.

Гэхдээ Евагийн ээж нэлээн удаж байж эдгэх хүндэвтэр мэс засалд орох гэж байлаа. Тиймээс Евагийн эцэг эх түүнийг зун авга эгч Рөүзтэй нь хамт байлгахаар явуулжээ.

Энэ нь сайхан санаа биш гэх маш олон шалтгаан Евад байв. Эдгээрийн нэг нь тэр ээжээсээ хол байх явдал юм. Мөн гэр бүл, найзуудаа орхино. Үүнээс гадна тэр авга эгч Рөүзийг таньдаггүй байсан. Тэр дасал болсон газартаа л аз жаргалтай байлаа.

Гэвч яаж ч зөрөөд эсвэл яаж ч нүдээ эргэлдүүлээд энэ шийдвэрийг өөрчилж чадсангүй. Ева ачаагаа баглаад, аавтайгаа хамт авга эгч Рөүзийн гэрт очих урт замыг туулжээ.

Ева байшинд хөл тавьсан мөчөөсөө л эхлэн үүнийг үзэж чадахгүй байв.

Бүх юм нь хуучин! Энд тэндгүй хуучин ном, хачин өнгөтэй лонхнууд бас шүр, тууз, товчнуудаар дүүрсэн хуванцар савнууд байлаа.

Авга эгч Рөүз нь гэртээ ганцаараа амьдардаг байсан ба хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Гэрт байгаа, түүнээс өөр цорын ганц амьд амьтан бол өрөө болгоны хамгийн өндөр тавилга дээр гараад, доор байгаа зүйлүүдийг өлсгөлөн бар шиг харж суух дуртай саарал муур л байлаа.

Байшин нь хүртэл уйтгартай санагдаж байв. Энэ бол байшингууд нь хоорондоо хол хол зайтай байдаг хөдөөний байшин байсан юм. Евагийн үеийн хүүхдүүд ойр хавьд байтугай, километр дотор ч байдаггүй байсан нь түүнийг улам ганцаардуулж байв.

Тэр эхлээд авга эгч Рөүзийг төдийлөн анхаарсангүй, ихэнхдээ л ээжийнхээ тухай боддог байжээ. Заримдаа тэр шөнө унталгүй, ээжийнхээ биеийг сайжраасай гэж бүхий л чадлаараа залбирдаг байв. Энэ нь тэр даруй биелээгүй ч, Бурхан ээжийг нь харж хандаж байгаа гэдгийг Ева мэдэрч эхэлсэн юм.

Мэс засал амжилттай болсон гэсэн мэдээ ирсэн бөгөөд одоо Евагийн хийх ёстой зүйл нь зуныг тэвчиж өнгөрүүлэх л явдал байлаа. Гэвч тэр ингэж тэвчих хэчнээн дургүй байсан гээч.

Ээжийнхээ талаар санаа нь амарсан болохоор Ева авга эгч Рөүзиг бага зэрэг анзаарах болжээ. Тэр биерхүү эмэгтэй байсан ба түүний дуу хоолой, инээмсэглэл, зан чанар гээд бүх зүйл нь сэтгэл татам байв. Тэр хөдлөхдөө хөнгөн шингэн биш ч ажиллаж байхдаа үргэлж дуулж, инээдэг, инээх чимээ нь байшингаар нэг цууриатдаг байв. Орой бүр тэр зөөлөн буйдан дээрээ сууж, судраа гаргаж ирээд, чанга уншдаг байлаа. Унших үедээ тэр “Өө, тэр ингэх ёсгүй байсан юм” эсвэл “Би тэнд байсан ч болоосой” эсвэл “Энэ чиний сонссон хамгийн сайхан зүйл биш гэж үү?” гэх мэт хэлдэг байв. Орой болгон тэд Евагийн орны дэргэд залбирахаар өвдөг сөгдөхөд, авга эгч Рөүз хамгийн сайхан залбирлуудыг хэлж мөн хөх шаазгай, гацуур мод, нар жаргах мөч, од мичид, “амьд явах адислалын” төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархдаг байсан. Евагийн хувьд Рөүз Бурханыг найзын хувиар мэддэг юм шиг сонсогддог байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам Ева авга эгч Рөүз өөрийнх нь таньдаг хүмүүсээс хамгийн аз жаргалтай нь байж магадгүй гэсэн хачирхалтай дүгнэлтэд хүрчээ.

Гэхдээ яалаа гэж ийм байх билээ?

Түүнийг чухам юу ийм аз жаргалтай байлгадаг юм бол?

Тэр хэзээ ч гэрлэж байгаагүй, хүүхэдгүй, хачин муурнаас өөр хань болох амьтан ч байхгүй, мөн гутлаа үдэх, шатаар явах зэрэг энгийн зүйлүүдийг хийх нь ч түүнд хэцүү байдаг.

Тэр хот руу явахдаа санаа зовмоор том, тод өнгөтэй малгайнууд өмсдөг байсан. Гэвч хүмүүс түүнийг шоолдоггүй. Харин ч тэд түүнийг тойрон бүчиж, түүнтэй ярилцахыг хүсдэг байсан. Рөүз сургуулийн багш байсан бөгөөд насанд хүрч, хүүхэдтэй болсон хуучны шавь нар нь түүнтэй уулзаж, ярилцах нь ердийн зүйл байлаа. Тэд амьдралд нь сайнаар нөлөөлсөн түүнд талархдаг байв. Тэд ихэвчлэн хамтдаа инээж, заримдаа бүр уйлдаг байсан.

Зуны турш Ева Рөүзтэй илүү их цагийг өнгөрөөх болов. Тэд хамтдаа их алхаж, Ева болжмор, бужиргана хоёрыг ялгаж сурчээ. Тэр зэрлэг самбук жимс түүж, жүржийн бүржмэл хийдэг байв. Тэр гэгээнтнүүдтэй хамт байхын тулд төрөлх нутгаа орхиж, далайгаар аялан, өргөн тал нутгийг туулсан элэнц эхийнхээ талаар мэдэж авсан байна.

Ева удалгүй авга эгч Рөүз нь хамгийн аз жаргалтай хүн төдийгүй түүнтэй хамт байхад илүү аз жаргалтай байдгаа олж мэджээ.

Зуны өдрүүд тун хурдан өнгөрч байлаа. Нэг л мэдэхэд, авга эгч Рөүз удахгүй гэртээ харих цаг боллоо гэдгийг нь Евад хэлжээ. Хэдийгээр Ева ирсэн эхний өдрөөсөө л энэ мөчийг хүлээж байсан боловч одоо энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа сайн ойлгохгүй байв. Тэр үнэндээ энэ хачин хуучин байшин, гэтэж явдаг муурыг болон авга эгч Рөүзигээ санах болно гэдгээ мэдэж байв.

Аав нь ирж түүнийг авч явахын өмнөх өдөр Ева хэдэн долоо хоногийн турш бодож байсан зүйлээ асуужээ: “Рөүз эгч ээ, та яагаад ийм аз жаргалтай байдаг юм бэ?”

Рөүз эгч түүн рүү сүрхий харснаа, урд өрөөнд өлгөөтэй байсан зураг руу түүний анхаарлыг хандуулав. Авьяаслаг найз нь түүнд үүнийг бэлэглэсэн ажээ.

“Чи үүнээс юу олж харж байна?” гэж тэр асуув.

Дэвхэрч буй анхдагч охин

Ева өмнө нь энэ зургийг харж байсан боловч анхаарч харж байгаагүй юм. Анхдагчдынх шиг даашинзтай охин гүн хөх замаар хөгжилтэй гэгч алхаж байв. Зүлэг, модод нь амьд юм шиг тод ногоон харагджээ. Ева “Энэ нэг охины зураг байна. Тэр дэвхэрч явж байх шиг байна” гэж хэлэв.

“Тийм ээ, энэ бол баяр хөөртэй алхаж байгаа анхдагч охин” гэж авга эгч Рөүз хэлээд, “Анхдагчид бараан, гунигтай олон өдрийг туулсан гэж би төсөөлдөг. Тэдний амьдрал бидний төсөөлж чадахаас ч илүү хүнд байсан. Гэхдээ энэ зурган дээрх бүх зүйл гэгээлэг, найдвар дүүрэн харагддаг. Энэ охин баяртайгаар дээшээ харайж, урагш явж байна” гэлээ.

Ева дуугүй байсан ба авга эгч Рөүз цааш нь “Амьдралд санаснаар болдоггүй зүйл бишгүйдээ л нэг байдаг учраас ямар ч хүн өөрийгөө гутранги үзэлтэй, уйтгар гунигтай болгож чадна. Гэвч амьдрал санаснаар болохгүй үед ч амьдралын гайхамшиг, сайн сайханд анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүсийг би мэддэг. Тэд миний мэдэх хамгийн аз жаргалтай хүмүүс байдаг” гэж хэлэв.

“Гэхдээ та гунигтай байснаа гэнэт шууд аз жаргалтай болъё гэж шийдэж чадахгүй шүү дээ” гэж Ева хэллээ.

“Магадгүй л юм” гэж хэлээд авга эгч Рөүз тун ялдамхан инээмсэглэснээ, “Гэхдээ л Бурхан биднийг гунигтай байлгахаар бүтээгээгүй! Тэр биднийг аз жаргалтай байхаар бүтээсэн!3 Хэрэв бид Түүнд итгэвэл Тэр бидэнд амьдралын сайн сайхан, гэгээлэг, найдаж болох зүйлүүдийг олж харахад тусална. Ингэснээр дэлхий илүү гэгээлэг сайхан газар болох нь эргэлзээгүй. Тийм ээ, энэ агшин зуур болдоггүй. Гэхдээ үнэндээ сайн сайхан зүйлүүд цаг хугацаа шаарддаг. Гэрийн талх, жүржийн бүржмэл зэрэг хамгийн сайхан зүйлүүд тэвчээр, хөдөлмөр шаарддаг юм шиг санагддаг” гэж билээ.

Ева энэ талаар хэсэг бодсоноо, “Амьдрал нь санаснаар болдоггүй хүмүүсийн хувьд энэ нь тийм ч амар биш байж болох юм” гэж хэлэв.

“Ева минь дээ, чи миний амьдралыг төгс гэж бодож байна уу?” гээд, тэр Еватай хамт буйдан дээр суулаа. “Надад сэтгэлээр унах, амьдрах хүсэлгүй болох үе байдаг байсан.”

“Танд уу?” гэж Ева асуув.

Авга эгч Рөүз толгой дохив. “Би амьдралдаа маш олон зүйлийг авахыг хүссэн.” Түүнийг ярих үед Евагийн өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй гуниг сонсдов. “Тэдгээрийн ихэнх нь хэзээ ч биелээгүй. Хүнд хэцүү үеүд ар араасаа ирдэг байсан. Нэг л өдөр би энэ нь хэзээ ч миний найдаж байсан шиг болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь үнэхээр хүнд өдөр байсан гэдгийг би хэлж чадна. Би бууж өгч, өрөвдмөөр хүн болоход бэлэн байсан.”

“Тэгээд та юу хийсэн бэ?”

“Би хэсэг хугацаанд юу ч хийгээгүй. Би маш их ууртай, эргэн тойрныхондоо хэтэрхий догшин авирладаг болсон.” Тэгээд тэр ердийн үед өрөөгөөр нэг инээдгээсээ өөрөөр инээснээ, “Би өөртөө ‘Энэ шударга биш байна’ гэх дууг дахин дахин аялсаар л байсан. Эцэст нь ямар нэг зүйл амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн болохыг олж мэдсэн” гэв.

“Тэр нь юу байсан юм бэ?”

“Итгэл” гэж хэлээд авга эгч Рөүз инээв. “Би итгэлийг олж мэдсэн юм. “Итгэл намайг найдвар руу хөтөлсөн. Итгэл, найдвар нь Аврагч байгаа болохоор хэзээ нэгэн өдөр бүх зүйлийн учир тайлагдаж, бүх буруу зүйл зөв болно гэсэн итгэл үнэмшлийг надад өгсөн. Үүний дараа би өмнөх зам минь миний бодсон шиг гунигтай, тоостой биш болохыг олж харсан. Би тод хөх, ногоон, гал улаан өнгийг харж эхэлсэн. Би тоостой замаар өөрийгөө өрөвдөн толгой гудайлгаж, хөлөө чирч явах уу эсвэл багахан итгэлтэй байж, тод өнгийн даашинз, бүжгийн гутлаа өмсөөд, амьдралын зам дээр дуулан дэвхрэх буюу өөдрөг байх уу гэсэн сонголт байгаа гэдгийг ойлгосон.” Энэ үед түүний дуу хоолой зурган дээрх охины дэвхрэх алхаа шиг урам зоригтой болов.

Авга эгч Рөүз ширээн дээрээс элэгдэж хуучирсан судраа авч, өвөр дээрээ тавилаа. Тэгээд тэр “Би өөрийгөө сэтгэл санааны хямралд орсон байсан гэж бодохгүй байна. Тийм байдлаас өөрийгөө татаж гаргах амаргүй байх байсан. Харин би өөрийгөө өрөвдмөөр байдалд оруулсан нь үнэн. Тийм ээ, надад хэцүү өдрүүд байсан ч гэсэн санаа зовж, шаналлаа гээд юу ч өөрчлөгдөөгүй, харин ч бүх зүйл улам дордож байсан. Аврагчид итгэх итгэл маань амьдралд юу ч тохиолдсон миний түүх аз жаргалтай төгсөж болно гэдгийг надад заасан” гэлээ.

“Та үүнийг яаж мэдэж байгаа юм бэ?” гэж Ева асуув.

авга Рөүз Библийнхээ хуудсыг эргүүлээд, “Энд ингэж хэлдэг гээд:

“‘Бурхан … тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].

“‘Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо’”4 гэж уншив.

Авга эгч Рөүз Ева руу харж, нүүр дүүрэн мишээж, үл ялиг чичирхийлсэн хоолойгоор, “Энэ чиний сонсож байсан хамгийн сайхан зүйл биш гэж үү?” гэж шивнэлээ.

Энэ нь Евад үнэхээр сайхан сонсогджээ.

Aвга эгч Рөүз хэдэн хуудас эргүүлээд, нэг шүлгийг зааж, Евагаар уншуулав: “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.”5

“Ийм сайхан ирээдүй биднийг хүлээж байхад яагаад өнгөрсөнд харамсаж эсвэл одоо бидний төлөвлөснөөр болоогүй зүйлүүдээс болж гуниглах ёстой юм бэ?” гэж авга эгч Рөүз хэлж билээ.

Ева хөмсгөө өргөснөө, “Гэхдээ байзаарай. Аз жаргалтай байх гэдэг нь ирээдүйд олж авах аз жаргалыг хүлээх явдал гэж та хэлэх гээд байна уу? Бид мөнх амьдралд л аз жаргалтай байх юм уу? Заримыг нь одоо авч болохгүй юм уу?” гэлээ.

“Мэдээж, бололгүй яах вэ! Бяцхан охин минь, Одоогийн амьдрал бол мөнх амьдралын л нэг хэсэг юм шүү дээ. Энэ нь биднийг нас барсны дараа эхэлдэг зүйл биш! Итгэл, найдвар нь чиний нүдийг нээснээр чи өмнөө байгаа аз жаргалыг олж харна.

“Миний мэдэх нэг шүлэгт ‘Үүрд мөнх гэдэг нь одоогоос бүрдсэн’6 гэсэн байдаг. Одоогийн амьдрал минь бараан, гунигтай байхыг би хүсээгүй. Би өөрийгөө бусдаас тусгаарлаж, шүд зуун, нүдээ аньж, эцсээ хүртэл зовж тэвчих гашуун амьдралаар амьдрахыг хүсээгүй. Найдвар нь одоо баяр баясгалантай амьдрахад шаардагдах итгэлийг надад өгсөн!”

“Тэгээд та юу хийсэн бэ?” гэж Ева асуув.

“Би амьдралаа утга учиртай зүйлээр дүүргэх замаар Бурханд итгэх итгэлээ харуулсан. Би сургуульд сурч, боловсрол эзэмшсэн. Энэ нь намайг дуртай ажил мэргэжил рүү минь хөтөлсөн.”

Ева энэ талаар хэсэг бодсоноо, “Завгүй байдал таныг аз жаргалтай болгоогүй нь тодорхой. Завгүй мөртлөө аз жаргалгүй олон хүн байдаг” гэж хэлэв.

“Чи ийм балчир мөртлөө яаж ийм ухаантай байдаг байна аа?” гэж авга эгч Рөүз асуугаад, “Чиний түмэн зөв. Тэдгээр завгүй, аз жаргалгүй хүмүүсийн ихэнх нь энэ амьдралд хамгийн чухал зүйлийг мартсан байдаг. Энэ бол Есүсийн сайн мэдээний амин судас гэж Тэр хэлсэн” гэлээ.

“Тэр нь юу вэ?” гэж Ева асуув.

“Энэ бол хайр—Христийн цэвэр хайр” гэж Рөүз хэлэв. “Сайн мэдээний бүх зүйл—бидний хийх хэрэгтэй, хийвэл зохих, хийхээр зарлигдуулсан зүйлүүд нь хайрлахад хүргэдэг. Бид Бурханыг хайрлавал Түүнд үйлчлэхийг хүсдэг. Мөн бид Түүнтэй адил байхыг хүсдэг. Бид хөршүүдээ хайрлавал өөрсдийнхөө асуудлуудыг бодохоо больж, бусдад асуудлаа шийдэхэд нь туслахыг хүсдэг.”7

“Энэ таныг аз жаргалтай болгосон байх нь ээ?” гэж Ева асуув.

Авга эгч Рөүз толгой дохин инээхэд нүдийг нь нулимс бүрхлээ. “Тийм ээ, хонгор минь. Энэ нь биднийг аз жаргалтай болгодог.”

Бүрэн өөрчлөгджээ

Маргааш нь Ева авга эгч Рөүзигээ тэвэрч, хийсэн бүх зүйлд нь талархав. Тэр гэр бүл, найзууд дээрээ болон гэртээ, өссөн хотдоо эргэж ирэв.

Гэвч тэр өмнөхөөсөө өөр болсон байлаа.

Ева өсөж том болох тусмаа авга эгч Рөүзийнхээ үгсийг олонтоо боддог байжээ. Ева гэрлэж, хүүхдүүдтэй болж, урт насалж, сайн сайхан амьдарсан.

Нэгэн өдөр тэрээр гэртээ, анхдагчдынхтай адил даашинз өмссөн, гүн хөх замаар дэвхрэн алхаж буй охины зургийг харж зогсохдоо, тэр нэгэн гайхалтай зуныг хамт өнгөрүүлсэн авга эгч Рөүзийнхээ насан дээр ирсэн болохоо ойлгожээ.

Дэвхэрч буй анхдагч охин

Үүнийг ойлгох үедээ тэр нэгэн онцгой залбирлыг зүрх сэтгэлдээ хэлсэн юм. Ева амьдрал, гэр бүл, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ, олон жилийн өмнө авга эгч Рөүз нь8 түүнд итгэл, найдвар, хайрын талаар зааж өгсөн зун цагт талархаж байв.{9

Адислал

Христэд итгэлтэй хайрт эгч нар минь, энэ түүхэн дэх ямар нэгэн зүйл та нарын зүрх сэтгэлийг хөндөж, бодгалийг тань сүнслэгээр өдөөсөн байх гэж би найдаж мөн залбирч байна. Бурхан амьд бөгөөд Тэр та нарыг хайрладаг гэдгийг би мэднэ.

Та нар жинхэнэ шавь байхыг хичээх үед итгэл та нарын алхам бүрийг хамгаалж, найдвар Тэнгэрлэг Эцэгийн та нарт зориулан бэлтгэсэн алдар сууг харахад тусалж, Бурханыг болон Түүний бүх хүүхдийг хайрлах хайраар зүрх сэтгэл чинь бялхах болтугай хэмээн би залбирч байна. Би Их Эзэний төлөөлөгчийн хувьд үүнийг өөрийн гэрчлэл, адислал болгон Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Эшлэлүүд

  1. Жишээ болгож, Maтай 13:24–30; 18:23–35; 20:1–16; 22:1–14; 25; Лук 10:25–37; 15:11–32-ыг үзнэ үү.

  2. Жишээ болгож, Tомас С.Moнсон, “Гэрийнхээ зүг аюулгүй удирдагдах нь,” 2014 оны 10-р сарын чуулган дээр хэлсэн үгс, 75–78; “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 109–112; “Бид хэзээ ч ганцаар алхдаггүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 141–144; “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 103–107-г үзнэ үү.

  3. 2 Нифай 2:25-ыг үзнэ үү.

  4. Илчлэлт 21:3–4.

  5. 1 Коринт 2:9.

  6. “Forever—is composed of Nows,” in Final Harvest: Эмили Дисконсон, sel. Thomas H. Johnson (1961), 158; мөн poetryfoundation.org/poem/182912 -ыг үзнэ үү.

  7. Лук 9:24-ийг үзнэ үү.

  8. “Хатгадаг өргөснөөс зөөлөн сарнай гарах нь олонтаа тохиолддог” (Ovid, Epistulae ex ponto, book 2, epistle 2, line 34; “Saepe creat molles aspera spina rosas”).

  9. Моронай 7:42-ыг үзнэ үү.