“8-р сарын 24–30. Хиламан 7–12: ‘Их Эзэнийг сана,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“8-р сарын 24–30. Хиламан 7–12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
8-р сарын 24–30
Хиламан 7–12
“Их Эзэнийг сана”
Хиламан 7–12-ыг уншиж байхдаа, эдгээр бүлэг дэх түүх, зарчмууд таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адисалж болох тухай тунгаан бод. Энэхүү тоймд орсон санаанууд таны хүлээн авах сүнсний өдөөлтөд тус нэмэр болж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдээс бошиглогч Нифайн хүү Хиламаны талаар юу мэдэхийг нь асуу (Хиламан 7–12-ыг үзнэ үү). Шаардлагатай бол, Нифай нэртэй энэ бошиглогч, Мормоны Номын эхэнд гардаг бошиглогч Нифай хоёрын ялгааг тайлбарла.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэн Өөрийг нь дурсан санаасай гэж надаас хүсдэг.
Нифай хэрхэн хүмүүс нь Бурханаас нүүр буруулж, Түүнийг мартсанд гайхдаг байв. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг санах арга замыг мэдэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ямар нэгэн чухал юмаа мартаж байсан туршлагаасаа хүүхдүүдтэй хуваалц. Ямар нэгэн зүйл мартаж байсан эсэхийг нь тэднээс асуу. Хиламан 7:20-ийг тэдэнд уншиж өгөөд, нифайчууд Бурханыг мартахаар сонгосныг тайлбарла. Бошиглогч Нифай тэднийг Бурханыг санаасай хэмээн хүссэн. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг санаж болох арга замыг төлөөлүүлсэн зургуудыг нэг уутанд хийн авчир. Хүүхдүүдээр зургуудаас ээлжлэн сонгуулаад, бид Бурханыг өдөр бүр хэрхэн санаж болох талаар хуваалцах боломж олго.
-
Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд тусал.
Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилдэг.
Нифай Есүс Христ ирнэ гэдгийг гэрчилсэн ба хүмүүсээ наманчилж, Түүн дээр ирэхэд урьсан. Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг гэдгийг хүүхдүүдэд заахдаа эдгээр бүлгийг ашигла.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүс Христийн зургийг үзүүлээд, Нифайн адил бошиглогчид биднийг Есүсийг дагахад урьдаг болохыг хүүхдүүдэд хэл. Хиламан 8:22-оос бошиглогчдын тухай хэлсэн дараах үгсийг унш. “Тэд Христийн ирэлтийн талаар гэрчилсэн, мөн хойшдыг харж, мөн ирэх түүний өдөрт баяссан билээ”. Аврагчийн тухай хэлсэн амьд бошиглогчийн үгийг хүүхдүүдтэй хуваалц.
-
“Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 68) гэх мэт бошиглогчийн тухай дууг хамтдаа дуул. Дууны түлхүүр хэсгийг сонгоод, хэд хэдэн хөлийн мөрөн дээр түлхүүр хэсгээс нэг үгийг бич. Хөлийн мөрүүдийг явсаар байгаад Аврагчийн зураг руу очихоор тавь. Хүүхдүүдийг хөлийн мөрийг дагахад уриад, үгийг нь уншихад тусал.
Би Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагана.
Нифайн дуулгавартай байдлын үлгэр жишээ таны заадаг хүүхдүүдийг Их Эзэнийг дагахад өдөөж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хиламан 10:2, 11–12-ыг уншаад, Нифай Бурханыг дуулгавартай дагаж байсныг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг Нифайн хийснийг жүжигчлэн үзүүлэхэд урь. Жишээлбэл, өрөөний нэг тал руу очоод (гэртээ харьж байгаа мэт) зогсож, эргээд нөгөө тал руу очихыг тэднээс хүс (тэд хүмүүст заахаар эргэж очиж байгаа мэт). Хэдийгээр Нифай хүнд хэцүү зүйл хийх хэрэгтэй байсан ч Их Эзэнийг дагахыг хүссэн гэдгийг олж харахад нь тэдэнд тусал.
-
Заримдаа Тэнгэрлэг Эцэг бидний хүссэнээс өөр зүйл хийхийг биднээс хүсдэг ч бид Нифайн адил Түүнийг дуулгавартай дагаж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Заримдаа уурламаар санагддаг ч Тэнгэрлэг Эцэг надаас … байхыг хүсдэг” гэх мэт мэдэгдлийг хуваалцаад, тухайн мэдэгдлийг гүйцээж хэлэх боломжийг хүүхдүүдэд олго. Хүүхдүүдийг өөрсдийгөө зогсоон, Тэнгэрлэг Эцэг тэднээр юу хийлгэхийг хүсдэг талаар бодож, үйлдэхэд урамшуул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би бошиглогчийг дагаснаар сүнслэг байдлын хувьд аюулгүй байна.
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст: “Бидний аюулгүй байдал [Сүмийн ерөнхийлөгчийн] хэлсэн үгийг анхааралтай сонсож, түүний зөвлөгөөг дагахад оршино” хэмээн заасан (“Continuous Revelation,” Ensign, Nov. 1989, 10).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт бошиглогчийн хийдэг зүйлийг жагсааж бичихэд хүүхдүүдийг урь (“Бошиглогч,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Хиламан 7:1–2, 27–29; 8:22–23, 10:3–4, 6–7-г судлаад, Нифай жагсаалт дээрх зарим зүйлийг хэрхэн хийснийг олж харахад тэдэнд тусал. Өнөөгийн бошиглогчид дээрх зүйлсийг хийж байгааг бид хэзээ харж байсан бэ? Амьд бошиглогчийн тухай гэрчлэлээ хуваалц. Бошиглогчдын ач тусыг үзүүлэхийн тулд “Цамхаг дээрх харуулууд” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийн эхний минутыг үзүүл.
-
Хиламан 11:3–7-г хамт унш (эсвэл “39-р бүлэг: Нифай агуу их хүч чадлыг хүлээн авсан нь,” Мормоны Номын түүхүүд, 108–110-ыг уншиж эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Бошиглогчийн үгсийг сонсоогүй хүмүүст юу тохиолдсоныг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Бид бошиглогчдыг сонсохгүй бол юу болж болох вэ? Бид Түүнийг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагддаг вэ? Бошиглогчийнхоо заасан ямар нэгэн зүйлийг хуваалцаад, түүний заасан зүйлийг дуулгавартай дагахад хүүхдүүдийг урамшуул.
Их Эзэн Өөрийг нь дурсан санаж байхыг надаас хүсдэг.
Таны зааж байгаа хүүхдүүд анхаарлыг нь сарниулж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мартахад хүргэх зүйлстэй тулгарна. Та хүүхдүүдийг цаг заваа сүнслэг зүйлсэд зориулахад хэрхэн өдөөж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хиламан 7:20–21-ийг хамт уншаад, Бурханыг мартах гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүдээс асуу. Мартах гэсэн үг нь мөн “умартах,” “үл ойшоох” гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Аврагчийн зургийг үзүүлээд, хэт их цаг зарцуулан, Их Эзэнийг мартахад хүргэх зүйлсийг зурахад хүүхдүүдийг урь. Тэдний зургийг Есүсийн зургийн өмнө тавь. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг санахын тулд өдөр бүр хийж болох зүйлсийг бодохыг хүүхдүүдээс хүс. Тэднийг бодлоо хуваалцаж байх үед Аврагчийн зургийг бүрэн гарч иртэл зургуудыг нэг нэгээр нь ав.
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд урь.
Би Бурханы үгийг тунгаан бодсоноор илчлэлт хүлээж авч чадна.
Таны заадаг хүүхдүүд тунгаан бодох гэж юу болохыг мэдэх үү? Нифай Их Эзэний өөрт нь үзүүлсэн зүйлсийн талаар тунгаан бодсоноор илчлэлтээр адислагдсан гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тунгаан бодох гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал (“Эргэцүүлэн бодох,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Эргэцүүлэн бодох гэсэн үг ямар утгатай болохыг дүрсэлсэн өөр бусад үгийг бодоход урь. Дараа нь Хиламан 10:1–3-ыг уншаад, эргэцүүлэн бодох гэсэн үгийг бодолд нь орсон өөр үгээр солихыг тэднээс хүс. Нифайг судруудын талаар эргэцүүлэн бодоход юу тохиолдсон бэ? (Хиламан 10:3–7-г үзнэ үү). Судар эсвэл орчин үеийн илчлэлт, сүнслэг туршлагыг эргэцүүлэн бодсоныхоо дараа илчлэлт хүлээн авсан үеэ хуваалц.
-
Хүүхдүүдэд Хиламан 10-ыг унших цаг гаргаж өг эсвэл хамтдаа уншаад, ирэх долоо хоногт эргэцүүлэн бодох нэг шүлгийг олоход тэднийг урамшуул. Сонгосон шүлгээ цаас эсвэл картон дээр бичээд, дараагийн долоо хоногийн туршид эргэцүүлэн бодохыг сануулах газар тавихад тэднийг урь. Дараагийн хичээл дээр шүлгийг эргэцүүлэн бодсоноор ойлгож мэдсэн зүйлээсээ хуваалцах цагийг тэдэнд гаргаж өг.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг өдөр бүр санахын тулд гаргасан хийх зүйлүүдийн төлөвлөгөөгөө гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуул. Тэд мөн энэ зорилгодоо гэр бүлийнхнийгээ нэгдэхэд урьж болно.