Ирээд, Намайг дага
8-р сарын 3–9. Алма 43–52: “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”


“8-р сарын 3–9. Aлма 43–52: ‘Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 3–9. Aлма 43–52,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Моронай ба эрх чөлөөний туг

Скотт М.Снөү, Эрх чөлөөний адислалуудын төлөө

8-р сарын 3–9

Алма 43–52

“Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”

Та үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө бага насны болон том хүүхдүүдийн аль алинд зориулсан заах санаануудыг эндээс олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ахмад Моронай, эрх чөлөөний туг гэх мэт Алма 43–52 дахь зарим хүн болон түүхийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Санахад нь туслах зорилгоор Мормоны Номын түүхүүд, Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх зургийг тэдэнд үзүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 43:17–21; 48:7–8; 49:1–5; 50:1–6

Бид сайн мэдээнээс сүнслэг хамгаалалтыг олж авч чадна.

Моронай нифайчуудыг леменчүүдээс хамгаалахын тулд өөрийн хүмүүст хуяг, хамгаалалт бэлдсэн. Түүний гаргасан хүчин чармайлт бидэнд сүнслэг хамгаалалтыг хэрхэн олж авч болохыг заадаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайны талаар товч дурдаад (Алма 43-ыг үзнэ үү), нифайчууд өөрсдийгөө хамгаалахаар хуяг дуулга өмссөн байсныг онцол. Та “31-р бүлэг: Ахмад Моронай Зарахемнаг ялсан нь¸” (Мормоны Номын түүхүүд, 85–88 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Алма 43:19-ийг уншаад, судар дээр биеийнх нь аль нэгэн хэсгийн талаар дурдсаныг сонсох бүрдээ тухайн хэсэг рүүгээ заахад урь.

  • Нифайчууд бодит дайнд оролцож байсны адил бид ч гэсэн Бурханы зарлигуудыг дагахад бидэнд саад болдог Сатаны эсрэг сүнсний дайнд оролцож байгааг тайлбарла. Самбарт хүүхэд зураад, хуяг дуулга бидний биеийг хамгаалдгийн адил биднийг сүнслэг байдлын хувьд хамгаалдаг зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (жишээлбэл, залбирал, судраас унших эсвэл зарлигуудыг дагах гэх мэт). Аль нэгэн зүйлийг дурдах болгонд самбар дахь хүүхэд дээр хуяг дуулгын нэг хэсгийг зур.

Нифайчууд леменчүүдтэй тулалдаж байгаа нь

Минэрва К.Тэйчэрт, Нифайчууд хотоо хамгаалж байгаа нь

Алма 46:11–16; 48:11–13, 16–17

Би Ахмад Моронайтай адил итгэлтэй байж чадна.

Моронай бол итгэл, эр зориг, үйлчлэлийн агуу үлгэр жишээ юм. Хүүхдүүдийг түүний үлгэр жишээг дагахад хэрхэн өдөөж болохоо бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Моронайн зургийг үзүүл. Алма 46:11–16 дахь үгийг ашиглан, эрх чөлөөний туг болон уг туган дээр бичигдсэн байсан зүйлийг хүүхдүүдэд хэлнэ үү. Та “32-р бүлэг: Ахмад Моронай ба эрх чөлөөний туг” (Мормоны Номын түүхүүд, 89–90 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзэж болно. Уг түүхийг аль болох хүүхдүүдээр яриулахыг хичээ. Моронай юу чухал болохыг нифайчуудад сануулахын тулд эрх чөлөөний тугийг ашигласан гэдгийг онцол.

  • Өөрсдөдөө эсвэл ангидаа зориулан эрх чөлөөний туг хийхэд хүүхдүүдэд тусал. Өөрсдийнх нь итгэдэг эсвэл Тэнгэрлэг Эцэгийн тэднийг санаж байгаасай гэж хүсдэг зүйлийн талаар бодоход тэдэнд тусалснаар эхэл. Та тэдгээр зургийг том цаасан дээр хүүхдүүдээр зуруул эсвэл цаасан дээр нааж болох зургийг тэдэнд зориулан авчирч болно.

  • Адилхан болохыг хүсдэг хүмүүсийнх нь талаар болон яагаад тэдэнтэй адилхан болохыг хүсдэг талаар нь хүүхдүүдээс асуу. Дараа нь Моронайг дүрсэлсэн зарим үгийг Алма 48:11–13-аас тэдэнтэй хуваалцаад, хэнийг дүрсэлж байгааг таахад тэднийг урь. Моронайн зургийг үзүүлээд, бидний түүнтэй адилхан байж болох арга замуудын талаар ярь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 43:17–21; 48:7–8; 49:1–5; 50:1–6

Би сайн мэдээнээс сүнслэг хамгаалалт олж болно.

Дэлхийд сүнслэг байдалд тулгарах олон аюул байдаг ч нифайчуудын өөрсдийгөө хэрхэн хамгаалсан байдлаас хүүхдүүд олон зүйлийг сурч болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нифайчууд леменчүүдийн эсрэг тулаанд хэрхэн бэлдсэнийг дүрсэлсэн дараах шүлгүүдээс нэг шүлгийг уншихад хүүхэд бүрийг урь. Үүнд: Алма 43:19; 48:8; 49:1–5 болон 50:2–4. Ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс (хэрэгтэй бол тусламж үзүүл). Бид Сатаны эсрэг сүнслэг дайнд оролцож байгаа бөгөөд нифайчууд өөрсдийн биеийг леменчүүдээс хамгаалж байсны адил өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд хамгаалах ёстой гэдгийг тайлбарла. Бид сүнслэг тулаанд өөрсдийгөө хамгаалахын тулд ямар сүнслэг хуяг дуулга хийж эсвэл хамгаалалт барьж болох вэ?

  • Хүүхдүүдэд том цаас эсвэл картон өгөөд, бамбай хийн, биднийг сүнслэг байдлын хувьд хамгаалдаг зүйлсийг бичихийг тэднээс хүс. Хүүхэд бүрд цаас өгөөд, биднээр хийлгэхээр Сатаны уруу татаж болох муу зүйлийг бичихэд урь (худал хэлэх, хулгай хийх, эелдэг бус байх гэх мэт). Цаасаа бөөрөнхийлөн базаж хумиад, сайн мэдээ хэрхэн биднийг Сатанаас хамгаалдгийг харуулахын тулд бамбай руу шидэхийг хүс (мөн Ефес 6:16-г үзнэ үү).

Алма 46:11–16; 48:11–13, 16–17

Би Ахмад Моронайтай адил итгэлтэй байж чадна.

Моронай бол нифайчуудыг сайн мэдээний дагуу амьдрахыг өдөөсөн, Есүс Христийн итгэлтэй мөн хүчтэй шавь байсан (Алма 48:17-г үзнэ үү). Танай ангийн хүүхдүүд түүний жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 46:11–16-г хамтдаа унш. Моронай нифайчуудыг юуг санаасай гэж хүссэн бэ? (12-р шүлгийг үзнэ үү). Тэр эдгээр зүйлийг санахад нь тэдэнд хэрхэн тусалсан бэ? Тэнгэрлэг Эцэгийн биднийг санаасай гэж хүсдэг зарим зүйлийг жагсааж бичихийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд эдгээр зүйлийг санахад туслах өөрсдийн “эрх чөлөөний тугийг” үгээр дүрслэх юм уу зурж үзүүлэх боломж олго.

  • Нэг хүүхдээс Алма 48:17-г уншихыг хүс. Яагаад биднийг Моронайтай адилхан байхад урьдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд тэднийг Алма 48:11–13, 16-г судлахад урь. Яагаад Моронай Есүс Христийн тийм агуу шавь байсныг ойлгоход бидэнд тусалдаг үг, хэллэгийг олохыг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед Моронайтай адилхан болохын тулд хийж болох тодорхой зүйлийн талаар бодоход урамшуул.

Алма 47:4–19

Сатан биднийг бага багаар уруу татаж, хууран мэхэлдэг.

Сатан илүү том нүгэл рүү хөтлөх жижиг жижиг нүглүүдийг биднээр үйлдүүлэхийн тулд уруу татах гэж оролддог гэдгийг хүүхдүүд мэдэх хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 47:4–19-өөс сонгосон зарим шүлгийг хамтдаа уншаад, хэдийгээр Лихонтигийн армийн цэргүүд нифайчуудын эсрэг явахад хүчлүүлэхгүй гэдэгт “сэтгэл оюунаа хандуулсан байсан” ч Амаликая тэдний удирдлагыг хэрхэн гартаа авсныг хүүхдүүдэд тайлбарла. Амаликая Лихонтид төлөвлөгөөгөө эхнээс нь хэлсэн бол юу болох байсан бэ? Сатан биднийг хэрхэн хууран мэхлэх гэж оролддог талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байна вэ?

  • Сайхан арчилж янзалсан мөн арчилж янзлаагүй хоёр байшингийн зургийг эсвэл эрүүл ба хогийн ургамлаар дүүрсэн цэцэрлэгийн зургийг үзүүл. Зургууд дээрээс юу харж байгаагаа мөн эдгээр өөрчлөлт хэсэг хугацааны туршид хэрхэн үүссэн байж болох талаар хүүхдүүдэд ярих боломж олго. Байшингийн эсвэл цэцэрлэгийн эзэн үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж болох байсан бэ? Хүмүүс эхлээд жижигхэн нүгэл (шударга бус байх эсвэл порнограф үзэх гэх мэт), дараа нь том нүгэл үйлдэх Сатаны уруу таталтыг сөрөн зогсож чадахгүй бол бага багаар нүгэлд автаж болно гэдгийг тайлбарла. Амьдралдаа үйлдэхгүй байвал зохих зарим муу зүйл юу вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхэд бүрээс өнөөдөр сонсож эсвэл мэдэрсэн нэг зүйлээ гэрийнхээ нэг гишүүнтэй хуваалцахыг хүс. Тэднийг төлөвлөгөөнүүдээ нэг бүрчлэн дагахад урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тусал. Зарим хүүхэд сайн мэдээг бие дааж суралцах чадваргүй байж болно. Өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслах нэг арга зам бол хичээлд оролцох үед нь магтаж сайшаах явдал юм.