“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7: ‘Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
9-р сарын 7–13
3 Нифай 1–7
“Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун”
Нифайчууд гайхамшигт тэмдгүүдийг харсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрсдөдөө тохиолдсон үйл явдлыг мартсан (3 Нифай 2:1-ийг үзнэ үү). Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь 3 Нифай 1–7-г судалж байхад мэдэрсэн сүнслэг туршлагаа санахад тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Зарим талаараа энэ нь Есүс Христийн итгэгч байх хамгийн сайхан цаг үе байсан. Бошиглолууд гүйцэлдэж, хүмүүст өгөгдсөн агуу тэмдэг, гайхамшгууд Аврагч удахгүй төрнө гэдгийг илтгэж байлаа. Нөгөөтээгүүр, энэ бас итгэгчдийн хувьд сэтгэл түгшээсэн үе байв. Учир нь бүх гайхамшгийг өгөгдсөөр байхад Аврагч төрөх “цаг нь өнгөрсөн” хэмээн үл итгэгчид зөрүүдэлсээр байв (3 Нифай 1:5). Тэр хүмүүс “уг нутаг даяар агуу самуун” (3 Нифай 1:7) дэгдээж, тэр ч бүү хэл лемен үндэстэн Самуелын бошиглосон шөнө үгүй өдөр болохгүй бол бүх итгэгчийг алах өдрийг товлов.
Ийм хүнд нөхцөлд бошиглогч Нифай “өөрийн хүмүүсийн тусын тулд Бурхандаа хүчтэйгээр залбиран гуйв” (3 Нифай 1:11). “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун; … ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно” (3 Нифай 1:13) гэсэн Их Эзэний хариулт хавчлага дарамтад орсон эсвэл эргэлзэж тээнэгэлзсэн мөн гэрэл харанхуйг ялан дийлнэ гэдгийг мэдэх шаардлагатай байгаа хүн бүрд урам зориг өгдөг.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн Өөрийн бүх үгийг гүйцэлдүүлнэ.
Хэрэв та 3 Нифай 1–7 дээр дүрслэгдсэн цаг үед амьдарч байсан итгэгчдийн нэг нь байсан бол ямар санагдах байсан гэж бодож байна вэ? Аврагчийн төрөлтийг мэдэгдэх харанхуй биш шөнийг хүлээн, ийм шөнө болохгүй бол алуулахаа мэдэх ямар байх байсан бол? 3 Нифай 1:4–21 болон 5:1–3-ыг уншиж байхдаа, энэ хүнд хэцүү цаг үед итгэлтэй хэвээр байхын тулд Нифай болон бусад итгэгч юу хийснийг олж мэд. Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ? Их Эзэний амласан адислалуудыг хүлээх хэрэгтэй бол таны ойлгож мэдсэн ямар зүйл танд хэрхэн тус болох вэ?
Сүнслэг туршлагаа мартах нь намайг Сатаны уруу таталтад өртөмтгий болгодог.
Харанхуй болдоггүй шөнө гэх мэт гайхамшигт зүйлийг өөрийн нүдээр харах нь сэтгэлд тань урт удаан хугацаанд үлдэж, гэрчлэлийн тань зангуу болно гэж та бодож байж магадгүй. Гэвч нифайчуудын тэмдэг, гайхамшгийг харсан дурсамж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мартагдсан. Юу тэднийг мартахад хүргэсэн бэ? Мартсаны үр дагавар юу байсан бэ? (3 Нифай 1:22; 2:1–3-ыг үзнэ үү).
Та сүнслэг үнэний гэрчлэлээ санаж, шинэчлэхийн тулд юу хийж байна вэ? Жишээлбэл, сүнслэг туршлагаа бичиж тэмдэглэх нь танд хэрхэн туслах талаар бодож үз. Та итгэхэд нь ойр дотныхондоо туслахын тулд гэрчлэлээ хэрхэн хуваалцах вэ?
Мөн Алма 5:6; Henry B. Eyring, “O Remember, Remember,” Ensign or Liahona, Nov. 2007, 66–69; Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign, Nov. 2015, 65–68 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57-г үзнэ үү.
3 Нифай 2:11–12; 3:1–26; 5:24–26
Их Эзэн сүнслэг аюулын эсрэг гэгээнтнүүдээ хүчирхэгжүүлдэг.
Өнөө үед бидэнд дээрэмчдийн бүлэглэлийн гарт өртөн гэрээсээ хөөгдөж, өөр газар цуглах хэрэг тэр болгон гарахгүй. Харин бидэнд сүнслэг аюул тулгардаг бөгөөд нифайчуудын туршлагад бидэнд тус болох сургамж байж болох юм. 3 Нифай 2:11–12 ба 3:1–26-г уншиж байхдаа эдгээр сургамжийг хайж ол.
3 Нифай 5:24–26-аас бид хожмын өдрүүдэд болох Их Эзэний хүмүүсийн цугларалтын талаар уншдаг. Эдгээр шүлэгт Их Эзэн Өөрийн хүмүүсийг хэрхэн цуглуулж байгаа талаар юу зааж байна вэ?
Мөн “Өсвөр үеийнхэнд зориулсан Дэлхий даяарх онцгой цугларалт: Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон Вэнди В.Нэлсон эгчийн захиас,” 2018 оны 6-р сарын 3, ChurchofJesusChrist.org; “Израил—Израилын цугларалт,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Би Есүс Христийн шавь мөн.
Таны бодлоор Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай үг вэ? (С ба Г 41:5). 3 Нифай 5:12–26 дээр Мормон нифай үндэстний цэдгийг хураангуйлж байхдаа дунд нь өөрийгөө Есүс Христийн шавь хэмээн тунхагласан. Дараа нь 3 Нифай 7:15–26-д тэр өөр нэгэн шавь, бошиглогч Нифайн тохинууллын талаар өгүүлдэг. Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслах ямар зүйлийг та энэ хоёр судрын хэсгээс олж мэдсэн бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
3 Нифай 3:13–14, 25–26
Нифайчууд тулалдахаар ирсэн дайснаасаа өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийсэн бэ? Бид гэр орноо дэлхийн хилэнцтээс хамгаалдаг, аюулгүй газар болгохын тулд юу хийж байгаа вэ?
3 Нифай 2:1–3; 6:15–17
Сатан биднийг хэрхэн хуурч мэхэлдэг талаар сурч мэдэхэд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд хүний биеийг зур. Гэрийнхнийгээ 3 Нифай 2:1–3 болон 6:15–17-г унших үед дурдсан биеийн өөр өөр хэсгийг тэмдэглэ. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Сатан биднийг ямар ямар арга замаар Бурханыг мартаж, нүгэл үйлдэхэд уруу татдаг вэ?
3 Нифай 4:7–12, 30–33
Нифайчууд Гадиантоны дээрэмчид ирж байгааг хараад юу хийсэн бэ? Гэр бүлийнхэн маань хүнд нөхцөл байдалд орохдоо хэрхэх талаар нифайчуудаас юу мэдэж авч болох вэ? Их Эзэнийг хүнд хэцүү цаг үед нь тусалсны дараа нифайчуудын хэлсэн үгээс бид юу мэдэж авч болох вэ?
3 Нифай 5:13; Сургаал ба Гэрээ 41:5
3 Нифай 5:13 болон Сургаал ба Гэрээ 41:5-ыг уншаад, Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай үг болохыг ярилц. Гэр бүлийнхэн тань бие биеийнхээ шавь байхыг анзаарсан тохиолдлоо ярьж болно. Хэрэв танайд бага насны хүүхдүүд байдаг бол “Би Есүс Христийн шавь мөн” гэсэн энгэрийн тэмдэг хийгээд, Аврагчийг дагаж байгааг нь олж харсан үедээ уг тэмдгээ тэдэнд зүүж өг.
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.