“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7: ‘Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
9-р сарын 7–13
3 Нифай 1–7
“Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун”
Заахад бэлдэж байхад тань нэмэлт санаа авах хэрэгтэй бол та энэ эх сурвалжийн эхэнд буй “Бага насны хүүхдүүдэд зориулсан нэмэлт эх сурвалж” болон “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгийг үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Есүс төрсөн гэдгийг олж мэдэхэд нь хүмүүст тусална хэмээн лемен үндэстэн Самуелын хэлсэн тэмдгүүдийн талаар өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Өнөөдөр эдгээр тэмдгийг харсан хүмүүсийн тухай ярина гэдгийг хүүхдүүдэд хэл.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христийг төрөхөд шинэ од гарч ирсэн.
Аврагчийн төрөлтийн тухай Шинэ Гэрээний түүхийг хүүхдүүд хүртэл сайн мэддэг. Энэ долоо хоног нь Есүсийг төрөхөд нифайчуудын гэрчилсэн гайхамшгуудыг ангийнхаа хүүхдүүдэд заах сайхан боломж юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хичээл эхлэхээс өмнө хананд од тогтоо. Ханан дээр ердийн үед байдаггүй ямар нэгэн зүйлийг хайж олоход хүүхдүүдийг урь. Есүсийг төрөхөд нифайчууд тэнгэрт шинэ од харсныг хүүхдүүдэд хэл. 3 Нифай 1:4–15 болон 19–21 дэх түүхийг товч хураангуйл. Та мөн “41-р бүлэг: Христийн төрөлтийн тэмдгүүд” (Мормоны Номын түүхүүд, 114–116 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно.
-
Аврагчийн төрөлтийн зургийг хүүхдүүдэд үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 30), “Есүс Христийн төрөлтийн дуу” (Хүүхдийн дууны ном, 32–33) гэх мэт Христийн мэндэлсний баярын дуртай дуугаа дуул. Нифайчууд Есүсийн төрсөн газраас хол байсан ч тэмдгийг харсан учраас Түүний төрснийг мэдсэн гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хэдийгээр бид Аврагчийн төрөхийг хараагүй ч энэ талаарх судрууд дахь түүхүүд үнэн гэдгийг мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусалдаг гэдгийг гэрчил.
Бошиглогчдын үгс үргэлж гүйцэлддэг.
Их Эзэн Нифайд “Ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно гэдгийг дэлхийд үзүүл[нэ]” (3 Нифай 1:13) хэмээн хэлсэн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бурхан Ноа (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7–8; Эхлэл 6–7-г үзнэ үү) мөн лемен үндэстэн Самуел (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 81; Хиламан 14:1–7-г үзнэ үү) гэх мэт бошиглогчдоор хэрхэн дамжуулан ярьсныг харуулсан зургуудыг үзүүл. Эдгээр түүхийн талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
3 Нифай 1:20-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, бошиглогчдын үгс үргэлж биелдэг тухай гэрчлэлээ хуваалц. Дараагийн Ерөнхий чуулганаар бошиглогчийг сонсоход хүүхдүүдийг урь.
Би Есүс Христийг дагаж чадна.
Мормон “Есүс Христийн шавь билээ би” хэмээн тунхагласан. Та мөн хүүхдүүдийг өөрсдийгөө шавь хэмээн харахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
3 Нифай 5:13-ыг уншаад, “Есүс Христийн шавь билээ би” гэдэг үгсийг давтаж хэлэхэд хүүхдүүдийг урь. Есүс Христийн шавь Түүнийг дагахыг хичээдэг гэдгийг заа. Бурханы үгийг заах, зарлигуудыг нь дагах гэх мэт Есүстэй адилхан болохын тулд Мормоны хийсэн хэдэн зүйлийг хуваалц (3 Нифай 5:13–18-ыг үзнэ үү). Шавь байж чадах арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Цаасан дээр гараа тавин, тойруулж зураад, хайчлахад тусал. “Есүс Христийн шавь билээ би” гэж нэг тал дээр нь бичээд, нөгөө талд нь шавь байхын тулд хийж чадах ямар нэгэн зүйлээ бичихэд тэднийг урь (та тэдэнд санаа бодож олоход туслах хэрэгтэй байж болно). “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагчийг дагах тухай дууг хамтдаа дуул.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бошиглогчдоороо дамжуулан өгсөн Бурханы амлалтууд үргэлж биелдэг.
3 Нифай 1:4–21 дэх түүх Бурхан өгсөн амлалтаа үргэлж биелүүлдэг гэдэгт итгэх хүүхдүүдийн итгэлийг хөгжүүлэхэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хиламан 14:1–7 дахь лемен үндэстэн Самуелын бошиглолыг 3 Нифай 1:19–21 дэх бошиглолын биелэлтэй харьцуулахад хүүхдүүдийг урь. Бошиглогчдоороо дамжуулан өгсөн Бурханы амлалтууд үргэлж биелдэг гэдгийг гэрчил.
-
Хүүхдүүдтэй хамт 3 Нифай 1:4–10 дахь түүхийг унш. Хэрэв хүүхдүүд тэр үед амьдарч байсан итгэгчдийн нэг байсан бол тэдэнд ямар санагдах байсныг тэднээс асуу. Хүүхдүүдийг 11–15-р шүлэг дэх үлдсэн түүхийг уншихад уриад, “Энэ хичээлийн сургамж бол …” гэсэн өгүүлбэрийг гүйцээж бичих арга замыг санал болго. Бид сэтгэлээр унаж эсвэл урам хугарсан үедээ Бурханд итгэж найддагаа хэрхэн харуулж болох вэ?
-
Манай амьд бошиглогчийн бидэнд өгсөн ямар нэгэн амлалтыг хуваалцана уу. Бошиглогчийн үгс Бурханаас ирсэн гэдэгт итгэдгээ харуулахын тулд бид юу хийж болох вэ?
3 Нифай 2:11–12; 3:13–14, 24–26
Бид хамтдаа цугларснаар илүү хүчирхэг болдог.
Нифайчууд бие махбодоо хамгаалахын тулд хамтдаа цугларах хэрэгтэй байсан. Зөв шударга найзуудтайгаа хамтдаа цугларах нь тэдэнд сүнсний хүчийг мөн адил өгдөг гэдгийг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
3 Нифай 2:11–12, 3:13–14, 24–26 зэрэг шүлгүүдийг хүүхдүүдтэй хамт уншаад, ямар шалтгаанаар нифайчууд хамтдаа цуглардаг байсныг мөн ямар адислал тэдэнд ирснийг олж мэдэхэд урь. Өнөөдөр гэр бүлээрээ болон сүмд “цугларах” нь яагаад бидэнд чухал вэ? Хамтдаа цугларах нь биднийг сүнслэг байдлын хувьд хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
-
Бид тус тусдаа биш, харин хамтдаа байхдаа хүчтэй гэдгийг үзүүлэнт хичээл ашиглан заа. Жишээлбэл, хүүхдүүдийг эхлээд нэг савааг, дараа нь боодол савааг хугалахад эсвэл эхлээд нэг ширхэг цаасыг, харин дараа нь боодол цаасыг урах гэж оролдоход урь. Бид саваа эсвэл цаастай юугаараа адилхан бэ? Бид гэр бүлээрээ эсвэл сүм дээр хамтдаа цугларахдаа хэрхэн нэг нэгнээ хүчирхэгжүүлж чадах вэ?
-
Есүс Өөрийн хүмүүсийг номлолын ажлаар дамжуулан Сүмд цуглуулдаг гэдгийг тайлбарла (3 Нифай 5:24–26-г үзнэ үү). Сүмд цугларснаар хүмүүс хэрхэн хүчирхэгждэг болохыг үзүүлсэн туршлагуудаас нь хуваалцуулахаар бүрэн цагийн юм уу тойргийн номлогчийг урь.
3 Нифай 4:30–33; 5:12–26; 6:14; 7:15–26
Есүс Христийн шавь билээ би.
Мормоны адил Есүс Христийн шавь гэдгээ олж харахад нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? (3 Нифай 5:13-ыг үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мормоны зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 73 гэх мэт). Хүүхэд бүрийг 3 Нифай 5:13-т Мормоны “Есүс Христийн шавь билээ би” хэмээн хэлсэн үгийг ээлжлэн давтаж хэлэхэд урь. Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? (С ба Г 41:5-ыг үзнэ үү).
-
Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарилаад, шавь байх тухай дараах жишээний аль нэгийг уншуулахаар бүлгүүдэд оноож өг. Үүнд: хөрвөгдсөн леменчүүд (3 Нифай 4:30–33; 6:14-ийг үзнэ үү), Мормон (3 Нифай 5:12–26-г үзнэ үү) болон Нифай (3 Нифай 7:15–26-г үзнэ үү). Энэ хүмүүс хэрхэн Есүс Христийн жинхэнэ шавь нар байсан бэ? Бид тэдний үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг Христийн шавь байхын тулд энэ долоо хоногт хийх ямар нэгэн зүйлээ бодоход урь. Тэднийг үүнийгээ бичиж, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуул.