Ирээд, Намайг дага
9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: “Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”


“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11: ‘Босогтун мөн над дээр нааш ирэгтүн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 14–20. 3 Нифай 8–11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Жэймс Фуллмэр, Би бол дэлхийн гэрэл

9-р сарын 14–20

3 Нифай 8–11

“Босогтун мөн над дээр нааш ирэгтүн”

Заадаг хүүхдүүдийнхээ талаар бодон, 3 Нифай 8–11-ийг унш. Энэхүү тоймд орсон санаанууд хичээл бэлтгэхэд тань тусалж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрхтэй адил Есүс Христ Америк тивд үзэгдэж байгааг харуулсан зургийг үзүүл. Тухайн зураг дээрх тодорхой дүрслэлүүдийг заан, дүрсэлсэн түүхийн талаар өөрсдийн мэдэх зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

3 Нифай 8–11

Есүс Христ намайг Өөр дээрээ ирэхэд урьдаг.

Хэдийгээр та Аврагчийн нифайчуудад үзэгдсэн тухай түүхийг бүхэлд нь хүүхдүүдтэй хуваалцаж чадахгүй байж болох ч 3 Нифай 8–11-д Түүний хүмүүст үзүүлсэн хайрыг тэдэнд мэдрүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг айлгаж, сэтгэлээр унагалгүйгээр 3 Нифай 8-д дүрсэлсэн салхи, харанхуйн талаар тэдэнд ярьж өг. Та “42-р бүлэг: Христийн цовдлолтын тэмдгүүд”-ийг ашиглаж болно (Мормоны Номын түүхүүд, 117–119 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзэж болно). Хэрэв тэд тэрхүү салхитай харанхуй орчинд байсан бол ямар санагдах байсныг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Салхи, харанхуй нь Есүсийн нас барсны тэмдэг байсныг тайлбарлаад, Цовдлолтыг зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 57-г үзнэ үү). Дараа нь 3 Нифай 9:13-ыг унш. Есүс наманчилсан хүмүүст зориулан юу хийнэ гэж хэлсэн бэ? Энэ шүлэгт орсон “эдгээх” гэсэн үг нь Есүс тэднийг өршөөнө гэсэн утгатайг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Амилсан Аврагч нифайчуудад болон леменчүүдэд үзэгдсэн тухай өөрийн үгээр дүрслэн ярьж байх үедээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрээс зургийг үзүүл. Энэ үйл явдал ариун нандин болохыг мэдрэхэд туслах богино хэсгүүдийг 3 Нифай 11-ээс тэдэнд уншиж өг. Есүсийг харах боломж олдох юм бол ямар байх байсныг нүдээ аньж төсөөлөн бодоход тэднийг урь. “My Joy Is Full” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийн эхний нэг минутыг тэдэнд үзүүл. Эдгээр үйл явдлын талаар уншиж, тунгаан бодоход ямар мэдрэмж төрдөг талаар хүүхдүүдэд хэл. Есүс бид бүгдийг Өөр дээр нь ирж, хайрыг нь мэдрээсэй гэж хүсдэг талаар гэрчил. Үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүдтэй хамт хийж дуусга.

3 Нифай 10:4–6

Тахиа дэгдээхэйнүүдээ хамгаалдгийн адилаар Есүс Өөрийн хүмүүсийг хамгаалдаг.

Дэгдээхэйнүүдээ цуглуулж байгаа тахианы зураг нь хэрэв бид Аврагч дээр ирвэл тайтгаруулагдаж, хамгаалагддаг гэдгийг хүүхдүүдэд зааж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дэгдээхэйнүүдээ хамгаалж байгаа тахианы зургийг үзүүл. 3 Нифай 10:6-г уншаад, аюул тохиоход тахиа хэрхэн дэгдээхэйнүүдээ дуудаж, далавчин доороо хамгаалдаг талаар хүүхдүүдэд ярьж өг. Есүс тахиатай, харин бид дэгдээхэйтэй юугаараа адилхан болохыг ярилц. Бид аюулгүй байдлыг олохоор Түүн дээр хэрхэн ирж чадах вэ?

  • Есүсийн зургийг хананд байрлуул. Таныг 3 Нифай 10:4-ийг чанга уншиж байх үед хүүхдүүдийг ангийг тойрон явахад урь. “Цуглуулдаг” эсвэл “цуглуулахсан” гэсэн үгийг сонсох бүрдээ Есүсийн зураг руу алхахад тэднийг урь. 5 болон 6-р шүлгийг уншиж байхдаа энэ үйл ажиллагааг давтаж хий. Аюулгүй байдлын төлөө та хэрхэн Аврагч дээр ирснээ хүүхдүүдтэй хуваалцаад, Түүний зарлигуудыг дагах юм бол Тэрээр биднийг сүнслэг байдлын аюулаас хамгаалах болно гэдгийг гэрчил.

3 Нифай 11:21–26

Есүс Христ баптисм хүртээсэй хэмээн надаас хүсдэг.

Таны заадаг хүүхдүүд баптисм хүртэхээр бэлдэж байгаа. Эдгээр шүлэг дэх Христийн сургаал яагаад тэдэнд баптисм чухал болохыг мэдэхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 11:21–26-г уншаад, “баптисм хүртэх” гэсэн үгийг сонсох болгондоо босож зогсоход хүүхдүүдийг урь. Есүс бидэнд баптисм хүртэх зөв арга замыг зааж өгсөн гэдгийг тайлбарла. Баптисм хүртэж буй хүүхдийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 104-ийг үзнэ үү). Хэрэв хүүхдүүд баптисм хүртэж байгааг өмнө нь харсан бол юу харснаа дүрслэн ярихад тэднийг урь. Хэн баптисм хүртээж мөн хэрхэн хүртээсэн бэ?

  • Аль нэгэн хүүхдийн аавыг ангид ирж, санваартан хүнээр усанд бүрэн дүрүүлэн, баптисм хүртэх нь яагаад чухал болох талаар хүүхдүүдтэй хуваалцахад урьдаас урь. Тэр мөн баптисм хүртэхэд юу болохыг мөн хүлээн авах адислалуудыг хүүхдүүдэд тайлбарлаж өгч болно. Түүнийг тайлбартаа 3 Нифай 11:23–26-г ашиглахыг урамшуулан дэмж.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

3 Нифай 8–11

Намайг харанхуйд байхад Есүс Христ гэрэл маань болж чадна.

Эдгээр бүлгийн нэг чухал захиас бол Есүс Христ дэлхийн гэрэл бөгөөд Тэрээр бидний амьдралын гэрэл болж чадна хэмээх захиас юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 8:5–7, 11–23-ыг болон 10:9–13-ыг хамтдаа унш (боломжтой бол уншиж байхдаа өрөөг харанхуйл). Үе үе зогсоод, эдгээр үйл явдлыг өөрийн биеэр үзэж туулсан бол ямар байхыг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийг харанхуйд байхад Есүс Христийн хүмүүст хэлсэн зарим үгээс унш (3 Нифай 9:13–14, 18-ыг үзнэ үү). Яагаад Есүс Христ Өөрийгөө дэлхийн гэрэл гэж нэрлэсэн бэ? Есүсийг өөрсдийн гэрэл болгохын тулд Тэрээр хүмүүсийг болон биднийг юу хийхэд урьсан бэ? (3 Нифай 9:20–22-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдэд дэлхийн газрын зураг үзүүлээд, Иерусалим болон Америк тивийг олоход тусал. 3 Нифай 8-д цэдэглэгдсэн сүйрэл бол Есүс Христ Иерусалимд цовдлогдсон болохыг Америк тив дэх хүмүүст харуулсан тэмдэг байсныг тайлбарла. 3 Нифай 11:1–15-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлгээс Бурханы хайрыг мэдрэхэд тусалсан зүйлийг олох үедээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. 37-р шүлгийг хуваалцаад, Аврагч бүх хүүхдэд хайртай болохыг гэрчил. Уншиж байгаа зүйлийнхээ үнэнийг гэрчил.

Есүс гарын шархаа нифайчуудад үзүүлж байгаа нь

Волтэр Рэйн, Нэг нэгээрээ

3 Нифай 11:1–8

Би амьдралдаа Бурханы дуу хоолойг таньж мэдэхэд суралцаж чадна.

Хүмүүс тэнгэрээс сонссон дуу хоолойг эхлээд ойлгоогүй. Энэ түүхээс илчлэлт хүлээн авах талаар хүүхдүүд юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 11:1–4-ийг хүүхдүүдтэй хамт уншиж байхдаа түр зогсоод, “Яагаад хүмүүс дуу хоолойг ойлгохгүй байсан бэ?” гэх мэт асуултуудыг тавь. Дараа нь 5–7-р шүлгийг уншаад, хүмүүсийн хийсэн ямар зүйл тэдэнд уг дуу хоолойг зүрх сэтгэлдээ ойлгоход тусалсныг олж мэдэхийг тэднээс хүс. Бурхан бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсээр дамжуулан ярьж байх үед бид Түүнийг сонсох гэж хэрхэн хичээж болох вэ?

  • Сүмийн дуулал эсвэл хүүхдийн дууг сайн сонсогдохооргүйгээр тавь. Дууны үгийг ойлгож байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу. Дараа нь 3 Нифай 11:3-аас тэнгэр дэх дуу хоолойн дүрслэлийг хайж олоход хүүхдүүдэд тусал. Яагаад Бурхан бидэнтэй “чанга” эсвэл “ширүүн” дуу хоолойгоор ярьдаггүй вэ? Бид Түүнийг илүү сайн сонсохын тулд юу хийж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүс Америк тивд ирж байсан тухай ярихад, болж өгвөл энэ талаар мэдэхгүй хэн нэгэнд ярьж өгөхөд хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Зөрчлийг хайраар шийдвэрлэ. “Заримдаа хэн нэг хүүхэд үймүүлэн, ангийн бусад хүүхдийн сурах орчинд сөргөөр нөлөөлдөг. Ийм байдал үүсэхэд хүүхдийн асуудалд тэвчээр гарган, хайрлаж, хүлээцтэй хандах хэрэгтэй. Хэрэв онцгой анхаарал халамж хэрэгтэй хүүхэд үймүүлж байвал тойрог, гадасны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хариуцсан мэргэжилтэнтэй ярилцан эсвэл disabilities.ChurchofJesusChrist.org вэбсайт руу орж, тэдэнтэй хэрхэн илүү сайн ажиллаж болох талаар олж мэд” (Аврагчийн арга барилаар заах нь,26).