“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16: ‘Би бол хууль, мөн гэрэл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
9-р сарын 21–27
3 Нифай 12–16
“Би бол хууль, мөн гэрэл”
3 Нифай 12–16-г судалж байхдаа, зааж байгаа хүүхдүүдэд тань утга учиртай байх үнэнийг олж мэд. Энэ тойм зарим үнэнийг санал болгож болох ч Сүнс таныг өөр бусад үнэн рүү чиглүүлж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Есүсийн зургийг тойруулан дамжуул. Хүүхдүүдэд зургийг ээлжлэн бариулж, энэ долоо хоногт гэртээ сурсан байж болох гэх мэт Есүсийн заасан нэг зүйлийг хуваалцах боломж олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би бусдад сайн үлгэр жишээ үзүүлж чадна.
Тэдний үлгэр жишээ бусдыг хэчнээн их адисалж болдгийг заримдаа хүүхдүүд ухааран ойлгодоггүй. Та эдгээр шүлгийг ашиглан, тэднийг гэрлээ гэрэлтүүлэхэд урамшуул.
Боломжит үйл ажиллагаанууд
-
3 Нифай 12:14–16-д тэдний талаар өгүүлдэг болохыг хүүхдүүдэд хэлээд, дараа нь үүнийг чанга унш. “Та нарт” эсвэл “та нарын” гэж унших бүрд хүүхдүүд рүү заагаад, тэднийг өөрсөд рүүгээ заахыг хүс.
-
Гар чийдэнг үзүүлээд, нэгнээс нь асаахыг хүс. Бид Аврагчийг дагах үедээ бусдад ч бас Түүнийг дагахад тусалж болох гэрлийг асааж байгаатай адил гэдгийг тайлбарла. Дараа нь гэрлийг бүтээж эсвэл нууж, бусдад сайн үлгэр жишээ болохын тулд хийж болох зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг нэрлэх бүрд гэрлийг ил гарга (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).
-
“Үргэлж од шиг гялалзаж явна” эсвэл “Үргэлж гэрэлт” (Хүүхдийн дууны ном, 84, 96) гэх мэт гэрэл адил гэрэлтэхэд хүүхдүүдийг урамшуулдаг дууг хамтдаа дуул. Хүүхдүүдийг “сайн үйл” хийхэд тэднээс гэрэлтдэг гэрлийн талаар ярьж өгөөд, тэдний гэрэл, үлгэр жишээ хэрхэн бусдад тусалж, сайн үйл хийхэд таныг өдөөдгийг хэл.
Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулдаг.
Бурхан тэдний залбирлыг сонсож, залбиралд нь хариулна гэдгийг ойлгоход энэ шүлэг хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Та 3 Нифай 14:7-г уншиж байхдаа, энэ шүлэгт орсон Аврагчийн урилга бүрийг төлөөлсөн үйлдлийг хийхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд гараа өргөх (асуух), гараараа дурандах (эрэлхийлэх) эсвэл тогшиж байгаа (тогших) үйл хөдлөл хийж болно. Залбирахдаа хэлж, асууж болох зүйлсийг бодоход хүүхдүүдэд тусал. Бид Тэнгэрлэг Эцэгт бүхнийг хэлж болох бөгөөд Тэрээр биднийг хайрладаг тул сонсох болно гэдгийг тайлбарла.
-
Залбирахдаа гар, нүд, толгойгоо яадгаа үзүүлэхэд хүүхдүүдийг урь. “Бид толгойгоо бөхийн” гэх мэт тус болох дууг ашигла (Хүүхдийн дууны ном, 18). Бид залбирахдаа хэнтэй ярьдаг вэ? Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсдог тухай гэрчлэлээ хуваалц.
Аврагч надаас Өөрийнх нь заадаг зүйлийг сонсож, хийхийг хүсдэг.
Аврагчийн үгийг зөвхөн сонсох нь хангалтгүй. Гагцхүү Түүний сургаалын дагуу амьдардаг хүмүүс амьдралын шуургыг даван гарч чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдтэй хамт “Мэргэн, мунхаг хоёр” (Хүүхдийн дууны ном,132) дууг дуул эсвэл 3 Нифай 14:24–27-г уншина уу. Дуулахдаа “мэргэн хүн” гэсэн үгийг өөрсдийн нэрээр орлуулахад хүүхдүүдэд тусал. Яагаад мэргэн хүний байшин шуурганаар нуралгүй үлдсэн бэ? 24-р шүлгийг дахиж уншаад, Аврагчийн хэлсэн ямар зүйлийг тэр сонсож, түүнчлэн хийснийг онцол.
-
Хүүхдүүдэд чулуу, элс үзүүл. Аврагчийг дагах сонголтыг дүрслэхэд чулуу руу, харин Түүнийг дагахгүй байх сонголтыг дүрслэхэд элс рүү заахыг тэднээс хүс. Аврагчийн хэлснийг хийх үед бид хадан дээр барьсан байшинтай адил бат бөх байдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би зөв шударгын төлөө өлсөж мөн цангах ёстой.
Хүн бүр өлсөж, цангах гэж юу болохыг ойлгодог. Аврагч бидэнд зөв шударгыг эрэлхийлэх тухай ямар ойлголттой байх ёстойг заахдаа дээрх мэдрэмжүүдийн талаар ярьсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдээс идэж, ууж байгаа дүр үзүүлэхийг бусад хүүхдэд сонсогдохгүйгээр хүсээд, түүний юу хийж байгааг бусад хүүхдээр таалга. Сайхан хоол идэх эсвэл цэвэр ус уух нь ямар санагддаг вэ? Бид сүнсээ хэрхэн тэжээж тэтгэдэг вэ? 3 Нифай 12:6-г уншаад, Аврагч биднээс юуны араас “өлсөж, цангахыг” хүсдэг болохыг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Бид зөв шударгыг хоол, ундны адил хүсэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
-
Хоол, ундны зургуудыг авчраад, нэг бүрийг Дуулал 119:103; Иохан 6:35; 2 Нифай 32:3; Инос 1:4 эсвэл 3 Нифай 20:8 гэх мэт судрын шүлгээр тэмдэглэ. Судрын шүлгүүдийг уншаад, бид зөв шударгын араас өлсөж, цангаж байгаагаа харуулахын тулд юу хийж болох талаар юу зааж байгааг дүрслэхийг хүүхдүүдээс хүс. Та “Ариун Сүнсээр дүүргэгдсэн” гэдгээ мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаад, хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урамшуул.
Би сайн зүйлсийг зөв шалтгаанаар хийх ёстой.
Эдгээр шүлэгт сайн үйлс нь хангалтгүй бөгөөд бидний үйлс Бурханы хайр, Түүнд үйлчлэх хүслээр өдөөгдсөн байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрээс 3 Нифай 13:1–4, 5–8 эсвэл 16–18-ыг судлаад, эдгээр шүлэгт дурдсан сайн үйлсийг олж тодорхойлохыг хүс (“өглөг” өгөх гэдэг нь ядууст өгөхийг хэлдэг гэдгийг тайлбарла). Яагаад эдгээр зүйлийг зарим хүний адил хийхгүй бай хэмээн Аврагч хэлсэн бэ?
-
Хүүхэд бүрд зөв шударга үйлдлийг бичсэн цаас өг (эсвэл тэдэнд өөрсдийн жишээг бодох боломж олго). Эдгээрийг хийх сайн, муу шалтгааны талаар бодохыг тэднээс хүс. Тэднийг үргэлжид сайн зүйлсийг зөв шалтгаанаар хийхэд урамшуул.
Сүнсний аюулгүй байдал Аврагчийн заасан үгсийг сонсож бас дагаж үйлдсэнээр ирдэг.
Бид бүхний амьдралд “бороо” орж, “үер” буух үе тохиолддог ч Есүсийн заасан үгсийг сонсож мөн дагаж үйлдсэнээр сорилт бэрхшээлийг даван гарч чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангиараа 3 Нифай 14:21–27 болон 15:1-ийг уншаад, таныг “биелүүлэх,” “үйлдэх” гэсэн үгийг унших бүрд босохыг хүүхдүүдээс хүс. Яагаад Аврагч Өөрийнх нь үгийг сонсож, санахын зэрэгцээ дагаж үйлдэхийг онцолдог вэ? 24–25-р шүлэгт өгүүлсэн зүйлийг зурж, хадан дээр “Есүс” гэж бичээд мөн Түүний бидэнд хий хэмээн заасан зүйлийг бичихэд хүүхдүүдийг урь. “Мэргэн, мунхаг хоёр”-ыг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 132).
-
Хүүхдүүдийг босоход уриад, нэг хөл нь Аврагчийн үгсийг сонсохыг төлөөлж, харин нөгөөх нь үгсийнх нь дагуу үйлдэхийг төлөөлж байгааг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Тэднийг “үйлдэх” хөлөө өргөж, “сонсох” хөлөн дээрээ тэнцвэрээ олоход урь. Хүчтэй салхи өрөөгөөр үлээх юм бол юу болох вэ? Аврагчийн хэлсэн үгийг сонсохоос гадна үйлдэх нь яагаад чухал болохыг харуулахын тулд энэ жишээг ашигла.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Есүсийн сургаалын талаар өнөөдөр ойлгож мэдсэн нэг зүйлээ сонгоод, үүний дагуу хэрхэн үйлдэхээ шийдэхэд хүүхдүүдийг урь. Тэдний үйлдэл гэр бүлийнхэн, найз нөхдөдөө гэрэл болоход хэрхэн туслах вэ?