“11-р сарын 2–8. Moрмон 7–9: ‘Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“11-р сарын 2–8. Moрмон 7–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
11-р сарын 2–8
Moрмон 7–9
“Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна”
Мормон, Моронай хоёр цэдэг нь хожмын өдрүүдэд амьдрах хүмүүсийг сүнсээр өдөөнө гэдэгт итгэлтэй байсан. Та Мормон 7–9-ийг уншиж байхдаа, ойлгож мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Мормон, Моронай хоёр ёс бус дэлхийд ганцаараа байх ямар байдгийг мэддэг байсан. Моронайн хувьд эцэг нь тулаанд нас барж, нифайчууд устгагдсаны дараа илүү их ганцаардсан нь дамжиггүй. Тэрээр “Би бүр ганцаар амьд үлдсэн. Би найз нөхөдгүй мөн явах газаргүй боллоо” (Мормон 8:3, 5) гэж бичсэн байдаг. Гарц байхгүй мэт санагдаж байсан ч Моронай Аврагчийн тухай гэрчлэлдээ мөн “Их Эзэний мөнхийн зорилгууд үргэлжилсээр байх болно” (Мормон 8:22) гэсэн мэдлэгтээ найдаж байсан. Түүнчлэн Моронай өөрийнх нь хичээнгүйлэн бичиж дуусгаж буй, нэгэн өдөр “харанхуйгаас гэрэлтэж,” олон хүнийг “Христийн мэдлэг” (Мормон 8:16; 9:36) рүү авчрах тэр нэгэн цэдэг болох Мормоны Ном тэдгээр мөнхийн зорилгод чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэж байсан юм. Эдгээр амлалтад итгэх Моронайн итгэл уг номын ирээдүйн уншигчдад хандан “та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна” мөн “та нар миний үгсийг авна гэдгийг би мэднэ” (Мормон 8:35; 9:30) хэмээн тунхаглах боломжийг түүнд өгсөн. Мормон, Моронай хоёр хэдийн ганцаар үлдсэн ч зорилгодоо үнэнч хэвээр үлдсэн тул одоо бидэнд түүний үгс байгаа бөгөөд Их Эзэний ажил үргэлжилсээр байна.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээнээс “барих” ёстой.
Мормоны цэдэглэсэн сүүлчийн үгсийг Мормон 7-оос олж болох бөгөөд тэдгээрийг хожмын өдрүүдэд байх леменчүүдийн үр удамд хандан бичсэн ч бидэнд зориулсан үнэн бас агуулагддаг. Мормоны захиас Есүс Христ, Түүний сайн мэдээний талаар юуг танд заадаг вэ? Яагаад Мормон энэ захиасаар өөрийн бичээсийг төгсгөхөөр шийдсэн байж болох вэ?
Мормон 7:8–10; 8:12–22; 9:31–37
Мормоны Ном агуу үнэ цэнтэй.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алийг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ?” (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” Ensign, Nov. 2017, 61 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56).
Мормон, Моронай хоёр тэдний хөтөлж буй цэдэг бидний цаг үед агуу үнэ цэнтэй байх болно гэдгийг мэдэж байсан тул үүнийг бэлтгэж, хамгаалахын тулд асар их золиос гаргасан. Та Мормон 7:8–10; 8:12–22; 9:31–37-г уншиж байхдаа, энэхүү цэдэг өнөө үед яагаад ийм их үнэ цэнтэй болохыг бодож үзнэ үү. Та 1 Нифай 13:38–41; 2 Нифай 3:11–12; Сургаал ба Гэрээ 33:16; 42:12–13-аас нэмэлт ойлголтуудыг олж болно. Мормоны Ном агуу үнэ цэнтэй гэдгийг мэдэхэд тань ямар ямар үйл явдал тусалсан бэ?
Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн.
Есүс Христ Моронайд Мормоны Ном гарч ирэх үед юу болохыг харуулсан (Мормон 8:34–35-ыг үзнэ үү) бөгөөд Моронайн харсан зүйл бидний цаг үед зориулан хатуу анхааруулга өгөхөд түүнийг хүргэсэн. Мормон 8:26–41, 9:1-30-ийг уншиж байхдаа, таны амьдралд эдгээр хандлага болон үйлдлийн ямар нэгэн шинж тэмдэг байгаа эсэхийг тунгаан бод. Та юуг өөрөөр хийж болох вэ?
Жишээ нь, бидний цаг үед өргөн тархсан Есүс Христэд үл итгэх байдлыг Моронай хараад, хариу болгон бичсэн захиас Мормон 9:1–30-д байдаг. Дараах зүйлсийн талаарх түүний үгсээс ойлгож мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэ. Үүнд:
-
Христэд итгэхгүй байхын үр дагавар (1–6, 26-р шүлэг)
-
Бурханы илчлэлт, гайхамшгуудад итгэхийн ач холбогдол (7–20-р шүлэг)
-
Бидэнд зориулсан Моронайн зөвлөгөө (21–30-р шүлэг)
Бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулахад туслах юуг та Моронайгаас мэдэж авч болох вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Мормон 7:5–7, 10; 9:11–14
Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мөн бидэнд яагаад Аврагч хэрэгтэй болох талаар юу зааж байна вэ?
Мормон 7:8–10
Энэ жил Мормоны Номыг судлахдаа Библид итгэх итгэлийг маань бататган тусалсан ямар зүйлийг бид ойлгож мэдсэн бэ? Ярилцлагыг эхлэхдээ та Алма 7:11–13, Исаиа 53:3–5 эсвэл 3 Нифай 15:16–24 болон Иохан 10:16 гэх мэт Мормоны Ном болон Библи дээр адил төстэй үнэнийг заадаг зарим судрыг хамтдаа унш.
Мормон 8:1–9
Моронайтай адил ганцаараа байхад ямар санагдах байсан бэ? Түүний хийж гүйцэтгэсэн ажлын юу нь бидэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Мормон 8:12, 17–21; 9:31
Гэр бүлээрээ эдгээр шүлгийг уншаад, дараа нь ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг унш. “Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн. … Иймээс төгс бус аливаа зүйлийг анзаарвал энэ нь тэнгэрийн энэхүү төгс ажилтай огт хамаагүй гэдгийг санаарай” (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign, May 2013, 94 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Бусдын, тэр дундаа Мормоны Номыг бичсэн хүмүүсийн төгс бус байдалд анхаарлаа төвлөрүүлэх нь яагаад аюултай вэ?
Мормон 8:36–38
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? Яагаад зарим хүн Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахаас санаа зовдог вэ? Бид Аврагчийг хэрхэн зоригтой гэрчилж болох вэ?
Мормон 9:16–24
Шинжлэх ухааны туршилт хийхэд эсвэл жорыг амжилттай дагахад тодорхой орц найрлага хэрэгтэй байдаг. Мормон 9:16–24-ийг уншихаасаа өмнө гэр бүлээрээ туршилт хийж эсвэл дуртай зүйлээ жорын дагуу хийж болно. Та эдгээр шүлгийг (ялангуяа 20–21-р шүлгийг) уншихдаа, гайхамшгийг бүтээхэд шаардлагатай “орц найрлагуудыг” олж мэд. Бид эргэн тойрноосоо эсвэл гэр бүлийнхнээсээ ямар ямар гайхамшгийг олж харж болох вэ?
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.