Ирээд, Намайг дага
11-р сарын 16–22. Ифер 6–11: “Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”


“11-р сарын 16–22. Ифер 6–11: ‘Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 16–22. Ифер 6–11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Тэнгис дэх жаредчуудын хөлгүүд

Би та нарыг далайн гүнээс дахин гаргаж ирэх болно, Жонатан Артур Кларк

11-р сарын 16–22

Ифер 6–11

“Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”

Мормон жаредчуудын цэдгийн тухай ярихдаа “энэ шастирт бичигдсэн зүйлийг бүх хүмүүс мэдэх нь чухал болой” (Мозая 28:19) гэсэн. Та Ифер 6–11-ийг уншиж байхдаа үүнийг санаарай. Эдгээр нь яагаад танд болон таны хайртай хүмүүст чухал буюу ашиг тустай вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Жаредчуудыг устаж үгүй болсноос хойш олон зуун жилийн дараа тэдний эртний соёл иргэншлийн балгасыг нифайчууд олж илрүүлжээ. Тэр балгас дунд нэгэн нууцлаг цэдэг—“сийлбэрээр дүүрэн,” “цэвэр алтан” (Мозая 8:9) ялтаснууд байв. Нифайчуудын хаан Лимхай уг цэдгийн чухал болохыг ойлгон, “эргэлзээгүйгээр нэгэн агуу нууц эдгээр ялтсуудад тээгдсэн буй” (Мозая 8:19) гэж хэлсэн. Өнөө үед уг цэдгийн хураангуйг танай хэлнээ орчуулсан байгаа бөгөөд үүнийг Иферийн ном гэдэг. Энэ нь нифайчуудын унших “хэмжээлшгүй хүсэлтэй байсан” бөгөөд уншихдаа “тэд харамслаар дүүрэн байв; гэсэн хэдий ч, тэр их мэдлэгийг тэдэнд өгсөн нь тэднийг баясгах бөлгөө” (Мозая 28:12, 18) хэмээсэн тэрхүү цэдгийн нэг хэсэг юм. Та жаредчуудын хөгжил дэвшил, эмгэнэлт сүйрлийн талаар уншихдаа олон харамсмаар зүйлийг олж мэднэ. Гэсэн ч энэ түүхээс суралцахын баяр баясгаланг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эцсийн эцэст, Моронайн бичсэнээр бид жаредчуудын амжилт, уналтаас суралцаж, “хилэнцэт үйл зогсоогдож болох, мөн хүмүүний үрсийн зүрх сэтгэлд Сатан ямар ч хүчийг агуулж үл чадах … цаг ирж болохын тулд” (Ифер 8:26) “эдгээр зүйлүүд та нарт үзүүлэгдэх нь Бурханы мэргэн ухаан” (Ифер 8:23) билээ.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Ифер 6:1–12

Их Эзэн намайг амлагдсан нутаг руу минь удирдах болно.

Хэрэв та далайг гаталсан жаредчуудын аяллыг мөнх бус амьдрал дахь өөрийн аялалтай харьцуулах юм бол сүнслэг ойлголтыг олж авч болно. Жишээ нь, жаредчуудын хөлгийг гэрэлтүүлж байсан чулуунуудын адил таны замыг гэрэлтүүлэх ямар зүйлийг Их Эзэн өгсөн бэ? Хөлгүүд эсвэл “амлагдсан нутаг тийш үлээх” салхи юуг төлөөлж байж болох вэ? (Ифер 6:8). Аяллын өмнө болон үеэр мөн дараа нь хийсэн жаредчуудын үйлдлээс та юу мэдэж авч болох вэ? Их Эзэн таныг амлагдсан нутаг руу тань хэрхэн удирдаж байгаа вэ?

Жаредчууд ан амьтадтай хамт аялж байгаа нь

Жаредчуудын Ази тивийг туулсан аялал, Минэрва К.Тэйчэрт

Ифер 6:5–18, 30; 9:28–35; 10:1–2

Даруу байхад Их Эзэн намайг адисалдаг.

Жаредчуудын түүхэнд бардамнал болон ёс бус байдал ноёрхож байгаа мэт боловч тэнд, ялангуяа Ифер 6:5–18, 30; 9:28–35; 10:1–2-т даруу байдлын жишээнүүдийг бас өгүүлсэн байдаг. Дараах асуултуудыг тунгаан бодох нь танд дээрх жишээнээс суралцахад тусална. Эдгээр нөхцөлд жаредчууд яагаад өөрсдийгөө даруусгасан бэ? Тэд даруу байдлаа харуулахын тулд юу хийсэн бэ? Үүнийхээ үр дүнд тэд хэрхэн адислагдсан бэ? Зарим тохиолдолд хүмүүс нөхцөл байдлынхаа улмаас хүчээр даруусгагдсан байсныг анзаарна уу. Та даруу байхаар албадуулагдахын оронд (Мозая 4:11–12; Алма 32:14–18-ыг үзнэ үү) сайн дураараа “Их Эзэний өмнө даруухнаар алхахын” (Ифер 6:17) тулд юу хийхээ бод.

Мөн “Humility,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Ифер 7–11

Зөв шударга удирдагчид удирдаж буй хүмүүсээ адисалдаг.

Иферийн 7–11-р бүлэгт дор хаяж 28 үе удам гардаг. Ийм цөөхөн хуудсанд их мэдээлэл багтаагүй ч нэгэн загварыг шууд харж болно. Зөв шударга удирдлага адислал, хөгжил цэцэглэлт рүү хөтөлдөг бол ёс бус удирдлага боолчлол, сүйрэл рүү аваачдаг.

Эдгээр бүлэгт гардаг хаадын цөөн хэдийг энд дурдъя. Холбогдох шүлгүүдийг уншаад, тэдний жишээнээс эерэг болон сөрөг удирдлагын тухай ямар зүйл ойлгож авч болохыг олж мэд. Ингэхдээ та гэр орон, орон нутаг, Сүмийн дуудлагадаа бусдыг удирдах эсвэл тэдэнд нөлөөлөх боломж бололцооныхоо талаар бод.

Ифер 8:7–26

Нууц хуйвалдаан гэж юу вэ?

Хоёр эсвэл түүнээс олон тооны хүн өөрсдийн ёс бус үйлдлийг нууцлахаар үгссэнээр нууц хуйвалдаанд холбогддог. Тэд ихэнхдээ эрх мэдэл, эд баялгийн төлөөх хүслээр өдөөгддөг. Ифер 8:7–18-аас гадна Хиламан 1:9–12; 2:2–11; 6:16–30 болон Мосе 5:29–33-аас нууц хуйвалдааны бусад жишээг олж харах боломжтой. Ифер 8:18–26-д Моронай нууц хуйвалдааны үр дагаврыг тайлбарлан (мөн Ифер 9:4–12-ыг үзнэ үү), тэднийг дэмжихгүй байхыг бидэнд анхааруулсан.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Ифер 6:2–12

Танай гэр бүл жаредчуудын амлагдсан нутаг тийш хийсэн аяллыг жүжигчлэн үзүүлэхдээ дуртай байх уу? Та нар харанхуй өрөөг хөлөг, харин гар чийдэнгүүдийг гэрэлт чулуунууд болгон ашиглаж болно. Жаредчууд “далайн гүнд олонтаа автагдаж” (Ифер 6:6) магадгүйг мэдэж байсан ч хөлөгт орсноороо Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан тухай та ярьж болно. 9-р шүлгийг уншсаныхаа дараа гэр бүлийн гишүүд дуртай магтаалын дууллуудаа хуваалцан, хамтдаа дуулж болно. Бидний гэр орон жаредчуудын хөлгүүдтэй хэр адилхан бэ? Гэр бүлийг маань аваачихаар Их Эзэний хөтөлж буй тэрхүү амлагдсан нутаг юу вэ?

Ифер 6:22–23

Энэ долоо хоногийн турш танай гэр бүл Жаредын ахын бошиглосон боолчлолын тухай сэрэмжлүүлэг хэрхэн биелсэнд анхаарлаа хандуулж болно. Сүмийн удирдагчид өөр ямар сэрэмжлүүлгийг бидэнд өгсөн бэ? Тэдний зөвлөгөөг үл хайхрах нь ямар замаар боолчлол руу хөтөлж болох вэ?

Ифер 8:23–26

Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, Моронай яагаад нууц хуйвалдааны талаар “эдгээр зүйлүүдийг” бичихийг зарлиг болгосон бэ? (Ифер 8:23). Бид 26-р шүлэгт дүрсэлсэн адислалуудыг олж авахад туслах юуг Иферийн номоос ойлгож авч болох вэ?

Ифeр 9:11

Бидний хүсэл бидний сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ? Бид Бурханы зүйлсийг хүсэх хүсэлтэй байхын тулд гэр бүлээрээ юу хийж болох вэ?

Ифeр 11:8

Наманчлагч хүмүүст үзүүлдэг Их Эзэний нигүүлслийн талаар илүү ихийг мэдэхийн тулд та Мозая 26:29–30; 29:18–20; Алма 34:14–16 эсвэл Моронай 6:8-ыг уншиж болно. Гэр бүлийн гишүүд судраас юм уу өөрсдийн амьдралаас Бурханы нигүүлслийн жишээг хуваалцаж болох юм.

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Ойлгож мэдсэн зүйлээ хэрэгжүүл. Сайн мэдээг судлах явцад унших, тунгаан бодохоос өөр олон зүйл ордог. Бид судар дахь үнэний дагуу үйлдсэнээр хамгийн сайн суралцдаг (Иохан 7:17-г үзнэ үү). Та Ифер 6–11-ээс уншсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ?

Тэнгис дэх жаредчуудын хөлгүүд

Жаредчуудын хөлгүүд, Гари Өрнэст Смит