Ирээд, Намайг дага
11-р сарын 23–29. Ифер 12–15: “Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг”


“11-р сарын 23–29. Ифер 12–15: ‘Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 23–29. Ифер 12–15,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Ифер агуй руу орж байгаа нь

Ифер агуйд нуугдсан нь, Гари Эрнэст Смит

11-р сарын 23–29

Ифер 12–15

“Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг”

Гэрчлэлээ хүчирхэгжүүлж, нэмэлт илчлэлтүүдийг урин авчрах сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь мөн танд төрсөн сэтгэгдлээ санах, ирээдүйд бусадтай хуваалцахад тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Жаредчуудад өгсөн Иферийн бошиглолууд “агуу хийгээд гайхамшигт” байсан (Ифер 12:5). Тэр “хүмүүний эхлэлээс эхлэн бүх зүйлийн тухай” хэлсэн (Ифер 13:2). Тэр мөн “Христийн өдрүүдийг” болон хожмын өдрүүд дэх Шинэ Иерусалимыг харж (Ифер 13:4), “илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө найдах” талаар ярьсан (Ифер 12:4). Гэвч жаредчууд өнөө үед хүмүүс Бурханы үйлчлэгчдийн бошиглолыг үл тоомсорлодог яг тэр шалтгаанаар буюу “тэд тэдгээрийг эс [үзэхийн] учир” үл хайхарч байсан юм (Ифер 12:5). Иферт үл итгэгч хүмүүст “агуу хийгээд гайхамшигт зүйлийн” талаар бошиглоход итгэл хэрэгтэй байсны адил харж чадахгүй зүйлсийн талаарх амлалт эсвэл сэрэмжлүүлэгт итгэхэд бидэнд итгэл хэрэгтэй. Их Эзэн түүний “бичгийн сул дорой байдлыг” хүчирхэг болгож чадна гэдэгт найдахад Моронайд итгэл л хэрэгтэй байсан (Ифер 12:23–27-г үзнэ үү). Ийм л итгэл биднийг “тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн бас Бурханыг алдаршуулахад удирддаг” (Ифер 12:4) бөгөөд ийм л итгэлээр “бүх зүйлс гүйцэлддэг” (Ифер 12:3).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Ифер 12

Есүс Христэд итгэх итгэл хүчит гайхамшиг руу хөтөлдөг.

Өнөө үед олон хүн Иферийн үед амьдарч байсан жаредчуудын адил Бурханд болон Түүний хүч чадалд итгэхийн оронд нотолгоо харахыг хүсдэг. Харин Моронай “итгэл бол найдагдсан боловч үзэгдээгүй зүйлүүд” бөгөөд та “итгэлийн тань сорилтын дарааг хүртэл гэрчийг хүлээн авахгүй” (Ифер 12:6) хэмээн заасан.

Та “итгэл” гэдэг үгийг Ифер 12-оос олж харах бүрдээ тэмдэглэж, итгэлийн тухай мэдэж авсан зүйлээ бич. Итгэл гэж юу вэ? Итгэлээр дүүрэн амьдралын үр жимс юу вэ? гэх мэт асуултуудын хариултыг ол. Мөн та “итгэлийн тань сорилтын дараа” (Ифер 12:6) хүлээн авсан гэрчлэлийнхээ талаарх санаа бодлоо бичиж тэмдэглэ.

Түүнчлэн Еврей 11; Алма 32-ыг үзнэ үү.

Ифер 12:1–9, 28, 32

Есүс Христ бидэнд “илүү онцгой найдварыг” өгдөг.

Ифер 12 итгэлийн талаарх гүн гүнзгий ойлголтоос гадна найдварын талаар олох зүйлийг хэлдэг. Та “найдвар” гэсэн үг гарах бүрд тэмдэглэ. Таны хувьд найдвар гэдэг нь ямар утгатай вэ? Иферийн “илүү сайн дэлхийд найдах” болсон шалтгаан юу юу байсан бэ? (Ифер 12:2-5-ыг үзнэ үү). Есүс Христийн сайн мэдээ хэрхэн танд “илүү онцгой найдварыг” өгсөн бэ? (Ифер 12:32).

Нөхцөл байдал тань ямар ч бай, амар амгалан болон эдгэрэлтийг олж авах арга замын талаарх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны захиасыг сонсохын тулд GiveThanks.ChurchofJesusChrist.org руу орно уу.

11:38

Мөн Моронай 7:40–41; Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, Nov. 2008, 21–24 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25–29; Миний сайн мэдээг номло, 133–134-ийг үзнэ үү.

Ифер 12:23–29

Есүс Христ сул дорой зүйлсийг хүчирхэг болгож чадна.

Моронайн бичсэн хүчирхэг бичээсийг уншиж байхдаа тэр “бичгийн сул дорой байдлынхаа” улмаас санаа зовж байсныг мөн хүмүүс хэлсэн үгийг нь шоолох байх гэж айж байснаа амархан мартдаг (Ифер 12:23–25-ыг үзнэ үү). Бурхан даруу хүмүүст хандан, “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” гэж амласан (27-р шүлэг) бөгөөд Моронайн бичээсүүдийн сүнслэг хүч Их Эзэн энэ амлалтаа биелүүлсний баттай нотолгоо юм.

Ифер 12:23–29-ийг уншаад, Бурхан танд сул дорой байдлаа олж харахад туслан, сул дорой байсан ч таныг хүчирхэг болгож байсан тохиолдлуудаа тунгаан бод. Энэ нь мөн танд одоогоор асуудалтай байгаа сул талынхаа талаар бодоход тохиромжтой цаг байж болох юм. Та “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн өгсөн Их Эзэний амлалтыг хүлээн авахын тулд Түүний өмнө өөрийгөө даруусгаж, Түүнд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ? (Ифер 12:27).

Танд эдгээр шүлгийн үгийг тунгаан бодоход ахлагч Нийл А.Максвэллын хэлсэн дараах тайлбар тусална. Тэр: “Бид судруудаас хүмүүний ‘сул дорой байдал’ гэдэг үгийг уншаад … энэ нэр томьёо ерөөсөө хүнд заяамал байдаг бөгөөд сүнсэнд нөлөөлдөг, махан биеийн төрөлх хувиршгүй чанар гэж ойлгодог (Ифер 12:28–29-ийг үзнэ үү.) Үүнчлэн сул дорой байдалд бидний хувь хүн бүрийн даван туулах ёстой өөрийнх нь өвөрмөц сул дорой байдал бас багтдаг” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 66:3; Иаков 4:7-г үзнэ үү)” (Lord, Increase Our Faith [1994], 84).

Мөн “Grace,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Ифер 13:13–22; 14–15

Бошиглогчдыг эсэргүүцэх нь сүнслэг аюулыг авчирдаг.

Түүхээс харахад жаредчуудын хаан байх нь аюултай албан тушаал байв. Ялангуяа Кориантумрын хувьд энэ явдал үнэн байсан бөгөөд түүнийг олон “хүчит эрчүүд … устгахаар эрэлхийлж байсан” (Ифер 13:15–16). Ифер 13:15–22 дээр Кориантумр өөрийгөө хамгаалахын тулд юу хийсэн мөн Ифер түүнд хийж байсан зүйлийнхээ оронд юу хийхийг зөвлөсөнд анхаар. Та Иферийн номын үлдсэн хэсгийг уншиж байхдаа, бошиглогчдыг эсэргүүцэхийн үр дагаврын талаар тунгаан бод. “Их Эзэний Сүнс тэдний төлөө зүтгэхээ [болих]” үед хүмүүст юу тохиолддог вэ? (Ифер 15:19).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Ифер 12:7–22

Эдгээр шүлгийг уншаад, та Мормоны Номоос уншсан итгэлийн зарим гайхалтай жишээг эргэн хар. Энэ нь өөрсдийн гэр бүлийн түүхэн дэх эсвэл өөрсдийн амьдрал дахь итгэлийн жишээнүүдийн талаар яриа өрнүүлэхэд хүргэж болох юм. Тэдгээр туршлагаа бичиж тэмдэглээгүй байгаа бол бичиж тэмдэглэ.

Ифер 12:27

Яагаад Их Эзэн бидэнд сул дорой талыг өгдөг вэ? “Сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгохын” тулд бид өөрсдөө юу хийх ёстой вэ? Аврагч юу хийдэг вэ?

Ифeр 12:41

Хүүхдүүддээ “Есүсийг эрэлхийлэхийг” заах хөгжилтэй арга зам танд байдаг уу? Тэдэнд заах нэг арга зам бол Есүсийн зургийг нуугаад, гэр бүлийнхнээ уг зургийг “эрэлхийлж” олоход урих явдал юм. Бид Есүсийг хэрхэн эрэлхийлдэг вэ? Түүнийг олсноор бид хэрхэн адислагддаг вэ?

Ифер 13:13–14; 15:19, 33–34

Иферт тохиолдсон үйл явдлыг Мормон, Моронай нарынхтай харьцуулах нь гэр бүлийнхэнд тань сонирхолтой байж магадгүй (Мормон 6; 8:1–10-ыг үзнэ үү). Тэд юугаараа төстэй байна вэ? Нифайчуудыг устгалд хүргэсэн зам жаредчуудынхтай юугаараа адил төстэй байсан бэ? (Ифер 15:19-ийг Моронай 8:28-тай харьцуул). Тэдэнд тохиолдсонтой адил зүйлээс зайлсхийхэд туслах ямар үнэнийг бид мэдэж авч болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Aсуулт тавихыг дэмж. Хүүхдүүд төрөлхийн сониуч байдаг. Заримдаа тэдний тавьсан асуултыг заах гэсэн зүйлээс маань холдуулж, анхаарал сарниулж байна гэж та харж магадгүй. Харин үүний оронд асуултыг боломж хэмээн хар. Тэдгээр нь хүүхдүүдийг суралцахад бэлэн байгааг харуулдаг. Тэдгээр асуулт нь тухайн хүүхэд юу боддог болон суралцаж байгаа зүйлээ хэрхэн хүлээн авч байгаа талаарх ойлголтыг танд өгөх болно (Аврагчийн арга барилаар заах нь, 25–26).

Ифер агуйн аман дээр сөхрөн сууж байгаа нь

Иферийн гайхамшигт бошиглолууд, Волтэр Рэйн