Ирээд, Намайг дага
11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6: “Тэднийг зөв замд байлгахын тулд”


11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6: ‘Тэднийг зөв замд байлгахын тулд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Алма хүмүүст Мормоны усанд баптисм хүртээж буй нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Алма Мормоны усанд баптисм хүртээсэн нь, 1949–1951, хавтан дээрх тосон будаг, 91x122 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

11-р сарын 30-аас 12-р сарын 6

Moронай 1–6

“Тэднийг зөв замд байлгахын тулд”

Моронай “ирээдүйн нэг өдөр … чухал байх” гэж найдсан зүйлээ цэдэглэсэн (Моронай 1:4). Моронай 1–6-аас таны хувьд чухал юуг та олж мэдсэн бэ? Олж мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэн, үүнийг чухал гэж үзэх хэн нэгэнтэй хуваалцаж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Моронай нифайчуудын тухай эцгийнхээ цэдгийг бичиж мөн жаредчуудын цэдгийг хураангуйлж дуусаад цэдэг хөтлөх ажил нь дууссан гэж эхэндээ бодсон (Моронай 1:1-ийг үзнэ үү). Бүрмөсөн устаж үгүй болсон хоёр үндэстний талаар хэлэх өөр зүйл байсан гэж үү? Гэвч Моронай бидний цаг үеийг харсан Мормон 8:35-ыг үзнэ үү) бөгөөд “ирээдүйн нэг өдөр, … чухал байж магад хэмээх тул өөр цөөн хэдэн зүйл” (Моронай 1:4) бичихээр сүнсээр өдөөгджээ. Тэрээр өргөн хүрээний урвалт явагдах ба энэ нь санваарын ёслолууд болон шашны талаар ерөнхий төөрөгдлийг авчирна гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас тэр ариун ёслол, баптисм, Ариун Сүнсний бэлгийг хүртээх болон бусад итгэгчийн хамт “[бие биенээ] зөв замд байлгахын тулд, итгэлийнх нь үүсгэгч мөн төгсгөгч нь болох Христийн сайн үйлсийн дээр л тулгуурлан” (Моронай 6:4) цуглахын адислалуудын талаар тодорхой мэдээллийг өгсөн байж магадгүй. Их Эзэн Моронайн амь насыг хамгаалж, “цөөн хэдэн зүйл бичих” (Моронай 1:4) боломжийг түүнд олгосонд талархах шалтгааныг эдгээр эрхэм нандин санаа бидэнд өгдөг билээ.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Моронай 1

Есүс Христийн шавь нар эсэргүүцлийг үл харгалзан итгэлтэй хэвээр үлдсэн.

Зарим хүнд амар тайван цагт итгэлтэй байх илүү амар хялбар байдаг. Гэвч бид Есүс Христийн шавийн хувьд сорилт бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарсан ч гэлээ итгэлтэй хэвээр байх ёстой. Моронай 1-ийг уншиж байхдаа, Их Эзэнд болон дуудлагадаа итгэлтэй байсан Моронайн юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ? Та түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Moронай 2–6

Санваарын ёслолуудыг Их Эзэний зарлигласны дагуу гүйцэтгэсэн байх ёстой.

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа туршид баптисм (Матай 3:13–17; Иосеф Смитийн Орчуулга, Иохан 4:1–4 [Судруудын Удирдамжинд байгаа]-ийг үзнэ үү), санваарын томилгоо (Марк 3:13–19-ийг үзнэ үү) ариун ёслол (Матай 26:26–28-ыг үзнэ үү) зэрэг ариун нандин ёслолуудыг хүлээн авч, гүйцэтгэсэн. Хэдий тийм боловч, Их урвалтаас болж өнөөдөр олон хүн ёслолуудыг хэрхэн гүйцэтгэх ёстой, тэр ч бүү хэл тэдгээр нь хэрэгтэй эсэх талаар төөрөгдөлд орсон байгаа. Моронай 2–6-д Моронай санваарын зарим ёслолын талаар чухал мэдээллийг өгсөн байдаг ба тэдгээр нь зарим төөрөгдлийг арилгахад тусална. Эдгээр бүлгээс ёслолуудын талаар суралцахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Суралцахад тань туслах зарим асуултын жишээг доор дурдав.

Гишүүний баталгаа (Моронай 2; 6:4).Моронай 2:2 дээрх Аврагчийн зааварчилгаа гишүүнээр батлах ёслолын талаар танд юу заадаг вэ? “Ариун Сүнсний хүчээр нөлөөлөгдөж мөн цэвэршигдэх” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (Моронай 6:4).

Санваарын томилгоо (Моронай 3).Хэн нэгэн санваарт томилогдоход бэлтгэхэд туслах юуг та энэ бүлгээс олж мэдсэн бэ? Ёслолыг гүйцэтгэх хүнд тусалж болох юуг та олсон бэ?

Ариун ёслол (Моронай 4–5; 6:6).Ариун ёслолын залбирал дахь амлалтуудад анхаарлаа хандуулж (Моронай 4:3; 5:2-ыг үзнэ үү), амлалтаа биелүүлэхийн тулд юу хийж байгаагаа тунгаан бод. Та ариун ёслолд оролцохдоо Сүнсний нөлөөг илүү хүчтэй урин авчрахын тулд юу хийж болох вэ?

Баптисм (Моронай 6:1–3).Та баптисм хүртсэнийхээ дараа ч гэсэн эдгээр шүлэгт байх баптисмын шалгуурт үргэлжлүүлэн тэнцэхийн тулд юу хийж болох вэ? Эдгээр шүлэг нь Есүс Христийн Сүмийн гишүүн байх талаар танд юу хэлж байна вэ?

Та сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, эдгээр ёслолын талаар боддог, оролцдог эсвэл бусдыг эдгээр ёслолд бэлтгэдэг арга замаа хэрхэн өөрчлөх вэ? Яагаад эдгээр ёслолыг “Христийн зарлигуудын дагуу … адислан түгээх” чухал вэ? (Моронай 4:1).

Мөн “Ordinances,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Адислал хүлээн авч буй залуу эмэгтэй

Есүс ёслолуудыг хэрхэн үйлдэхийг заасан.

Моронай 6:4–9

Есүс Христийн шавь нар бие биенийхээ бодгалийн сайн сайхан байдалд анхаарал тавьдаг.

Хэдийгээр бид бүгдээрээ “[өөрсдийн] авралаа гүйцээдэг” (Мормон 9:27) нь үнэн боловч бусад итгэгчтэй хамт “ойр ойрхон цуглах” нь биднийг “зөв замд” үлдэхэд тусалдаг болохыг Моронай заасан (Моронай 6:4–5). Моронай 6:4–9-ийг уншихдаа, “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологд[охоос]” (Моронай 6:4) ирдэг адислалуудыг тунгаан бод. Та удирдагч эсвэл оролцогч байхаас үл хамааран өөрийн болон бусад хүний Сүм дээрх туршлагыг Моронайн дүрсэлсэнтэй илүү адилхан болгох юуг хийж болох вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Моронай 1; Моронай 6:3

“Христийг үгүйсгэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Моронай 1:2–3). Бид “төгсгөл хүртэл түүнд үйлчлэх шийдвэрээ” хэрхэн харуулж болох вэ? (Моронай 6:3). Түүнд үйлчлэх ийм шийдвэр гаргасан таньдаг хүмүүсийнхээ жишээг хуваалц.

Моронай 4:3; Моронай 5:2

Ариун ёслолын залбирлуудыг гэр бүлээрээ унших нь ариун ёслолд илүү бишрэл хүндэтгэлтэй хандах талаар ярилцлага өрнөхөд хөтөлж болно. Эдгээр залбирлаас тэдний хувьд утга учиртай үг хэллэгийг гэр бүлийн гишүүд тань ярилцаж болох юм. Тэд мөн тэр үг хэллэгийнхээ талаарх сэтгэгдлээ бичиж тэмдэглэх эсвэл Аврагчийн тухай бодоход туслах зураг зурж болно. Тэд бас бичсэн эсвэл зурсан зүйлээ ариун ёслолын цуглаанд авчирч, Аврагчид бодол санаагаа төвлөрүүлэхдээ ашиглаж болно. Гэрийнхэндээ ариун ёслол болон Аврагчийн золиослолын талаар юу бодож санадгаа хэл.

Моронай 6:1–4

“Харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэлтэй” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Моронай 6:2). Энэ нь биднийг баптисм хүртэхэд хэрхэн бэлтгэж тусалдаг вэ? Баптисм хүртсэний дараа энэ нь бидэнд хэрхэн тус болох вэ?

Моронай 6:4–9

Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологдсоноор” ямар ямар адислал хүлээн авдаг вэ? (Моронай 6:4). Бидэнд яагаад Сүм хэрэгтэй вэ?

Моронай 6:8

Энэ шүлэг наманчлалын тухай юу заадаг вэ? “Үнэн сэтгэлээсээ” өршөөл эрэлхийлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Моронай 6:8). “Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх мэт өршөөлийн тухай дууг дуулж болно.

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бурханы хайрын нотолгоог ол. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Сайн мэдээ нь Бурханыг болон нэг нэгнээ хайрлах хайрын сайн мэдээ юм” (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 59) хэмээн заасан. Та судруудыг уншихдаа Бурханы таныг болон бүх хүүхдээ хайрлах хайрын нотолгоог тэмдэглэн авч мөн зурж болно.

Моронай агуйд нуугдаж байгаа нь

Моронай агуйд, Хорхе Кокко