“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр: ‘Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“12-р сарын 21–27. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
12-р сарын 21–27
Христийн мэндэлсний баяр
“Тэрбээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”
Христийн мэндэлсний баяр бол бидний Аврагч, Есүс Христийн төрөлтийн талаар эргэцүүлэн бодож, талархлаа илэрхийлэх цаг үе юм. Та Түүний төрөлт, амьдралын талаар энэ долоо хоногт уншиж, тунгаан бодохдоо энэ жил Мормоны Номыг судалснаар Тэр бол дэлхийн Аврагч гэсэн таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлснийг бодоорой. Та өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Нифайгаас эхлэн Моронай хүртэлх Мормоны Номын бошиглогч бүр уг номын нүүр хуудас дээр хураангуйлан бичсэн “Есүс бол Христ гэдгийг [бүх хүмүүст] итгүүлэх” ариун зорилгыг биелүүлэх үүрэг хүлээсэн байсан. Нэг бошиглогч Түүнийг мөнх бус амьдралын өмнө оршихуйд сүнс байхыг нь харсан бол нөгөө нь Түүний төрөлт, тохинууллыг үзэгдэлд харсан. Нэг нь Түүний төрөлт, нас баралтын тэмдгүүдийг тунхаглахаар хэрмэн дээр зогссон бол нөгөөх нь Түүний амилсан бие махбодын өмнө сөхрөн сууж, гар, хөл, хавирган дахь сорвинд нь хүрсэн. Тэд бүгдээрээ “хүмүүн аврагдаж чадах өөр бусад зам ч, бас арга ч үгүй, зөвхөн … [энэ дэлхийг гэтэлгэхээр ирэх] Есүс Христийн цагаатгагч цусаар дамжин” (Хиламан 5:9) аврагдана гэсэн чухал үнэнийг мэдэж байсан.
Тиймээс Христийн мэндэлсний энэ баяраар, дэлхий даяарх итгэгчид Хүүгээ илгээсэн Бурханы сайн сайхан, хайрыг алдаршуулан, Мормоны Ном Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг тунгаан бод. Та Түүний төрөлтийн тухай бодохдоо Тэр яагаад ирснийг болон, Түүний ирсэн нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар бод. Тэгэх юм бол та Есүс Христийн танд өгсөн бэлэг болох Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгаланг мэдрэх болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
1 Нифай 11:13–36; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22
Есүс Христ миний Аврагч болохоор дэлхийд ирсэн.
Христийн мэндэлсний баяраар та Шинэ Гэрээн дэх Аврагчийн төрөлтийн түүхийг уншдаг уламжлалтай болсон ч энэхүү ариун нандин үйл явдлын тухай сэтгэл хөдөлгөм бошиглолуудыг Мормоны Номоос бас олж мэдэх боломжтой. Жишээлбэл, Аврагчийн төрөлт болон тохинууллын бошиглолууд 1 Нифай 11:13–36; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22-т бий. Эдгээр шүлгийг уншиж, Түүний төрөлтийн тэмдгүүдийн илэрхийлж болох утгыг эргэцүүлэн бодоход Есүс Христийн талаар танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Эртний Америк тивийн эдгээр бошиглогчийн гэрчлэл Христ, Түүний зорилгын талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
Түүнчлэн Матай 1:18-25; 2; Лук 2-ыг үзнэ үү.
2 Нифай 2:6; Алма 7:7–13; 11:40; Хиламан 5:9; 14:16–17
Есүс Христ бол бүх хүн төрөлхтний Гэтэлгэгч юм.
Хэрэв Түүнд биднийг нүгэл болон үхлээс аварч, зовлон зүдгүүрийн үед тайтгаруулж, “Түүгээр төгөлдөржихөд” (Моронай 10:32) туслах цагаатгагч хүч байгаагүй бол бидэнд Есүс Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх учир шалтгаан байхгүй байх байсан. Таныг гэтэлгэх Аврагчийн хүчийн талаар та Мормоны Номоос энэ жил юу ойлгож мэдсэн бэ? Танд ямар нэгэн түүх эсвэл сургаал онцгой санагдсан уу? 2 Нифай 2:6; Алма 7:7–13; 11:40; Хиламан 5:9; 14:16–17 дахь дараах жишээнүүд Аврагчийн гэтэлгэх үйл хэргийн талаар танд юу зааж байгааг бодож үзнэ үү. Та Түүнд талархлаа илэрхийлэхийн тулд юу хийх сүнсний өдөөлтийг мэдэрч байна вэ? (Хэрэгжүүлж эхлэх зарим санаа Christmas.Мормон.org дээр бий.)
1 Нифай 6:4; 19:18; 2 Нифай 25:23, 26; 33:4, 10
Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.
“Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдэг нь Мормоны Номын дэд гарчиг төдийгүй үүний тэнгэрлэг зорилгыг илэрхийлсэн мэдэгдэл юм. 1 Нифай 6:4; 19:18; 2 Нифай 25:23, 26; 33:4, 10-аас Христийг гэрчлэх Мормоны Номын зорилгын талаар юу мэдэж авч болохыг тунгаан бодно уу.
Энэ жил Мормоны Номыг судалсан явдал хэрхэн таныг Христэд ойртуулсан талаар тэмдэглэлдээ бич. Доорх санаанууд тус болж магадгүй.
-
“Энэ жил Аврагчийн тухай миний сурч мэдсэн шинэ зүйл бол …”
-
“[Аврагчийн тухай шүлгүүдийг] уншсанаар миний … арга зам өөрчлөгдсөн”
-
“Мормоны Номон дахь миний дуртай хүн [эсвэл түүх] надад Аврагч … гэдгийг заасан”
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
1 Нифай 11:13–23; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22
Таныг 1 Нифай 11:13–23; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13; мөн 3 Нифай 1:4–22 дээрх Христийн төрөлт болон тохинууллын түүхийг уншиж байхад хүүхдүүдэд сонссон зүйлийнхээ талаар зураг зурах таалагдаж болох юм. Дараа нь хүүхдүүд зурсан зургаа ашиглан тухайн түүхийг эргүүлэн ярьж болно.
“Тэр бол бэлэг”
Тэнгэрлэг Эцэг Хүүгээ бидэнд илгээн өгсөн бэлэгт анхаарлаа төвлөрүүлэхэд гэр бүлийнхэндээ туслахын тулд та Есүс Христийн зургийг Христийн мэндэлсний баярын бэлэг болгон боож болно. Гэр бүлийн гишүүд Христийн мэндэлсний баяраар өөрсдийн авсан болон авахыг хүсэж буй бэлгийнхээ тухай ярьж, дараа нь Христийн зургийг задлаад, Тэр бидний хувьд хэрхэн эрхэм нандин бэлэг болохыг ярилц. “Тэр бол бэлэг” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь Христийн мэндэлсний энэ баяраар гэр бүлээрээ Аврагчийн бэлгийг хэрхэн олж нээн, хүлээн авч, хуваалцаж болох талаар ярилцахад танд тусална.
Мөн гэр бүлийнхэнд тань бусдад илүү сайхан сэтгэлээр хандах эсвэл муу зуршлаа ялан дийлэхээр хичээл зүтгэл гаргах гэх мэт Аврагчид өгөхийг хүсэж байгаа “бэлгийн” тухай бодох нь тусалж болох юм. Гэр бүлийн гишүүдийг төрсөн бодол санаагаа бичиж, бичсэн зүйлээ бэлэг маягаар боогоод, бэлгээ Аврагчийн зургийг тойруулан тавихад урь.
Христийн мэндэлсний баярын Сүнс
Христийн Сүнсийг мэдрэхийн тулд хэн нэгэнд үйлчлэх эсвэл Христийн мэндэлсний баярын дууллыг хамтдаа дуулах зэрэг Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл хийж болох гэр бүлээрээ хамт хийж болох үйл ажиллагаануудыг төлөвлөх нь сайхан байж болно. (christmas.ComeUntoChrist.org-оос санаа авна уу.)
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.