“Хавсралт A: Мормоны Ном үнэн гэдгийг Сүнс надад хэрхэн гэрчилдэг вэ?” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“Хавсралт A,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
Хавсралт А
Мормоны Ном үнэн гэдгийг Сүнс надад хэрхэн гэрчилдэг вэ?
Мормоны Номыг унших бүх хүнд Моронайн өгсөн “Хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр [Мормоны Номын] үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4) гэсэн амлалтыг та сонссон байх. Тэгвэл “Ариун Сүнсний хүчээр” үнэнийг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ариун Сүнс тантай ярьж байгааг та хэрхэн мэдэж болох вэ?
Ариун Сүнс бидний нэг нэгэнтэйгээ харилцдаг арга замаас огт өөр арга байдлаар бидэнтэй харилцдаг гэдгийг санах нь тустай байж болох юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг тань Сүнсийг таньж мэдэж сурахад танд туслахыг хүсдэг. Тэр танд хэд хэдэн итгэлтэй үйлчлэгч Их Эзэний дуу хоолойг сонссон туршлагаа бичсэн Мормоны Номыг өгсөн.
Жишээлбэл, Нифай Их Эзэн тэдэнд чихээрээ сонсох дуу хоолойгоор биш, харин “намуухан зөөлөн дуугаар” ярьсныг ах нартаа хэлсэн. Үнэндээ, ах нар нь “мэдрэхээс өнгөрсөн” байсан бөгөөд “түүний үгсийг мэдэрч” чадаагүй гэдгийг Нифай тэдэнд хэлсэн (1 Нифай 17:45, налуу бичилт нэмэгдсэн). Инос залбирлынхаа хариултыг “Их Эзэний дуу хоолой [түүний] ухаанд” ирсэн хэмээн дүрсэлжээ (Инос 1:10). Амилсан Аврагч Өгөөмөр нутагт ирэхэд тэнгэрээс гарсан дуу хоолойг дүрсэлсэн дараах үгсийг бодож үзээрэй. “Энэ нь хүйтэн хөндий дуу хоолой, бас чанга дуу хоолой ч бус байв; … энэ нь тэдэнд чухам бодгальд нь нэвтрэн орж, мөн тэдний зүрх сэтгэлийг шатах мэт болгож байв” (3 Нифай 11:3).
Танд ч бас эдгээртэй төстэй үйл явдал тохиолдож байсан эсвэл танд тохиолдсон үйл явдал арай өөр байсан байж болох юм. Ариун Сүнс олон янзын аргаар харилцдаг ба илчлэлт бидний хүн нэг бүрд өөр өөрөөр ирдэг. Бидний амьдралд Сүнс байхад бидэнд үзүүлж буй Түүний нөлөөг олон арга замаар мэдрэх болно. Төлөөлөгч Паул “Сүнсний үр жимс нь” олон янз байдаг бөгөөд үүнд “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй” гэх мэт өөр олон мэдрэмж байдаг хэмээн хэлсэн (Галат 5:22–23).
Ариун Сүнсний тухай Мормоны Номын бусад сургаал болон жишээний заримаас энд дурдъя. Та тэдгээрийг уншихдаа Ариун Сүнс таны төсөөлж байснаас илүү олон удаа тантай ярьж, Мормоны Ном бол үнэхээр Бурханы үг гэдгийг гэрчилж байсныг ойлгож болох юм.
Талархал болон баяр хөөр
Мормоны Ном бошиглогч Лихай гайхамшигт үзэгдэл үзэж байгаагаар эхэлдэг. Энэхүү үзэгдэлд түүнд нэгэн ном өгч, уншихыг урьдаг. “Тэрээр уншихад, тэрбээр Их Эзэний Сүнсээр дүүргэгдсэн ажгуу” хэмээн цэдэгт өгүүлдэг. Энэ үйл явдал Лихайг Бурханы “хүчин, басхүү сайн сайхан, мөн нигүүлс[лийг]” магтан дуулж, Лихайн “бодгаль баясан басхүү бүх сэтгэл зүрх нь дүүргэг[дэхэд]” (1 Нифай 1:12, 14–15) хүргэсэн.
Танд үүнтэй төстэй зүйл тохиолдож байсан уу? Мормоны Номыг унших нь өмнө нь таны сэтгэл зүрхийг Бурханы сайн сайхан, нигүүлсэлд талархах талархлаар дүүргэж байсан уу? Мормоны Номын хэсгүүд нэгэн цагт таны бодгалийг баясахад хүргэж байсан уу? Эдгээр мэдрэмж нь Сүнсний нөлөөлөл бөгөөд уншиж буй үгс тань Бурханаас ирсэн мөн Түүний үнэнийг заадаг гэдгийг танд гэрчилж байгаа юм.
Өөрчлөгдсөн зүрх сэтгэл
Есүс Христийн Цагаатгалын талаар гайхалтай номлосныхоо дараа (Мозая 2–4-ийг үзнэ үү) хаан Бенжамин хүмүүс нь “түүний ярьсан үгэнд итгэсэн” эсэхийг мэдэхийг хүссэн. Тэд түүний захиаст итгэсэн хэмээн хариулжээ. Яагаад? “Бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир” (Мозая 5:1–2).
Та Мормоны Номыг уншиж байхдаа зүрх сэтгэлд тань үүнтэй төстэй ямар нэгэн хүсэл төрснийг анзаарсан байж магадгүй. Тухайлбал, та илүү сайн хүн болж, нүглээс татгалзан, хэн нэгэнд ямар нэгэн сайн зүйл хийхэд сүнсээр өдөөгдөж байсан байх. Энэ нь уг ном Бурханы сүнсээр өдөөгдсөн гэсэн таны хайж буй сүнслэг гэрчлэл юм. Мормон заахдаа “сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг” гэжээ (Моронай 7:13; 2 Нифай 33:4, 10; Алма 19:33; Ифер 4:11–12-ыг үзнэ үү).
Гэгээрсэн оюун ухаан
Алма “[түүний] үгсийг туршин,” түүний гэрчлэл үнэн эсэхийг өөрсдийн биеэр олж мэдэхэд нь зорамчуудад туслахын тул Бурханы үгийг үртэй зүйрлэн ярьсан байдаг. “Хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс” хэмээн тэр тайлбарлаад, “энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд та нар өөрсдөдөө—Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн байх ёстой, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно” (Алма 32:27–28) хэмээжээ.
Та Мормоны Номын үгсэд амьдралд тань нөлөөлж, сонголтуудыг тань удирдан залахыг зөвшөөрснөөр зүрх сэтгэлдээ тэдгээрт “зай тавьж өг[дөг]”. Эдгээр үг хэрхэн “[таны] бодгалийг тэлж,” “ойлголтыг [тань] гэгээрүүлэх” вэ? Та өөрийгөө сүнслэг байдлын хувьд илүү хүчирхэгжиж, бусдыг илүү их хайрлаж, тэдэнд илүү нээлттэй ханддаг болж байгаагаа мэдэрч магад. Мөн та аливааг, ялангуяа сүнслэг зүйлсийг оюун ухаанд тань гэрэл асаж буй мэт илүү сайн ойлгож байгаагаа анзаарч болох юм. Эцэст нь та Мормоны Номд заасан сургаал “амтат” гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй. Ийм мэдрэмжүүд нь Алмагийн тунхагласнаар, “Ай тэгвэл, энэ нь бодитой гэж үү? Би та нарт хэлнэ, Тийм ээ, учир нь энэ бол гэрэл; мөн гэрэл болгон ямар боловч сайн, учир нь энэ бол харагдах зүйл, тиймийн тул та нар энэ нь сайныг мэдэх ёстой” (Алма 32:35) хэмээн үнэний тухай сүнслэг гэрчлэлийг үнэхээр хүлээж авснаа ойлгоход тань тусална.
Та эргэлзэх хэрэггүй
Эдгээр нь Сүнсний харилцан холбогддог олон арга замын хэдхэн нь юм. Үүнээс гадна өөр олон арга зам бий. Сүнсний дуу хоолойг сонсох боломжуудыг үргэлжлүүлэн хай. Тэгвэл та Мормоны Ном үнэн зөв гэдгийг байнга батлах гэрчлэлийг Түүнээс хүлээн авах болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та юу үнэн болох талаар эргэлзэх шаардлагагүй. Та хэнд баталгаатай найдаж болох эсэхэд эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран, таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй” гэж амласан (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).