“Хавсралт В: Гурван гэрч” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“Хавсралт В,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
Хавсралт В
Гурван гэрч
Моронайг Иосеф Смит дээр анх ирснээс хойш 1829 он хүртэл буюу тав гаруй жилийн турш зөвхөн Иосеф алтан ялтаснуудыг харах боломжтой байсан. Энэ байдал нь хүмүүсийг хууран мэхэлж байна гэж үзсэн хүмүүст хурц ширүүн шүүмжлүүлж, хавчигдахад хүргэжээ. Тиймээс Иосеф Мормоны Номыг орчуулж байхдаа Их Эзэн ялтаснуудыг бусдад үзүүлж, тэд “уг номын мөн түүнд буй зүйлүүдийн үнэнийг гэрчлэхийг” зөвшөөрнө гэдгийг мэдээд, ямар их баярласныг нь төсөөлөөд үз дээ (2 Нифай 27:12–14; 2 Нифай 11:3; Ифер 5:2–4-ийг үзнэ үү).
1829 оны зургаадугаар сард Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар Мормоны Номд бошиглогдсон тэрхүү гурван гэрч болох зөвшөөрлийг хүсэв. Их Эзэн тэдний хүслийг биелүүлж (С ба Г 17-г үзнэ үү), тэнгэр элчээ илгээн, ялтаснуудыг харуулжээ. Энэ гурван эрийг Гурван гэрч хэмээн нэрлэсэн бөгөөд тэдний гэрчлэл Мормоны Ном бүр дээр бичигдсэн байдаг билээ. 1
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Гурван гэрчийн гэрчлэл яагаад няцаашгүй байдгийг ийн тайлбарлажээ. Тэр “Мормоны Номын Гурван гэрчийн гэрчлэл хүчирхэг хэвээр үлдсэн юм. Хэрэв гэрчлэл нь худал байсан бол тэдний хэн хэнд нь үгүйсгэх эсвэл ямар нэгэн зүйл нь алдаа мадагтай байсан бол тэдгээрээс бултан зайлсхийх хангалттай шалтаг, боломжууд байсан. Энэхүү гурван гэрч гурвуулаа гэрчлэл нь хэвлэгдэж гарснаас хойш найман жилийн дараа Сүмийн бусад удирдагчийн зөрчилдөөн, атаархлаас болж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлээс хасагдсаныг бүгд мэднэ. Тэд гурвуулаа нэгдэж хуйвалдах ямар нэгэн ашиг сонирхол тээлгүйгээр тус тусын замаа хөөжээ. Гэсэн хэдий ч тэд амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл, тухайлбал гишүүнчлэлээс хасагдсанаасаа хойших 12–50 жилийн хугацаанд тэдний хэн нь ч хэвлэгдсэн гэрчлэлээсээ хазайж эсвэл үнэнийг үгүйсгэх ямар ч зүйл хэлээгүй юм.”2
Гурван гэрч Мормоны Номын тухай гэрчлэлдээ амьдралынхаа эцсийг хүртэл гуйвшгүй итгэлтэй хэвээр үлдсэн.
Оливер Каудери
Оливер дахин Сүмд баптисм хүртсэнийхээ дараа, нас барахынхаа өмнөхөн ахлагч Жэйкоб Гэйтсийг Англид номлолд үйлчлэхээр явах замдаа Миссуригийн Ричмондоор дайран өнгөрөх үеэр түүнтэй уулзжээ. Ахлагч Гэйтс Оливероос Мормоны Номын талаарх гэрчлэлийг нь асуусан юм. Ахлагч Гэйтсийн хүү Оливерын хариултыг ийн бичсэн байдаг.
“Оливероос гэрчлэлийг нь ийн асуухад түүний сэтгэл ихэд хөдлөв. Тэр нэг ч үг хэлэлгүйгээр түшлэгтэй сандлаасаа өндийн, номын шүүгээ рүүгээ очиж, Мормоны Номын хамгийн анхны хэвлэлтийг авч, Гурван гэрчийн гэрчлэлийг гарган, бараг хорин жилийн өмнө гарын үсгээ зурсан тэрхүү үгсийг ихэд хүндэтгэлтэйгээр уншив. Тэгээд эцэг рүү минь эгцэлж хараад, ‘Жэйкоб, чамд хэлэх үгсийг минь санаж яваасай гэж би хүсэх байна. Өдөр хоногоо тоолж байгаа над шиг хүн чамд худлаа хэлээд ч яах билээ. Би Мормоны Ном Бурханы бэлэг, хүчээр орчуулагдсан гэдгийг мэднэ. Би нүдээрээ харж, чихээрээ сонсож, оюун ухаанаараа ойлгосон бөгөөд миний гэрчилж буй зүйл үнэн гэдгийг мэднэ. Энэ нь зүүд эсвэл хий хоосон төсөөлөл биш, харин бодит зүйл байсан’ гэж хэлэв.”3
Давид Витмер
Давид Витмер өөрийг нь Мормоны Номын талаарх гэрчлэлээ үгүйсгэсэн гэсэн цуурхлыг амьдралынхаа сүүлийн жилүүдэд сонсож мэджээ. Эдгээр гүжирдлэгийн хариуд Давид гэрчлэлээ дахин баталсан захиа бичсэн нь орон нутгийн Richmond Conservator сонинд нийтлэгдсэн байна.
“Би яг одоо амьдралынхаа сүүлийн жилүүдэд Бурханаас эмээж, дэлхий үнэнийг нь мэдээсэй гэж хүсэж байгаа учраас энэхүү мэдэгдлийг нийтэд хандан хийж байна.
Би гурван гэрчийн нэгийн хувьд олон жилийн өмнө тэрхүү Номд бичигдэж, хэвлэгдэн гарсан гэрчлэлийг эсвэл түүний аль нэг хэсгийг хэзээ ч, ямар ч нөхцөлд үгүйсгэж байгаагүй. Би тэр гэрчлэлдээ үргэлж итгэлтэй хэвээр байсан гэдгийг намайг хамгийн сайн мэдэх хүмүүс мэдэж байгаа. Үүний талаарх одоогийн үзэл бодлыг минь ямар ч хүн буруу ташаа ойлгож эсвэл эргэлзэхгүй байхын тулд би тэр үед хийж, хэвлэгдэн гарсан бүх мэдэгдлээ үнэн гэдгийг дахин баталж байна.
Сонсох чихтэй нь сонсогтун. Энэ бол хий хоосон зүйл байгаагүй! Бичсэн зүйлээ бичсэн. Унших хэн боловч ойлгог”4 гэжээ.
Мартин Харрис
Мартин Харрис Оливер Каудеригийн нэгэн адил хэсэг хугацаанд Сүмийг орхисон ч хожим нь дахин баптисм хүртжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Мормоны Номыг сугавчлан явж, сонсох бүх хүнд хандан үнэн зөв байдлыг нь гэрчилдэг байв. Тэр: “Би Мормоны Ном үнэхээр үнэн гэдгийг мэднэ. Бүх хүн энэ номын үнэнийг үгүйсгэж болох ч би үгүйсгэж чадахгүй. Зүрх минь бат байна. Аяа, Бурхан, зүрх минь бат байна. Би үүнээс илүү үнэн, бодитой мэдэх нь үгүй” гэдэг байжээ.5
Мартины танил Жорж Годфрэй ийн бичжээ. “Нас эцэслэхээс нь хэдэн цагийн өмнө … би [Мартинаас] Мормоны Номын гарч ирсэн талаар хэлэгдсэн эсвэл бичигдсэн зүйлсийн өчүүхэн хэсэг нь ч болов худал хуурмаг, залилан мэхэлсэн гэж бодож байгаа эсэхийг нь асуухад тэрээр урьдын адил, …: ‘Мормоны Ном хуурамч биш ээ. Би мэдэх зүйлээ мэднэ, харсан зүйлээ харсан, сонссон зүйлээ сонссон. Мормоны Ном бичигдсэн алтан ялтаснуудыг би харсан. Тэнгэр элч надад болон бусдад үзэгдэж, уг цэдгийн үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд хэрэв би яг одоо гэрчилж байгаа гэрчлэлийнхээ талаар худал ярьж, хуурамч хэмээн тангарагласан байсан бол баян хүн байх байсан биз ээ. Гэхдээ эдгээр нь үнэн тул би өмнө нь хэлж байсан мөн одоо ч хэлж байгаагаасаа өөрөөр гэрчлэхгүй’ гэв.”6
“Байвал зохино хэмээсэн тооны гэрчүүд”
Гурван гэрчийн гэрчлэл нь тэдний Сүмд идэвхтэй болон идэвхгүй байсан туршлагаас харвал онцгой сэтгэгдэл төрүүлдэг.7 Юу ч болж байсан гэлээ Оливер, Давид, Мартин нар өөрсдөд нь тохиолдсон зүйлсийг мөн Мормоны Ном Бурханы бэлэг, хүчээр орчуулагдсан гэдгийг гэрчлэхээ болиогүй юм. Тэд ганцаараа биш байлаа.
Эрт үед Нифай “Их Эзэн Бурхан уг номын үгсийг урагш авчрахыг зорих болно; мөн тэрээр өөрийн үгийг байвал зохино хэмээсэн тооны гэрчүүдийн амаар нотлуулах болно” (2 Нифай 27:14) гэж тунхаглажээ. Их Эзэн бошиглогч Иосеф Смит болон Гурван гэрчээс гадна ялтаснуудыг харах өөр найман гэрчийг Их Эзэн мөн адил сонгосон. Тэдний гэрчлэл мөн Мормоны Ном бүр дээр бий. Энэ найман гэрч Оливер, Давид, Мартин нарын адил Мормоны Номын талаарх гэрчлэлдээ мөн алтан ялтаснуудыг гэрчилсэндээ үнэнч хэвээр үлдсэн юм.
Виллям Э.Маклеллин нь Сүмийн анхны хөрвөгчдийн нэг байсан ба Мормоны Номын гэрчүүдийн ихэнхийг биечлэн мэддэг байв. Виллям яваандаа Сүмийг орхисон ч гэрчүүдээс сонссон гайхалтай гэрчлэлүүд нь түүний сэтгэлд хүчтэй нөлөөлсөөр байжээ.
Маклеллин насныхаа эцэст “Тийм итгэлт гэрчүүд, тийм ухаалаг хэрнээ хүндэтгэлтэйгээр гэрчлэлээ хуваалцахад би яахин эргэлзэж чадах билээ. Энэ эрчүүд амьдралынхаа ид сайхан үедээ тэнгэр элчийг үзэгдлээр харж, бүх хүнд хандан гэрчлэлээ хуваалцсан. Найман эр ялтаснуудыг харж, барьж үзсэн. Иймээс тэд бүгдээрээ тунхагласан зүйлс нь маргаангүй үнэн гэдгийг мэдэж байв. Тэд залуухан байхдаа ч, одоо насан өндөр болсон ч гэлээ тэр л зүйлсээ тунхагласаар байна” хэмээн бичжээ.8
Бид хэдийгээр Гурван гэрчийн адил алтан ялтаснуудыг хараагүй ч тэдний гэрчлэлээс хүч чадал олж авч чадна. Гэрчлэлээсээ болж хүнд байдалд орж, аюулгүй байдал болон амь насанд нь заналхийлж байсан ч тэр шударга эрчүүд насан эцэстлээ өөрийн гэрчлэлд зоригтой үнэнч хэвээр байсан.