Шинэ Гэрээ 2023
7-р сарын 3–9. Үйлс 1–5: “Та нар Миний гэрч болно”


“7-р сарын 3–9. Үйлс 1–5: ‘Та нар Миний гэрч болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 3–9. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Голын эрэг дээр цугласан олон түмэн голд баптисм хүртэж байгаа нь

Пентекостын өдөр, Сиднэй Кинг

7-р сарын 3–9

Үйлс 1–5

“Та нар Миний гэрч болно”

Үйлс 1–5-ыг судалж байхад Ариун Сүнс таныг амьдралд хамаатай үнэнүүдийг олоход сүнслэгээр өдөөж чадна. Танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн шүлгүүдийг тэмдэглэн, сурч буй зүйлсээ хуваалцах боломжийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Петр бусад төлөөлөгчийн хамт Есүсийг Эцэг рүүгээ дээш одохыг харж, “тэнгэр өөд гөлрөн” харахдаа юу бодож, мэдэрч байсан бол гэж та бодож байсан уу? (Үйлс 1:10). Бурханы Хүүгийн байгуулсан Сүм одоо Петрийн мэдэлд иржээ. “Бүх үндэстнийг дагалдагч болгох” оролдлогыг удирдах үүрэг хариуцлага одоо түүнд оногдов (Матай 28:19). Харин тэр өөрийгөө тохирохгүй гэж бодож эсвэл айж байсан бол энэ талаар ямар ч нотолгоо Үйлс номд байдаггүй. Харин бид эрэмгий гэрчлэл, хөрвөлтийн үлгэр жишээ, гайхамшигт эдгээлт, сүнслэг нотолгоо, Сүмийн гайхалтай өсөлт хөгжлийн жишээг олж хардаг. Энэ нь Аврагчаар удирдуулсан Түүний Сүм хэвээр байв. Үнэн хэрэгтээ, төлөөлөгчдийн Үйлс номыг Есүс Христийн төлөөлөгчдөөр дамжуулан бүтээсэн үйлс гэж бас өөрөөр нэрлэж болох юм. Сүнсээр цутгагдан удирдуулсан Петр бол Галил нуурын эргээс Есүсийн олсон туршлагагүй загасчин биш байв. Тэр хэдхэн долоо хоногийн өмнө Назарын Есүсийг таньдаг гэдгээ үгүйсгэснээсээ болж гашуудан уйлж байсан, ухаан нь самуурсан эр байхаа больсон байлаа.

Та Үйлс номоос Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх хүчирхэг тунхаглалыг унших болно. Түүнчлэн сайн мэдээ хүмүүсийг, бас таныг хэрхэн Бурханы мэдэж байгаа тэрхүү зоригтой шавь болгон өөрчилж чадахыг та харах болно.

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Үйлс 1:1–8, 15–26; 2:1–42; 4:1–13, 31–33

Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг.

Үйлс номд Аврагчийг дээш одсоны дараа, Есүс Христийн Сүмийг байгуулахын тулд төлөөлөгчдийн гаргасан хүчин чармайлтыг цэдэглэсэн байдаг. Хэдийгээр Есүс Христ дэлхий дээр байхгүй болсон ч Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байсан. Үйлс 1:1–8, 15–26; 2:1–42; 4:1–13, 31–33 зэрэг судрын хэсгүүдийг уншихдаа, Христийн Сүмийн шинэ удирдагчдыг Ариун Сүнс хэрхэн удирдан чиглүүлж байсан тухай эргэцүүлэн бодно уу.

Өнөө үеийн Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, бусдыг Христэд ирэхэд урьж мөн гэр бүлүүдийг мөнхөд холбосноор аврал, өргөмжлөлийн ажилд оролцох үүрэгтэй (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь1.2-ыг үзнэ үү). Та ажлаа хөтлөн явуулахдаа Ариун Сүнсэнд хэрхэн тулгуурлаж болох талаар эдгээр эртний төлөөлөгчөөс юу сурч мэдсэн бэ?

Мөн Судруудын удирдамж дахь “Ариун Сүнс”-ийг үзнэ үү.

Үйлс 2:36–47; 3:12–21

Сайн мэдээний зарчим, ёслолууд нь Христэд ирэхэд надад тусалдаг.

Пентекостын өдөр иудейчүүдэд төрсөн шиг “зүрхийг [тань] хөндсөн” мэдрэмжийг та мэдэрч байсан уу? (Үйлс 2:37). Магадгүй та харамсах зүйл хийсэн юм уу зүгээр л амьдралаа өөрчлөхийг хүсэж байж болох юм. Ийм мэдрэмж төрөх үед та яах хэрэгтэй вэ? Үйлс 2:38 дээрээс иудейчүүдэд өгсөн Петрийн зөвлөгөөг олж болно. Үйлс 2:37–47-д цэдэглэснээр, сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд (заримдаа Христийн сургаал гэгддэг итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг нь орно) нь эдгээр хөрвөгчид хэрхэн нөлөөлснийг анхаар.

Та аль хэдийн баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгээ хүлээн авсан байж болно. Иймээс Христийн сургаалыг хэрхэн үргэлжлүүлэн дагадаг вэ? Ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн дараах үгсийн талаар эргэцүүлэн бодоорой. “Бид [Христэд] итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилж, баптисмын гэрээнүүд болоод адислалуудаа шинэчлэхийн тулд ариун ёслолоос хүртэж, Ариун Сүнсийг байнга мөнхийн хамтрагчаа болгон хүлээн авах зэргээр Христийн сургаалд … төгөлдөржинө. Бид эдгээрийг үйлдсэнээр Христтэй илүү адил болж, эцсээ хүртэл тэвчдэг” (“Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43).

Үйлс 3:19–21

“Сэргээх цаг” ба “бүхнийг сэргээх үе” гэж юу вэ?

“Сэргээх цаг” гэж Есүс Христийн дэлхий дээр эргэн ирэх үе буюу Мянган жилийг хэлж байна. “Бүхнийг сэргээх үе” гэх хэллэг нь дэлхийг Мянган жилд бэлтгэх сайн мэдээний Сэргээлтийг хэлж байгаа юм.

Үйлс 3; 4:1–31; 5:12–42

Есүс Христийн шавь нарт Түүний нэрээр гайхамшгуудыг үйлдэх хүч өгөгдсөн байдаг.

Хазгар хүн ариун сүмд ирсэн хүмүүсээс мөнгө авна хэмээн найдаж байв. Харин Их Эзэний шавь нар түүнд үүнтэй харьцуулшгүй зүйлийг өгсөн. Та Үйлс 3; 4:1–31; 5:12–42-ыг уншихдаа, дараах гайхамшгууд энэ хүмүүст хэрхэн нөлөөлснийг эргэцүүлэн бод.

  • Хазгар хүн

  • Петр, Иохан хоёр

  • Ариун сүмд байсан гэрчүүд

  • Тэргүүн тахилчид болон захирагчид

  • Бусад гэгээнтэн

Петр нэгэн эрийг эдгээж байгаа нь

Өөрт байгаагаа л би чамд өгье, Волтэр Рэйн

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Үйлс 1:21–26.Үйлс 1:21–26-г унших нь өнөө үед дэлхий дээр Төлөөлөгчидтэй байснаар ирдэг адислалуудын талаар ярилцахад гэр бүлийнхэнд тань тусалж болох юм. Өнөөгийн бошиглогч, төлөөлөгчдийг Бурхан дууддаг гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авснаа гэр бүлийн гишүүд хуваалцаж болно. Ийм гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?

Үйлс 2:37.“Тэдний зүрхийг хөндсөнд” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид үүнтэй төстэй ямар нэгэн зүйлийг мэдэрч байсан уу? Ийм мэдрэмж төрөх үед “Бид одоо яах вэ?” хэмээн асуух нь яагаад чухал вэ?

Үйлс 3:1–10.Гэр бүлийнхэнд тань эдгээр шүлэгт гардаг түүхийг жүжигчлэн үзүүлэх таалагдаж болох юм.   Ариун сүмд байсан эр хэрхэн бодож байснаасаа өөрөөр адислагдсан бэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн адислалууд хэрхэн бодож байгаагүй арга замаар ирэхийг харж байсан бэ?

Үйлс 3:12–26; 4:1–21; 5:12–42.Петр, Иохан хоёрын итгэлтэй байдлын юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? Бид Есүс Христийг гэрчлэхдээ хэрхэн зоримог байж чадах вэ? Бага насны хүүхдүүдэд гэрчлэлээ хуваалцаж сурах дадлага хийлгэснээр тэдэнд туслах талаар бодож үзээрэй.

Үйлс 4:315:4.Бид Үйлс 4:31–37-д дүрсэлсэнтэй илүү адил болоход нь гэр бүл, тойрог эсвэл нийгэмдээ хэрхэн тусалж чадах вэ? “Нэг зүрх, нэг сэтгэлтэй” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид заримдаа ямар арга замаар хандиваасаа “өөртөө үлдээдэг вэ?” Ингэх нь яагаад “Бурханд худал хэлж байгаатай” адил вэ? (Үйлс 5:2, 4). Шударга бус байдал бидний сүнслэг байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: ““Ариун Сүнс биднийг хөтлөг” Дуулал, no. 75.

Заах чадвараа сайжруулах

Сэдэв сонго. Гэр бүлээрээ хамтдаа судлах сэдвийг Үйлс 1–5-р бүлгээс гэр бүлийн гишүүдээр ээлжлэн сонгуул.

Төлөөлөгчид хоёр тэнгэр элчийн дэргэд зогсоод, дээш зааж байгаа нь

Тэнгэрт авагдсан нь, Харри Андэрсон