Шинэ Гэрээ 2023
7-р сарын 3–9. Үйлс 1–5: “Та нар Миний гэрч болно”


“7-р сарын 3–9. Үйлс 1–5: ‘Та нар Миний гэрч болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 3–9. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Голын эрэг дээрх цугласан олон ба гол дотор баптисм хүртэж буй хүмүүс

Пентекостын өдөр, Сидней Кинг

7-р сарын 3–9

Үйлс 1–5

“Та нар Миний гэрч болно”

Үйлс 1–5-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Зааж буй хүүхдүүдийнхээ хэрэгцээг залбирч, ойлгохыг хичээ. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага ба энэ тойм танд мөн адил туслах болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Би хэн бэ? гэсэн асуултыг самбарт бич. Петрийн талаар хэд хэдэн мэдэгдэл уншаад, уг мэдэгдлүүд хэний тухай болохыг хүүхдүүдээс асуу. Тэд Петрийн талаар өөр юу мэдэх вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Үйлс 1:1–11

Есүс Христ Сүмээ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг.

Аврагч Өөрийн эртний Сүмийг төлөөлөгчдөөр дамжуулан хэрхэн удирддаг байсан талаар суралцах нь хүүхдүүдэд өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчдийн талаар гэрчлэлтэй болоход тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь бүтэн хуудас зургийг үзүүл. Хүмүүс яагаад тэнгэр өөд ширтэж байгааг хүүхдүүдээс асуу. Үйлс 1:1–11 дээрх түүхийг товч ярь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд дээрх “55-р бүлэг: Төлөөлөгчид Сүмийг удирдсан нь” эсвэл ChurchofJesusChrist.org-оос холбогдох видеог үзнэ үү.) Нэг хүүхдийг одоогийн төлөөлөгчдийн зургийг барихад урь. Христийг дэлхий дээр байхгүй үед Сүмийг удирдахад хэн Түүнд тусалдаг вэ?

  • Тэргүүн Зөвлөлийн амьд байгаа гишүүд болон арван хоёр төлөөлөгчийн зургийг иж бүрдэл зургаар ижилсүүлэх тоглоом тогло. Ижилсүүлэх үедээ тухайн төлөөлөгч, ерөнхийлөгчийн нэр болон ямар нэгэн зүйлийг хэл.

  • Сүмийн ерөнхийлөгчийн зургийн ард Аврагч, баптисм, ариун сүм зэрэг түүний заадаг зүйлсийн жижиг зургийг наа. Хүүхэд бүрд нэг зураг ээлжлэн харуулаад, ангийн бусад хүүхдээр “Бошиглогч бидэнд [зурган дээрх сэдэв]-ийн талаар заадаг” гэж хэлүүл. Бошиглогч, төлөөлөгчид бидэнд Есүсийн биднийг мэдээсэй мөн хийгээсэй гэсэн зүйлсийг заадаг гэдгийг гэрчил.

Үйлс 3:1–10

Тэнгэрлэг Эцэг надаар дамжуулан бусдыг адисалж чадна.

Та хүүхдүүдэд эргэн тойрны хүмүүсээ адисалж болох арга замыг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Бид хазгар хүнийг эдгээсэн Петр, Иохан хоёрын жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 3:1–10 дахь түүхтэй холбоотойгоор мөнгө авахаар гараа тосох, баярлан дэвхцэх гэх мэт үйлдлийг хийхэд хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг явж чаддаггүй байсан хүнийг хэрхэн адисалсан бэ?

  • Бусдыг адисалж, тэдэнд үйлчилж болох арга замыг төлөөлөн харуулсан зургуудыг хийсэн уут авчир. Хүүхдүүдээр уутнаас зургуудыг ээлжлэн сонгуулаад, тухайн арга замаар бусдыг хэрхэн адисалж болох талаар хуваалцуул.

  • Хэн нэгэнд тусалж байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Үйлс 5:1–11

Би шударга байж чадна.

Эртний Христэд итгэгчид бие биеэ халамжлахын тулд байгаа зүйлсээ хуваалцсан. Газар өмчилдөг хүмүүс газраа зарж, мөнгөө төлөөлөгчдөд өгч, харин тэд мөнгийг нь гэгээнтнүүдийн хэрэгцээнд тохируулан өгдөг байв. Ананиа, Сапфир хоёр өргөлөө шударгаар төлөөгүй бөгөөд Их Эзэний үйлчлэгчдийг хуурч болно гэж боджээ.

Боломжит үйл ажиллагаа

  • Ананиа, Сапфир хоёрын түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдэд тусал. Хэдийгээр бид худал хэлснээр үхэхгүй ч энэ түүх Тэнгэрлэг Эцэгт шударга хандах нь ямар чухал болохыг харуулдаг гэдгийг тайлбарла.

  •   Үнэнч шударга байхын нэг хэсэг бол үргэлж үнэнийг хэлж, өөр хүний эд зүйлсийг авахгүй байх явдал юм гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Цаасан хүүхэлдэйгээр хэн нэгний үнэнч эсвэл үнэнч бус байгааг харуулсан энгийн нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүл. Уг хүн үнэнч хандаж байвал босож зогсохыг, шударга бус хандаж байвал шалан дээр суухыг хүүхдүүдээс хүс. Яагаад үнэнч шударга байх нь чухал болох талаар ойлгоход хүүхдүүдэд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Үйлс 1:8, 22–26

Есүс Христ Сүмээ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг.

Өнөөдөр Аврагчийн Сүмийг эртний үед байсны адил бошиглогч, төлөөлөгчид удирддаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд та хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Есүс Христ дэлхий дээр байхгүй үедээ Сүмээ хэрхэн удирддаг вэ? гэж самбарт бич. Та Үйлс 1:8 дээрх Аврагчийн төлөөлөгчдөд хандсан үгсийг уншиж байхдаа дээрх асуултын хариултыг сонсоход хүүхдүүдийг урь. Есүс эрт цагийн адилаар бошиглогч, төлөөлөгчдийг өдгөө Сүмийг удирдуулахаар сонгодог гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Үйлс 1:22–26-г хамтдаа унш. Ангиараа төлөөлөгчид шинэ төлөөлөгчийг хэрхэн дууддаг байсныг олж тогтоо.

  • Нэг хүүхдээс эсвэл түүний эцэг эхээс саяхан дуудагдсан төлөөлөгчийн талаар уншихыг урьдчилан хүс (тэд төлөөлөгчдийн талаарх мэдээллийг “Quorum of the Twelve Apostles,” ChurchofJesusChrist.org-оос олж болно). Уг хүүхдийг ангид сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад мөн боломжтой бол уг төлөөлөгчийн дуудлагынхаа талаар анхныхаа Ерөнхий чуулганы захиасанд хэлсэн зүйлийг хуваалцахад урь.

Хамтдаа суун, ярилцаж буй төлөөлөгчид

Есүсийг тэнгэрт одсоны дараа төлөөлөгчид Сүмийг удирдаж байсан.

Үйлс 2:36–47

Ариун Сүнс миний зүрх сэтгэлд сайн мэдээний үнэнүүдийг гэрчилдэг.

Хүүхдүүд Ариун Сүнс тэдэнтэй хэрхэн ярьдаг талаар таньж сурсан үед хүлээн авсан сүнслэг өдөөлтөө сонсож, тэдгээрийн дагуу үйлдэх хүсэлтэй болох болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 2:36–37-г хамтдаа унш. Ариун Сүнс зүрх сэтгэлд маань ямар нэгэн зүйлийг хэлэхэд бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ?

  • Дээд талд нь Би юу хийх вэ? гэж бичсэн зурагт хуудсыг ангиараа хий. Долоо хоног бүр зурагт хуудсыг үзүүлж, долоо хоног бүрийн хичээлээр сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэж болох арга замуудыг дээр нь нэм.

  • Хүүхдүүдийг Үйлс 2:41–47-г уншаад, хүмүүс баптисм хүртсэнийхээ дараа ямар сайн үйлс хийснийг олж мэдэхэд урь. Бид баптисм хүртсэнээр хүлээн авдаг Ариун Сүнсний бэлэгтээ талархаж байгаагаа харуулахын тулд ямар ямар сайн зүйл хийж болох вэ?

Үйлс 3:1–10

Тэнгэрлэг Эцэг надаар дамжуулан бусдыг адисалж чадна.

Хүүхдүүдэд “алт, мөнгө байхгүй” ч бусдыг адисалж чадна гэдгийг та тэдэнд хэрхэн зааж болох вэ? (Үйлс 3:6). Бусдад үйлчилснээр Бурханд үйлчлэх боломжийг олж харахад та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? (Мозая 2:17-г үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдээс Үйлс 3:1–10-ыг уншихыг хүсээд, бусад хүүхдээр тухайн өгүүлж байгаа түүхийг жүжигчлэн тоглуул. (Мөн тусламж авахаар Шинэ Гэрээний түүхүүд номын х. 148–149 дээрх “56-р бүлэг: Петр нэгэн эрийг эдгээсэн нь” эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү.)   Ямар учраас энэ хүний хүлээн авсан адислал гуйсан мөнгөнөөс нь илүү агуу байсан бэ?

  • Зоостой жижиг уутыг тойруулан дамжуул. Хүүхдүүдийг уутыг барих үед мөнгөөр юу авч болохыг тэднээс асуу. Мөнгө шаардахгүйгээр бусдад өгч болох ямар зүйлс бидэнд байгааг хүүхдүүдээс асуу. Бусдыг Аврагчид ойртон ирэхэд нь хэрхэн тусалж болох талаар хуваалцахад тэднийг урь—мөнгө шаарддаггүй бэлэг (Үйлс 3:6).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт гэр бүлийнхээ гишүүнд үйлчилж болох нэг арга замыг төлөвлөхөд хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Судар цээжил. Үйлс 2:38 эсвэл Үйлс 3:19 гэх мэт ангийнхаа хүүхдүүдэд тусалж болох судрын хэсгүүдийг сонгоод, судрын хэсгээс цээжлэхэд тусал. Үзүүлэн таниулах материал, үйл хөдлөл зэрэг нь хүүхдүүдэд судар цээжлэхэд тус болно.