Шинэ Гэрээ 2023
6-р сарын 26-аас 7-р сарын 2 Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: “Тэр амилсан”


“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“6-р сарын 26-аас 7-р сарын 2. Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Зураг
Есүс далайн эрэг дээр Петрт хандан ярьж буй нь

Миний хоньдыг тэжээ, Камилл Корри

6-р сарын 26-аас 7-р сарын 2

Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21

“Тэр амилсан”

Эдгээр бүлэг дэх үнэнүүдийн гэрчлэлийн хамтаар хүүхдүүд итгэлээ бэхжүүлэх бат бөх суурьтай байх болно. Та эдгээр үнэний талаар гэрчлэхэд Сүнсийг хэрхэн урих вэ?

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Зураг харах нь хүүхдүүдэд гэртээ эсвэл өөр газар сурч мэдсэн зүйлсээ санахад тусална. Та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, зурган дээрх түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүсэж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20:1–23

Бид нас барсныхаа дараа Есүстэй адил дахин амьдарна.

Есүс Христийн Цагаатгал, түүний дотор Амилалт нь түүхэн дэх хамгийн чухал үйл явдал бөгөөд Христийн шашны итгэл үнэмшлийн үндэс суурь юм. Та Амилалтын тухай уншиж байхдаа Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд хүүхдүүдэд хэрхэн тусалж болохоо тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийн амилсан түүхийг өөрийн үгээр ярь.   Есүсийг нас барсны дараа Түүний сүнс биеийг нь орхисныг тайлбарла. Түүнийг амилахад сүнс, бие хоёр нь дахин нэгдсэн. Уг түүхийг ээлжлэн танд эргүүлэн ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэд Есүсийн дахин амьд байгааг харсан бол ямар санагдах байсныг хүүхдүүдээс асуу.

  •     Хүн бүр хэзээ нэгэн өдөр амилах болно гэсэн гэрчлэлээ хуваалц. Хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Аврагчийн Амилалтын тухай “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” гэх мэт дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 45). Есүсийг харахад ямар мэдрэмж төрөх байсныг төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахад урь.

Иохан 20:24–29

Би Есүсийг харж чадахгүй ч Түүнд итгэлтэй байж чадна.

Хүүхдүүдэд итгэл гэж юу болохыг мөн Аврагчид итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болохыг ойлгоход нь хэрхэн тусалж чадахаа бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 20:24–29 дээрх Томасын туршлагын талаар ярьж байхдаа Christ Approaches Thomas (ChurchofJesusChrist.org) зургийг үзүүл. Уг түүхийг дахин ярь. Гэхдээ энэ удаад хүүхдүүдээс зарим дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүс.

  • Хайрцган дотор хүүхдүүдэд харагдахааргүй эд зүйлс хийгээд, хийсэн зүйлсээ хүүхдүүдэд дүрслэн хэл. Хайрцган дотор үнэхээр дүрсэлсэн эд зүйл байгаа гэдэгт итгэж байгаа эсэхийг мөн яагаад итгэж байгааг нь тэднээс асуу. Дараа нь тэдэнд уг эд зүйлсийг үзүүлээд, итгэл гэдэг нь харж чадахгүй зүйлдээ итгэх явдлыг хэлдэг гэдгийг тайлбарла. Есүс Христэд итгэх итгэл бол бидэнд байж болох хамгийн чухал итгэл юм.

Зураг
Есүс төлөөлөгчдөд гараа үзүүлсэн нь

Миний гарыг үз, Жэфф Ворд

Иoхан 21:15–17

Би бусдад үйлчилснээр Есүст хайраа харуулж чадна.

Та хүүхдүүдийг эргэн тойрныхоо хүмүүсээ хайрлаж, тэдэнд туслахад хэрхэн урамшуулж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  •   Есүс Петрийг сайн мэдээг хуваалцаж, хүн бүрийг Өөрт нь ирэхэд уриасай хэмээн хүссэн гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхэд бүрд цаасан хонь өгөөд, үүн дээрээ тэдний таньдаг хэн нэгнээ Есүст илүү ойртон ирэхэд нь туслахын тулд хийж болох зарим зүйлээ бичиж эсвэл зурахыг хүүхдүүдээс хүс.

  • Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийн тулд хийж буй зүйлүүдээ бодоход хүүхдүүдэд тусал. Бид хайраа үзүүлэхийн тулд өөр юу хийж болох вэ?

  • Хонины хэлбэртэй хайчилсан цааснууд дээр ангийнхаа хүүхэд бүрийн нэрийг бичээд, өрөөний энд тэнд тараа. (Тогтмол ирдэггүй хүүхдүүдийн нэрсийг бич.) Хүүхдүүдийг өөрсдийнх нь нэртэй хонийг олох замаар хоньдыг цуглуулахад урь. Сүмд ирдэггүй нэг найзтайгаа холбогдох арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20:1–23

Есүс Христ амилсан учраас хүн бүр амилах болно.

Нас барсны дараа юу болдог талаар бодох нь хүүхдүүдийн хувьд хэвийн зүйл. Та тэдний итгэлийг бэхжүүлэхийн тулд Амилалтын талаар хэрхэн зааж болохоо бодож үзнэ үү.

Боломжит үйл ажиллагаа

  • Иохан 20:1–17-г уншиж эсвэл Түүний амилсан түүхийг товч ярихдаа хүүхдүүдийг нүдээ аниад, өөрсдийгөө Есүсийн булшны хажууд сууж байгаагаар төсөөлөхөд урь. Амилуулагдах гэдэг нь ямар утгатай вэ? Амилсан Аврагчийг харах ямар байсан бол?

  • Хүүхэд бүрээс амилсан Аврагчийг харсан хэн нэгний туршлагыг судлаад, сурч мэдсэн зүйлээ ангийнхаа үлдсэн хүүхдүүдтэй хуваалцахыг хүс.

  •   Яагаад тэдний хувьд Аврагчийн Амилалт чухал болох талаар хуваалцахад хүүхдүүдийг урь.

Иохан 20:24–29

Би Есүсийг харж чадахгүй ч Түүнд итгэлтэй байж чадна.

Та Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Иохан 20:24–29-ийг уншихад урь.   Хэдийгээр бид Есүсийг харж чадахгүй ч Түүнийг амьд гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

  • “Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ!” гэсэн өгүүлбэрийн үг бүрийг өөр өөр цаасан дээр бич. Хүүхдүүдийг үгсийг зөв дараалалд оруулахад урь. Аврагчийг хараагүй ч Түүний хайрыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногт итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох зүйлээ зурахад урь. Тэднээс зурсан зүйлээ хуваалцахыг хүсээд, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийснээ хуваалц.

Иохан 21:1–17

Бид Христийн хоньдыг тэжээснээр Түүнд хайраа харуулдаг.

Хүүхдүүд эргэн тойрныхоо хүмүүст асар их нөлөөлж чадна. Та тэднийг сайн мэдээнд бусдыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хамтдаа Иохан 21:1–17-г унш. 9–13-р шүлгийг хамт уншиж байхдаа, хэн нэгэн хүн тэдэнд зориулж онцгой хоол хийж өгч байсан үеийг бодон, Есүс биднийг сүнслэг байдлын хувьд хооллодог арга замуудын талаар тунгаахад хүүхдүүдийг урь. 15–17-р шүлгийг уншихдаа, Симоны нэрийг хүүхдүүдийн нэрээр соль. Есүс Христийн хоньд гэж хэн бэ? Бид тэднийг тэжээхэд Түүнд туслахын тулд юу хийж болох вэ?”

  • Хүүхдүүдтэй энгийн зууш хуваалц. Тэднийг зуушаа идэх зуур хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцах нь хэрхэн тэднийг тэжээж байгаатай адил байж болохыг асуу.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Аврагчийн Амилалтын тухай гэр бүлийнхэндээ заахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Үйлдэх урилгын дагуу үйлдсэн эсэхийг нь эргэн шалга. Та хүүхдүүдийг суралцсан зүйлийнхээ дагуу үйлдэхэд урьсан бол дараагийн хичээл дээр урилгын дагуу үйлдсэн эсэхийг нь эргэн шалгаарай. Энэ нь сайн мэдээ амьдралыг нь хэрхэн адисалж байгаад санаа тавьдгийг тань хүүхдүүдэд харуулж байгаа хэрэг юм. Тэд туршлагаа хуваалцсанаар хүчирхэгжих ба сайн мэдээний дагуу амьдрахад нэг нэгэндээ тусална.

Хэвлэх