Шинэ Гэрээ 2023
7-р сарын 24–30. Үйлс 16–21: “Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”


“7-р сарын 24–30. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 24–30. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Толгод дээр зааж буй Паул

7-р сарын 24–30

Үйлс 16–21

“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Үйлс 16–21-ийг уншсаны дараа хичээлдээ бэлдэхдээ, Сүнсний өдөөлт болон энэ тойм дээрх санаануудыг тунгаан бод. Энэ гарын авлага дахь “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх” хэсгээс нэмэлт тусламж, зөвлөгөө авна уу.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Сайн мэдээг хуваалцах Паулын туршлагын талаар мэддэг зүйлээ танд хэлэхэд хүүхдүүдийг урь. Тэд өөрсдийн мэддэг бусад номлогч эсвэл хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцсан туршлагынхаа талаар ярьж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Үйлс 16:25–34

Номлогчид хүмүүст Есүс Христийн талаар заадаг.

Таны заадаг хүүхдүүд номлогчдын хийдэг зүйлсийн талаар мэдэх үү? Та хүүхдүүдэд сайн мэдээг бусадтай хуваалцаж болно гэдгийг ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Таныг Паул, Силас хоёр шоронд сайн мэдээг хуваалцаж байсан түүхийг товчхон ярьж өгөх хооронд хүүхдүүдийг Үйлс 16:25–34 дээрх үйл явдлыг жүжигчлэн үзүүлэхэд тусал (мөн Шинэ Гэрээний түүхүүд, х. 158–160 “61-р бүлэг: Паул, Силас хоёр шоронд“ эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү). Өнөө үеийн номлогчид мөн хүмүүст Есүсийн талаар зааж, тэдэнд баптисм хүртэхэд бэлтгэхэд нь тусалдаг гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд зориулан номлогчийн зүүдэг нэрийн тэмдэг хийгээд, дээр нь нэрээ бичихэд тэдэнд тусал. “Би Бурханы хүүхэд,” “Бурхан амьд бошиглогчоор дамжуулан ярьдаг” эсвэл “Есүс Христ бидний Аврагч” гэх мэт бусадтай хуваалцаж болох сургаалын энгийн мэдэгдлүүдийг хүүхдүүдэд зааж өг. Сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд бид номлогчийн нэрийн тэмдэгтэй байх шаардлагагүй гэдгийг хүүхдүүдэд сануул.

Үйлс 17:10–12

Судрууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар гэрчилдэг.

Таны зааж буй зарим хүүхэд хараахан бичиж чадахгүй байж болох ч та тэдэнд судруудыг хайрлах хайрыг нь төлөвшүүлж, эдгээр нь Аврагчийн талаар хэрхэн гэрчилдгийг олж харахад тусалж болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийн нэгийг “тэд … бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа” (Үйлс 17:11) гэсэн хэсгийг уншихад тусал. Хүүхдүүдийг энэ үгийг тантай хамт давтан хэлэх үед хуанли дээрх долоо хоногийн бүх өдрийг заахад тэднийг урь. Судрын тухай “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) гэх мэт судар уншихаас ирдэг адислалуудын талаарх дууг хамтдаа дуул.

  • Судрууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар гэрчилдэг болохыг хүүхдүүдэд заахын тулд судрын Үйлс 17 эсвэл 18 гэх мэт бүлгийг нээж, Бурхан, Их Эзэн эсвэл Есүс гэсэн үг орсон тохиолдлуудыг олоход тусал. (Та эдгээр үгийг олоход хүүхдүүдэд хялбар болгох үүднээс эдгээр үгийг урьдчилан тэмдэглэж болно.) Тэднийг эдгээр үгийг олох бүрд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэх ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь.

Үйлс 17:22–31

Би Бурханы хүүхэд

Паул Арейпагийн дунд зогсож, Бурханы мөн чанарын талаар, тухайлбал бид Түүний хүүхдүүд бөгөөд Тэр “бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг” (Үйлс 17:27) гэсэн үндсэн үнэнийг заасан. Та хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр гэдгээ мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг “Бид Бурханы үр удам” (Үйлс 17:29) гэсэн хэллэгийг давтахад уриад, үр удам гэдэг нь хүүхэд гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Хүүхэд бүрд нэг нэгээр нь ээлжлэн түүнийг Бурханы хүүхэд гэдгийг нь гэрчил. Тэднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахад урь.

  • Гэр бүлтэйгээ авхуулсан хүүхдүүдийн зургийг үзүүл (боломжтой бол ангийнхаа хүүхдүүдийн зургийг ашигла). Зураг дээрх эцэг эхийг олж заахад хүүхдүүдийг урь. Бид ээж, аавынхаа хүүхдүүд бөгөөд бид бүгд Тэнгэрлэг Эцэг, Эхийнхээ сүнсэн хүүхдүүд юм гэдгийг тайлбарла.

  • Ариун Эцэг минь амьд” (Хүүхдийн дууны ном, 8) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн тухай дууг дуул. Хүүхдүүдийн тусламжтайгаар энэ дуунаас Тэнгэрлэг Эцэгийн талаар сурч мэдсэн зүйлсийг нь төлөөлсөн үгийг самбар дээр бичих юм уу зур.

  • Үйлс 17:27 дахь “Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй” гэсэн үг хэллэгийг хүүхдүүдэд уншиж өг. Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр байгаагаа мэдэрч байсан үеийнхээ талаар ярьж, хүүхдүүдийг мөн адил хуваалцахад урамшуулан дэмж.

Бяцхан охиныг тэвэрч буй эрэгтэй

Хүн бүр Бурханы хүүхэд мөн.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Үйлс 16:14–15, 25–34; 18:7–8, 24–28

Би одоо номлогч байж чадна.

Та хүүхдүүдэд сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйлээ Паулын адил бусадтай хуваалцахад нь хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Үйлс 16:1 4–15, 25–34; 18:7–8, 24–28-ыг уншаад; Паул, Апол хоёрын сайн мэдээнээс хуваалцсан хүмүүсийн жагсаалтыг гаргахад урь. Дараа нь тэднийг сайн мэдээнээс хуваалцаж болох хүмүүсийн жагсаалтыг гаргахад урь. Хэрхэн энэ хүмүүст Есүс Христийн талаар ярих юм уу тэднийг сүмд урьж болохыг хүүхдүүдээр жүжигчлэн үзүүл. Та мөн эдгээр хүнд зориулан сайн мэдээний үнэний талаар гэрчлэлээ хуваалцан, зурвас бичихэд хүүхдүүдийг урьж болно.

  • Одоо бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа юм уу буцаж ирсэн эсвэл тойргийн номлогчдыг ангид хүрэлцэн ирж, сайн мэдээнээс хуваалцсан туршлагаасаа ярихад урь. Сайн мэдээнээс хэрхэн хуваалцаж болох талаар асуулт тавихад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Үйлс 17:2–4, 10–12; 18:28

Судрууд Есүс Христийн тухай гэрчилдэг.

Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг. Хэдийгээр Түүнийг судар дээр нэрээр нь дурдаагүй байсан ч судраас хэрхэн хайж олохыг та тэдэнд хэрхэн зааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдээр Үйлс 17:2–4, 10–12; 18:28-ыг уншуулж, эдгээр хэсэг юугаараа нийтлэг болохыг олж мэдэхэд тэднийг урь. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хүмүүст Есүс Христийн сайн мэдээнд итгэхэд юу тусалсан бэ? Есүс Христийн тухай судраас сурч мэдсэн дуртай түүхээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Жижиг цааснууд дээр Аврагчийн талаар заасан судрын эшлэлүүдийг бич (Судруудын удирдамжийн “Есүс Христ” гэсэн хэсгээс заримыг олж болно, scriptures.ChurchofJesusChrist.org). Өрөөнд цааснуудыг нуугаад, тэдгээрийг олоход хүүхдүүдийг урь. Олсон эшлэлээ судраас хайж олоход нь тусал мөн судар бүр Есүсийн талаар юу зааж байгааг бие биетэйгээ хуваалцахад урь.

Үйлс 17:22–31

Би Бурханы хүүхэд

Та Бурханы хүүхэд гэдгээ санахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд нэг чулуу үзүүлээд, Паулын амьдарч байсан цаг үед хүмүүс өөрсдийн чулууг болон өөр бусад материалаар хийсэн бурхдыг шүтэн биширдэг байсан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг Үйлс 17:27–29-ийг уншихад урь. Бид эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Үр удам гэдэг нь хүүхдүүд гэсэн утгатай үг болохыг тайлбарла. Бурханы хүүхэд гэдгээ мэдэхэд тэдэнд ямар мэдрэмж төрснийг хүүхдүүдээс асуу.

  • Хүүхдүүдээс Үйлс 17:27-г уншихыг хүс. “Түүнд хүрч” эсвэл Бурханд ойртож болох арга замуудыг бичиж эсвэл зурахад хүүхдүүдийг урь. Тэд хэзээ Түүний “[тэднээс] холгүй” байсныг мэдэрч байсан бэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт Есүс Христийн талаар заах судрыг хайж олоход хүүхдүүдийг урамшуулан дэмж (үүнийг хувиараа болон гэр бүлээрээ судраас судлах үедээ хийж болно). Дараагийн долоо хоногт тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Илүү сайн суралцагч болоход нь хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдэд заах зорилго тань зөвхөн үнэнийг заах явдал биш юм. Та тэдэнд бие даан үнэнийг эрэлхийлэгчид болоход нь мөн туслах ёстой. Жишээлбэл, та Паул Арейпагийн дунд зогсоод номлосон түүхийг зүгээр ярьж өгөхийн оронд уг түүхэн дэх үнэнүүдийг өөрсдөө олж мэдэхэд нь туслах энэ тоймд санал болгосонтой адил үйл ажиллагаануудыг төлөвлөж болно.