Шинэ Гэрээ 2023
7-р сарын 10–16. Үйлс 6–9: “Та надаар юу хийлгэмээр байна вэ?”


“7-р сарын 10–16. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 10–16. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Газарт унасан Паул

Дамаск хүрэх замд тохиосон хөрвөлт, Микэланжэло Меризи да Караважио

7-р сарын 10–16

Үйлс 6–9

“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”

Үйлс 6–9-ийг уншсанаар эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь эдгээр бүлгийг судлахад танд тусална. Энэ тойм дахь бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаануудыг том хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Саул, Стефан, Табита зэрэг Үйлс 6–9 дээрх зарим хүний нэрийг самбарт бич. Эдгээр үйл явдлын талаар мэддэг ямар нэгэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Үйлс 6–7

Би зөв зүйлийн төлөө зогссоноор Есүс Христийг дагаж чадна.

Хүүхдүүд Есүс Христийн шавь байх талаар Стефанаас юу сурч авч чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд зөвийг сонгох тухай “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, х. 81) зэрэг дуунд тохирсон хөдөлгөөн зохиоход тусал. Энэ нь иудей удирдагчдын уурыг ихэд хүргэж байсан ч Стефан Есүс Христийн талаар заасан тухай хүүхдүүдэд заахын тулд Үйлс 7:51–60-ыг ашигла (мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 150–151 дэх “57-р бүлэг: Хорон муу санаатнууд Стефаныг хороосон нь” эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү). Стефан хэрхэн зөв зүйлийн төлөө зогссон бэ?

  • Зөв, буруугийн хооронд сонголт хийх хэрэгтэй болсон хүүхдүүдийн хэдэн жишээг хүүхдүүдэд танилцуул. Хүүхдүүдээс зөв зүйлийн төлөө зогсохын тулд юу хийж болохыг асуу.

Үйлс 8:26–39

Ариун Сүнс сайн мэдээг бусадтай хуваалцахад намайг сүнслэгээр өдөөдөг.

Филип Сүнсний өдөөлтийг дагаж, судрыг ойлгохгүй байсан этиоп хүнд тусалдаг. Таны заадаг хүүхдүүд энэ түүхээс ямар сургамж авч болох вэ?

Филип этиоп хүнд зааж байгаа нь

Филип этиоп хүнд зааж байгаа нь, Робэрт T.Баррэтт

Боломжит үйл ажиллагаа

  • Хоёр сандлыг нийлүүлээд дугуйт тэрэг болго. Хоёр хүүхдийг дугуйт тэргэнд суухыг урьж, нэгээр нь Филипийг, нөгөөхөөр нь этиоп хүнийг төлөөлүүл. Дараа нь Филип сайн мэдээг этиоп хүнд хэрхэн заасан түүхийг ярьж өг.

  • Ариун Сүнс танд хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцах талаар хэлснийг мэдэрч байсан туршлагаа хуваалц. Ариун Сүнс бидэнд Есүсийн тухай бусдад хэлэхэд тусалж чадна гэдгийг гэрчил.

Үйлс 9:1–20

Тэнгэрлэг Эцэг намайг наманчилж, өөрчлөгдөхөд урьдаг.

Есүс Саулд Их Эзэний Сүмийг хавчихаа боль хэмээн хэлэхэд Саул тэр даруй наманчилж, өөрчлөгддөг. Энэ түүх таны заадаг хүүхдүүдэд буруу зүйл хийснийхээ дараа аль болох хурдан өөрчлөгдөх хүсэлтэй болоход нь хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 9:1–20 дээрх Саулын хөрвөлтийн түүхийг товчхон ярьж өг (мөн Шинэ Гэрээний түүхүүд, х. 154–155 дээрх “59-р бүлэг: Саул Есүсийн талаар суралцсан нь” эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү).

  • Мэлхий болж хувирдаг шанаган хорхой эсвэл эрвээхэй болж өөрчлөгддөг авгалдай зэрэг өөрчлөгдөн хувирдаг зүйлсийн талаар хүүхдүүдтэй ярилц. Боломжтой бол зургийг нь үзүүл. Есүс Христийг Саул дээр ирэхэд тэр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Самбар дээр салаа зам зур. Хүүхдүүдийг очихыг хүсэж байгаа газруудаа нэрлэж, тэдгээрийг аль нэг замын эхэнд бичихэд урь. Бид буруу зам руу эргэвэл юу болох вэ? Наманчлалыг зөв замдаа буцаж орохтой харьцуул.

  • Саулын “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” хэмээн Их Эзэнд хандан асуусан үгсийг давтаж хэлэхийг хүүхдүүдээс хүс. (Үйлс 9:6). Их Эзэн биднээр юу хийлгэхийг хүсдэг вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Үйлс 6–7

Би Есүс Христийн гэрч болно.

Та Есүс Христийн гэрч болон зогссон Стефаны үлгэр жишээнээс суралцахад нь өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 6:5–15 болон 7:51–60-ыг хүүхдүүдтэй хамт унш. Юу Стефаныг Есүс Христийн хүчирхэг гэрч болгосон бэ? Нэг эсвэл илүү олон хүүхдийг Стефаны дүрд тоглож, яагаад Есүс Христэд итгэдгээ хуваалцахад урь.

  • Хүүхдүүдийг Үйлс 6:3–10-ыг уншаад, Стефанд өсөж хөгжихөд нь тусалсан зан чанаруудыг хайж олоход урь.

  • Та Есүс Христийн болон Түүний сайн мэдээний гэрчийн хувьд зогсож болох нөхцөл байдлуудын талаар бодоход туслахыг хүүхдүүдээс хүс. Тэдэнд зарим нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд тусал. Хүүхдүүдийг Мозая 18:9-ийг уншихыг хүс. Есүс Христийн гэрч байхад бидний баптисм хүртэхдээ өгдөг амлалтууд ордог гэдгийг онцлон хэл.

Үйлс 8:9–24

Санваар бол Бурханы үнэлж баршгүй бэлэг юм.

Материаллаг эд зүйлс бидэнд аз жаргал авчирдаг гэсэн санааг Сатан хөхиүлэн дэмждэг. Та санваар, санваарын адислал гэх мэт сүнслэг зүйлсийг үнэлж сурахад хүүхдүүдэд туслахын тулд Симоны түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Үйлс 8:9–24 дээрх Симоны түүхийг товчхон ярьж өг (мөн Шинэ Гэрээний түүхүүдийн х. 152–153 дээрх “58-р бүлэг: Симон ба санваар” эсвэл ChurchofJesusChrist.org дахь холбогдох видеог үзнэ үү). Бид яагаад санваарыг худалдан авч болохгүй вэ? Хүн хэрхэн санваарын эрх мэдлийг зохих ёсоор хүлээн авдаг вэ? (Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү).

  • Ариун ёслол, ариун сүм (ариун сүмийн адислалуудыг төлөөлүүлж), баптисм болон санваараар дамжуулан бидний хүлээн авдаг бусад адислалын зургийг үзүүл. Бурханаас ирдэг эдгээр бэлгийг мөнгөөр худалдан авах боломжгүй гэдгийг тайлбарла. Яагаад эдгээр нь бидний худалдаж авдаг зүйлсээс илүү үнэ цэнтэй вэ? Бид эдгээр адислалыг хэрхэн хүлээн авдаг вэ?

Үйлс 9:1–20

Тэнгэрлэг Эцэг намайг наманчлахад мөн өөрчлөгдөхөд урьдаг.

Есүс Саулд Их Эзэний Сүмийг хавчихаа боль хэмээн хэлэхэд Саул тэр даруй наманчилж, өөрчлөгддөг. Энэ түүх таны заадаг хүүхдүүдэд буруу зүйл хийснийхээ дараа аль болох хурдан өөрчлөгдөх хүсэлтэй болоход нь хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг цаасыг дундуур нь нугалахад урь. Тэднээс нэг хэсэгт нь Өмнө нь мөн нөгөө хэсэгт нь Дараа нь гэж бичихийг хүс. Үйлс 8:1–3; 9:1–2 мөн 9:17–22-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Саул Их Эзэнийг харахын өмнө ба дараа нь ямар байсныг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж ол.

  • Тойргийн нэг гишүүнийг түүний хөрвөгдөж, Сүмийн гишүүн болсон нь амьдралыг нь хэрхэн Саулынхтай адил өөрчилсөн талаар хуваалцахад урь.

  • Самбар дээр “Дамаск орох зам”-ыг зур. Хүүхдүүдийг Үйлс 9:6, 11, 18, 20–22-ыг уншаад, наманчилж, Есүс Христ рүү эргэхийн тулд Саулын юу хийснийг хайж олон, тэдгээр үйлдлийг уг замын дагуу бич. Бид Саулаас Eсүс Христтэй хэрхэн илүү адил болж болох талаар юу сурч болох вэ?

  • Хүүхдүүдийг Саулын хөрвөлтийн түүхийн дуртай хэсгээ зураад, зургаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдрийн ангид хийсэн таалагдсан үйл ажиллагаа мөн уг үйл ажиллагаанаас юу сурч мэдсэнээ гэрийнхэндээ ярихад хүүхдүүдийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Судруудаас суралцахад нь хүүхдүүдэд тусал. Бага насны хүүхдүүд сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас судлахад оролцуулж болно. Жишээ нь, та нэг хэсгийг нь уншиж өгөөд, хүүхдүүдийг анхаарлаа хандуулахыг хүсэж буй тодорхой үг, хэллэгийг сонсохдоо босож зогсоход эсвэл гараа өргөхөд урь.