Шинэ Гэрээ 2023
7-р сарын 10–16. Үйлс 6–9: “Та надаар юу хийлгэмээр байна вэ?”


“7-р сарын 10–16. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“7-р сарын 10–16. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Паул газарт унасан байгаа нь

Дамаск орох замд хөрвөгдсөн нь, Мишэланжело Мериси да Караважжио

7-р сарын 10–16

Үйлс 6–9

“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”

Үйлс 6–9-ийг уншсанаар эхэл. Энэхүү тоймд өгсөн санаанууд нь танд эдгээр бүлэгт орших чухал зарчмуудыг тодорхойлоход туслах боломжтой ч та өөрөө судалж байхдаа өөр зарчмуудыг олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хөрвөгдөх магадлал тун багатай хүн гэвэл, Христийн шашинтнуудыг мөрдөн хавчдагаараа алдартай фарисай хүн болох Саул байсан байх. Их Эзэн Ананиа гэгдэх шавьдаа Саулыг эрж олоод, түүнд адислал өг гэхэд Ананиа эргэлзсэн нь ойлгомжтой. Тэрээр “Эзэн, би түүний тухай … Таны ариун хүмүүст тэр хэчнээн их хор хүргэснийг олноос сонссон” (Үйлс 9:13) хэмээв. Харин Их Эзэн “Тэр бол харийнхан, хаад болон Израилын хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав” (Үйлс 9:15) хэмээн хэлсэн бөгөөд Саулын зүрх сэтгэл, чадамжийг мэдэж байсан төдийгүй Түүнд Саулд зориулсан үүрэг даалгавар байсан. Тиймд Ананиа дуулгавартай даган, өөрийг нь мөрдөн хавчигч байсан эрийг олоод, “Саул дүү минь” (Үйлс 9:17) хэмээн дууджээ. Хэрэв Саул бүрэн өөрчлөгдөж, Ананиа түүнийг чөлөөтэй угтан авч чадсан юм бол бид ч бас өөрчлөгдөх магадлал багатай гэж бодож байгаа нэгнийг, түүний дотор өөрийгөө өөрчлөгдөнө гэж бодож болохгүй гэж үү?

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Үйлс 6–8

Миний зүрх “Бурханы өмнө зөв” байх хэрэгтэй.

Сүм өсөж байгаа нь хаант улсад үйлчлэх шавь нарын хэрэгцээ өсөж байна гэсэн үг юм. Үйлс 6:1–15-д цэдэглэснээр, арван хоёр төлөөлөгч ямар шинж чанартай хүмүүсийг хамт үйлчлэхээр хайж байсан бэ? Та Үйлс 6–8-ыг уншихдаа Стефан, Филип нар шиг хүмүүс эдгээр болон бусад зан чанараа хэрхэн харуулж байсныг олж хар. Симонд юу дутагдаж байсан бэ мөн түүний өөрчлөгдөхөд бэлэн байдлаас бид юу сурч болох вэ?

Зүрх сэтгэлээрээ “Бурханы өмнө зөв” байхад анхаарахын тулд та юугаа өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? (Үйлс 8:21–22). Бурханд үйлчлэх явцад энэхүү өөрчлөлт таныг хэрхэн адисалж болох вэ?

Үйлс 6–7

Ариун Сүнсийг хүлээн авахгүй байх нь Аврагчийг болон Түүний үйлчлэгчдийг хүлээн авахгүй байхад хүргэж болно.

Иудей удирдагчид Мессиаг ирэхэд хүмүүсийг бэлтгэх үүрэгтэй байсан. Түүнчлэн тэд Мессиаг таниагүйгээр үл барам Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад ийм зүйл болсон бэ? Үүний хариултын нэг хэсгийг “та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг” (Үйлс 7:51) гэсэн Стефаны үгээс олж болно. Ариун Сүнсийг эсэргүүцэх гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Ариун Сүнсийг эсэргүүцэх нь яагаад Аврагчийг болон Түүний үйлчлэгчдийг хүлээж авахгүй байхад хүргэдэг вэ?

Та Үйлс 6–7-г уншихдаа Стефаны иудейчүүдэд заасан бусад захиасыг олж уншаарай. Тэр ямар хандлагын эсрэг сэрэмжлүүлсэн бэ? Та тэдгээртэй адил хандлагыг өөрөөсөө олж хардаг уу? Стефаны үгс Ариун Сүнсийг эсэргүүцэхийн үр дагаврын талаар танд юу зааж байна вэ? Та амьдралдаа Ариун Сүнсний өдөөлтөд хэрхэн илүү мэдрэмжтэй хандаж, хурдан хариулдаг болох вэ?

 

Үйлс 8:26–39

Бусдыг Есүс Христ рүү удирдан чиглүүлэхэд Ариун Сүнс надад тусална.

Та Үйлс 8:26–39 дэх цэдгээс сайн мэдээг хуваалцах талаар юу сурч мэдсэн бэ? Ариун Сүнс Филипт хэрхэн тусалсан бэ? Сайн мэдээг бусадтай хуваалцах нь хэрхэн багш байхтай адилхан бэ? (Үйлс 8:31-ийг үзнэ үү).

Ахлагч Үлиссэс Соарэс, энэ түүх нь “Есүс Христийн сайн мэдээнээс суралцахыг эрэлхийлэх мөн нэг нэгэндээ заах тэнгэрлэг үүргийн сануулга юм. Заримдаа яг энэ этиоп хүн шиг бидэнд итгэлтэй бөгөөд Сүнсээр өдөөгдсөн багшийн тусламж хэрэгтэй болдог ба заримдаа Филип шиг бид бусдад зааж, хүчирхэгжүүлж, хөрвөгдөхөд нь туслах хэрэгтэй байдаг” гэж хэлсэн (“Би хэрхэн ойлгож чадах билээ?,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 3). Ахлагч Соарэсын захиасын үлдсэн хэсгийг уншаад, Ариун Сүнс хэрхэн танд сайн мэдээний илүү сайн суралцагч мөн багш болоход тусалж болох талаар бодож үзээрэй.

Үйлс 9

Би Их Эзэний тааллыг хүлээн авснаар Түүний мутар дахь зэмсэг болж чадна.

Саулын хөрвөлт гэнэтийн мэт санагддаг. Тэрээр Христийн шашинтнуудыг шоронд хорьдог байснаа “шууд л” синагогуудад Христийг тунхагладаг болсон. Та түүний түүхийг уншихдаа, тэр яагаад өөрчлөгдөхөд бэлэн байсныг тунгаан бодоорой. (Саулын хөрвөлтийнхөө тухай өгүүлсэн бичвэрийг Үйлс 22:1–16 болон 26:9–18-аас үзнэ үү. Эдгээр түүхэд Саул Паул гэдэг нэртэй байгааг анхаар [Үйлс 13:9-ийг үзнэ үү].)

Ихэнх хүний хувьд хөрвөлт нь удаан хугацаанд өрнөдөг үйл явц байдаг тул Саулын туршлага өвөрмөц байсан нь үнэн. Танд хөрвөлтийн талаар Саулаас суралцах зүйл байна уу? Та Саулын хөрвөлтөд хандсан Ананиа болон бусад шавийн хандлагаас юу сурч болох вэ? Та эдгээр сургамжийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Та Саулын адил “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” хэмээн залбирч асууж эхэлж болно.

Үйлс 9:36–42-ыг уншихдаа та Табита хэрхэн Бурханы мутарт зэмсэг болсныг бодож үзээрэй. Түүний жишээнээс юу нь танд сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Түүнчлэн Дийтр Ф.Угдорфын “Дамаск орох зам дээр хүлээн сууна” хэлсэн үгийг 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 77–80-аас үзнэ үү.

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Үйлс 6:8; 7:51–60.Үйлс 6:8, Үйлс 7:51–60 дээрх Стефаны тухай түүхийг Лук 23:1–46 дээрх Аврагчийн тухай түүхтэй харьцуул. Стефан Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагасан бэ?

Үйлс 7:51–60.Ариун Сүнс Стефаныг хавчигдан мөрдөгдөж байхад хэрхэн адисалсан бэ? Бид хэзээ хүнд хэцүү цагт Ариун Сүнсний хүчийг хүлээн авч байсан бэ?

Үйлс 9:5.Шилбүүр гэдэг нь мал амьтдыг туухад ашигладаг байсан хурц жад юм. Амьтад шилбүүрдүүлэхдээ ихэвчлэн буцааж өшиглөдөг бөгөөд ингэхэд нь жад уг амьтны биед илүү гүн шигдэн ордог аж. Энэ адилтгал хэрхэн бидэнтэй зарим үед хамаатай байж болох вэ? Бид Их Эзэнээс залруулга хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Петр Табитаг үхлээс босгож байгаа нь

Tабита бос, Сэнди Фрэклэтон Гагон

Үйлс 9:32–43.Гэр бүлийн гишүүдээс Үйлс 9:32–43 дээрх түүхийг зурахыг хүсэж болно. Бид эдгээр түүхээс жинхэнэ шавь байх талаар юу мэдэж авсан бэ? Табита шиг “сайн үйлсээр дүүрэн” хүн бусдад Их Эзэнд итгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Үйлс 9:36-г болон “60-р бүлэг: Петр Табитаг амьдралд эргүүлэн авчирсан нь”-ыг (Шинэ Гэрээний түүхүүд, х. 156–157 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог) үзнэ үү.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Хаа дуудсан ч би явах болно,” Дуулал, д. 139.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судруудыг өөрийн амьдралтай адилтга. Та уншиж байхдаа судар дахь түүх, сургаалууд амьдралд тань хэрхэн хэрэгжиж байгаа талаар эргэцүүлэн бодоорой. Жишээлбэл, Үйлс 9:36–39 дээр, Табитагийн үйлчилсэн шиг бусдад үйлчлэх ямар ямар боломж танд байдаг вэ?

Стефаныг чулуугаар шидэж алсан нь

“Тэд Стефаныг чулуугаар шидсэнд тэрээр Бурханыг дуудан, ‘Эзэн Есүс ээ, миний сүнсийг хүлээн аваач’” гэв” (Иосеф Смитийн Орчуулга, Үйлс 7:59 [Үйлс 7:59, зүүлт тайлбар c]).