Шинэ Гэрээ 2023
6-р сарын 19–25. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19: “Гүйцэлдлээ!”


“6-р сарын 19–25. Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ!’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“6-р сарын 19–25. Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023

Пилатын өмнө зогсож буй Христ

Энэ хүнийг харагтун, Антонио Цисэри

6-р сарын 19–25

Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19

“Гүйцэлдлээ!”

Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19-ийг уншсанаар бэлтгэж эхэл. Хүүхдүүдийн хэрэгцээг залбирч, ойлгохыг эрэлхийл.

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг ээлжлэн бариул. Зургийг барьж байхдаа хүүхэд бүр зургаас харж байгаа ямар нэгэн зүйлээ хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Maтай 27:11–66; Лук 23; Иохан 19

Есүс миний төлөө нас барсан учраас би амилна.

Есүсийн цовдлуулсан тухай түүхийг сонсоод, бага насны хүүхдүүд сэтгэлээр унаж магадгүй. “52-р бүлэг: Есүсийг байцаан шүүсэн нь” болон “53-р бүлэг: Есүс цовдлогдсон нь” (Шинэ Гэрээний түүхүүд, х.133–138 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгүүд) нь энэ түүхийг тэдэнд хэрхэн зөв хуваалцах зохих арга замыг өгнө.

Боломжит үйл ажиллагаа

  • Есүсийг байцаасан, цовдолсон, оршуулсан талаар ярьж байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзүүл (мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 57–58-ыг үзнэ үү). Эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Есүс гурав дахь өдрөө амилсан гэдгийг онцол. Өөрөөр хэлбэл, Тэр амь орсон юм.

  • Хүүхдүүдээс өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй ч эцэг эх нь тэдний төлөө хийдэг зарим зүйлийг нэрлэхийг хүс. Аврагчийн зургийг үзүүл. Бид Есүсийн ачаар амилах бөгөөд үүнийг өөрсдийн хүчээр хийж чадахгүй гэдгийг тайлбарла.

  • Нас барсан таньдаг хүнийхээ зургийг үзүүл. Есүсийн ачаар уг хүн нэгэн өдөр дахин амьдарна гэсэн гэрчлэлээ хуваалц.

Христийн оршуулга

Оршуулга, Карл Хэйнрих Блок

Матай 27:26–37; Лук 23:34

Би Есүсийн адилаар бусдыг уучилж чадна.

Та найрсаг бус хүмүүсийг хэрхэн Есүстэй адил уучлах талаар ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Цэргүүд Есүст хэрхэн найрсаг бус хандсаныг дүрслээд (Maтай 27:26–37-г үзнэ үү), дараа нь Лук 23:34-ийг уншина уу. Бид бусдыг уучлах үедээ тэдэнд дахин уурладаггүй бөгөөд тэдэнд хайраа харуулдаг гэдгийг тайлбарла.

  • Хэн нэгэн хүн найрсаг бус зүйл хэлж эсвэл хийж буй жишээг хуваалц. Хүүхдүүдийг эдгээр нөхцөл байдалд хэрхэн уучлах байсан талаараа ярихад урь.

  • Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, 52) гэх мэт уучлал, өршөөлийн тухай дууг хамтдаа дуул. “Бид хэнийг уучлах ёстой вэ?” эсвэл “Уучлах нь хэцүү байх үед хэн бидэнд тусалж чадах вэ?” зэрэг энэ дуунд хариулагдаж байгаа асуултыг тавь.

  • Хэн нэгнийг уучилсан хүүхдийн түүхийг Найз сэтгүүлийн сүүлийн дугааруудаас ол. Уг түүхийг хүүхдүүдтэй хуваалц.

Лук 23:32–33, 39–43

Есүс миний төлөө зовж шаналан, нас барсан учраас би наманчилж мөн уучлагдаж чадна.

Найман нас хүрээгүй хүүхдүүд хариуцлага хүлээхгүй ч одооноос эхлэн буруу сонголт хийсэн л бол хэрхэн наманчлах талаар мэддэг байх нь тэдэнд чухал.

Боломжит үйл ажиллагаа

  • Лук 23:32–33, 39–43-ыг товчлон яриад, Сайн мэдээний уран зургийн цуглуулгын 57-р зураг дээрх хоёр хулгайчийг онцол. Эхний гэмт хэрэгтэн Есүсийг шоолж байхад, хоёр дахь нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн буюу наманчилж эхэлсэн гэдгийг тайлбарла.

  • Сургаал ба Гэрээ 19:16-г хүүхдүүдэд уншиж өг. Яагаад Есүс бидний төлөө зовсон бэ?

  •   Бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болох ба Тэр бидэнд нүгэл, алдаагаа засаж, уучлал хүлээн авахад тусалж чадна гэдгийг тайлбарла.

  • Буруу сонголтуудыг төлөөлүүлэн хүүхдүүдээр самбар дээр шохойгоор тэмдэг тавиул. Дараа нь наманчлалыг төлөөлүүлэн тэднээс самбарыг арчихыг хүс. Аврагчийн зургийг үзүүлээд, Түүний ачаар бид наманчилж чадна гэдгийг гэрчил.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Maтай 27:11–66; Лук 23; Иохан 19

Есүс намайг хайрладаг учраас миний төлөө нас барсан.

Яагаад та нар Есүсийг өөрсдийн чинь төлөө нас барсанд талархдаг вэ? Та Аврагчийн тэдний төлөө гаргасан золиосны ач холбогдлыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Maтай 27:11–66-р шүлгийн гол үйл явдлуудыг өөр цааснууд дээр бич (үүнийг хийхэд тусламж авахын тулд Шинэ Гэрээний түүхүүдийн х. 133–138 дээрх “52-р бүлэг: Есүсийг байцаан шүүсэн нь” болон “53-р бүлэг: Есүс цовдлогдсон нь”-ийг эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеог үзнэ үү). Хүүхдүүдийг эдгээр шүлгийг судлаад, үйл явдлуудыг зөв дараалалд оруулахад урь.

  • Нэг хүүхдээс Maтай 27:54-ийг уншихыг хүсээд, хүүхдүүдийг Есүс бол Бурханы Хүү гэдгийг мэдэхэд туслах зүйлсийг хуваалцахад урь.

  • Амиа өгөв Гэтэлгэгч минь” (Дуулал, д. 94) дууг эсвэл ариун ёслолын өөр дууллаас Цовдлолтын талаар юу сурч мэдэж болохыг хүүхдүүдээс асуу. Яагаад Есүс бидний төлөө зовоход бэлэн байсан бэ? (Сургаал ба Гэрээ 18:10–11; 19:16-г үзнэ үү).

Матай 27:26–37; Лук 23:34

Би Есүсийн адилаар бусдыг уучилж чадна.

Бусдыг уучлах амаргүй байж болно. Таны заадаг хүүхдүүд Аврагчийн үлгэр жишээг дагаж, бусдыг уучилснаар адислагдах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Есүст найрсаг бус хандсан цэргүүдийн тухай Maтай 27:26–37-оос мөн Есүс тэднийг хэрхэн уучилж байгааг Лук 23:34-өөс ээлжилж уншихад урь. (Лук 23:34, зүүлт тайлбар c дээр Иосеф Смитийн Орчуулгын нэмэлт тайлбарыг үзнэ үү.) Бид Есүсийн үлгэр жишээнээс юу сурч болох вэ?

  • Самбар дээр Та нар найрсаг бус хандсан хүнийг уучлахын тулд юу хийж чадах вэ? гэж бич. Түүнд найрсаг хандахын төлөө залбирах эсвэл Түүний талаар сайн зүйл бодох гэх мэт санааг хүүхдүүдээр самбарт бичүүл.

Лук 23:32–33, 39–43

Есүс миний төлөө зовж шаналан, нас барсан учраас би наманчилж мөн уучлагдаж чадна.

Энэ хичээл нь Есүс бол Христ, бид нүглээ наманчилж мөн уучлагдаж болно гэдгийг гэрчлэхэд тохиромжтой цаг юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг хүүхдийг Лук 23:32–33, 39–43-ыг чанга уншихад урь. Есүстэй хамт цовдлогдож байгаа хоёр хүн бол гэмт хэрэгтнүүд гэдгийг тайлбарла. Хоёр гэмт хэрэгтний нэг нь наманчилж байгаагаа хэрхэн харуулсан бэ? Бид наманчилж байгаа гэдгээ харуулахын тулд юу хийж болох вэ? (Судруудын удирдамж, “Наманчлал, наманчлах,” scriptures.ChurchofJesusChrist.org)

  • Дараах өгүүлбэрийг самбарт бичээд, налуу бичсэн үгсийг хоосон үлдээ: “Есүс Христийн Цагаатгалын ачаар би наманчилсан үедээ уучлагдаж чадна.” Хоосон зайг нөхөхөд туслах сэжүүрүүдийг хүүхдүүдэд гаргаж өг.

  • Нэг хүүхдээр уут бариулж, бусад хүүхдийг хэн нэгний хийж болох буруу сонголтуудыг нэрлэх зуур уутыг чулуугаар дүүргэ. Нүгэл үйлдсэн үедээ бидний үүрдэг сүнслэг ачаа дарамтыг уг ууттай харьцуулахад хүүхдүүдэд тусал. Наманчлал нь уутнаас чулууг гаргахтай хэр адил вэ? Наманчлал бол нэг удаагийн үйл явдал биш, харин өдөр тутмын үйл явц гэдгийг хүүхдүүдэд сануулж болох юм.

  • Найз сэтгүүлийн сүүлийн дугаараас наманчлалтай холбоотой түүх эсвэл захиас олж, үүнийгээ хүүхдүүдтэй хуваалц.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдэд уучлах хэрэгтэй нэг хүнийхээ тухай бодоод, уучилсан гэдгээ уг хүндээ харуулахын тулд нэг зүйл хийнэ гэсэн шийдвэр гаргахад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Илчлэлийг таньж сур. Илчлэл нь нэг зэрэг биш, харин ихэнх тохиолдолд “шат шатаар” (2 Нифай 28:30) өгөгддөг. Та судрууд болон энэ тоймын талаар залбирч, тунгаан бодох үедээ шинэ санаа, сүнслэг өдөөлтүүд нь ажилдаа явж, гэрийн ажил хийж, гэр бүл, найз нөхөдтэйгөө ярьж байхад гээд хэзээ ч, хаана ч ирж болдгийг олж мэднэ.